Нэмэгдсэн өртгийн албан татвар буюу НӨАТ нь “эцсийн хэрэглээнд ногддог” нэг хэлбэрийн хэрэглээний татвар юм. 1950-иад оны үед НӨАТ-ын өнөөгийн хэрэглэгдэж буй анхны хувилбарыг Францын татварын албаны дарга Маурис Лаур санаачилжээ. Түүний гол санаа нь худалдан авалтын шат бүрт төлсөн татварыг хасч тооцох замаар татварын давхардлыг арилгах аргачлал байв. Түүнээс 10 гаруй жилийн дараа Европын холбоо буюу тухайн үеийн Европын эдийн засгийн зөвлөл (European Economic committee) дээр НӨАТ нэвтрүүлэх талаар хэлэлцжээ Ялангуяа баруун европын орнуудыг хамарсан нэгдсэн зах зээлд гадаад худалдааны татварын саад бэрхшээлийг арилгах хамгийн боломжтой хувилбар гэсэн дүгнэлтэд хүрч, Европын холбооны гишүүн орнууд заавал нэвтрүүлэх татварын нэг болж хэрэгжиж эхэлсэн байна. Удалгүй ОУВС энэ татварыг дэмжин нэвтрүүлэхэд тусламж үзүүлж эхэлсэн нь дэлхийн олон оронд НӨАТ-ын хууль батлагдан хэрэгжих суурийг тавьжээ.
Олон улсад НӨАТ-ыг хэрэглэх хэд хэдэн нийтлэг шалтгаан байдаг. Үүнд:
-Улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ нэмэгддэг,
-Аж ахуй нэгжийн цэвэр ашиг бус харин бараа, үйлчилгээнд суурилдаг тул компани ашигтай эсвэл ашиггүй ажилласнаас үл хамаарч улсын төсөвт төвлөрөх орлогын хэмжээ тогтвортой байдаг,
-НӨАТ-ыг эцсийн худалдан авагч төлдөг тул аж ахуй нэгжүүдийн санхүүгийн эргэлтийн эх үүсвэр нэмэгдэж үйл ажиллагаа нь өргөжих боломжтой болдог,
-Татварын байгууллага татварын элдэв төрлийн давхардсан тооцоолол хийхгүй шуурхай болдог байна.
Монгол Улсад Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль 1998 оны долдугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд хэд хэдэн удаа нэмэлт, өөрчлөлт орсон байдаг. Харин 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсан аж. Энэ хуулиар сугалааны болон буцаан олголтын урамшууллыг иргэдэд өгдөг жишгийг нэвтрүүлсэн онцлогтой. Энэ татварыг зөвхөн эцсийн хэрэглэгч төлнө. Гэхдээ татварыг бараа бүтээгдэхүүний түүхий эдээс эцсийн хэрэглэгчид хүрэх шат дамжлага бүрт ногдуулж, төлж байдаг. Эдгээр шат дамжлага бүр бэлэн бүтээгдэхүүний “өртгийг нэмдэг” тул уг татварыг НӨАТ гэж нэрлэжээ. Жишээ авъя. Та дэлгүүрээс хоёр литрээр савласан тараг худалдаж аваад 4400 төгрөг төлсөн гэж үзье. Энэ бүтээгдэхүүний нийт үнийн дүнгийн 4000 төгрөг нь бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгч, борлуулагчдын дамжлага бүрт орлого болох бөгөөд харин 400 төгрөг нь энэхүү бүтээгдэхүүний эцсийн хэрэглэгч таны бараа үйлчилгээг худалдан авахдаа төрдөө төлж байгаа татвар буюу НӨАТ юм.
