Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас манай редакцийг зорьж хоёр хүн ирлээ. Тэд амьдрахын эрхээр Эрдэнэцагаан сумыг зорьж, нүүрсний тээвэрт явж эхлээд багагүй хугацааг өнгөрүүлжээ. Гэтэл өнгөрсөн хавраас эхлээд нүүрс тээвэрлэж, амьдрал ахуйгаа залгуулах боломж хомстож эхэлсэн тул үүнд анхаарал хандуулах албан тушаалтан байгаа эсэхийг мэдэхээр нийслэл хотыг зорьсон байна. Хэрэг явдлыг тодруулахад, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт байрлах Бичигт боомтоор нүүрс тээвэрлэж гаргадаг 50 гаруй жолооч нар хаана, хэнд хандахаа мэдэхгүй байдалд ороод байгаа гэнэ.
Тэд тус сумын нутагт болон ойр орчимд үйл ажиллагаа явуулдаг “Өгөөмөр”, “Далай булаг”, “Төхөм”-ийн нүүрсний уурхайгаас шланз машинаар нүүрс тээвэрлэдэг юм байна. Нэг удаа рес хийхэд 500 юань буюу 180 мянга орчим төгрөгийн цалин авдаг. Долоо хоногт таван удаа хил гараад ирэхэд боломжийн цалинтай ажил гэв. Харин өнгөрөгч хавраас хойш тус боомтоор нүүрсний тээврийн жолооч нар долоо хоногт нэг л удаа гардаг болжээ. Үүнээс болоод хилийн боомт дээр олон өдөр, шөнийг өнгөрөөж, машин тэргэндээ байрлаж, цөөн хэдэн төгрөгийн цалингаа барах болсон байна.
Яагаад ингэх болов гэхээр, Бичигт боомт дээр ажилладаг мэргэжлийн хяналт, авто тээвэр, хил гааль, хорио цээрийн байцаагч нарын аль нэг нь, ямар нэг шалтгаан тоочоод тамгаа дардаггүй, хил нэвтрүүлдэггүй гэнэ. Ингээд мөнгөө төлсөн хятад компанийн эздэд энэ тухай мэдэгдэхэд, “Танай дарга нарт боодол юань явуулахад асуудалгүй” гэх хариуг өгдөг аж. Харин жолооч нарын олон хоног ажилгүй байсан өдрүүдийн цалин хөлс, эрүүл мэнд, амь насыг хариуцдаг, тэдний санал гомдлыг сонсдог газар тэнд үгүй гэнэ. Нэр бүхий гурван нүүрсний уурхайн эзэмшил хятад компанид очсон болохоор нүүрсээ ачиж өгөхөөс бусдыг хариуцдаггүй. Хилийн цаана нүүрсийг буулгаж өгөхөөр вагонд ачаад явдаг. Тэгэхээр энэ хооронд амьдрах гэж тэмцэж яваа монгол жолооч нар хохирдог болжээ. Аргаа барсан жолооч нар “Бичигт боомтын байцаагч нар сумынхаа сонгуулийн төсвийг босгож байдаг юм болов уу” гэж гайхаж сууна.
Үүнээс гадна, жолооч нарт тулгамддаг бас нэг асуудал бол зам. Бичигт боомтоор Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Асгат, Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг долоон уул уурхайн компани бүтээгдэхүүн экспортолдог. Компаниуд замаа тавьж өгдөггүй, зам харгуй муугаас болж жолооч нар цаг хугацаа алдахаас гадна эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд хохирол амсдаг болжээ. Өнгөрсөн жил Бичигтийн боомтын замаар явж байгаад хоёр машин унаж, нэг жолооч нь газар дээрээ нас барсан харамсалтай хэрэг ч гарсан байна. Үүнээс үүдээд уурхайнууд замаа засъя гэхээр сумын байгаль орчны байцаагч нь зөвшөөрдөггүй, шороо өгдөггүй аж.
Энэ мэт асуудал Тавантолгой-Гашуунсухайтын замд нүүрс тээвэрлэдэг жолооч нарт ч тохиолдсоор буй билээ. Тэдгээр жолооч нарын төлөөлөл “Баян зам” төрийн бус байгууллага байгуулж, Хүний эрхийн үндэсний комисст хандсанаар дээрх асуудлыг хүний эрхийн зөрчилд тооцож, үнэлгээний тайланг орон нутгийн засаг захиргаа, иргэд, бизнесийн байгууллагуудад танилцуулж байсан удаатай.
Түүнчлэн сүүлийн үед хятад жолооч нар монгол жолоочоос илүү өндөр цалинтай ажилладаг болсон гэх мэдээлэл сонсогдох болсон. Бичигт боомтод мөн энэ явдал гарах болжээ. Тус боомтоор нүүрсээс гадна жонш, төмрийн хүдэр, газрын тос экспортолдог. Газрын тосон дээр голдуу хятад жолооч нар явдаг. Монгол жолооч нар газрын тосонд явбал цалингаа авах гэж хоёр гурван сар болдог. Цалингийн зөрүү ч их байдгийг тэд мөн ярьж байлаа
Гашуунсухайт ч бай, Бичигт ч бай боомтоор нүүрс экспортолно гэдэг Монгол Улсын эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж буй хэрэг. Гэвч нүүрс тээвэрлэж буй жолооч нарт тулгарч буй дээрх асуудалд өнөөдөр анхаарал хандуулах сайд, дарга, эрхэм гишүүн нэг ч алга. Монгол жолооч нарын асуудал хятад компанид хамаагүй юм аа гэхэд, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэнд энэ төрд хамаатай баймаар.
Үүгээр зогсохгүй Бичигт боомт бол Монгол, Хятад хоёр орны экспорт, импортын чухал хөшүүрэг болж буй, стратегийн хувьд гуравдагч том боомт. Энэ утгаар нь Бичигт боомтын хөгжлийн загварыг 2013 онд УИХ-ын чуулганаар шинэчлэн баталсан байдаг. Ингэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барилга байгууламжийг нь өргөтгөн, шинэчилнэ гэж байсан ч өнөөдөр тэнд ийм хэмжээний бүтээн байгуулалт өрнөөгүй гэнэ. Тээврийн жолооч нарын ярьж буйгаар, сүүлийн арван жилийн хугацаанд нэг замын сүлжээ тавих нь бүү хэл, нийтийн жорлон, халуун ус ч шийдэж чадаагүй байна. Уул уурхайгаа дагаж хөгжөөгүй, харин ч уурхайн хөлд нэрвэгдсэн Бичигт боомтын бяцхан суурин энэ төрд мартагдсан бололтой.