Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
“ХҮҮХДИЙН АВТОБУС”-ыг ЗӨВ ШИЙДВЭЛ ХАМГИЙН Зөв шийдвэр
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад үйлчлэх автобус өнгөрсөн долоо хоногоос үйлчилгээнд гарчээ. Хотын маань хүн амын бараг тал хувь нь хөл дүүжлэх унаатай болж авто замын түгжрэл хэрээс хэтрэн 10 минут алхаад очих газар хэдэн цаг түгжрэн байж очдог болсон өнөө цагт хамгийн зөв шийдэл бол энэ. Нөгөө талаар өвлийн хүйтэнд шугамын автобус хүлээн өглөө оройдоо гадаа даарч, арайхийн нэг автобус ирэхээр томчуултай шахцалдаж чихцэлдэн зутарч яваа хүүхэд багачуудад, тэднийхээ араас санаа зовон автобусны буудал дээр зогсдог эцэг эхчүүдийн хувьд хамгийн хэрэгтэй үйлчилгээ энэ гэдэгт олон хүн санал нэгдэх байх аа.
Энэ үйлчилгээ эхэлсэн өдрийн талаар өдөр тутмын “Өдрийн сонин” өдрийн сурвалжилга хийн нийтэлсэн байна. Өнөөдөртөө 33 автобус нийслэлийн 27 сургуулийн 2-5 дугаар ангийн сурагчдад үйлчилж байгаа юм байна. Үндсэндээ нэг сургуулийн хүүхдүүдэд нэг автобус гэсэн үг.
Дэлхийн хөгжилтэй улс орнуудын том хотуудад хүүхдийн автобус явуулж хэвшсэн. Энэ нь нэг талаасаа хүүхдийн аюулгүй байдалд, нөгөө талаар хотын замын хөдөлгөөнийг сийрэгжүүлэхэд үнэхээр чухал ач холбогдолтой нь харагдсан ажил. Энэ жишгийг манай хувийн сургуулиуд хэдийнээ хэрэгжүүлээд эхэлсэн байхад төр их л  хожуу ухаарч байгаа ч юутай ч эхлүүлснийг нь сайшаалтай.
Гэхдээ бас бодох, санаж сэрэх зүйл бишгүй л нэг.
 
Маршрутаа ганц нэг сургуульд өмчлүүлэх үү
“Өдрийн сонин”-д нийтэлснээс үзэхэд 27 сургуулийн хүүхдийг 29 чиглэлээс зөөхөд 33 автобус гаргажээ. Гэтэл нийслэлд 2018-2019 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын  245 сургууль хичээллэж байгаа гэсэн статистик тоо байна. За яах вэ, хувийн хэвшлийн сургуулиудыг хасвал 137. Үүнээс Багануур, Багахангай, Налайх дүүргийн сургуулиудыг хасахад үндсэндээ 120 орчим сургууль байгаа юм байна. Тэгэхээр хотынхоо нийтийн тээврийг яая гэж байгаа Улаанбаатар хот 120 автобусыг хүүхдэд гаргаж чадах уу. 40 мянгатад нэг дор зэрэгцээд оршдог 24, 23 дугаар сургуулийн сурагчдыг нэг автобусаар гэх мэтээр нэгтгэж болох ч яг ийм зэргэлдээ сургууль хэд билээ.
Тэгэхээр энэ автобус Буянт-Ухаа хороолол орно гэвэл зам зуур таарах 41, 15 дугаар сургуулиудын сурагчдыг авахаар зохион байгуулж болох уу. Эсвэл Долоон буудал руу явдаг автобус 16, 17 дугаар сургуулийн сурагчдыг хамт зөөдөг байвал ямар бол. Цэргийн салбарт ч ер аль ч салбарт бага хүчээр их ажил амжуулах гэсэн нэг зарчим байдаг даа. Энэ том хотын нийтийн тээврийн үйлчилгээнд өнөөдөр явж байгаа 900 орчим автобус дээр сурагчдыг зөөх 100 гаруй автобус нэмэгдвэл юу болох вэ... Тэгэхээр нэгэнт эхлүүлсэн энэ ажлыг хамгийн оновчтой шийдлээр зохион байгуулж чадвал хотын авто замын түгжрэл буурахад нэмэр болохооос гадна эцэг эх, хүүхдэд ээлтэй жинхэнэ хүний төлөө ажил болох болов уу. Тухайн хороолол чиглэлээс аль аль сургуульд хэчнээн хүүхэд явж байна, тэднийг нэгтгээд нэг унаагаар зөөх боломж хүрэлцээ байна уу, үгүй үү гээд нарийн судалгаа хийж зохицуулах шаардлага зүй ёсоор гарч ирж байна. Тавдугаар сургуулийн автобус дөрөв тавхан хүүхэд суулгаад (Өдрийн сонин №236) Таван шарын зүг давхиж байх уу, зам дагуух Х, I  дүгээр хорооллын сургуульд сурдаг хүхдүүдийг замдаа аваад явах гэх мэт... Энд тухайн сургуулиуд, дүүрэг хороод хамтран ажиллаж хүүхдийн автобусны чиглэл, зогсоолыг оновчтой тогтоох хэрэгтэй байх нь. Ингэж гэмээнэ аль чиглэлд том оврын автобус явах, хаашаа дунд оврын автобус явуулах гээд олон асуудлыг зөв шийдэхэд нэмэр болох болов уу.
Ийм нарийн судалгаа тооцоо дутагдалтайгаас л аль чиглэлд хэдэн хүүхэд явдаг зэргийг тооцооогүйгээс 40 хүний суудалтай автобус хэд гуравхан хүүхэдтэй 10, 20 км давхиж байгаа хэрэг.
 
Сайн юманд садаа мундахгүй
Саяхан л юун хүүхдээ бүү хэл өөрөө ч нийтийн тээврийн автобусанд чихэлдэн явж байсан Монголын шинэ баячуулын нэг дутагдал нь ёстой өнөөх “шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг баян тансгаа гайхуулах гэсэн нэг оёг байна аа. Ялангуяа ард түмний хөрөнгөнөөс хулгайлж авсан мөнгөөрөө гайхуулдаг гэр бүлийн хүнийнхээ тоогоор тансаг машин унадаг өнөөгийн төрийн албан хаагчид “Би ямар төрийн албаны машин унаж байгаа биш” хэмээн цээж дэлдээд ганган тансаг машинаа сургуулийн багш, сурагчдад гайхуулах гэж заавал хувийн машинаараа хүргэж өгч төвөг удна л даа... Тэдний хувьд ганган машинаа сургуулийн довжоонд тулган зогсоогоод хүүхдээ буулгаж байх нь өөрсдийнх нь хувьд “ёстой нэр төрийн хэрэг”. Зарим хүн энэ мөрийг уншаад эгдүүцэж байж мэдэх ч, үнэндээ ийм хүмүүс өнөө цагт улам л олшроод байгаа. Тэдний хувьд ажил албандаа яарах, аливаа ажлыг амжуулахын тулд биш баян тансгаа гайхуулах гэж 10 минут алхаад оччих газар жийп, түүнээс ч илүү тансаг машин унадаг. Ер ийм хүмүүсийн амьдралын зорилго нь тансаг машин, хамгийн үнэтэй гар утас, булган дээл, элдэв брэндийн цаг, гутлаараа гайхуулах... Ийм хүмүүс Мэргэжлийн хяналт, татвар, гааль, за тэгээд төрийн бүх шатны байгууллагуудаар л нэг дүүрэн. Үнэн хэрэгтээ С.Амарсайхан даргын хэрэгжүүлж эхлээд байгаа хүүхдийн автобусаар ийм хүмүүсийн хүүхэд явж байгаа гэдэгт би л хувьдаа эргэлзэж байна. Яг өөрийнх нь ажилладаг нийслэлийн Засаг даргын Тамгын газар, дүүргүүдийн албан хаагчдын хүүхдүүд үүгээр явж харагдаач...
 
Өөр нэг зүйл нь ямбалал...
Хэн ч гэсэн төрүүлж өсгөсөн хүүхдээ хайрлалгүй яах вэ. Гэхдээ зөв хайранд өссөн хүүхэд зөв хүн болж төлөвшинө гэдгийг умартах явдал сүүлийн үед элбэгшээд байгаа нь сурагчдын автобусны үйлчилгээнд яаж нөлөөлөх бол. Хүүхдийг хайрлана гэдэг өнөөдөр бас л хоёр төрөл янз болчихсон. Хэт тансагладаг баячуул хүүхдийг “хаан мэт” өргөмжилж олноос хөндийрүүлдэг. Тэд бараг л  “яах гэж энэ хүүхдүүдтэй тоглоод байгаа юм”, “наад балиар юмнуудаас чинь өвчин халдана, ханиад томуу хүрнэ, хол бай” гэх нь холгүй. Ийм хүмүүс хаа байсан гэр хорооллын хүүхдүүдтэй “яаж тэр балиар автобусанд явдаг юм, элдэв өвчин авна, жолоочоор хүргүүлж авч бай” гэсэн маяг, ямбалал бас бий. Зайсан дахь тансаг хороололд амьдардаг нэгний машин барьдаг танил маань “машинаа орцны үүдэнд тулгаж зогсоогоод л хүүхдээ суулгаад сургуульд нь хүргэж өгдөг, очиход багш нь гүйж ирээд л бараг тэврэх нь холгүй аваад ангидаа ордог, цүнхэнд нь хичээлээс илүүтэй бөөн идэх уух юм байдаг, явган явж чадахаа больчих дөхсөн хүүхэд тэр хороололд бишгүй нэг бий” гэж ярьж байсан юм даг. Тэр хүмүүс тэр тансаг машинаа хойш тавиад хүүхдээ сурагчдын автобусанд суулгах уу... С.Амарсайхан дарга та юу гэж бодож байна... Энэ талаар ажиглалт, судалгаа байна уу...
Энэ нь хэдийгээр тухайн хүний л хэрэг боловч сургуулийн автобус явж л байхад дэргэдүүр нь өнөөх тансаг машин зэрэгцээд л өнөө л замын түгжрэл ачаалалд “хувь нэмрээ” оруулсаар байх биш үү.
 
Бас нэг зүйл
Засаг дарга өнөөдөртөө 2-5 дугаар ангийн сурагчдыг зөөж л туршиж байгаа юм байна. 1, 3, 5 дугаар ангийн гурван хүүхэдтэй айл хоёр хүүхдээ автобусанд суулгачхаад нэгдүгээр ангийнхаа ганц хүүхдийг машиндаа суулгаж аваад автобусны хажуугаар давхих уу. Яах вэ, туршаад журам энэ тэрийг нь улам боловсронгуй болгоод ирэхээрээ асуудлыг цогцоор нь шийдэх биз ээ.
Хүүхдийн автобус үнэхээр тохилог, хүүхдийг эцэг эх, багш нарт нь яг таг хүлээлгээд өгдөг, автобусанд хүүхэд халамжилж явах ажилтан нь хэчнээн хүүхэд хаанаас суух, буух зэргийг мэддэг, энэ ажилдаа хариуцлагатай байвал эцэг эхчүүд аль ч хүүхдээ суулгаад явуулахаас нэг их цааргалахгүй биз ээ.
***
Юутай ч манай нийслэлд хувийн цөөн хэдэн сургуулийн лого, тэмдэгтэй бичил автобус хүүхэд зөөдөг байсан бол одоо төрийн өмчийн сургуулиудын хүүхэд зөөдөг “ХҮҮХДИЙН АВТОБУС” гэсэн тээврийн нэгэн төрөл бий боллоо. Улаанбаатар хот бол мегаполис гэж олон жил ярьсан. Замын түгжрэл, утаа зэргээр нь л тэгж нэрлэдэг байх. Юутай ч хүүхдийн төлөө, тэдний сурч боловсрох эрх, эрүүл аюулгүй байдлын төлөө нэг алхам хийлээ. Үүнийг дагаад замын түгжрэл буурах, эцэг эхчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх цаг боломж нэмэгдэх гээд олон нааштай алхмууд гарах нь дамжиггүй.
Гагцхүү өнөөдөр шуналын бирд болчихсон төрийн байгууллага дундаас нь мөнгө саах гэж ашиг харалгүй зөв зохион байгуулах л хэрэгтэй.
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com