Санхүүгийн зохицуулах хорооноос ээлжит мэдээллээ хийлээ.
Санхүүгийн зах зээлийн тойм танилцуулгыг СЗХ-ны Судалгаа эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун хийв.
Энэхүү мэдээллээс онцолж хүргэхэд санхүүгийн зах зээлд 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрийн дийлэнх нь зээлийн үйл ажиллагаа эрхэлж, 8,5 хувь нь л зөвхөн гадаад валют, арилжааны үйлчилгээг дагнадаг гэнэ. Салбарын зээлдэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 1,9 дахин нэмэгдсэн байна. Хүүгийн түвшин 3.4 хувьтай байгаа бөгөөд энэ нь өмнөх оны мөн үетэй ижил үзүүлэлт ажээ.
Санхүүгийн зохицуулах хорооноос хадгаламж зээлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авсан 282 ХЗХ бий. Нийт гишүүдийн тоо өмнөх оны мөн үеэс 15 хувиар өссөн гэнэ. ХЗХ-дын нийт хөрөнгийн хэмжээ 211.7 тэрбум төгрөгт хүрсэн нь өмнөх оны мөн үеэс 31 хувиар өсчээ.
Мэдээллийн дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
-Тэтгэврийн зээлд хязгаар тогтоосон нь Хадгаламж зээлийн хоршооноос зээл авах хүмүүсийн тоог нэмсэн гэсэн яриа байна. Ийм хандлага байгаа юу?
Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга В.Итгэлсүрэн:
-Монголбанкнаас хэрэглээний зээлд хугацаа болон өр, орлогын хязгаарлалт хийсэн. Банк бус санхүүгийн салбарт зээл тодорхой хэмжээнд өссөн. Нийт хөрөнгийн хэмжээ 1,4 их наяд төгрөгт хүрсэнтэй холбоотой. Банк бус санхүүгийн байгууллагуудын хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэх 27-р тогтоол гэж бий. Энэ тогтоолтой холбоотойгоор Банк бус санхүүгийн байгууллагууд маань жил болгоны хоёрдугаар сарын 10-ны дотор үе шаттайгаар хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмж байгаа. 2021 онд 2,5 тэрбум төгрөгт хүргэх ёстой. Энэ тогтоолын хэрэгжилт бас хангалттай байдаг учраас Банк бус санхүүгийн байгууллагын хөрөнгө жил болгон тогтвортой өсч байгаа. Нийт активын хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувь өссөн. Үүнээс нийт зээл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 268,8 тэрбум төгрөг буюу 38 хувиар өссөн. Оны эхнээс 12,2 хувиар өссөн байгаа. Банк бус санхүүгийн байгууллагуудын олгож байгаа зээлийн 65 хувь нь хэрэглээний зээл байдаг. Бид бас хугацаанд судалгаа хийж үзсэн. 86,5 хувь нь 2,5 жил буюу 30 сараас доош хугацаатай зээл олгосон байдаг. Арилжааны банкинд хэрэглээний зээлийг хумьсантай холбоотойгоор тодорхой хэмжээний өсөлтүүд байж болно. Гэхдээ зөвхөн үүнтэй холбож тайлбарлаж болохгүй. Нэгэнт энэ салбарын хөрөнгийн хэмжээ өсч байгаа учраас зээлийн хэмжээ өсөх нь зайлшгүй. 539 банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг. Гол эрхэлдэг ажил нь зээл учраас энэ төрлийн бүтээгдэхүүнийг нэмэх бодлого барьдаг.
Судалгаа, эрсдэлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун:
-Үүн дээр нэмж хэлэхэд Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банктай хамтарч, өр орлогын харьцаа, хугацаагаар хэрэглээний зээлийг хязгаарлаж байгаа бодлогын нөлөөллийн судалгаанууд хийгдэж байгаа. Тодорхой үе шаттайгаар энэ оны 1-нээс эхлэн хэрэгжлээ. Энэ улирал, дараа улиралд гээд тодорхой динамикуудыг бид ажиглаж судалж байгаа. ББСБ-аас олгож байгаа нийт зээлийн дийлэнх хувь нь 2.5 сар буюу 30 сараас доош хэмжээтэй, богино хугацаатай зээлүүд байгаа. Тэгэхээр энэ нь хэрэглээний зээлийн хязгаарлалтаас давсан ноцтой асуудал үүсгэхгүй байгаа. Нөгөө талаар салбарын нийт өсөлт жилд дунджаар 30 орчим хувьтайгаар өсч байна. Одоогоор огцом өсөлт ажиглагдаагүй.
