Хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудыг ажлаас нь халаад өнгөрдөг, гэм бурууг нь хэлэлцэж шүүхээр эцэслэн ял оноодоггүй асуудал шүүмжлэл дагуулсаар байдаг. Хамгийн сүүлд гэхэд Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг дипломат ажилтан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нар долоон удаагийн үйлдлээр 521 кг хар тамхи зөөвөрлөж ХБНГУ-ын хилээр оруулсан. Гэвч салбарын сайд Д.Цогтбаатар нь өнөөдөр тэднийг “Ажлаас нь халсан” гээд сууж байна. Энэ мэтээр хар тамхины зохион байгуулалттай гэмт хэргийг эрх баригчид өөгшүүлсний үрээр манай улс хар тамхи дамжин өнгөрүүлэгч орноос хар тамхи хэрэглэгч орны статуст шилжсэн. Дунд сургуулийн сурагчдын 50 хувь нь хар тамхи хэрэглэж үзсэн, хар тамхи хэрэглэгчдийн 80 хувь нь 18-35 насныхан байна гэдэг судалгааг Хар тамхитай тэмцэх газар онцолж байна. Үүнээс цааш арав, хорин жилийн дараа бидний ирээдүйг юу хүлээж буйг таахын аргагүй. Ингээд хар тамхины хууль бус наймаа хийсэн дипломат төлөөлөгч нарын талаарх мэдээллийг хүргэе.
1. 1990-ээд онд “Блэк Морган” гэдэг олон улсын хараа хяналтад орсон гэх бүлэг байсан. Босс нь Болгар дахь Монголын Элчин сайдын зөвлөх асан Д.Шатарбал. 120 кг хар тамхи тээвэрлэж яваад 2005 онд Болгарын тусгай албаныханд баригдсан. Болгарын хууль сахиулах байгууллага таван сарын турш мөрдсөний эцэст үйлдэл дээр нь барьсан. Барааны үнэ 23 сая орчим доллар. Найман жилийн ял авсан.
2. Монголын нэгэн дипломат ажилтны гэргий тамхины наймаа эрхэлдэг дипломатчдын сүлжээг толгойлдог байсан тухай хар мэдээ гарсан. Тэд өөрсдийнхөө болоод Вьетнам хамтрагчдынхаа 7.7 сая ширхэг тамхийг Украин, Болгараас Европын холбооны улсууд уруу дипломат эрх ямбаараа бамбай хийн татваргүй нэвтрүүлдэг байжээ. Хууль бус наймаанаас 1.2 сая еврогийн хохирол учирсан гэж гаальчид тогтоосон байна. Энэ сүлжээ Германы Лейпцик хотод төвлөрч, дамлахаар бэлтгэсэн янжуураа багцлан боож дипломат шуудан маягаар өнгөлөн далдалж вьетнамчуудаар дамжуулан Европын холбооны улсууд уруу гаргадаг байсан гэнэ. Анх тэднийг Чехийн гаалийн албаныхан сэжиглэсэн байна.
3. н.Алтансайхан - ГХЯ-нд дипломат ажилтнаар ажиллаж байхдаа ХБНГУ-д тамхины наймаа эрхэлж байгаад 2001 онд баригдсан.
4. С.Эрдэнээ - Монгол Улсаас Австри улсад суугаа ЭСЯ-нд атташегаар ажиллаж байсан. ХБНГУ-д тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр 2002 онд саатуулагдан, тус улсын хууль хяналтынхан нэг хэсэг хорьж байгаад сулласан.
5. н.Баярхүү - Бельги дэх Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Англид 2003 онд тамхины наймаа хийж явахад нь саатуулсан.
6. н.Цэрэнсодном - Унгарт суугаа ЭСЯ-нд ажиллаж байхдаа тамхины наймааны хэргээр 2003 онд саатуулагдсан.
7. Д.Шатарбал - БНБУ-д суугаа Монгол Улсын ЭСЯны зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхийг дипломат дугаартай машинаараа тээвэрлэж явахад нь тус улсын тусгай албаныхан баривчилсан. Болгарт хорьж байгаад манай талд шилжүүлсэн. Тамхины хууль бус наймаанд холбогдон шүүхээс ял шийтгүүлсэн ганц дипломатч. Шүүхээс түүнд найман жилийн хорих ял ногдуулсан, ял эдэлж байгаад гарсан.
