Ажлын байран дээр үйлдэгддэг бэлгийн дарамт нь эмэгтэйчүүдийн хөдөлмөрлөх эрхийн томоохон зөрчил бөгөөд манай улсад зайлшгүй анхаарах, шийдвэрлэвэл зохих асуудал мөн.
Чимгээ өөрийн сонгосон мэргэжил, өдөр бүрийн ажилдаа дуртай. Харин даргадаа дургүй. Учир нь дарга нь түүнийг янз бүрийн шалтаг, шалтгаан гарган өрөөндөө байсхийгээд л дуудна. Өрөөнд нь орохоор жигтэй харцаар инээн элдэв бусын, ойр зуурын юм асууна. Дараа нь ойртож санамсаргүй мэтээр хөхөнд нь хүрэхийг завдана. Нэг удаа бүр зориуд ажлаас нь оройтуулж, хамт хоолонд орж, гадуур гарахыг санал болгоно. Хамт олноороо аялал зугаалгаар явах үеэр Чимгээ захирлаасаа холхон байхыг хичээж, ямар нэгэн зүйл болох вий хэмээн айна. Улмаар ажилдаа ч ирэх сонирхолгүй болж, ажлынхандаа ч ад үзэгдэнэ. Гэвч тэр хэнд ч энэ тухайгаа хэлж чадахгүй сэтгэл нь түгшсээр. Яавал энэ дарамтнаас гарах вэ?
Эмэгтэйчүүдэд маш их тохиолддог хөшигний ард үйлчилдэг, ичиж зовсноосоо болж нуугаад өнгөрөөсөн бохир зүйл бол ажлын байрны бэлгийн дарамт. Өөр өөр хэлбэл, ийм хэргүүд далд буюу нууц хэлбэрээр үйлдэгддэг.
Хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, нэр төр, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдахыг ажлын байран дахь бэлгийн дарамт гэж үздэг. Манай улсад энэ төрлийн гэмт хэрэг маш нууцлагдмал орчинд явагддаг тул бүр ч илэрдэггүй. Хэдийгээр хувь хүний асуудал мэт харагддаг боловч чухамдаа улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хууль, хүний эрхтэй салшгүй холбоотой нарийн эмзэг асуудал болоод буй. Гэвч дарамтын хар сүүдэр, гашуун зовлон нь хувь хүнд хүндээр тусч, ажил, албан тушаал, нэр хүнд, байр суурь, хувийн амьдралыг сүйрүүлэхэд ч хүргэнэ.
Нийгэмд хохирогчийг буруутан болгодог жигшмээр сэтгэлгээ бий
Ажлын байрны бэлгийн дарамтад өртсөн хохирогч бусад төрлийн гэмт хэргийн хохирогчоос ихээхэн ялгаатай. Үүнтэй холбоотой гомдол, өргөдлийг гаргасан хохирогч давхар дарамтад орж, өөрөө эргэн буруутгагддаг манай нийгмийн жигшмээр сэтгэлгээ бий.
Бэлгийн дарамтаас татгалзсаныхаа төлөө аливаа шахалт, заналхийлэлд өртөхөөс гадна эрүүл мэндтэй холбоотой жирэмсэн болох, амиа хорлох, бусдын амийг хөнөөх сэдэл төрөх, бэлгийн хүчирхийлэл, хүчингийн гэмт хэргийн хохирогч гэж цоллуулах, гэрлэлтийн харилцаа нь дуусгавар болох гэх мэт ноцтой үр дагавруудыг бий болгоно.
Цаашлаад хохирогч өөрийгөө олон нийтэд зарлахаас айж ичих, ажлын байраа алдахгүй, нэр төрөө хамгаалах гээд олон асуудал тулгардаг.
