АШУҮИС-ийн багш, Анагаах ухааны доктор Т.Баясгалантай ярилцлаа. Тэрээр дотоод шүүрэл судлалын тэнхимийн ахлах багш, Монголын залуу эрдэмтдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн юм. Мөн Япон улсын Жичи анагаах ухааны сургуулийн дотоод шүүрэл судлалын тэнхимд өөх тосны солилцооны чиглэлээр Анагаах ухааны докторын зэрэг хамгаалсан хүн.
-Хэдхэн хоногийн өмнө залуу эрдэмтэд чуулж олон асуудал хэлэлцсэн гэсэн. Ямар ямар асуудлын талаар ярилцав?
-Залуу эрдэмтэд дөрвөн жилд нэг удаа чуулж тулгамдаад байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх ажлууудын талаар хамтдаа ярилцаж санал дүгнэлтээ холбогдох байгууллагуудад хүргүүлдэг. Энэ удаагийн чуулганы гол зорилго нь тогтвортой хөгжлийн төлөө дэвшилтэт шинжлэх ухааныг ашиглах талаар хэлэлцлээ. Энэ тал дээр олон асуудал бий. Тухайлбал, манай улсын шинжлэх ухаан ямар шатанд явж байна вэ гэдгээ нэгдүгээрт тодорхойлох хэрэгтэй. Асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд асуудал байгааг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй гэх үг бий. Манайд шинжлэх ухааны хөгжил салбар бүрт харилцан адилгүй байгаа. Бүх салбарыг нэг цөм болгоод авч үзвэл тогтсон хэдэн асуудал байна. Нэгдүгээрт, санхүүжилтийн асуудал нэн тэргүүнд байна. Шинжлэх ухааны судалгаа шинжилгээ, төсөл хэрэгжүүлэх болоход хамгийн түрүүнд санхүүжилт хэрэгтэй болдог. Гэтэл санхүүжүүлэх газар олддоггүй эсвэл батлагдсан хэмжээнд олгохгүй байх гэх мэт олон асуудал тулгардаг. Хэдийгээр манай улсын төсөв санхүүгийн байдал шинжлэх ухааныхаа салбарт хангалттай хэмжээнд хөрөнгө оруулалт хийх боломж одоогоор хомс байгаа гэдгийг ойлгож байгаа боловч эрдэмтдийн өргөн барьсан төсөл дээр санхүүжилтийн хязгаарлалт авдаг, санхүүжилтыг хоцорч олгодог асуудал байсаар байна. Бүр төсөл олдохгүй байх асуудал ч бий.
-Өндөр хөгжилтэй улсад эрдмийн зэрэг хамгаалсан эрдэмтэн, судлаачдын хувьд эх орондоо ирж ажиллахад орчны ялгаанаас үүдэж олон хүндрэл тохиолддог байх?
-Өнөөдөр анагаах ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалсан судлаачдыг аваад үзэхээр 120 -140 орчим хүн бий. Эдгээр хүмүүсийн 40 орчим хувь нь өндөр хөгжилтэй улсад докторын зэрэг хамгаалсан хүмүүс байдаг. Энэ тооны судлаачид лаборатори, тоног төхөөрөмж, урвалж захиалга, гэх мэт хангамж үйлчилгээ нь тогтвортой голдиролдоо орчихсон оронд суралцаж эх орондоо ирэхээр тэр орчин нь манайд бүрдэж амжаагүй байдаг. Өөрөөр хэлбэл хоёр дахь тулгамдсан асуудал нь орчин байдаг. Өнөөдрийн анагаах ухааны чиглэлийн судалгаануудыг аваад үзэхээр суурь шинжлэх ухааны асуудал явж байгаа. Гэтэл суурь шинжлэх ухааны нөөцөнд тулгуурлан бусад улс оронд аль хэдийн хийчихсэн асуудлыг монголд ямар байна гэх мэтчилэн давтан дуурайх маягаар хийж байна. Түүнээс бус огт судлагдаагүй зүйлийг судлаад шинээр гаргаж ирсэн асуудал цөөн байна. Үүний шалтгаан нь шинэ нээлт хийх хэмжээний боловсон хүчин байхгүйдээ бус түүнийг хийх орчин, санхүүжилт, эрх зүйн орчин байхгүйтэй холбоотой. Эрхзүйн зохицуулалттай холбоотой олон асуудал байна.
