Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Сайхан амьдруулах амлалтаа саарал жагсаалтаар сольсон МАН

Г.УУГАНБАЯР

Эмзэглэх сэтгэлгүй эрх баригчид

 МАН-ынханд нэг муухай зан бий. Олон нийтийн тархийг угаахдаа хууран мэхлэх, айдас хүйдэст автуулах аргыг маш чадамгай ашиглана. Татвар, хураамж нэмэх шийдвэр гаргана гэж айлгаж, бухимдуулж байснаа гэнэт түүнийгээ болилоо гэж өглөг хишиг түгээгч буянтнууд мэт мэдэгдэнэ. Үүгээрээ олон нийтээс нэмэх оноо цуглуулна гэж боддог бололтой. Хамгийн сүүлд л гэхэд нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмнэ, авто машины татварыг тав дахин нэмэгдүүлнэ гэж УИХ, ИТХ дээр баахан сүржигнэж, эцэстээ аль алийг нь хүчингүй болгов. У.Хүрэлсүх сайд энэхүү айхтар гай гамшгийг хориглон болиулж, ард түмнээ хайрлан энэрсэн сайхан сэтгэлт үлгэрийн баатрын дүрд тоглов. Тэрээр авто машины татварыг тав дахин нэмнэ гэдэг яриа гарч олон нийтийн анхаарал түүнд төвлөрөн, хүчтэй шүүмжлэл өрнөөд эхлэнгүүт хотын мээрийг дуудан үүрэгдэж байгаа нь өөрийгөө адал явдалт киноны сайн талын баатрын дүрээр харуулах гэсэн явуургүй заль мэх байлаа.
 Яг үүн шигээ улс орныг олон улсын түвшинд хар дансанд оруулж, шившиглэж хаячхаад бас л өөрсдийгөө саарал жагсаалтаас аврагч ер бусын ид шидтэн болгож харагдуулах гэж ядаж байна. ФАТФ-ын саарал жагсаалтаас 2020 он гэхэд гарна гэдэг ПиАр-ыг МАН-ын үзэл сурталчид бодож олсон бололтой. Тиймээс энэ мессэжийг сүүлийн үед давтамжтай цацаж байна. Гадна дотныхонтой уулзахдаа энэ талаар цухалзуулж, түүнийгээ хэд дахин хүчтэй мэдээлэх болов. Өчигдөр л гэхэд Монголбанкны ерөнхийлөгч АНУ-ын Сангийн яамны терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал хариуцсан дэд сайд Маршал Билингслитэй уулзахдаа аанай л ФАТФ-аас гарахад туслалцаа хүссэн байна. Улс орны хөгжил дэвшлийн талаар ярих бус унаж уруудсан жалганаас минь татаж гаргаж өгөөч гэж гадаадынхнаас гуйн унхиагүй царайлж суугаа өнөөгийн эрх баригчид ард түмнээсээ уучлал гуйх ёстой. Гэтэл биднийг дахиад сонгочих л юм бол 2020 онд ФАТФ-ын жагсаалтаас гаргаад өгнө гэх нь халгүй юм ярьж байгаа нь МАН-ынхны мангарынх уу, ичих булчирхай, эмзэглэх сэтгэлгүйнх үү?