Хохирогчид эрхээ хамгаалуулахаар хуулийн байгууллагад хандсан ч тэдний талд шийдвэрлэгдэж чаддаггүй байгаа нь дараах хэд хэдэн бодит жишээнүүдээс харагдаж байна. Тухайлбал, Яаралтай түргэн тусламжийн төвийн 103 дарга, эмч эмэгтэй даргынхаа бэлгийн халдлагад өртсөнөө ил гаргаснаар ажлаасаа халагдаж, 29-р тусгай сургуулийн захирал” сурагчид багш нарын зүгээс бэлгийн дарамтад өртдөг тухайгаа илэрхийлэхэд "бэлэг их өгөхийг бэлгийн дарамт гэж ойлгоод байгаа юм" хэмээн хариуцлагагүй мэдэгдэл хийж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан гэж үзэн ажлаас нь халсан ч хоёр шатны шүүхээс ажлаас нь үндэслэлгүй халагдсан хэмээн үзэж буцаан томилсон байна. Мөн УИХ-ын эрэгтэй гишүүн төрийн албан хаагч эмэгтэйд байнга бэлгийн дарамт үзүүлдэг тухай мессэж, фото зураг зэрэг баримтаар нотолгоожуулсан хохирогчийн өргөдлийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ил болгон цацаж, УИХ ын гишүүн хохирогчийг өөрийнхөө нэр төрд халдсан гэж үзэн цагдаагийн байгууллагад гомдол гарган шалгуулсан. Хамгийн сүүлд, ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр солонгос улсын онгоцны үйлчлэгчийн өгзгийг илж, бэлгийн дарамт үзүүлсэн гэх хэрэг гарсан.
Ажлын байрны бэлгийн дарамттай холбоотой эрх зүйн орчин хангалтгүй байгаагаас хохирогчдын хууль ёсны эрх ашиг хамгаалагдаж чадахгүй байна. Хохирогч хохирсоор л байна.
Монголын эмэгтэйчүүдийн сангаас 2017 онд хийсэн судалгаагаар Удирдах албан тушаалтнууд бэлгийн дарамт үзүүлдэг байдал 18.9 хувиар, хамтран ажиллагсад бэлгийн дарамт үзүүлэх байдал 15.6 хувиар нэмэгджээ. Ажил дээр болон хамт олноороо төвлөрсөн арга хэмжээ зохион байгуулах, аялал зугаалга, амралтын газар бэлгийн дарамт үйлдэгдэх нь ихэссэн. Ийм хэргийн үйлдэгддэг газрын тоо, төрөл нэмэгдсэн ба 2004 онд таван газрыг нэрлэж байсан бол 2017 онд тэмдэглэлт баярын өдрүүдийн үеэр, сургууль дээр, үдийн цайны цагаар гэсэн гурван газрыг нэмж нэрлэжээ. Түүнчлэн бэлгийн дарамт ажлын байранд үйлдэгддэг гэсэн хариулт 21.7 хувиар, даргын өрөөнд гэсэн хариулт 7.2 хувиар нэмэгдсэн байна. Энэ талаар Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын тайлан илтгэлд ажлын байрны бэлгийн дарамтын талаар 17-70 насны 654 эмэгтэй, 99 эрэгтэй нийт 753 хүнээс судалгаа авахад 79.6 хувь нь ажлын байрны бэлгийн дарамт их байдаг гэжээ.
Хохирогч ил гарч ирсэнгүй
Бусдыг хүсээгүй байхад бэлгийн сэдэлтэй онигоо, хошин яриа ярих, биеийн эмзэг хэсгийг анхаарч ярих, ширтэх, бэлгийн харилцааг янз бүрээр илэрхийлсэн зураг, дүрс бичлэг үзүүлэх, зөвшөөрөлгүй үнсэх, тэврэх, базах, хувцас тайлах гэж оролдох, бэлгийн харилцаанд орохыг санал болгох, хүсээгүй халамж тавих, заналхийлэх, дарамт үзүүлэх, нүдний харц, үг хэл, биеийн хэлэмж болон цахимаар янз бүрийн утгатай зураг, дуу, видео, зурвас зэрэг бусад өөр хэлбэрээр тухайн хүнийг шахалтад оруулсан бол энэ нь ажлын байран дахь бэлгийн дарамт болно. Зарим хүмүүс хүчингийн гэмт хэрэг ажлын байран дахь бэлгийн дарамт хоёрыг утга агаар нэг гэж ойлгоод байдаг. Хүчин бол хамгийн сүүлийн шатны буюу хүнд хэлбэр. Хүсээгүй үед нь ямарваа сэжиг бүхий үйлдэл хийсэн бол энэ нь хүчингийн хэрэг гэсэн үг. Тиймээс энэ хоёр зүйлийг ялгаж салгаж ойлгох нь чухал.