-Эрдэмтэн, судлаач хүн болно гэдэг асар их хүч хөдөлмөр шаардсан ажил санагддаг. Тэр дундаа анагаахын мэргэжлээр бол бүр ч хэцүү байх даа?
Бусад улс оронтой харьцуулахад Итгэлт баяны хэлдэгчлэн “Инээд хүрмээр л юм байгаа юм. Хүний их эмч, био анагаах судлалаар, нүүр ам судлал гэх мэт анагаахын чиглэлээр суралцаж байгаа хүмүүс 4-6 жил суралцдаг. Үүнийхээ дараа мэргэшүүлэх, мэргэжүүлэх сургалт гэх мэт шат дараалсан сургалтууд бий. Ингээд докторын зэрэг хамгаалах хэмжээнд хамгийн багадаа 10-12 жил сурсан байдаг. Энэ хугацаанд хувь хүнийхээ хувьд хөгжиж дэвшиж байх хэрэгтэй. Дэлхийн жишгээр профессор төсөлтэй байгаад тэр төслийг гүйцэтгэх зорилгоор багтаа оюутан судлаач авч ажиллуулдаг. Мэргэшсэн судлаач авах юм бол цалин хөлснөөс авхуулаад өртөг өндөр байдаг. Тиймээс аль аль талдаа ашигтай байх үүднээс судлаач докторын оюутныг авч арга зүйг нь зааж өгдөг. Өөрөөр хэлбэл оюутны хувьд эрдмийн зэргээ авчихна, багшийн хувьд ажлаа гүйцэтгээд тайлангаа хамгаалчихна. Харин манайд зарим их, дээд сургуулиуд магистрын элсэлтээ шууд авчихдаг. Төслийн багтаамж, санхүүжилт энэ тэрээ харгалзаж үзэлгүйгээр гэсэн үг л дээ. Ингээд нэгэнт элсүүлчихсэн оюутнаа сургахын тулд цаасан дээрх судалгаа хийх магадлал ихэсч байна. Энэ нь эргээд хуурамч шинжлэх ухаан буюу бодит бус үр дүнг бий болгодог. Өөрөөр хэлбэл нийтэд ашиггүй, зэрэг хамгаалах төдий бүтээл болоод байна.
-Эрдэмтэн судлаачдыг дэмжих, тэдний бүтээлд урамшуулал олгох тогтолцоо манайд хэр хөгжсөн байна вэ?
-Судлаачийн хувьд манай улсад шинжлэх ухааны эрдэмтэн судлаачдыг дэмждэг санхүүгийн ээлтэй орчин, шинжлэх ухааны бүтээлээ турших, туурвих, судлах орчин бүрдчихээсэй гэж чин сэтгэлээсээ хүсдэг. Дээрээс нь шинжлэх ухааны бүтээлийг нь үнэлдэг механизм бүрдчихээсэй гэж боддог. Анагаахын залуу судлаачдын монголын холбоо 2013 онд салбарынхаа залуу судлаачдын анхдугаар чуулганыг хийж гурван том ажлыг яаралтай хийх хэрэгтэй юм байна гэж ярилцсан. Нэгдүгээрт, урамшууллын систем. Хүмүүс хэлдэг л дээ. Та багш эсвэл судлаач юм чинь өөрийн хийх ёстой ажлаа хийж байна гэдэг. Нэг талаас харахад тийм боловч маш олон тооны бүтээл уншиж, судлах хэрэг гардаг. Гэтэл олон улсын түвшний мэргэжлийн сэтгүүлүүдийг уншиж, судлахын тулд нэвтрэх эрх нь хаалттай байдаг учраас түүнийг нь нээлгэхийн тулд мөнгө төлдөг. Нэг сэтгүүлд нэвтрэхийн тулд жилд 200-300 долларын шимтгэл төлдөг. Гэтэл ганцхан сэтгүүлээс уншиж судлахгүй, доод тал нь 10-15 сэтгүүл унших шаардлагатай байдаг. Дараагийн нэг асуудал нь бүтээлээ мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлэхийн тулд нэг хуудас нь 50-150 долларын үнэлгээтэй. Ихэнх эрдэм шинжилгээний өгүүлэл хамгийн багадаа 5-6 хуудас байдаг. Өөрөөр хэлбэл 500-600 доллар зөвхөн нэг удаагийн өгүүлэл нийтлүүлэхийн тулд шаардагддаг. Мэргэжлийн сэтгүүлүүд өндөр шаардлага тавьдаг учраас зураг, номзүй гэх мэт хуудсууд ороод доод тал нь 10 хуудас болдог. Тэгэхээр 1000-1500 доллар болдог гэсэн үг. Энэ бүхнийг судлаач өөрөөсөө гаргах хэрэгтэй болдог. Тэгтэл авдаг цалингийн хэмжээ нь сэтгүүлд өгөх хэмжээнд хүрдэггүй. Гэтэл судалгааныхаа ажил, өгүүлэл нийтлүүлэхээс гадна ар гэрийн ачааллаас хуваалцах үүрэг бий. Тиймээс бүтээлээ олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн бол хэвлүүлсэн зардлыг нь олгодог байх гэх мэт олон хөшүүрэг, шийдэл байж болно. Энэ тал дээр БНХАУ-ын жишээ татахад сэтгүүлүүдийг мэргэжлийн зэргээр нь ангилж хамгийн өндөр зэрэглэлийн сэтгүүлд хэвлүүлсэн тохиолдолд АНУ-ын судлаачдын жилд авах хэмжээний цалинтай дүйцэхүйц урамшуулал олгодог. Тэгэхээр тухайн судлаач сайн бүтээл туурвихын төлөө бүхнээ зориулдаг. Өөрөөр хэлбэл, нэг сайн бүтээл хэвлүүлчихсэн байхад дараа дараагийн бүтээлээ хэвлүүлэх санхүүжилтыг нь шийдвэрлэчихнэ гэсэн үг. Энэ мэтчилэн санхүүжилтын зөв тогтолцоонд шилжих хэрэгтэй. Манайд урамшууллын тогтолцоо байгаа юу гэвэл байгаа. Гэхдээ нэг нь өгсөн төдий, нөгөө нь авсан төдий тогтолцоо үйлчилж байна.
-Олон улсын их, дээд сургуулийн чанарыг үнэлэхдээ тухайн сургуулийн эрдэмтдийн олон улсын хэмжээний сэтгүүлд нийтлүүлсэн бүтээл гол шалгуур болдог гэж сонссон?
-Тэр тийм шүү. Тухайн сургуулийн эрдэмтэд бүтээлээ олон улсын сэтгүүлд хэвлүүлсэн байдал, түүнийг нь эшилсэн байдал буюу бусад судлаач ашигласан байдлыг голчилж үздэг. Эшилсэн байдал олон байх тусам тухайн сургуулийн чансаа өндөр байна гэж үздэг. Энэ талаар АШУҮИС ихээхэн анхаарч дэмжиж ажиллаж байгаа. Үнэндээ зарим эрдэмтэн, судлаачид санхүүгийн боломжгүйгээсээ болоод бүтээлүүдээ хэвлүүлж чадахгүй байгаа тохиолдол олон бий. Эрдэмтэн судлаачдын хувьд мэргэжлийн хянан тохиолдуулдаг редакцын зөвлөлтэй сэтгүүлд өгүүлэл хэвлүүлэх болдог. Ингэж байж бид олон улсын хэмжээнд танигддаг. Тухайлбал, миний хувьд Японд докторт суралцаж байхдаа азаар олон улсын сэтгүүлд хоёр өгүүлэл хэвлүүлсэн байдаг. Ингээд гуравдугаар курсэд байхдаа АНУ-ын мэргэжлийн холбоодын хуралд оролцож байхад надтай миний бүтээлийн талаар ярилцах олон хүн байсан. Энэ нь мэргэжлийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдөх том гарц юм. Энэ нь залуучуудын ажиллах мотивацыг бий болгодог.
-Эрдэмтэн судлаачдын бүтээлийг авч ашиглах, түгээн дэлгэрүүлэх тал дээр та юу гэж бодож байна?
-Оюуны өмч болон патентын асуудлаар ашиглаж болно л доо. АШУҮИС-ийн дэргэд байх цөм лабораториас эрүүл мэндийн цай үйлдвэрлэсэн байдаг. Энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлээд явах гэхээр компанийн татвар, орлого зарлагын асуудал гарч ирдэг. Энэ асуудлыг компанийн удирдлагууд шийдвэрлэж болох ч анагаах ухааны чиглэлийн ихэнх бүтээл мэдлэг рүү чиглэсэн судалгаа байдаг болохоор бусад салбаруудтай харьцуулахад бүтээгдэхүүн гаргах нь бага.
-Японд суралцахаар очиход төрсөн сэтгэгдэл юу байсан бэ. Цаашид Япон эсвэл бусад улс оронд суралцахаар зорьж байгаа залууст хандаж юу хэлэх вэ?
-Японд очоод анх ажигласан зүйл бол манай улсын хүн ам цөөн болоод ч тэр үү, хүний нөөц бага болохоор ч тэр юм уу нэг хүн олон ажил хийдгийг нь анзаарсан. Японд тийм зүйл огт байдаггүй. Хүн бүр өөр өөрсдийн хариуцаж авсан ажлаа л хийдэг. Ингээд долоо хоног, сар, жилээр ажлаа төлөвлөдөг. Ингээд төлөвлөгөөнөөс гадуур зүйл нэмэлтээр орж ирэхэд дургүйцдэг. Манайд энэ соёл дутагдалтай санагддаг. Одоо ч гэсэн хоёр хоногийн дараа ийм төлөвлөгөө өг, маргааш ийм юманд оролц гэх мэт гэнэтийн зүйл их гардаг нь эргээд ажлын хүчийг тарамдуулах том нөхцөл болдог. Дээрээс нь Япон хүн хэзээ ч би үүнийг сайн хийж чадна гэж хэлдэггүй. Харин манайхан жаахан гадарладаг зүйлээ “Би чадна” гэдэг. Үүнд сэтгэлгээний гол ялгаа нь оршиж байгаа болов уу. Мөн япон хүмүүс аливаад массаараа шинжлэх ухаанч байдлаар ханддаг. Энэ маш чухал. Гэтэл манайд цахим ертөнцөөр дүүрэн “Могой шэйрлэвэл” баяжина гэсэн утгатай пост хэдэн арван шейртэй байгааг харж байна. Мөн шинжлэх ухаанаар батлагдаагүй жорыг бусдад тараадаг, биедээ зөвлөх байдал хэрээс хэтэрсэн. Тухайлбал цахим ертөнцөд ээж нарыг нэгтгэсэн группийнхэн эмчид хандаж зөвлөгөө авахаас илүү тухайн группийн ээж нараас зөвлөгөө авч түүнийг нь хэрэгжүүлж байгаа нь харамсалтай. Өөрөөр хэлбэл хүүхэд эмэнд дасал болж, үүнтэй холбоотойгоор монголд түгээмэл хэрэглэдэг антибиотикт дасал болчихсон учраас хүүхэд халдварын өвчлөлөөр нас барах эрсдэлтэй. Үүнд хэн буруутай вэ гээд эзнийг нь тогтоох гэвэл тогтолцооны асуудлаас авхуулаад олон зүйл рүү буруугаа чихэж болно. Гэтэл эцсийн дүндээ анагаах ухааны, шинжлэх ухааны суурь боловсролгүй эцэг эхчүүд буруутай. Ханиад хүрсэн, хоолой нь өвдсөн ч өөрсдөө дур мэдэн антибиотик хэрэглүүлдэг. Гэтэл ханиад вирусээр үүсгэгдэж байна, бактераар үүсч болно. Хэрэв бактерээр үүсгэгдсэн бол ямар бактер юм. Тэр нь ямар амьтдаас мэдрэг гэдгийг үзүүлэлгүй шууд авч хэрэглүүлдэг. Эмийн сангууд ч мөн эмчийн жоргүй энэ эм