Сэтгүүлч хүний үүрэг мэргэжлийн ёс зүйг чандлан сахиж, нийгэмд түгээх мэдээ мэдээлэл нь алив нэг зүйлд хэт баригдахгүй байх. Нийгэмд сөрөг мэдээ мэдээлэл аль болох түгээхгүй байх нь бас л мэргэжлийн арга барил. Ямар зүйлийг мэдээ, мэдээлэл гэж түгээх нь сэтгүүлчийн, тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийн баримтлах зарчим, бодлого байх ёстой. Сошиал орчин бол хүнд хэрэгтэй мэдээллийг түгээдэг, хэрэг үл болох мэдээллийг ч түгээдэг хэрэгсэл.
Энэ нийгмийн сүлжээнд хувь хүн болон, хэвлэл мэдээллийн хэрэгсэл аль нэг талыг барихгүй зөв зохистой аль болох эерэг мэдээ мэдээллийг түлхүү түгээж баймаар. Өглөө бүрийн мандах нарнаар эртлэн сэрсэн хүмүүн бид үнэн худал, учир нь үл олдох ой гутам, нүүр улайм, сөрөг мэдээ мэдээллийг хэн дуртай нь түгээхийг харж өдрийг үдэх тийм гоё гэж үү. Энэ тэгээд хэвлэлийн эрх чөлөө юу. Хэдийгээр бид ардчилсан Монгол Улсад амьдарч байгаа хэдий ч Монгол гэх үндэстний цусанд байдаг хүнийг нандигнан хайрлах, өр нимгэн сэтгэл хаачив. Долоон тэрбум гаруй хүн дундаас бид гурван саяхан.
Хэн нэгнээ хайрлахгүй юм бол Монгол гэх үндэстнийг өөр хэн хайрлах юм. Өнөө цагийн эрх мэдэлтнүүд гээд байгаа шийдвэр гаргагчид нь галзуу нийгмийг бүтээж буй мэт галзуу шийдвэрүүдийг гаргаад, түүнийг нь хэвлэл мэдээлэл ямар ч шүүлтүүргүй нийгмийн сүлжээгээр тарааж байгаа нь тэгээд “Сайхан” нийгэм үү. Алив нэг асуудлын цаана заавал хүн байдаг.
Тэр сууж яваа хүүхэд ч гэсэн үндсэн хуулиар олгогдсон эрхтэй. Яагаад гарч ирж нийгмийн сүлжээнд элэг доог болох ёстой гэж. Яагаад тэр хүүхдийн буруу гэж. Ард нь хүүхэд байгааг яагаад анзаарахгүй байна гэж. Бид хүнийг доош хийж, хүний махыг идэж байвал сайхан болчихсон юм уу. Харин ч цонхоо нээж, хүүхдээ дагуулан гарч ирээгүй нь нэг талаараа зөв сонголт биш гэж үү. Бүх хүн өөрийг нь адалсан ч үрээ тэгж л хамгаалах нь зүйн хэрэг. Үр нь биш даргын нь хүүхэд ч бай хүнийг хамгаалсан нь тэр үл таних этгээдийн буруу гэж үү. Араатан хүртэл үрээ хамгаалдаг бус уу? Сэтгүүлч, цагдаа нь албаны машин гэж яаж ч тэр олон машин дотроос сонгож, мэдэж мэдээллийг тэр сэтгүүлч нь бөөн сенсац болгон амьсгаадан барин гүйн очдог юм. Ямар гэнэт хүн сансарт нисч байгаа мэдээллийг түгээх гэж яарч буй биш. Учир зүйг нь сайтар олоогүй мэдээгүй зүйлийн араас гүйх тийм гоё гэж үү? Хэдийгээр нарийн сайн ажвал маш олон зүйл заалт зөрчиж байгаа ч юм шиг.