Ажлын байрны бэлгийн дарамт гэхээр зөвхөн, ажилтан ажил олгогч хоёрын хооронд болдог зүйл биш. Олон улсын хөдөлмөрийн байгууллагын тодорхойлсноор хөдөлмөрийн харилцаа бол зөвхөн ажлын байранд өрнөхгүй, томилолт, тухайн байгууллагын чиг үүрэгтэй холбоотойгоор өөр газарт ажиллаж байх үед, дадлагажигч, зөвлөх, хөлсний болон гэрээт ажилтан хүртэл энэ дарамтад өртөх магадлалтай гэжээ.
Тэр ч бүү хэл, нийтийн тээвэр, гудамж талбай, хүн олноор цугларсан газар эмэгтэйчүүдийн биед халдах явдал гарсаар л байна. Энэ нь тухайн хүний халдашгүй эрхийг зөрчсөн үйлдэл гэдгийг ойлгох цаг аль хэдийнээ ирчихсэн.
Түүнчлэн судалгаагаар 67.8 хувь нь бэлгийн харилцаанд орохыг янз бүрийн байдлаар санал болгодог, 70.6 хувь нь зөвшөөрөөгүйн төлөө шахалт дарамт үзүүлэх, заналхийлэх хүч хэрэглэж бэлгийн харилцаанд оруулах гэсэн хариултыг сонгосон байгаа нь ажлын байран дахь бэлгийн дарамт түгээмэл, далд ноцтой хэлбэртэй байгааг харуулж байна.
Цахим судалгаагаар ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн талаар гомдол гаргаагүй гэх 446 хариулт иржээ. Хаана хандахаа мэдэхгүй, хамт олны дунд нэр хүндгүй болно, гомдол гаргах боломжгүй дарамт шахалт ирнэ, хандсан ч нэмэргүй, эрх зүйн орчин байхгүй учраас ийм байдалд хүрчээ.
Мөн судалгаанаас үзэхэд удирдах албан тушаалтан ажлын байран дахь бэлгийн дарамт үзүүлэх байдал 2004 онтой харьцуулахад 18.9 хувиар өссөн аж.
Энэ тухай “Монголын эмэгтэйчүүдийн хөдөлмөрийг дэмжих холбоо”- ны тэргүүн Ш.Ариунаагаас тодрууллаа. Тэрбээр:
“12.4 заалтаар ажлын байрны бэлгийн дарамтыг хориглох гэсэн заалт байсан. 2017 онд энэ тухай Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгад өөрчлөлт оруулахдаа энэ зүйл заалтыг бүхэлд нь хассан. НҮБ-ийн гишүүн орны хувьд Монгол улс үүрэг хүлээсэн орон. 2015 болон 2016 онд НҮБ-ийн хүний эрхийн зөвлөл, эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах бүх хэлбэрийг устгах тухай НҮБ-ийн хорооноос энэ тухай хуулийг боловсронгуй болгох, хуульчлах болон нийгмийн хэвшмэл ойлголтыг өөрчлөх сургалтуудыг зохион байгуулах зөвлөмж өгсөн. Ийм байтал өнөөг хүртэл дорвитой хуулийн зохицуулалт, хариуцлага тооцох механизм алга. Хэдэн жилийн өмнө Монгол орноор аялсан Герман эмэгтэйн тэмдэглэлд “Монголд хүүхдээс хөгшид хүртэл миний биед дур мэдэн, хамаагүй хүрч байсан. Энэ нь надад аймшигтай санагдсан” гэж бичжээ. Энэ тухай монголчуудын нэг хэсэг нь герман эмэгтэй манай улсад яах гэж ирсэн юм, нэр хүнд гутаалаа, нөгөө хэсэг нь бодит байдлыг хэллээ, ийм зүйл байж болохгүй гэж хоёр хэсэгт хуваагдсан.
Ийм зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Дэлхий нийтийн жишиг хандлага өөр болчихсон байхад хуучин сэтгэлгээнээсээ салах цаг ирсэн. Бизнесийн байгуулагууд үүний эсрэг дотоод журмандаа тусгах хэрэгтэй. Тухайлбал, MCS компани ажлын байрны бэлгийн дарамтыг хориглоно. Хэрэв ямар нэгэн байдлаар дарамт, шахалт үзүүлсэн тохиолдолд хариуцлага тооцно гэсэн байдаг.
Тухайн ажлын байрнаас хамаарч бэлгийн дарамтаас сэргийлэх арга хэмжээ авч байх нь зүйтэй. Олон улсад их дээд сургуулиудад хүн сууж байхад харагдахаар шилэн ханатай байх, хэрэв оюутантай ганцаарчилж уулзах бол хаалга онгорхой байх ёстой зэрэг дүрмүүд хэрэглэгддэг” гэв.
Хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээхгүй, хуулийн гадна үлдсээр
Ажлын байрны бэлгийн дарамтыг хүний эрхийн ноцтой зөрчил, гэмт хэрэг болохыг дэлхийн 130 гаруй улс орон хүлээн зөвшөөрч, хүний эрхийн зөрчилд тооцон бие даасан хууль, холбогдох хуулиудад тусган шийдвэрлэж байгаагаас харахад тусгайлсан зохицуулалт хэрэгцээтэй гэдэг нь ойлгомжтой.
Монгол Улсад ажлын байран дахь бэлгийн дарамт гэдэг нэр томьёоллыг анх 2011 онд “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль"-д хуульчлан өгснөөр эрх зүйн орчинд эерэг өөрчлөлтийг гаргасан. Гэвч хууль тогтоомжийн хэрэгжилт хангалтгүй, төрийн болон хувийн салбарын ажил олгогчид хуулийг хэрэгжүүлэх хүсэл сонирхолгүй зэргээс хүний эрхийн ноцтой зөрчлийг гаргасаар л байна. Хүчирхийлэл үйлдэгчид хариуцлага хүлээхгүй, хуулийн гадна үлдсээр.
Шийдвэр гаргах, бодлого боловсруулагч нарын зүгээс эрх зүйн шинэтгэлийн хүрээнд 2015 онд шинэчилсэн Эрүүгийн хуульд “анх удаа ажлын байран дахь бэлгийн дарамтыг гэмт хэрэг" гэж хуульчилсан чухал алхам гарсан. Хуульд энэ тухай зохицуулалт орсноор хэрэв ажилтан ажлын байран дахь бэлгийн дарамтад өртсөн бол хамгийн эхэнд Хүний эрхийн үндэсний комисст хандаж тус газраас гарсан ажлын хэсгийнхэн эрх мэдлийнхээ хүрээнд хяналт, шалгалт хийж баримтжуулах, эрхтэй болдог. Хамгийн гол нь манай улсад энэ төрлийн гэмт хэргийн бие даасан хууль байдаггүй учраас дээрх хуулийг баталж дөнгөж эрх зүйн орчинг нь бүрдүүлж өгсөн байсан. Гэвч 2017 онд энэ алхмаасаа ухарч, Эрүүгийн хуулийн 12.4 дүгээр зүйл буюу “Бэлгийн дарамт учруулах” гэсэн заалтыг хүчингүйд тооцсон юм.
Эндээс үзэхэд эрх зүйн орчин хангалтгүй, тодорхойгүй байгаагаас үүдэн хохирогч хамгааллын асуудал орхигджээ.
Хүйсийн тэгш эрхийн төвөөс хийсэн судалгаанд “Гурван хүн тутмын нэг нь ажлын байрандаа бэлгийн дарамтад өртөж, хохирогч болсон хэн нэгнийг мэддэг, таван эмэгтэйн нэг нь өөрөө хохирогч болсон” гэжээ. Ийнхүү манай улсад ажлын байран дахь бэлгийн дарамт чимээгүй тахал шиг тархаж, хүний эрхийг ноцтой зөрчсөөр байна. Ийм байтал Эрүүгийн хууль дахь “Хохирогчид ажил, албан тушаал, нэр төр, алдар хүнд, эд хөрөнгө, сэтгэл санааны, бусад байдлаар хохирол учруулах үр дагавар бүхий тэвчишгүй орчин үүсгэж бэлгийн харьцаанд орох сэдлээ үг хэлээр, биеэр, өөр хэлбэрээр илэрхийлсэн, эсвэл бэлгийн харьцаанд орохыг шаардсан бол 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл 1-3 сар хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”. Мөн “Энэ гэмт хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн, эсвэл энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан аргаар хохирогчид дарамт учруулж бэлгийн харьцаанд орсон бол нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн заалтыг хассан.
Ингэснээр ажлын байран дахь бэлгийн дарамтын тухай зөвхөн Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд л үлджээ. Гэвч энэ хуулиар ажлын байранд дарамт үзүүлсэн этгээдэд ямар хариуцлагыг хэн тооцох нь тодорхойгүй, тунхаг төдий байгаа учраас Хөдөлмөрийн тухай болон Зөрчлийн тухай хуульд хэд хэдэн өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.