Б.Мөнхбайгаль
Нийгэмд эмэгтэйчүүдийн айдас, зовиурыг бий болгодог нэг хүчин зүйл нь бэлгийн хүчирхийлэл. Хэсэгтээ л шуугьсан Үндсэн хуулийн цэцийн дарга асан Д.Одбаярын дуулиант хэрэг олон нийтийг бэлгийн дарамтын сэдэвт анхаарахад хүргэсэн. Өмнөд Солонгосын иргэн 20 настай эмэгтэйн өгзгөнд хүрсэн энэ явдал одоо ч иргэдийн дунд бухимдал төрүүлсэн хэвээр. Энэ тухай эмэгтэйчүүдийн үзэл бодол, байр суурийг хүргэж байна.
Хэрэв та онгоцны үйлчлэгчийн оронд байсан бол яах вэ? Энэ хэрэг Монголд болсон бол хүмүүс ямар хариу үйлдэл үзүүлэх байсан бол?
22 настай сэтгүүлч А.Аюуш
“ Монгол Улсын зүгээр ч нэг иргэн биш, улсын нэрийг гаргаж яваа Цэцийн дарга хүн ийм хормойн хэрэгт холбогдсон нь үнэхээр гутмаар. Энэ явдлаар ганц энэ хүний нэр биш бүхэл бүтэн Монгол Улсын нэр унасан. Жилээс жилд дэлхийн улс орнуудад монгол хүмүүсийн нэр хүнд бага багаар унасаар байгаа шүү дээ. Тэнд ч хулгай хийж байгаад баригдлаа гэсэн мэдээ гардаг. Үүн дээр улам л нэрмээс болсон хэрэг байлаа. Мөн энэ хэрэг явдал манай Монгол болон Солонгос улсын хууль эрх зүйн хэрэгжилт ямар ялгаатай байгааг харууллаа. Ийм явдал болсны дараа Солонгос улсаас иргэнийхээ төлөө яаж хөдөлж, арга хэмжээг буруутай этгээдэд үнэхээр авч чаддаг гэдгийг харуулсан. Яагаад гэвэл манайд хууль хэрэгждэггүй. Хэрвээ тэр эмэгтэйн оронд би байсан бол яаж ч чадахгүй байх байсан.”
35 настай менежер Б.Наран
“Монгол шиг хохирогч нь гэмтэн болоод дуусдаг газар байхгүй. Солонгост ч хэрэг үнэхээр шийдэгдчихдэг юм байж. Гэвч гэмтэн эх орондоо ирэхэд түүнд авах арга хэмжээ юу байв? Цэцийн дарга гэх суудлаас нь л буулгаснаас гишүүнээс нь хасаагүй. Бүрэн эрхийнх нь хугацааг дуусгалгүй хэдэн ч сар үргэлжилнэ гээд байлаа. Эх орныхоо нэр хүндийг завхай байдлаараа унагасан энэ хүнд яагаад дорвитой арга хэмжээ авахгүй байгааг маш их гайхаж байна. Ард түмэн нь ч тэр хэрэг гарах үед шуугьж шуугьчихаад хэрэгтэнд олигтой ч арга хэмжээ аваагүй байхад одоо аль хэдийн мартацгаасан байна. Эмэгтэйчүүд ч тэр ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахуулах тал дээр тэмцэхгүй байгаа нь хачирхалтай. Бас энэ мэт хэрэгт хэдийнэ ач холбогдол өгөхөө больж, дассан аятай л байх болж. Тэр эмэгтэйн оронд би байсан бол дуугаа хураахгүй, тэмцэх байсан.”