Мэдээ гэж юуг хэлэх вэ. Хэрхэн яаж мэдээлэх вэ гэж бүхэл бүтэн дөрвөн жил бүх сэтгүүлчид заалгасан. Ямар нэг шийдвэр гарч болно түүнийг бид ингэж энэ мэтээр мэдээлэхгүй ээ. Сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй бүх зүйлийн ёс зүй хаана байна. Үнэн худлын дэнс хаана байна. Сошиалаар амьсгалж, амьдарч, хооллож, түгээж, дэлгэрүүлж амьдрах нь энэ цагийн өнгө юм уу? За тэгээд энэ мэдээлэл нөгөө гайхалтай сайхан зүйл түгээдэг сошиал гэх ертөнцөд нь тавигдангуут 911 сэтгэгдэл, 1200 лайк, 1300 шэйр хийгдсэн байна хэдхэн цагийн дотор шүү дээ. Сэтгэгдэл бүрт дахин лайк дараастай.
Сэтгэгдлийн дийлэнх хэсэг нь зөв зүйтэй сайн байна муусайн хулгайчдыг алаад өг, хядаад өг, шууд цонхыг нь хагалаад шоронд хий, дарга нь хэн байна, жолооч байж яасан баян юм, муу луйварчин гэх мэт бурхан минь амнаас нь гарах бүхий л муу муухай үгсээр доромжилж байх юм. Учир нь жолооч нь юм уу, дарга гэх этгээд нь өөрөө юм уу бүү мэд зүйлийн араас. Уг нь ч мэдэхгүй байж. Шууд л харлуулах дон шүглэсэн мэт эхлэх юм. Тэгэхээр ямар мэдээ мэдээллийг түгээхээ нарийн сайн бодож нийгэмд цацаж байхгүй бол ийм хортой байх нь, энэ зэвүүн цагт. Хүн буруутай байж болно. Гэхдээ буруутай байна гээд хүнийг нийгмийн өмнө хууль зөрчин ингэж асуудал болгох нь хэнд хэрэгтэй, ашигтай вэ. Бид эрүүл нийгмийг бүтээхгүй бол өвчтэй нийгмийг бүтээгээд өөрсдөө бий болгоод түүндээ амьдраад сэтгээд бүгд галзуу улсыг бүтээх юм уу?
Тэр үл мэдэх аав, ээж, хүү, охин бүү мэд тэднийг чирж гаргаж ирээд нийтийн өмнө чичлэх нь тэгээд сайхан зөв байсан юм уу. Бид хүний мах иддэггүй, хүний зовлонгоор тэжээгддэггүй ард түмэн юм сан. Муу хүн гэж байдаггүй, муу зан чанар л гэж байдаг. Хүн сайн муу хоёр зан чанартай ч, муу зангаа дарж сайн зангаа илүү сайн ашиглаж байвал бид урагш ядаж нэг алхах юм сан. Алийн бүр муу муухайдаа уягдан түүгээрээ хөглөгдөн өнөөдрийн нийгмийг үр хүүхдэдээ буруу үлгэр дуурайлыг өгөөд буцах юм бэ.
Энэ хүн таны бүтээсэн нийгэм, ертөнц. Хэн нэгэн хүнд тус болдоггүй юм гэхэд гай болохгүй, муу болгоныг энэ сошиалд чирээд авчраад, хэлэлцүүлээд, хэрэлдүүлээд, доромжлуулаад баймааргүй байна. Үүнд сонголт, шүүлт байх ёстой. Мэдээж шударга бус зүйлийг бид хамгаалж, өөгшүүлж болохгүй. Гэхдээ ядаж энэ тэр гэж зохиол бичиж, шоу хийхгүй байх юм сан. Алив зүйл учиртай баймаар, учиртай хандаж сурмаар, бид. Монголчууд минь хүний маханд яасан дурладаг болоо вэ. Дурлахдаа хүртэл учиртай дурла. Ороо босгоо цагийн галзуугийн дүрд бүү тогло. Хэн ч байсан хүн. Хүн хүнээ дээдэл. Араатан амьтан хүртэл гэр хотлоор дүүрээд ирсэн энэ зэвүүн цагт хүн нь ядаж хүнээрээ байх юм сан. Сошиал орчинд сайн сайхан мэдээ мэдээллийг л түгээе иргэд минь ээ...