Б.МӨНХБАЙГАЛЬ
Баянгол дүүргийн 2020 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн төсвийн төсөөллийн нийтийн сонсголыг дүүргийн Засаг даргын Тамгын газраас өчигдөр зохион байгууллаа. Нийтийн сонсгол нь иргэдийн мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын үндсэн зарчмыг баримтлан ‘’Нийтийн сонсголын тухай’’ хууль, ‘’Нийтийн сонсгол зохион байгуулах’’ журмын дагуу дүүргийн Засаг даргын Тамгын газрын чуулганы танхимд болсон юм.
Иргэд өөрсдийн амьдарч буй нөхцөл байдал, санал хүсэлт, гомдол болон дуу хоолойгоо хүргэх боломжтой нэгэн индэр бол нийтийн сонсгол байдаг.
Нийтийн сонсголын тухай хуульд сонсголыг нээлттэй, хаалттай хэлбэрээр зохион байгуулах бөгөөд хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотойгоос бусад асуудлаар сонсголыг хаалттай явуулахыг хориглоно хэмээн заасан байдаг. Ийнхүү дүүргийн төсвийн тухай иргэд хэлэлцсэн.
2020 оны төсвийн дийлэнх буюу 88 хувийг татвараас бүрдүүлнэ
Санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Д.Долгормаа Баянгол дүүргийн 2020 оны төсвийн төсөөллийг танилцууллаа. Харин Төлөвлөлт хяналт гүйцэтгэл шинжилгээний хэлтсийн дарга М.Мөнхчулуун ирэх онд дүүргийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний талаар сонсголыг нийтэд хүргэлээ. Түүнчлэн төсвийн төсөөллийн талаар мэдээлэл авч, сонсголд оролцохоор 60 гаруй хүн оролцсон юм. 11 цагаас эхэлсэн сонсгол нэг цагийн турш үргэлжилсэн.
Баянгол дүүргийн 2020 оны төсвийн орлогын бүрдүүлэлтийг байгууллагаар нь задалж үзвэл дүүргийн Татварын хэлтэс 31 тэрбум төгрөг буюу 88.3 хувийг, дүүргийн газар зохион байгуулалтын алба гурван тэрбум төгрөг болох 8.9 хувийг, үлдэх нэг тэрбум төгрөгийг харьяалах төсөвт байгууллагуудын орлогоор төвлөрүүлэх юм. Үүнээс харахад ирэх оны төсвийн дийлэнх буюу 88 хувийг татвараас бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Дүүргийн төсвийн орлого нь орон нутгийн төсвийн орлого болон тусламжийн орлогоос бүрддэг бол төсвийн зарлага нь орон нутгийн төсвийн зарлага, тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын зарлага болон хөрөнгө оруулалтын зарлагаас бүрддэг байна.
Төсвийн нийт зарлагын хэмжээг 121 тэрбум төгрөгөөр төлөвлөжээ
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын энэ сарын 2-ны өдрийн тогтоолоор батлагдсан нийслэлийн 2020 оны төсөвт тусламжийн орлогоор Баянгол дүүрэгт 66 тэрбум төгрөг хуваарилагдсаныг төсвийн төсөлд тусгалаа.
2020 оны нийт зарлагын хэмжээг 121 тэрбум төгрөгөөр төлөвлөсөн бөгөөд үүнээс 79 тэрбум төгрөг буюу 66 хувийг улсын төсвийн тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагууд, 42 тэрбум төгрөгийг орон нутгийн төсвийн зардалд, 801 сая төгрөгийг орон нутгийн хөгжлийн санд тус тус зарцуулахаар тусгажээ.
Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны дээвэр, фасад засварлах ажилд 118 тэрбум, камержуулалтын ажилд 98 тэрбум, тоглоомын талбайн засвар шинэчлэлтэд 109 тэрбум, хот тохижилтын ажилд 58 тэрбум, явган хүний зам хийх ажилд 59 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Нийтийн сонсгол нь ардчилсан ёс, хууль дээдлэх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх зарчмыг баримтлах учраас төсвийн орлого, зарлага, хөрөнгө оруулалтын тухай нийтийн сонсгол хийх нь бүх нийтийн эрх ашигт нийцэх юм. Хуульд зааснаар жилд нэг удаа сонсголын ажил хийх ёстой. Сонсгол нь захиргаа, төлөөллийн байгууллагын гаргах шийдвэрт иргэдийн санаа бодлыг тусгах гол зорилготой. Тухайлбал энэ удаагийн сонсголоор иргэд өөрсдийн асуудлыг хэлж, төсөвт тусгуулах санал тавьсан юм.
Баянгол дүүргийн долдугаар хорооны иргэн н.Ганбаатар “97, 96-р цэцэрлэгийн ойр орчмын замуудаар иргэд явах замгүй байна. Эсвэл хийж байгаа зам нь чанаргүй, зам тавих гэж удсаар оройтчихлоо. Ингээд өвөл болчихсон байхад тендер сонгон шалгаруулах гэж сууна. Асуудлыг түргэн шийдэж өгөөч” гэв.
Мөн тавдугаар хорооны иргэн н.Ренцэнноров 28-р сургууль орчмын талбайг хэзээ засах талаар асуухад Төлөвлөлт хяналт гүйцэтгэл шинжилгээний хэлтсийн дарга М.Мөнхчулуун “Энэ хэсгийг засварлахаар хоёр тэрбум төгрөгийн төсөв баталсан. Гүйцэтгэх компани нь сарын өмнө шалгарсан” хэмээн хариулт өгч байсан юм.
Нийтийн сонсголыг бусад улс орны парламент, хууль тогтоох байгууллагууд өргөн ашиглаж байна. Тухайн сэдэв, тулгамдсан асуудлаар хөндлөнгийн мэдээлэл, ард иргэдийн санал бодлыг сонсч шийдвэрт тусгахыг чухалчилдаг юм байна. Чухам ингэж хөндлөнгийн байр суурийг сонсч байж шийдвэр гаргадаг.
Баянгол дүүрэг ирэх оны төсвөө 121 тэрбумаар төлөвлөсөн нь өмнөх оны төсвөөс нэмэгдсэн. Энэ нь цалин нэмэгдсэн болон түүнтэй холбоотой нэмэлт зардлууд гарч ирсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байлаа.
Иргэд дүүрэг хорооныхоо төсөвт анхаарал тавьж, үүргээ биелүүлж ийнхүү оролцох нь чухал ач холбогдолтойг ирсэн хүмүүс хэлж байлаа.