-Банк бус санхүүгийн байгууллага дахь чанаргүй зээл есөн хувь байна гэдэг хэвийн үү?
-2018 оны нэгдүгээр улиралд 11.1 хувьтай тэнцүү байсан. 2019 оны нэгдүгээр улирлын байдлаар 9,1 хувь болж буурч байгаа нь зээлийн чанар сайжирч байгаа эерэг үзүүлэлт.
-Өрхөд ирж байгаа санхүүгийн дарамтыг тооцдог уу. Арилжааны банк болон Банк бус санхүүгийн байгууллага гэсэн зээл авах олон эх үүсвэр байгаа ч зээл авч байгаа өрх маань нэг учраас энэ үзүүлэлтийг нэгтгэж гаргадаг уу. Өдрийн зээлийн асуудлаар гомдол ирж байгаа юу?
Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга В.Итгэлсүрэн:
-Банк бус санхүүгийн байгууллага ихэвчлэн иргэдэд зээл олгодог. Богино хугацаатай, хүүгийн түвшин ч арилжааны банкуудаас өндөр байдаг. Энэ утгаараа ний нуугүй хэлэхэд иргэдийн өр, орлогын харьцаанд судалгаа хийх нь тааруухан байдаг. Энэ дээр бид банк бусуудаасаа тодорхой мэдээлэл шаардаад, өр орлогын харьцаа, өрхөд дарамт болохгүй байх талаар анхааруулж байгаа.
Өдрийн зээлийн асуудал Банк бус санхүүгийн байгууллагад байхгүй гэж ойлгож болно. Өргөдөл гомдол хүлээж авдаг нэгж манайд бий. Энд өдрийн зээлтэй холбоотой хохирсон ард иргэдээс мэдээлэл ирээгүй байна. Өдрийн зээл гээд байдаг нь иргэд хоорондын зээл нэлээд байдаг шиг байгаа юм. Банк бус санхүүгийн байгууллагад ийм асуудал байхгүй гэж ойлгож болно.
-Он гараад ногдол ашиг хуваарилаагүй хэчнээн компани байна вэ?
Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн:
-Хувьцаа эзэмшигчидтэй холбоотой асуудлаар СЗХ олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Ер нь Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор Төлөөлөн удирдах зөвлөл ногдол ашиг олгох, үгүйгээ шийдвэрлэсэн байх ёстой. Манайд ирүүлсэн мэдээллээр 63 хувьцаат компани ногдол ашигтай холбоотой ямар нэг шийдвэр гаргасан. Үүнээс 10 орчим компани ногдол ашиг хуваарилна. Бидний тооцоогоор 10-аад мянган хувьцаа эзэмшигчид 60-аад орчим тэрбум төгрөгийн ногдол ашиг хуваарилна гэдэг шийдвэрийг хороонд ирүүлсэн.
Компанийн тухай хуулиар санхүүгийн жил дууссанаас дөрвөн сарын дотор буюу тавдугаар сарын 1-ний дотор хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд хурлаас гаргасан шийдвэрийг СЗХ-нд ирүүлэх ёстой. Энэ ажлаа хэрэгжүүлээгүй 63 компанийг бид мэдээлсэн. Хурлаа хийгээгүй компаниудын ТУЗ-ийн бүрэн эрх дуусгавар болсон. Тухайн компаниудтай санхүүгийн болон бизнесийн харилцаанд орохдоо анхааралтай байгаарай. Эдгээр компанийн ТУЗ шийдвэр гаргахгүй. Зөвхөн дараагийн хувьцаа эзэмшигчдийн хурлаа зарлах эрх нь л үлдсэн.
-Улсын их дэлгүүрийн асуудал юу болсон бэ?
-Улсын их дэлгүүртэй холбоотой хяналт шалгалт СЗХ-ноос хийж дууссан. Өргөн бүрэлдэхүүнтэй шалгалт орсон. Хороо дүгнэлтээ эцэслэж гаргасан. Одоо хуульд заасны дагуу хорооноос гаргасан дүгнэлтийг шалгагдаж байгаа байгууллага буюу Улсын их дэлгүүрт танилцуулсны дараа цаашдаа ямар арга хэмжээ авахаа олон нийтэд мэдээлнэ. Үнэт цаасны зах зээл, Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах асуудлаар СЗХ шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Ийм боломж байхыг үгүйсгэхгүй.