Үндсэн хуульд Монгол Улсын иргэн бүр хуулиар ногдуулсан татвараа төлөх үндсэн үүрэгтэй гэж заасан. Гэтэл сүүлийн үед НӨАТ-ыг бүгдийг нь иргэд буцааж авах ёстой гэсэн ташаа ойлголтыг зарим нэгэн эдийн засагчид нийгэмд тарааж байгаа нь зохисгүй явдал юм. 2019 оны төсөвт нэмэгдсэн өртгийн албан татвараар 2 их наяд 321 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр тооцсон нь төсвийн нийт орлогын бүтцийн 24 хувийг эзэлж байгаа юм. Ийм их хэмжээний орлогыг буцаан олговол эдийн засгийн макро үзүүлэлтүүд гажаад зогсохгүй, төрөөс иргэдэд хүргэдэг бүх төрлийн үйлчилгээ тасалдаж, хууль хяналтын байгууллага, сургууль цэцэрлэг, эмнэлэг гэх мэт төрийн үйлчилгээний байгууллагуудын ажил зогсох, төрийн албан хаагчдын цалин, иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг өгч чадахгүйд хүрч, төр нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй байдалд хүрэх ноцтой уршигтай. Харин хууль хэрэгжих явцад гарч болох элдэв алдаа, мадгийг УИХ-ын гишүүд засч сайжруулах бүрэн боломжтой байдаг.
Удахгүй энэ хуультай холбоотой нэгэн чухал өөрчлөлт УИХ-аар хэлэлцэгдэх гэж байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Улсын Их Хурлын гишүүн Бөхчулууны Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг санаачлан боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив. Түүний өргөн барьсан төслийн гол санааг доор сийрүүлье.
НӨАТ нь манай улсын төсвийн орлогын голлох эх үүсвэр болоод байна. Ижил орчин нөхцөлд байгаа НӨАТ-тай улс, татваргүй орноо бодвол төсөвтөө илүү их хэмжээний орлого төвлөрүүлж чадаж байна. НӨАТ(value added tax) буюу зарим улс оронд хэрэглээний татвар(consumption tax), бараа үйлчилгээний татвар(goods and service tax)... зэргээр өөр өөрөөр нэрлэдэг. НӨАТ-ын онцлог бол татварыг эцсийн хэрэглэгч төлөх бөгөөд харин үйлдвэрлэлийн шат дамжлага бүрт төлсөн татварыг тухайн аж ахуй нэгжид буцаан олгодог юм. Энэ нь үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуй нэгж тус бүрийг шат дамжлага бүр дээр нь бүртгэл хийснээр, татвараас зугтаадаггүй, татвар төлдөггүй тэр механизмыг халж өгч байгаа гэсэн үг юм. Ийнхүү бусад татварууд ч нэмэгдээд зогсохгүй, тухайн улсын татварын тогтолцоо сайжрах давхар асуудал шийдвэрлэгдэж байна гэж үзэж болно. Манай төсвийн 80 гаруй хувийг татварын орлого бүрдүүлж байна. НӨАТ-ын хууль хэрэгжсэний үр дүнд 90 гаруй мянган цэг дээр орлогоо бүртгэдэг болсон. Ийнхүү татварынхаа бааз суурийг бүртгэж чадсанаар дараагийн төрлийн татваруудыг орлогоор нь авдаг болох механизмыг бий боллоо. Өдгөө манайд худалдаа, үйлчилгээний дийлэнх цэгүүдийг бүртгэж чаджээ. Харин үйлдвэрлэл, уул уурхайн томоохон цэгүүдийн бүртгэл тийм ч сайн биш байгаа. Саяхан алтны форум дээр УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хэлэхдээ “энэ жил 22 тн алт олборлосон. Түүний 12 тн иргэд тушаасан. Харин цаана нь бид 20 тн-тэй тэнцэхүйц алтыг бүртгэж чадаагүй” гэж мэдэгдсэн. Монголын төр жилд ойролцоогоор 700 сая ам.долларын алт олборлож болох лиценз олгочхоод татвараа авч чадаагүй гэсэн харамсалтай статистик. Гэвч 2016 оны эхнээс Монгол Улсын НӨАТ-ын орлого тасралтгүй өссөнөөр далд эдийн засаг хумигдан төсвийн орлого нэмэгдэх эерэг нөлөө гарч байна. Гэвч энэ бүхний цаана татварын орлого цуглуулах чадвар хэмээх үнэлгээний хэмжүүртэй холбоотой асуудал орхигдож болохыг анхаарахгүй орхиж боломгүй юм.
