АТГ-аас шалгаж байгаа олны анхаарал татсан авлига, албан тушаалын гэмт хэргүүдийн талаар өчигдөр мэдээллээ. Энэ үеэр сэтгүүлчид тус газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүүгээс зарим хэргийн талаар тодруулсан юм.
-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглосон гэсэн. Энэ хэргийн талаар тодруулга өгөөч?
-Энэ хэрэг Зөрчлийн тухай хуулиар шийдвэрлэгдэнэ. АТГ-аас энэ хэргийг шалгаагүй.
-“Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг шалгах ажил ямар шатанд байгаа вэ?
-АТГ-ын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулан “Улаанбаатар төмөр зам” ХХН-ийн дарга Д.Жигжиднямааг мөрдөн шалгах ажлыг явуулж байна. Түүнд холбогдох нийт 20 гаруй үйлдлийг одоогоор шалгаж байгаа. Зөвхөн манай байгууллагаас үл хамааран бусад байгууллагатай хамтран ажиллах асуудал бий. Үүнээс шалтгаалан авлигын гэмт хэргийн нотлох баримтыг цуглуулах бэхжүүлэх явцад тодорхой хэмжээнд хамтын ажиллагаа шаарддаг. Үүнээс улбаалж тодорхой хэмжээнд бага зэргийн хүлээлт үүсэх явдал бий.
-Бөхчүүдийн допингийн асуудлыг танай байгууллага шалгаж байгаа юу?
-Бөхчүүдийн допинг хэрэглэсэн асуудал манайд шалгагдаж байгаа. Үндэсний баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны эрх, эрх мэдлээ урвуулан ашиглаж, их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх асуудалд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа. Энэ асуудал дээр сүүлийн 10 жил буюу 2009-2019 оны хугацаанд шөвгөрсөн бөхийн тоо 192 байна. Давхардсан бус тоогоор 109 хүнээс дахин шинжилгээ авч, хариуг нь Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн хариутай харьцуулан шалгах ажиллагаа хийж байгаа.
-УИХ-ын найман гишүүн ЖДҮХС-аас авсан бага хүүтэй мөнгөө өндөр хүүтэй зээлдүүлэх үйлчилгээ үзүүлж мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэсэн хэргийг шалгах ажил ямар шатанд явж байна?
-УИХ-ын гишүүнээс бүрэн эрхийнхээ хүрээнд 2019 оны долдугаар сарын 24-нд манай байгууллагад хүсэлт ирүүлсэн. Манайх наймдугаар сарын 1-нд хариуг хүргүүлсэн. Үүнд ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, хадгаламж зээлийн хоршоотой хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, уг ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн. Өөрөөр хэлбэл, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой. Үүнээс 11 нь албан тушаалтантай холбоотой гэсэн үг. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоосныг шалгаж байгаа. УИХ-ын найман гишүүн гэж ярьсан зүйл байхгүй. ЖДҮХС-гаас зээл олгосон, албан эрх мэдлээ урвуулсан, бусдад давуу байдал олгосон гэдэг асуудал тусдаа шалгаж байгаа. Үүнээс гадна авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэрэг тусдаа байгаа. Энэ нь бага хүүтэй зээл аваад, өндөр хүүтэй хадгаламжид мөнгөө байршуулсан асуудал юм. Үүнд “Уран Сэлэнгэ” ХХК, “Цагийн эрч” ХХК, “Грийн тауэр” ХХК, “Намжсод” ХХК, “Цамбагарав трейд” ХХК, “Эс Эл Эм И” ХХК,“Жигүүрт хөсөг” ХХК, “Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн найман ААН авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан байсан. Эдгээр хүмүүс хэлэхдээ, ажил нь бүтээгүй учраас мөнгө байлгаж байхаар өндөр хүүтэй хадгаламжид байршуулсан гэж тайлбар өгсөн. Энд мөнгө угаах гэмт хэрэг гэдэг асуудал яригдаагүй. Мөнгө угаах гэмт хэргийн шинж байна уу гэдгийг шалгасан. Ийм асуудал тогтоогдоогүй. Харин зээлийг зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудлыг ярьж байна. Зарим ААН-тэй холбоотой асуудлыг ЖДҮХС-руу мэдэгдэл хүргүүлж, гэрээг нь цуцлуулж, тус санд мөнгийг нь буцаан байршуулах ажил үргэлжилж байна.
-Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгч нарын хэргийг шалгах ажил ямар шатандаа явж байна?
-Тус ордтой холбоотой асуудалд холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн хэргийн мөрдөн шалгах ажлыг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгуулагад шилжүүлсэн байгаа. Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн асуудал яригдаагүй. Дээр дурдсан зургаан шүүгчээс бусад нь өөр гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэсэн үг. Тухайлбал, зарим нь үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэргийн үйлдлийг шалгаж байгаа гэсэн үг.