Зөвлөмжид биш ЖДҮ-д шунасан нь

 ФАТФ-ын саарал жагсаалтад орно гэдэг бол тухайн улс орны эрх баригчид авлигад гүн идэгдсэн бөгөөд туйлын хариуцлагагүй ажиллаж байгаагийн нотолгоо. Тиймээс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага (Financial Action Task Force буюу FATF) ФАТФ хатуу сануулга, дохио өгсөн нь саарал жагсаалт байв. Өмнө нь ФАТФ манай эрх баригчдад хоёр жилийн өмнө зөвлөмж, анхааруулга өгч байсан ч хэрэгжүүлээгүй юм билээ. Тухайн үед ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 20 зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, Үр дүнтэй байдлын 11 үзүүлэлтээс 11 үзүүлэлтэд хангалтгүй үнэлгээ авч байжээ. Үр дүнтэй байдлын буюу шууд хэрэгжилтийн 11 үзүүлэлт гэдэг нь тухайн улсын терроризмыг санхүүжүүлэх, мөнгө угаах болон авлигын гэмт хэрэгтэй тэмцэх хүчин чармайлтын үр нөлөө, хууль эрх зүйн орчны бодит байдалд дүгнэлт хийдэг сэдэвчилсэн шалгуур үзүүлэлт аж.
2017 он гэдэг бол МАН-ынхан өөрсдийн байгуулсан засгаа түлхэн унагаж хоёрдугаар ээлжийнхэн нь “хоолондоо орохоор” хошууран чихцэлдэж байсан үе нь. Юун ФАТФ-ын зөвлөмж, үнэлгээг хүлээж авахтай манатай. 60 тэрбумынхантайгаа өрсөлдөн уралдан ЖДҮчид нь жирийн иргэдийнхээ боломжийг хулгайлан тэрбум тэрбумаар халааслаж байсан “алтан үе” нь. Өмнөх Засгийн газрыг огцруулахад УИХ-ын танхим дахь кнопоо дарж хувь нэмэр оруулсан хуруу бүхнийг ЖДҮХС-гийн тэрбум тэрбумын зээлээр шагнаж байсан гэдэг. Хурандаа Хүрлээгийн Засгийн газрын бал сар гэмээр юм уу даа.
 Ингээд нэг мэдэхэд 2019 он гарч ФАТФ шалгуур, шаардлагаа чангаруулахаа мэдэгдэнгүүт эрх баригчид сандралдсан нь тодорхой. Энэ талаар эдийн засагч Ч.Отгочулуу “2017 оноос 40-өөд үзүүлэлттэй зөвлөмж өгсөн. 20 нь гайгүй хэрэгжсэн, 20 нь асуудалтай. “Танайх мөнгө угаах эрсдэлтэй байна. Үүнийхээ эрх зүйн асуудлыг шийд” гэсэн ч хангалттай шийдээгүй. 2018 онд эргэж хандах байсан хандаагүй. Тэгээд 2019 онд гэнэт сандраад арга хэмжээ авсан ч нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болсон. Манай улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй” хэмээн товч тодорхой хэлсэн байна лээ. Болсон процесс товчхондоо бол ердөө энэ. Нарийвчлах юм бол олон асуудал бий. Тодорхой хэдэн шалтгааныг нь ФАТФ-ын зөвлөмжид дурдсан байдаг. Тус байгууллагаас өгсөн 40 зөвлөмжөөс хэрэгжүүлээгүй найман гол зөвлөмж бий. Тэр дундаас нь базаад хэлчхэд дөрвөн үндсэн асуудал дээр өнөөгийн эрх баригчид хойш сууж, хойрго хандсан нь тодорхой болсон. Ууж идэхдээ уургын морь шиг МАН-ынхан урагш гишгэхдээ ургаа хад шиг улласан гэсэн үг. Үүнийг дор тодруулъя.