Манай улс орлого цуглуулах чадварын үзүүлэлт өндөртэй орны тоонд багтдаг. Тухайлбал: Африкийн орнуудад 27, Өмнөд Америкийн орнуудад 37, Европын холбооны улсуудад 38, Ази номхон далайн бүс нутгийн орнуудад 35, Монгол улсад 68.5 гэсэн үзүүлэлттэй байна. Эндээс харвал, манай НӨАТ-ын үндсэн зорилго нь төсвийн орлогыг бүрдүүлэхэд хэт их анхаардгийг анзаарч болно. Өөрөөр хэлбэл манай улсын НӨАТ-ын орлого өсч байгаа нь сайшаалтай боловч нөгөө талаар инфляцы̆н болон ажилгүйдлийн түвшин өсөх, ДНБ-ний хэмжээ буурах зэргээр эдийн засгийн зарим макро үзүүлэлтэд сөргөөр нөлөөлөх магадлал байгаа юм.
Учир нь НӨАТ бол шууд бус татварын төрөл бөгөөд, шууд бус татвар нь үнийн бодлогод нөлөөлдөг. Ялангуяа шууд бус татварын систем нэвтрүүлэх үед үнийн хөөрөгдөл ажиглагддаг. Хэрэглэгчийн төлөх үнэ ямар хэмжээгээр нэмэгдэх нь тухайн бараа ажил үйлчилгээний эрэлт нийлүүлэлтийн түвшингээс хамаарна. Энэ нь инфляц өсөхөд нөлөөлдөг.
Шууд бус татвар нь бага орлоготой хүмүүст илүү дарамттай байдаг бол, өндөр орлоготой хүмүүст ийм байдал анзаарагдахгүй. Тухайлбал, сард 500 мянган төгрөгийн орлоготой хүн орлогынхоо тал хувийг буюу 250 мянган төгрөгийг хэрэглээндээ зарцуулдаг гэж үзвэл нийт сарын орлогынхоо таван хувийг зөвхөн НӨАТ-т зориулж байна. Харин таван сая төгрөгийн орлоготой хүнд ийм хэмжээний худалдан авалт хийхэд НӨАТ-ын дарамт огт мэдрэгдэхгүй. Эндээс харвал НӨАТ нь иргэдийн орлогын түвшингийн хувьд урвуу татвар юм. Харин хэрэглээ өндөр байх тусам төлөх татвар нь дагаад нэмэгддэг. Мөн алслагдсан сум орон нутагт амьдардаг хэрэглэгч нарт хүрэх бараа, үйлчилгээ нь хэд хэдэн дамжлага дамжиж өндөр үнээр очно.
Үүнээс гадна шууд бус татвар нь ашигт ажиллагаа, орлогын түвшингээс үл хамаарч ногддог тул цэвэр ашгийн хэмжээ багатай татвар төлөгчдөд хүндээр тусдаг аж. Алдаг оног 10 хувийн ашигтай бизнес хийдэг иргэнд 10 хувийн борлуулалтын татвар ногдуулбал бизнес нь дампуурч таарна. Харин 30 хувийн ашигтай ажилладаг бизнест үзүүлэх нөлөө тийм ч их биш. Ийнхүү хувиараа хөдөлмөр эрхлэгчид болон жижиг бизнес эрхлэгчдэд илүү их дарамт ирж, улмаар томоохон бизнестэй өрсөлдөх боломжгүй болгож байна.
Дээрх бүхнээс дүгнэж үзвэл Монгол Улсын НӨАТ-ын систем тэр дундаа НӨАТ-ын орлого цуглуулах чадварын үзүүлэлтийг сайжруулан, татвар төлөгчдийн баазыг өргөтгөж, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулснаар дээр дурдсан эрсдэлүүдийг хязгаарлах боломжтой болно.
Иймээс УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн Албан татвар ногдуулах хувь хэсгийн “11.1.Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан бараа, ажил, үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна” гэснийг “… таван хувиар ногдуулна.” гэж өөрчлөх санал оруулж байна.
Иймээс тус хуульд өөрчлөлт орвол татвар төлөгчдийн бааз улам нэмэгдэж, орлого цуглуулах чадварын үзүүлэлт сайжирч, улсын эдийн засагт төдийгүй нийгэмд ажлын байр шинээр нэмэгдэх, жижиг дунд үйлдвэрлэлийн бизнесийн татварын дарамт багасах зэрэг олон эерэг өөрчлөлт гарна. Энэхүү шинэчлэлтэй холбоотой улсын төсвийн орлого буурахгүй байх боломж бүрэн бий.