31 настай барилгын инженер Г.Саруултөгс
“Хэрвээ Монголын онгоцны үйлчлэгч ийм хэрэгт холбогдсон бол үсрээд л муухай хараад тэнэг юм уу хаашаа юм гэж хэлээд тэвчээд өнгөрөх байсан байх. Цэцийн дарга хүн тийм үйлдэл хийж байгаа юм чинь бусад нь хийх нь аргагүй юм байна гэж харамссан. Бид ийм үйлдлийг тэвчиж болохгүй. Ялангуяа эрэгтэй хүмүүст бэлгийн дарамт ямар муухай мэдрэмж байдгийг сайн ойлгуулах хэрэгтэй”
21 настай төгсөх курсийн оюутан С.Жаргалмаа
“Бичлэгийг нь хараагүй болохоор тийм сүртэй үйл явдал болсон эсэхэд эргэлзэж байна. Яг үнэндээ тэр хүний хувийн асуудал, ёс зүйн хэрэг болохоос Монгол Улстай холбоотой асуудал биш. Ганц хүний үйлдлээс болж монголчуудын талаар буруу ойлголт төрүүлж байгаад нь уур хүрч байгаа. Тийм дуулиан шуугиан болгохгүйгээр хүмүүс хоорондоо ойлголцож болоогүй л юм байх даа”
26 настай үсчин А.Алтанзул
“Энэ бол ерөөсөө соёлын ялгаа, орчны ялгаа ямар өөр болох нь ажиглагдаж байгаа юм. Монголд иймэрхүү асуудал болж л байдаг. Наад зах нь автобусанд битүү чихэлдэж байхад зарим донтой хүмүүс нь түүнийг нь ашиглаад л эмэгтэйчүүдийг дарамталдаг. Хүмүүс нь ч дасчихсан. Үүнээс болж олны анхаарлыг татахаас ч айдаг охид бий”
27 настай орчуулагч Б.Дарь
“Бага нас, өсвөр нас, насанд хүрсэн эсэх хамаагүй аль ч насны эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт учирдаг. Харин бэлгийн дарамтыг үүсгэж өдөөж байгаа хүмүүс нь нас биед хүрсэн, мэдлэг боловсрол эзэмшсэн, төлөвшчихсөн байх насны хүмүүс үйлдэж байгаа нь харамсмаар. Эрх мэдэл, өндөр албан тушаалаар далайлгаж, эмэгтэйчүүдийг дорд үзэж байгаа нь гутамшигтай санагдаж байна. Эрх мэдэлтэй байсан ч хариуцлага хүлээх хэрэгтэй. Эмэгтэй, эрэгтэй гэлтгүй хүний биед ёс бусаар хүрч, доромжлох нь байж боломгүй зүйл. Онгоцонд, автобусанд хаана ч бэлгийн дарамт үзүүлсэн тохиолдолд хүмүүс анхаарч, шүүмжилж сануулж, соёлгүй, бусдын эрхэнд халдсан үйлдлийг зөв шударгаар шүүж, хэлж чаддаг байгаасай гэж хүсч байна”
34 настай нарийн бичиг Т.Амарзаяа
“Монгол улсын ҮХЦ-ийн дарга Солонгос улсын агаарын тээврийн үйлчилгээг авч байхдаа бэлгийн дарамт үзүүлэлт үйлдэл гаргасанд үнэхээр ичиж байна. Учир нь мянга мянган монголчууд аж амьдралаа дээшлүүлэхийн тулд Солонгост очиж хар ажил хийдэг. Бас сурч байгаа оюутнууд ч их бий. Гэтэл тэр хүмүүсийг эвгүй байдалд оруулахуйц гутамшигтай үйлдэл гаргалаа. Тэнд төлбөрөө төлөөд ирсэн хэдий ч энд ирээд өөрийгөө зөвтгөх оролдлого хийж өөрийн нэрийг цэвэрлэх гэж иргэдийн тархийг угаах үйлдэл хийсэндээ ичих хэрэгтэй. Үүнийхээ оронд Цэцийн гишүүнээсээ бууж, албан ёсоор уучлалт гуйсан бол ёс зүйтэй үйлдэл болох байлаа. Эндээс дахин нэг зүйлийг илэрхийлж болно. Ажлын байрны бэлгийн дарамт ямар хэмжээнд байгааг энэ хүн өөрөөрөө харууллаа. Ийм зүйлийг хүлцэн тэвчиж, хүлээн зөвшөөрч чадахгүй. Хохирогч хэн ч байсан үүний эсрэг зохих арга хэмжээ авах ёстой” гэсэн юм.
Эмэгтэйчүүд онгоцны солонгос үйлчлэгчийн оронд байсан бол дорвитой арга хэмжээ авч чадах эсэхдээ эргэлзэж байлаа. Түүнчлэн манайд Солонгос шиг хуулийн хэрэгжилт байхгүйн улмаас тэгэсхийгээд л чимээгүй өнгөрөөх байх гэж учирлаж байсан юм. Харин зарим нь дуугүй өнгөрөөж болохгүй, ямар нэгэн байдлаар энэ асуудалд хариуцлага хүлээлгэх шаардлагатай гэж байв.