-УИХ зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох асуудлыг хэлэлцэж байгаа. ББСБ үүнд хамаарах уу?
Банк бус санхүүгийн байгууллагын газрын дарга В.Итгэлсүрэн:
-Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох хуулийн төсөл УИХ-ын Эдийн засгийн байнгын хороонд шилжсэн. Ажлын хэсгээс энэ хуулийн төслийг тэр чигээр нь явуулсан. Үүнд зээл олгох тусгай зөвшөөрөл бүхий этгээд болох арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоог оруулсан. Мөн үүн дээр одоохондоо зохицуулалтгүй байгаа ломбардын салбарыг оруулсан байгаа. Энэ дөрвөн салбарт зээлийн хүүгийн дээд хязгаарыг тухайлбал ЖДҮ-ийг дэмжих зээл жилийн 18 хувь, бусад зээл жилийн 24 хувь байхаар хуулийн төсөл явж байгаа.
-Технологид суурилсан санхүүгийн бүтээгдэхүүн бий болсон нь Банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хэмжээ өсөхөд нөлөөлсөн гэлээ. Lend хэтэвч тэргүүтэй цахим зээлийг өдөрт хэдэн хүн авч байгааг хэлэх боломжтой юу?
-Өдөрт яг хэдэн хүн гэж хэлэх боломжгүй байна. Ер нь СЗХ-ноос финтект суурилсан, иргэдэд амар хялбар байдлаар санхүүгийн үйлчилгээ хүргэхийг дэмжиж ажиллаж байна. Зөвхөн lend ч бус нэлээд хэдэн банк бус санхүүгийн байгууллага маань технологид суурилсан бүтээгдэхүүн үйлчилгээг гаргаад, амжилтад хүрч байна. Монголын иргэд ч технологийн дэвшлээс хоцрохгүй, дэлхийн түвшинд хүрсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг авах ёстой. Цахим байдлаар олгож байгаа зээлийн өсөлт харьцангуй хурдан байдаг. Нэг банк бус санхүүгийн байгууллагын хувьд 100 гаруй мянган зээлдэгчид зээл олгох жишээтэй.
-Хөрөнгийн зах зээл дээр нийт зах зээлийн үнэлгээ таван хувийн бууралттай байгааг хэрхэн тайлбарлах вэ?
Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэн:
-Хөрөнгийн зах зээлийн хувьд урьд байгаагүй өндөр үзүүлэлт гарсан. Гэхдээ 2019 оны нэгдүгээр улиралд 2018 оны нэгдүгээр улиралтай харьцуулахад таван хувийн бууралттай гэсэн тоо гарсан. Энэ бол өндөр хувийн бууралт биш. Монгол Улсын үнэт цаасны зах зээлийн нийт үнэлгээ үндсэндээ 2.4 их наяд орчим байгаа. 2018 оны жилийн эцсийн ДНБ-ий дүнд харьцуулахад 7,6 хувьтай байгаа нь бага үзүүлэлт биш. Нэгдүгээр улирлын байдлаар бид анхдагч зах зээлд 30 гаруй тэрбумын арилжааг хийсэн. Тийм учраас оны эцсээр хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өндөр өсөлттэй гарах байх гэсэн хүлээлт бий. Ихэнх хөгжиж буй орнуудын хувьд хувьцааны төвлөрөл маш их байдаг. Мэдээж таван хувиас дээш хувьцаа эзэмшигчид нийт хувьцаа эзэмшигчдийн 0,1 хувь байдаг. Таван хувиас доош буюу жижиг хувьцаа эзэмшигчид нийт хувьцаа эзэмшигчдийн 99,9 хувь нь байдаг. Ийм учраас Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 оноос хойш анхдагч зах зээлд арилжаалж байгаа, өөрөөр хэлбэл олон нийтийн хувьцааны хувь хэмжээг хамгийн багадаа 25 хувь түүнээс дээш байхаар бодлогын арга хэмжээ авсны дүнд манай зах зээлийн үнэлгээ, хоёрдогч зах зээлийн арилжааны дүнгийн өсөлт ажиглагдаж байгаа юм шүү. Хэрэв цаашид Засгийн газрын үнэт цаасны арилжаа явагдаад эхэлбэл хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулагчдын итгэл сэргэх боломжууд бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаа.