Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ардчилсан сэтгэлгээтэй Баянцагааныхан

Шөнөдөө багахан цас будраад хоносон баасан гаргийн өглөө эртлэн босч, Төв аймгийг зорилоо. Хэдийгээр нийслэл Улаанбаатар хоттой хаяа дэрлэн орших хамгийн ойрхон аймаг ч хотоос 50 орчим километр зайтай учраас хөдөөний цэвэр агаарт гарах сайхан боломж тохиов. Шөнөдөө орсон цас тус аймагт овоо унасан бололтой. Зам халтиргаа гулгаа ихтэй тул жолоочид анхаарал болгоомжтойгоор хөдөлгөөнд оролцож байсан ч ганц хоёр мөргөлдөж, шүргэлцсэн тохиолдол харагдав. Аймгийн төвийн Ардчилсан намын төв байранд үд дундын үед ирэв. Тус аймгийн Хэрэг эрхлэх газрын дарга н.Ундралтай уулзаж аймгийнхаа түүхэнд хамгийн олон ялалттай Батцагаан сумыг зорихоор хөдөллөө. Аймгийн төвөөс 150 орчим километр зайтай. Хэдийгээр аймгаас хөдлөх үед замын байдал таагүй байсан ч хэсэг газар өнгөрсний дараа цасны зузаан багасав. Учир нь Төв аймгийн төв нь далайн түвшнээс дээш 1200 метр орчим өндөрлөг газарт байдаг учраас хур тунадас унах нь бусад сумдаа бодвол илүү байдаг аж. 

  Цэлийсэн цагаан талд хараа бэлчээн давхисаар Баянцагаан суманд ирлээ. Тус сумын иргэд Ардчилсан хувьсгал эхлэх үеэр идэвх зүтгэлтэй оролцож социалист нийгмийг түлхэн унагахын төлөө сэтгэл зүрхээрээ нэгдсэн. Тийм дээ ч 1992 оноос өнөөдрийг хүртэл УИХ-ын болон орон нутгийн ээлжит долоон удаагийн сонгуулийн зургаан удаад нь Ардчилсан намаас оролцсон нэр дэвшигчдийг дэмжиж, тэдэнд итгэл хүлээлгэжээ. Ингээд тус суманд Ардчилсан холбооны салхи хэзээнээс салхилж, ард иргэд нь хэрхэн дэмжиж ажиллаж байсан талаар тус сумын ИТХ-ын дарга Г.Пүрэвдорж ярьсан юм. Тэрээр 1989 оны дундуур цэргийн албанаас халагдаж ирээд арваннэгдүгээр сараас сумынхаа тоо бүртгэгчээр ажиллаж эхэлсэн байна. Түүнийг хөдөө мал тооллогоор явж байхад нь иргэд Ардчилсан холбооны талаар ярьж, түүнээс лавлаж асууж эхэлсэн. Баянцагаан сумын иргэд Ардчилсан холбооны үйл ажиллагааг анхааралтай ажиглаж цаашид яах бол гэсэн хүлээлттэй байсан гэв. Тухайн үед малчин Н.Алтангэрэл, Г.Ренцэн, Т.Алтангэрэл, Г.Нанжид, Ж.Сосорбарам, Г.Жигжидсүрэн, Д.Цогтбаатар, Б.Цэгмид нар Ардчиллыг уухайлан дэмждэг байсан ч тухайн үед нэгдлийн удирдлагаас эмээж нууцаар хоорондоо хэсэг тойрог бүртээ ярилцдаг байжээ. Ингээд 1990 он гарч Ардчилсан холбоо хуралдаж нам байгуулсан байна. Энэ мөчид тус сумын дунд сургуульд Анхны ардчилсан холбоо байгуулагдсан түүхтэй аж. Багш нарын хувьд сэхээтэн хүмүүс учраас Ардчилсан холбооны үйл ажиллагааг дэмжиж оролцсон байна. Ингээд 1990 оны гуравдугаар сард албан ёсоор Ардчилсан холбоог байгуулж физикийн багш мэргэжилтэй н.Лхагвадоржийг тэргүүнээрээ сонгон ажиллаж байжээ. Ингээд энэ үеэр залуусыг тус холбоонд элсүүлэх ажлыг тухайн үед тооцооны нягтлан бодогч Ц.Цэрэннадмид хариуцан ажиллаж, нэгдлийн тоо бүртгэгч, малын эмч гэх 10 гаруй залуусыг “Дунд сургуулийн эрхлэгч дуудаж байна” хэмээн цуглуулан хэдэн багш нарын хамт нэг өрөөнд оруулж холбооныхоо талаар ухуулга хийж байсан нь тус суманд ардчилсан нийгмийг түгээн дэлгэрүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан байна. Тэд дарангуйллын нийгмийг эсэргүүцэж нэгдлийн малыг иргэн бүрт тарааж, иргэдээ төрийн хүнд алба татвараас салгах нь зүйтэй юм гэж ярилцаж байсан нь түүх болон үлджээ. Тухайн үед нэгдлийн мал малладаг айл өрхүүдийн дийлэнх нь 6-10 хүүхэдтэй, сард 200-300 төгрөгийн цалин авдаг байсан нь амьдралд нь хаанаа ч хүрэлцдэггүй үе байсан гэдгийг Г.Пүрэвдорж нүдэнд харагдтал ярьсан юм. Тэд нэгдлээс гаргасан нормын дагуу сүү, мах, ноосоо тушаагаагүй тохиолдолд дээрх цалингийнхаа 20 хувиас төлж барагдуулдаг байсан гэв. Удалгүй Ардчилсан хувьсгалыг тайван замаар эх орон даяар хийж чадсаны хүчинд Засгийн газрын шийдвэрээр их, бага хувьчлал явагдаж хамгийн олон тооны малыг Баянцагаан сумын иргэд өмчилж авчээ. Бага хувьчлалаар нэг хүнд 13, их хувьчлалаар нэг хүнд 25 тоо толгой мал өгч нийт 38 тоо толгой мал нэг хүнд өмчлүүлж өгч байжээ. Тухайн үед тус сум нэгдлээс 90 орчим мянган малыг хувьчлан авч 3500 гаруй хүнд өмчлүүлэн өгсөн нь өнөөдөр цагаан цаасан дээр хараар тэмдэглэгдэн түүх болон үлдсэн байна. Ингээд иргэд малаа өмчилж авснаас хойш иргэдийн амьдрал сайжирч одоогоор 10 гаруй хүн улсын сайн малчин болсон байна. Тус сумынхан 1996 онд анх удаагаа анхныхаа есөн мянгатын наадмаа хийж байсан. Өөрөөр хэлбэл мянган малтай болсон есөн айлтай болсон гэсэн үг. Ийнхүү энэ цаг мөчөөс хойш тус сумын иргэд Ардчилсан нийгмийн үнэ цэнийг ойлгож намаас дэвшүүлсэн үзэл баримтлалыг үнэнчээр дэмжиж ирсэн байна. Ардчилсан нам тус суманд 1992- 2008 он хүртэлх хугацаанд иргэдийн итгэлийг хүлээж төрд төлөөлөх эрхийг авч ажилласан байна. Харин 2012-2016 оны УИХ, орон нутгийн сонгуулиар ялагдал хүлээсэн боловч 2016-2020 оны сонгуульд тус сумын иргэд дахин Ардчилсан намынхандаа итгэл хүлээлгэж өнөөдөр ИТХ-ын 15 төлөөлөгчөөс13 нь Ардчилсан намаас нэр дэвшсэн төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа аж. Энэ хугацаанд иргэдийнхээ итгэлийг алдахгүй ард иргэдтэйгээ ойрхон ажиллаж байсан нь ийнхүү түүхэнд хамгийн олон удаа сонгогдон ажиллаж байгаа Ардчилсан намын үүрээр шалгарахад хүргэсэн байна. Энэ бол хэн нэгэн хүн өмчлөөд авах гавьяа зүтгэл биш ч гэлээ иргэдээ дээдэлж, тэдний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж явсны дүнг иргэд тавьсан хэрэг болов уу.

Баянцагаан сумын ИТХ-ын дарга Г.Пүрэвдорж

“Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалын үеэр ХААИС-д сурдаг оюутан байх цаг үеэс эхэлж ардчилсан үзэл баримтлалыг дэмжиж эхэлсэн тус сумын иргэдийн хурлын төлөөлөгч Л.Зууннаст ярихдаа , 1993 онд 22 настай байхдаа ардчиллын үйл хэрэгт анх оролцож эхэлсэн. Манай нутгийнхан анхнаасаа ардчиллыг маш сайхан дэмжсэн. Намайг нутагтаа ирж малын эмчээр ажиллах үед ардчилсан хувьсгал ид өрнөж байсан. Ардчиллын анхдагч болох н.Лхагвадорж гуай хүмүүст ухуулах хуудас тарааж, ардчилсан нийгмийн үнэ цэнийн талаар ярьдаг байсан. Тэр үеэс албан ёсоор намын гишүүн болж одоо болтол үнэнч гишүүн явна. Залуус бид тухайн үеийн дарангуйллын нийгмийг хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, өмч хөрөнгөтэй болгох, ижил тэгш боломжийг хүртдэг нийгмээр сольж, өөрчлөлт авчрахыг хүссэн учраас ардчилсан хувьсгалыг дэмжих болсон. Манай нутгийхны онцлог бол үзэл баримтлалдаа үнэнч хүмүүс. Тиймээс өнөөдрийг хүртэл үнэнчээр ардчилсан нийгэм, ардчилсан намыг дэмжиж ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуулиар олгосон сонгох, сонгогдох эрхээ баталгаажуулж эхэлсэн түүхэн цаг үеэс эхлэн ардчилсан намын үүр түүхэндээ нэг л ялагдсан. Хэдийгээр 2012- 2016 онд МАН олонх болж төрийн эрхийг барьсан ч гэлээ манай нутгийнхан 2016-2020 онд Ардчилсан намдаа үнэнчээр үлдэж өнөөдөр ардчилсан намын төлөөлөл олонх болж сумынхаа хөгжил, цэцэглэлт бүтээн байгуулалтад оролцож байна” хэмээн ярьсан юм. Түүний хувьд 2000 оноос хойш сумынхаа удирдах албан тушаалд ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд сумынхаа иргэдийн төлөөлөгчийн хуралд зургаан удаа нэр дэвшиж таван удаа иргэдээ төлөөлөн сонгогдож ажилласан байна. Түүний хувьд олон удаа иргэдийн итгэлийг хүлээж ажиллаж байгаа нь ард түмний итгэл, сэтгэлийг алдаагүй тэдний төлөө хичээнгүйлэн ажиллаж байсантай холбоотой хэмээн ярьсан юм. Түүнээс гадна миний нутгийн ард түмэн ардчиллын төлөө үнэнч сэтгэл зүрх тархинд суучихсан учраас тэр сонголтдоо үнэнч ханддаг гэдгийг онцолсон юм. 

Баянцагаан сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Зууннаст

Ардчиллын үнэт зүйлийг ойлгуулахын тулд орон нутгийнхаа айл өрх бүртэй тулан ажиллаж тэдэнд ардчилсан нийгмийн ач холбогдлыг сэтгэл зүрх, оюун тархинд суулгаж өгсөнд л оршиж байгаа юм. Ардчилсан нийгмийг цогцлоосноор ирээдүйн амьдрал нь гэрэл гэгээтэй байж, алдаа оноогоо хамтдаа хэлэлцэж, хамтдаа өөдлөх дэвших юм аа гэдгийг хаа хаанаа ойлгож хаана ч ил тод ардчилсан зарчмыг баримталснаар сум орон нутаг маань хөгжиж байна. Хамгийн гол нь иргэдийнхээ дуу хоолойг сонсч, тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн төлөө зорьдог байхад болдог. Сум орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажил нэг бүрээ иргэдээсээ асуудаг, иргэдээс дэмжсэн шийдлүүдээ хэрэгжүүлдэг бодлого шийдвэртээ тусгаж ажиллаж ирсэн маань өнөөдрийг хүртэл ард түмнийхээ итгэлийг алдалгүй олон удаа дараалан сонгогдоход нөлөөлсөн гэдгийг тус сумынхан хэлж байна. Тэд худлаа амлалтаар иргэдээ хуурч мэхэлдэггүй. Анхнаасаа амлалт өгөхдөө л биелэх, хэрэгжүүлэх боломжтой зүйлийг амлаж иргэдийнхээ итгэлийг хүлээсэн, түүнийгээ биелүүлэхийнн төлөө ажилладаг нь тэднийг ард түмэнтэй нь итгэлийн ган хэлхээсээр холбосонтой ижил зүйл ажээ.
Тэд иргэдийн итгэлийг хүлээж ажиллаж байгаа сүүлийн дөрвөн жилд “Хорин цагаан” хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Энэ хөтөлбөрөөрөө амьжиргааны баталгаажих түвшин доогуур айл өрхүүдийн гэрийг шинэчилж жил бүр таван цагаан гэрийг олгожээ. 2020 он гэхэд 20 өрхийн гэрийг шинэчлэх зорилт тавин ажиллаж байгаа аж. Мөн зорилтот бүлгийн олон ам бүлтэй айл өрхүүдэд олон малтай иргэдээс 100 тоо толгой мал цуглуулан өгч, хоёр жилийн хугацаанд төлийг нь аваад анх хүлээж авсан малаа дараагийн айлдаа шилжүүлэх байдлаар “Буянт сүрэг” хэмээх хөтөлбөрийг мөн хэрэгжүүлсэн гэв. Энэ хөтөлбөрийн үр дүнд малтай болсон айл өрхийн түрүүч нь мянгат малчин болж мал сүрэг нь таван төрөлд өсч байгаа хэмээх чихэнд чимэгтэй мэдээг дуулгасан юм. Идэвх зүтгэлтэй хүмүүсийг жаахан дэмжээд өгөхөд л амьдрал ахуй нь дээшилдэг аж. Мал сүрэг нь өссөн айл өрхүүд эргээд амьжиргааны түвшин доогуур айл өрхийг малжуулах үйлсэд сайн дураараа хамрагддаг нь сайн үйл эргээд түм бум болж дэлгэрдгийн бодит жишээ юм даа. 

  Мөн хөдөө орон нутагт ажиллах боловсон хүчний хүртээмж тийм ч сайн биш байгаа учраас энэ тал дээр бодлогоор анхаарч төгсөөд сум орон нутагтаа ирж ажиллах амьжиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой айл өрхийн оюутан залуусыг урамшуулж нэг жилийн сургалтын төлбөрийг нь сум орон нутагтаа үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудтай хамтарч оюутны тэтгэлэгт хөтөлбөрийг ч мөн хэрэгжүүлсэн байна. Сүүлийн жилүүдэд орон нутгийг хөгжүүлэх сангийн зарцуулалтыг орон нутагт нь өгснөөр тус сангийн хөрөнгө оруулалтыг юунд зарцуулах талаар иргэдийнхээ саналыг нэг бүрчлэн тусгаад нийт иргэдээрээ хэлэлцүүлж шийдвэрлэсэн байна. Тус суманд ардчиллын анхдагч ахмад настан Н.Алтангэрэл гээч насаараа хүний эмч хийсэн хүн байдаг. Тэр хүн нутагтаа Завханы улаан саримсыг нутагшуулж Баянцагаан саримсыг брэнд болгожээ. Түүнийг нь сум орон нутгаасаа дэмжиж ажилласнаар өнгөрсөн жил Төв аймгийн шилдэг брэнд бүтээгдэхүүнээр шалгарсан гэв. Энэ жил орон нутгийг хөгжүүлэх сангийн 30 сая төгрөгийн хөрөнгөөр нэгдсэн хаалтын шугамаа хойд болон урд хорооллын үзүүрт оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд иргэдийг төвийн халаалттай холбогдох боломж бүрдэж, тав тухтай амьдрах боломж бүрдэх юм. Одоогоор төвийн халаалтад төсвийн таван байгууллага холбогдоод байгаа аж. Сүүлийн жилүүдэд залуусын идэвх оролцоо сайжирч байна. Иргэд ардчиллын үнэт зүйл үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө маш сайн эдэлдэг. Тэд өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаа чөлөөтэй илэрхийлж төрийн үйлчилгээг ойртуулахын төлөө хурал зөвлөгөөнд идэвхтэй оролцдог болсон нь манай суманд ардчилсан нийгмийн үр нөлөө тусгал ямар байгааг харж болно хэмээн тус сумын иргэд хэлж байна. 

  Монгол Улсын төрийн эрхийг эрхшээлдээ байлгахын төлөө байгуулагдаад бараг 100 жил болж байгаа МАН-тай өрсөлдөөд ялалт бүрийг авна гэдэг амаргүй даваа. Хамгийн гол нь ардчилсан нийгэм манай сумын иргэдийн амьдралд үнэлж баршгүй асар олон үнэт зүйлийг бий болгосон учраас тэд сонголтоосоо урвадаггүй, шарвадаггүй. Хэдийгээр Ардчилсан намаас нэр дэвшиж иргэдийнхээ итгэлийг хүлээсэн нь үнэн боловч төрийн хүн намын сэтгэлээр ажил хийж хэзээ ч болохгүй. Ардчилсан зарчмаа ажлаа явуулахад ардчиллын үнэт зүйл оршдог. Хамгийн эхлээд төрөө дээдэлж, дараа нь намынхаа үзэл баримтлал, зарчмаа баримталдаг байх нь чухал гэдгийг тус сумынхан онцолж байна.

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com