сайн гээд олгодог. Энэ бол массаараа шинжлэх ухааны нотолгоог үгүйсгэсэн, түүнд итгэдэггүй. Доржид таарсан зүйл надад таарах ёстой гэж ойлгодог. Мэдээж сэжиг, сүжгийн асуудал бий. Сүжиглэсэн учраас тодорхой үр дүн гарч магадгүй. Үүнийг анагаах ухаанд хуурамч эффэкт гэж нэрлэдэг. Тухайлбал, толгой нь өвдсөн хүнд ямар ч үйлчилгээ үзүүлэхгүй эм өгөөд “Энэ толгойн өвдөлтөд ёстой сайн эм шүү гээд өгөнгүүт” түүний толгой гайгүй болдог. Үүнийг л хэлээд байгаа юм. Харин яг ийм үр дүнд итгэж, андуураад явах тохиолдол бий. Бид их дээд сургуульд орсон хойно нь шинжлэх ухаан гэж ярихгүй ээ. Бага ангиас нь эхэлж шинжлэх ухаан гэх ойлголтыг тархинд нь суулгаж байж хөгжлийн дараагийн шатанд гарна. Хүн болгон математикч болох албагүй ч хүн болгон эцэг эх болно” гэж алдарт сурган хүмүүжүүлэгч У.Сухамлинский хэлсэн байдаг. Үүнтэй адил хүн бүр инженер техникч болох албагүй ч шинжлэх ухааны суурь мэдлэгтэй байх ёстой. Харин гадагшаа суралцахаар явах гэж байгаа хүүхэд залууст хандаж хэлэхэд, миний ажигласнаар нэгдүгээрт, суурь мэдлэг сайтай бай. Хоёрдугаарт, энэ мэдлэгээ бусдад ойлгуулах хэлний чадвартай бай. Тухайлбал, Японд очихдоо анхан шатны хэлний мэдлэгтэй бол давуу тал бүрэн ойлголцож байвал бүр ярих зүйлгүй. Гэтэл ихэнх шинжлэх ухааны ойлголцол нь англи хэл дээр дунд түвшний ч бус ахисан, мэргэжлийн түвшний мэдээллийг сонсоод ойлгох, өөрийгөө ойлгуулах чадвартай байх ёстой. Тэгж гэмээнэ, заасан зүйлийг нь ойлгоно. Өөрийгөө ойлгуулж чадна.
-Монгол Улсын шинжлэх ухааны тогтолцооны хувьсгалын талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Олон улсын жишгийг авч үзвэл шинжлэх ухааны хувьсал зургаан үе шатаар явсан гэж үздэг. Үүнтэй би санал нэг байгаа. Харин манай улсын шинжлэх ухааны түвшин 2-3 дугаарт байна. Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан өндөр хөгжсөн улс орнуудаас 50 хувиар хоцорч явна. Хөл нийлүүлэн алхаж яваа салбар бий. Гэхдээ ихэнх салбар 20-30 жилээр хоцорч яваа. Ингээд бодохоор бид салбарынхаа үсрэнгүй хөгжлийн гарц хаана байгааг эрэлхийлж байна. Тиймээс яалт ч үгүй үсрэнгүй хөгжлийн гарц нь бодлого, эрхзүй, төрийн дэмжлэг шаардлагатай байна. Дараагийн ээлжинд олон нийтийн хандлага. “Тэнэг хүнийг битгий басамжил, тэд олуулаа болчихвол ухаантнаа барьж иддэг юм” гэсэн үг бий. Шинжлэх ухаан ч бус олон нийт бий болохынхоо хэрээр шинжлэх ухааны төлөө яваа хүмүүсээ үгүйсгэдэг. Барьж иддэг. Иймээс бидэнд шинжлэх ухааны хөгжлөө хурдасгах боломж байна уу гэвэл байгаа. Гэхдээ өнөөдөр бодлого боловсруулаад маргааш болчих асуудал биш. Богино, дунд, урт хугацааны хөгжлийн бодлогыг боловсруулж түүнд тулгуурлаж явахаас өөр аргагүй.