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн болон Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарыг АТГ-т шалгаж байгаа гэх мэдээлэл байсан. Энэ талаар тодруулна уу?
-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнтэй холбоотой асуудалд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд, шалгаж байгаа. Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байгаа гэв.
АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан Т.Баярхүү энэ үеэр ийнхүү тайлагнасан юм.
2019 оны эхний 10 сарын байдлаар 326 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэг /ХАСХОМ/-ийг шалгаж, хуульд заасан зөрчилтэй мэдүүлсэн 35 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл, дөрвөн албан тушаалтанд сануулах, 21 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, хоёр албан тушаалтанд албан тушаал бууруулах, найман албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус тооцуулаад байгаа талаар мэдээлэв. Мөн тус байгууллагад албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчлийг шалгуулахаар хандсан 631 өргөдөл, гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэсэн гэдгийг хэлсэн юм. Дээрх өргөдөл, гомдлын мөрөөр албан тушаалтны буруутай үйл ажиллагааг илрүүлж, зөрчил гаргасан 37 албан тушаалтанд хариуцлага тооцуулж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, зөрчил арилгуулах, тухайн зөрчил үүсэх, эсвэл олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэх нөхцөл байдлыг үүсгэж байгаа нөхцөлийн талаар анхааруулсан зөвлөмж бүхий 46 албан бичиг хүргүүлсэн. Хариуцлага тооцуулсан байдлыг авч үзвэл, долоон албан тушаалтанд сануулах, 23 албан тушаалтанд албан тушаалын цалин бууруулах, дөрвөн албан тушаалтанд албан тушаал бууруулах, гурван албан тушаалтанд ажлаас халах хариуцлага тус тус ногдуулсан байна. Мөн нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 7727 этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг (ХАСУМ)-ийг хүлээн авснаас 7570 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүллээ. Үүнээс ашиг сонирхлын зөрчил үүсч болохуйц нөхцөл байдлыг тогтоож 634 мэдүүлэгт анхааруулга бичиж, хууль, журамд заасан шаардлага хангаагүй үндэслэлээр 303 мэдүүлгийг буцаан хүргүүлж, 26 нэр дэвшигчийг тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон талаарх дүгнэлтийг холбогдох байгууллагад хүргүүлжээ.
Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 44.5 хувийг эзэлж байна
2019 оны эхний 10 сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй 698 гомдол, мэдээлэл шалгасан. Хүлээн авч шалгасан 698 гомдол, мэдээллээс 370 гомдол, мэдээлэл буюу 53 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 285 гомдол, мэдээлэл буюу 40.8 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 27 гомдол, мэдээлэл буюу 3.9 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай тус тус прокурорт шилжүүлж, шийдвэрлэлт 97.9 хувьтай байна. Эхний 10 сарын байдлаар 1316 үйлдэлтэй, 433 холбогдогчтой, 1115 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Нийт шалгасан хэргийн 125 буюу 11.2 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 460 буюу 41.5 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 64 буюу 5.7 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 21 хэргийг нэгтгэн шалгаж, гурван хэргийг түдгэлзүүлж, одоо 442 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 389 хэрэг, мөрдөн байцаалтын 53 хэрэг байна. Шүүхээр 42 хэрэг эцэслэн шийдвэрлүүлсэн байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийг Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр ангилбал, Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг 586 буюу 44.5 хувь, Хахууль авах гэмт хэрэг 144 буюу 10.9 хувь, Хахууль өгөх гэмт хэрэг 146 буюу 11.1 хувь, Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах гэмт хэрэг-21 буюу 1.6 хувь, Үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг-38 буюу 2.9 хувь, Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах гэмт хэрэг найм буюу 0.6 хувь, Мөнгө угаах гэмт хэрэг 15 буюу 1.1 хувь, Хөрөнгө завших гэмт хэрэг-49 буюу 3.7 хувь, Эрүү шүүлт тулгах гэмт хэрэг-45 буюу 3.4 хувь бусад хэрэг 264 буюу 20.1 хувийг тус тус эзэлж байна.
Гэмт хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирчээ
Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 12 их наяд төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 136 тэрбум төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Учирсан хохирлыг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 36.4 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 1.4 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 14.8 дахин өссөн үзүүлэлттэй байна. Үүнийг авлигын гэмт хэрэг огцом өсч учруулсан хохирлын хэмжээ их тогтсон гэж тайлбарлах нь учир дутагдалтай. Учир нь манай байгууллагаас шалгаж байгаа зарим нэг хэргүүдтэй холбоотой учруулсан хохирол өндрөөр тогтсон учраас хохирлын хэмжээ өссөн байгаа юм. Тухайлбал, нийт хохирлын дийлэнх хувь нь Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой хэрэг, Жаст компанийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хүрээнд тогтоогдсон хохирлын хэмжээ өндөр байгаа учраас нийт хохирлын хэмжээ ийнхүү өссөн.