8. “Болгар” хэмээх Ганболд- Дипломат байгууллагын үйлчилгээ, аж ахуйн газрын орлогч даргаар ажиллаж байсан. БНБУ-д суугаа Элчин сайдын яаманд ажиллаж байхаасаа эхлэн тамхины наймаа хийсэн гэдэг. ОХУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-нд Элчин зөвлөх байхдаа эхнэр Сэлэнгийн хамт тамхины наймаа хийж яваад 2005 онд ХБНГУ-д баривчлагдсан. Энэ хэргээр эхнэр нь нэг хэсэг тус улсад ял эдэлсэн.
9. Б.Даваадорж - Тамхины хууль бус наймаа хийсэн хэргээр шалгагдаж байсан. “Монгол Улсын Элчин сайдын яамны дипломат дугаартай машинаа алдсан” гэж тухайн үед мэдүүлж байжээ. Хэрэгт холбогдуулан шалгах үед алдсан гээд байсан машин нь гэнэт олдсон. Албаны машинаа тамхины наймаачдад ашиглуулж байсан хэмээн түүнийг сэжиглэдэг. Ийм хэрэгт холбогдсон ч ХБНГУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдаар томилогдож чадсан. Х.Бэхбат- Женевт Элчин сайдаар сууж байхдаа тамхины хууль бус наймаанд оролцсон хэргээр нэг хэсэг шалгуулсан.
10. Д.Далайжаргал - Франц дахь Монгол Улсын ЭСЯ-нд зөвлөхөөр ажиллаж байхдаа их хэмжээний тамхийг хууль бусаар хил нэвтрүүлсэн хэрэгт холбогдсон. ЮНЕСКО-гийн Монголын үндэсний хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажилласан. БСШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож ажиллаж байсан.
11. Х.Болдбаатар - Беларусийн Брестэд сууж асан Монгол Улсын консул. Польшид тамхины хууль наймаа эрхлэгч Цэвэгмид гэдэг хүнийг шүүхээс батлан даалтаар авч, оргуулсан хэргээр тус улсад саатуулагдсан. Тус улсын Люблин мужийн хууль хяналтын байгууллагаас консул Х.Болдбаатарыг дээрх хууль бус наймаачинтай холбоотой хэмээн сэжиглэж, саатуулж байсан.
12. Б.Санжмятав - Франц дахь ЭСЯ-ны Элчин зөвлөхийн алба хашиж байсан. Хууль бус наймаа хийсэн хэргээр 2006 онд Польшид шалгагдаж байсан. Францад алба хашиж байхдаа нэг жилийн дотор Европын улсуудаар 150 удаа ямар хэргээр зорчиж байснаа тайлбарлахыг шаарджээ. Тэрбээр “Эхнэрийнхээ хамт биеэ эмчлүүлсэн” гэдэг боловч түүнийгээ нотлох баримт гаргаж өгөөгүй юм.
13. С.Цоггэрэл - Мэргэжлийн тагнуулч, ТЕГ-ын Гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж байгаад дипломат албанд шилжсэн. ОХУ дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа тамхины хэрэгт сэжиглэгдэж байсан ч мултарч Чех улсад Элчин сайдаар томилогдсон.
14. А.Баатарцогт - Хошууч генерал. ХХЕГ-т ажиллаж байгаад ОХУ-д суугаа ЭСЯнд хилийн төлөөлөгчөөр сууж байсан. Тамхины хэрэгт гардан оролцоогүй ч түүний албан өрөөнд байсан төмөр шүүгээнээс 250 гаруй мянган ам.доллар алдагдсаныг дээрх хууль бус наймааны мөнгө хэмээн сэжиглэж байсан. Энэ хэргийн дараа ОХУ-ын Эрхүү хотод консулаар томилогдсон.
15. н.Энхбат - ХБНГУ-д их хэмжээний тамхи авч яваад баригдсан. Дипломат албанд ажилладаггүй хэрнээ дипломат паспорттай явж байсан гэдэг. Эхнэр Нархажид нь тухайн үед Япон дахь ЭСЯ-нд ажиллаж байжээ.
16. Г.Дашдаваа - БНБУ дахь Монгол Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Эхнэрийн хамт тамхины наймаа хийсэн хэрэгт сэжиглэгдэж байжээ.