“Буланд шахагдаад” буруугаа хүлээв

 Монгол Улс ФАТФ-ын саарал жагсаалтад ороход нөлөөлсөн гол дөрвөн асуудал нь нэгдүгээрт, Хойд Солонгосын ажиллах хүчнийг оруулж ирсэн асуудал. Сүүлийн 20 гаруй жилд олон улсын хамтын нийгэмлэгт үүссэн том асуудал нь хууль бус орлогоос терроризмыг санхүүжүүлж буй явдал. FATF-ын үйл ажиллагаа үүнтэй тэмцэхэд чиглэдэг. Тухайлбал, FATF НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шийдвэрээр хориг арга хэмжээ аваад байгаа улс орнууд руу гүйлгээ хийхийг хориглодог. Зөвлөмжид нь энэ талаар туссан байдаг аж. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг гэдэг бол тухайн улсад эдийн засгийн хувьд дарамт шахалт үзүүлж байгаа хэлбэр юм. Үүгээрээ НҮБ-аас гаргаж байгаа зөвлөмжүүдийг дагаж мөрдүүлэх, энх тайван байдлыг хангах зорилготой байдаг. Гэтэл Монгол Улс, Монголын эрх баригчид НҮБ-ын хоригт орсон улс орноос ажиллах хүч оруулж ирсэн нь терроризмыг дэмжин санхүүжүүлж байгаа хэрэг юм гэж ФАТФ үзсэн.
Хоёрдугаарт, авлига болон мөнгө угаахтай холбоотой, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон томоохон хэргүүдийн нэг нь ч хууль хяналтын байгууллагаар шийдэгдээгүй. Товчхондоо бол авлигачдынхаа толгойг илсэн. Наад захын жишээ татахад ХБНГУ-д баривчлагдсан манай дипломатууд хар тамхи зөөвөрлөсөн хэрэг гарсан. Энэ мэт ноцтой хэргүүд шүүх дээр хэрхэн шийдэгдсэн талаар ямар ч баримт, мэдээлэл байхгүй. Энэ хэргүүд яагаад хурдан шийдэгдэхгүй байна, шүүх хэрхэн ажиллаж байгаа юм. Манай улс хэр авлигажсан юм. Үүнийг олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагууд анхааралтай харж, үнэлж байгаа. Үүнийг шийдэхгүй бол саарал байтугай хар жагсаалт ч ойрхон байгаа.
 Гуравдугаарт, хил гааль дээр бэлэн бус их хэмжээний мөнгө хураагддаг ч үүнийг хуулийн дагуу шударга шийддэггүй. Энэ нь мөн л ардаа том бизнестэй улстөрчдийн лоббитой холбоотой. Гэтэл үүний нөгөө талд бор зүрхээрээ, хууль журмын дагуу татвар, татаасаа төлөн зүтгэж байгаа бизнес эрхлэгчдэд дарамт шахалт их. Тиймээс өнгөрсөн гурван жилд бизнес эрхлэгчдийн тоо эрс буурч байгаа.
 Дөрөв дэх шалтгаан нь зах зээл дээр хяналтгүй мөнгө их байгаа гэдгийг ФАТФ сануулсан. Хяналтгүй мөнгө гэдэг бол эрх баригчдын ханцуй доторх бизнес, наймаа гэсэн үг. Түүнээс биш хөлсөө урсган хөдөлмөрлөж байгаа иргэдийн худалдсан нэг ширхэг талхнаас татвар авахдаа төр хүч чадлаа хангалттай үзүүлдэг. ФАТФ-ын анхааралд өртсөн хяналтгүй мөнгө гэдэг бол уг нь татвар төлөгчдийн халааснаас л гарсан мөнгө. Монголын уул уурхайн баялгаас хуримтлагдсан мөнгө. Хяналтгүй мөнгө эргэлдүүлэх нь эгэл жирийн иргэдэд ямар ч хүртээлгүй, гагцхүү эрх баригчид л үүнээс ашиг унагана. Арилжааны банкууд өөрийн хөрөнгөө нэмэгдүүлсэн 500-аад тэрбум төгрөгөө тайлбарлаж чадаагүй, мөн Ил тод байдлын тухай хуулиар ДНБ-ээс 1.5 дахин их хөрөнгө шинээр бүртгэгдсэн зэрэг нь өнөөгийн эрх баригчдыг өөрийн эрхгүй хардахад хүргэж буй үндэслэлүүд юм. Үүнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нь ч хүлээн зөвшөөрсөн. Тэрээр үнэнд гүйцэгдэж, үгэнд ороогдохын эрхэнд “Ний нуугүй хэлэхэд буруу бодлого, буруу үйлдлүүд Монгол Улсыг саарал жагсаалт руу оруулсан. Буруу бодлого, буруу үйлдэлтэйгээ дасан зохицсон. Түүнтэйгээ нийцэж тайван амьдардаг болсон. Засах арга хэмжээ авалгүй байсаар өнөөгийн байдалд хүрсэн” хэмээн хэлсэн юм. Энэ бол эрх баригчид буланд шахагдаад ирэхээрээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Гэхдээ тэд гэмшихгүй байгаа нь хамгийн аюултай. Алдаагаа засахгүй байгаа нь бүр ч ноцтой.

Алдаагаа хаацайлах
арга саам

 Монгол Улс саарал жагсаалтад орсноор ямар нэгэн хориг арга хэмжээ авахыг шаардахгүй. Хамтын ажиллагаатай бол хяналтад байгаа гэдгийг харгалзан үзэж болно л гэсэн зөвлөмж өгсөн. Тиймээс олон улсын картын төлбөр тооцоо зогсох, картаар үйлчлэхгүй байх, Монгол Улсад орж ирэх валютын урсгал тасрах вий гэх зэрэг болгоомжлол байхгүй хэмээн Монголбанкныхан мэдэгдсэн. Тэд бас нэмж эрсдэл гарахгүй гэж мэлзэж байгаа нь бид тартагт нь тулгачихсан тул үүнээс муу юм болохгүй гэсэн санаа гэлтэй.
 Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг 6.7 хувиар өсч байгаа. Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагууд энэ өсөлт буурахгүй байх гэж мэдээлсэн. Дээр нь Монгол Улсын төсөв ашигтай гарахаар төлөвтэй байна. Худалдааны тэнцэл тэрбум долларын ашигтай, мөн төлбөрийн тэнцэл энэ жил ашигтай гарч байгаа. Монголбанкин дахь валютын нөөц нэмэгдэж байгаа зэрэг нь эдийн засагт доргио нөлөө үзүүлэхгүй. Валютын ханш дээр дарамт үзүүлэхгүй. Тиймээс сандрах хэрэггүй хэмээн эрх баригчид ухуулж буй.
 Гэтэл санхүүгийн сектор ялангуяа, банкны салбарын гадаад төлбөр, тооцоо хүндрэлд орно. Богино хугацаанд бага зардлаар хийдэг байсан төлбөр, тооцооны гүйлгээг өндөр зардлаар, нэлээд урт хугацаанд хийдэг болно. Энэ нь иргэдэд ч нөлөөлнө. Тухайлбал, кредит картаараа гүйлгээ хийхэд хүндрэл үүснэ. Цаашлаад гадаад төлбөр, тооцоо хязгаарлалтад орж, зээлжих зэрэглэл унасан тохиолдолд гаднын хөрөнгө оруулалт буурна. Мөн манай төлбөрийн балансад асуудал үүсч, ханшид нөлөөлөх магадлал бий болох зэрэг сөрөг үр дагавартай. Энэ мэт сөрөг нөлөөллүүдийг эдийн засагчид хэлж буй. Гэтэл төрийн байгууллагууд биеэ хамгаалж өмгөөлсөөр байгаа нь ичсэн хүн тараг үлээнэ гэгч л болж буй хэрэг юм.

Тартагт нь тулгачихсан тул үүнээс муу юм болохгүй

 Зимбабве улсын дэд ерөнхийлөгч, Константино Чивенга гэгч нөхөр баасан гарагт парламентынхаа танхимд үг хэлэхдээ сөрөг хүчнийхнээ шүүмжлэн “Хууль ёсны Засгийн газрыг хүссэнээрээ огцруулж, дур зоргоороо хүчирхийлэл үйлдэж болдог Монгол Улс биш. Ийм зүйл Зимбабвед тохиолдохгүй” хэмээжээ. Азийн ардчиллын жишээ, ардчиллын ногоон арал гэх мэт гоё сайхан үгээр нэрлэгдэж байсан Монгол Улсыг ФАТФ-ын жагсаалтад хамтдаа “хөтлөлцөн” орсон Өмнөд Африкийн Зимбабвегийн улстөрч ийн муугийн жишээ болгожээ. Муулсан Чивенга биш муугийн жишээнд улсаа аваачсан манай эрх баригчид л буруутай. Монгол Улсыг ийм хүнд асуудалд оруулсан хүмүүс бол өнөөгийн улстөрчид. ФАТФ тэднийг алдаагаа зас гэсэн анхааруулга өгсөн ч МАН-ынхан арьсаа хамгаалж, уснаас хуурай гарахыг л чухалчилж, улс орны өмнө тулгамдсан саад бэрхшээл, хүндрэл хямралыг шийдэхийг бодохгүй байгаа ажээ. Авлигын судалгаагаар энэ оны эхний есөн сарын байдлаар хохирлын хэмжээ өндөртэй авлигын хэргүүд шийдэгдээгүй хэвээр.
 Зөвхөн наймдугаар сард АТГ 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 11 буюу шалгасан хэргийн дөнгөж 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Зарим хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэр гарч 8-9 сар өнгөрсөн ч өнөөг хүртэл АТГ-т ирүүлэлгүй саатуулж байгаа аж.
 Тэрчлэн 2019 оны эхний зургаан сарын байдлаар авлигаас болж улс, нийгэмд 11.9 их наяд төгрөгийн хохирол учирсан. Гэтэл улсын төсвийн жилийн орлого 10 их наяд төгрөг. Ийнхүү авлигачдын хагас жилийн “орлого” улсын төсвийн жилийн орлогоос давчихсан нь өнөөгийн эрх баригчдын үнэн нүүр царай. МАН 2016 оны сонгуульд орохдоо иргэдээ ядуурлаас аварч, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, төрийн дампуурлыг засч, тэгш журамт, баян хүчирхэг Монголоо цогцлооно гэсэн амлалт өгч байсан нь эдүгээ шууд утгаараа 100 хувь эсрэгээр хэрэгжжээ. Нэг үгээр хэлбэл МАН ард түмнээ хууран мэхэлжээ. Өнгөрсөн гурван жил гаруй хугацаанд МАН-ынхан өөрсдөө хөрөнгөжсөнөөс биш иргэд ядуурлаас гарсангүй. Харин ч дундаж давхаргынхан төрийн дарамтад өртөж, хийж бүтээх гэж зүтгэж яваа иргэд боломжоо хулгайлуулж, бизнесээ дээрэмдүүлж, ядуусын тоо нэмэгдэв. Сайхан амьдруулна гэж амлаж гарч ирчхээд саарал жагсаалт руу улсаа түлхсэн МАН-ынхны муу муухай ёроолдоо тулав.
 Тиймээс төрийн нэр барьсан улаан цагаандаа гарсан дээрэмчдээс салах арга бол ирэх жил болох сонгууль. Сонгуулийн хувьсгал. Төрд зөв хүнийг гаргах нь өнөөгийн эрх баригчдын эсрэг хийх хамгийн зөв бөгөөд шийдвэртэй, үр дүнтэй тэмцэл юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com