Аравдугаар сард 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ
АТГ-ын удирдлагууд шинээр томилогдсоны дараа хэрэг шалгах ажлыг эрчимжүүлэх албан даалгавар гаргаж авлигын гэмт хэргүүдийг хурдан хугацаанд шалгаж шийдвэрлэхэд анхаарал хандуулан ажиллаж байна. Энэ ажлын хүрээнд олны анхаарал татсан, удаан хугацаанд шалгагдсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүлээд байна.Тухайлбал, Оюу толгойн гэрээтэй холбоотой Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох хэрэг, Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлд холбогдох хэрэг, Ерөнхий сайд асан М.Энхсайхан нарт холбогдох хэрэг, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-гийн эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох хэрэг, Салхитын мөнгөний ордтой холбоотой шүүгч нарт холбогдох хэрэг, Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Мөнхбат нарт холбогдох хэрэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар нарт холбогдох хэрэг гэх мэт олны анхааралд байсан хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Зөвхөн аравдугаар сард гэхэд 32 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлээд байна.
ЗТХ сайд асан Д.Ганбат, газрын дарга асан Д.Доржханд нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ
Мөн эдгээр хэргүүдийг шалгахаас гадна сүүлийн үед шинээр шалгасан хэргүүдийг шуурхай шалгаж, эрх бүхий байгууллагад шилжүүлсэн. Та бүхэн мэдэж байгаачлан Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, ЗТХЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Д.Доржханд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Ч.Алтанхуяг,”ДЦС-2” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал С.Бямбаахүү нарт холбогдох хэргүүдийг шалгах ажиллагааг 1-2 сарын хугацаанд дуусгаж прокурор, шүүх рүү шилжүүллээ. Мөн төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон хэргийг шалгах явцад хэргийн цар хүрээ, үйлдэл нэмэгдэж байгаа ч мөрдөн шалгах ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулж байна.
Шалгаж байгаа гээд хэрэг нь замхраад алга болдог гэх ойлголтыг таслан зогсооно
АТГ нь хуульд заасан ил, далд аргаар авлигын гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэгтэй. Энэхүү үүргээ ч биелүүлэхийн төлөө манай албан хаагчид цаг наргүй ажиллаж байна. Энэ ажлын бодит үр дүн ч эхнээсээ гарч байгаа. Тиймээс албан тушаал, албаны бүрэн эрх мэдлээ хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх арга, хэрэгсэл гэж харж байгаа хүмүүст бидний хийж байгаа ажил тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд манай байгууллагад шалгагдаж байгаа хэргүүдийн талаар үргэлж асууж, тодруулж байгааг зөв, зүйтэй явдал гэж үздэг. Олон нийтийн хяналт гэдэг бол хамгийн хүчтэй хяналт байпаг. Тиймээс аливаа нэг хэргийг шалгагдаж байгаа гээд замхраад алга болдог гэсэн ойлголтыг таслан зогсооно. Гэмт хэрэг үйлдсэн буруутай этгээдүүдэд зохих хариуцлагыг нь хүлээлгэх ёстой. Хэрэв гэмт хэрэг үйлдээгүй бол тухайн хүн нэр төрөө сэргээлгэх ёстой. Шалгаж байга хэрэг нь замхраад алга болдог гэдэг бодлоосоо татгалзах хэрэгтэй гэдгийг дамжуулж өгөхийг сэтгүүлчдээс хүсч байна. Мөн АТГ-т ажилладаг, ажиллаж байсан гэх мэтээр байгууллагын нэр барьж, тендерт дэмжлэг хүсэх, шалгаж байгаа асуудал дээр өмгөөлөгчөөр туслалцаа үзүүлнэ, хамаарал бүхий этгээдээ ажилд оруулахыг хүссэн тохиолдлыг дотоод хяналтаараа илрүүлэн харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлэн шалгуулж байна. Түүнчлэн төрийн албан хаагчид нэгнийгээ АТГ-аас дуудаж байгаа мэтээр утсаар ярьж ирүүлсэн асуудал ч гарсан. Тиймээс иргэд, олон нийтийн зүгээс авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргийн талаарх мэдээллийг шуурхай мэдээлэхээс гадна манай албан хаагч нарын нэр барьсан энэ мэт хууль бус үйлдлийн талаарх мэдээллийг 110 тусгай дугаарт өгч бидэнтэй хамтран ажиллахыг хүсч байна” гэв.