Өнгөрөн одож буй 2019 он сонгуулийн өмнөх жил болоод ч тэр үү улстөрийн хүрээнд сайн гэхээсээ илүүтэй саар үйл явдал өрнүүн байлаа. Олонх болсон МАН-ын эрх баригчдын хариуцлагагүй мэдэгдэл, бодлогогүй шийдвэрийн улмаас ачааны хүндийг нуруун дээрээ үүрч яваа ард түмэн хохирол амссаар. Өнөөгийн УИХ, Засгийн газрын увайгүй, ёс суртахуунгүй, амин хувиа хичээгч, авлигач, ашиг хонжоо хайгч улстөрч, албан тушаалтнуудын мөс шиг хүйтэн хоноцын сэтгэл хийгээд сэтгэлгээний хар гайгаар бид өдрөөс өдөрт өөдлөн хөгжих боломж, өндөр өвгөдийн үлдээсэн нэр хүндээ алдсаар. Ердөө нэг гаруйхан сарын өмнө Монгол Улс саарал жагсаалтад орж, олон улсын өмнө шившиг болов. 2019 оны эхний зургаан сарын байдлаар гэхэд манай улсад авлига, албан тушаалын гэмт хэргийн улмаас 11 их наядын хохирол учирчээ. Энэ бол дээд, доод гээд оймсноос эхлээд 60 тэрбум, ЖДҮ сангийн хэрэг хүртэл бүх шатандаа улсаараа авлигад идэгдсэн байгаагийн тод томруун илрэл. Ингээд авлигачдад араараа тавиулсан, алдаатай бодлогын золиос болсон 2019 оны онцлох муу шийдвэрүүдийг хүргэе.
2019 оны арваннэгдүгээр сарын 18-нд Монгол Улс Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх байгууллага Financial Action Task Force буюу FATF-ын саарал жагсаалтад оров. Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нараар туг тахиад өнгөрөв. Зүй нь, хамгийн түрүүнд хариуцлага хүлээх хүн бол FATF намайг сайн ажилласан гэж захидал ирүүлж, баяр хүргэсэн хэмээн өөрийгөө өмөөрч суугаа нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж байсан юм.
УИХ-ын 2016 оны сонгуулиар МАН үнэмлэхүй олон суудал авч, Ж.Эрдэнэбатын Засгийн газар бүрэлдсэн. Гэвч анхны засаг нь концесстсон гэдэг шалтгаан эсвэл шалтаг, нөгөөтэйгүүр, М.Энхболд, У.Хүрэлсүхийн тал хэмээн дотроо хоёр хэсэг хуваагдсан МАН-ынхан Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг 2017 оны есдүгээр сард өөрсдөө унагасан. Ингээд ялалт байгуулсан У.Хүрэлсүх танхимаа бүрдүүлэв. Онцлоход, Засгийн газрыг унагаах кноп дарсан давхар дээлтэй сайд нар болон парламентын гишүүд шагналдаа ЖДҮХС-аас зээл авчээ.
Ерөнхий сайдын төрсөн дүү У.Давхарбаяр ЖДҮ-дэж, Эрдэнэт үйлдвэрт шахаа хийв
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн төрсөн дүү У.Давхарбаяр “Жаргалант мах импекс” компанийн нэрээр ЖДҮХС-аас 1.3 тэрбум төгрөгийн зээл авсан дуулиан дэгдэв. Тэгвэл энэ дуулианы араас мөн 2014 онд ахыгаа Шадар сайдаар ажиллаж байхад Эрдэнэт үйлдвэрт “шахаа” хийсэн баримт олонд дэлгэгдэв. 2014 онд “Тэнгэр суудал” компанийг төлөөлж захирал У.Давхарбаяр нөгөө талаас “Эрдэнэт үйлдвэр”-ийг төлөөлж Ерөнхий захирал асан Ц.Даваацэрэн нар “Эрдэнэт үйлдвэрт бараа нийлүүлэх” гэрээ байгуулжээ. Гэрээний нийт дүн НӨАТ оруулаад 353 мянга 250 ам.доллар байх бөгөөд зургаан ширхэг эрчим хүчний чиглэлийн багаж, тоног төхөөрөмж нийлүүлсэн байна.
Ипотекийн зээлд хязгаар тавив
2019 онд улсын төсвөөс 115, Монголбанкнаас 220, арилжааны банкуудын өөрийн эх үүсвэрээс 115 тэрбум төгрөг гээд нийт 450 тэрбумыг зарцуулахаар төлөвлөсөн ч энэ он гарснаас хойш ипотекийн зээлд хамрагдах хүсэлтэй иргэдийн эрэлт өндөр байвч зээлээ авч чадсан нь тун цөөн. 2019 оны долдугаар сард банкууд 741 иргэнд 57.1 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосныг Төвбанк мэдээлсэн. Тэгвэл Монгол Улсын 2020 оны төсөвт улсаас 60-хан тэрбум төгрөгийг ипотекийн зээлд олгохоор тусгажээ.
Шатахуун, ам. долларын
үнэ нэмэгдэв
2019 он гарсаар шатахууны үнэ даруй дунджаар нэг жилийн хугацаанд 80-200, ам.доллар 100 төгрөгөөр нэмэгдэж, өнөөдрийн байдлаар дизел түлш 2440, А-80 1680, АИ-92 1810, АИ-95 2240, АИ-98 2440 төгрөгийн ханштай байгаа бол арилжааны банкуудын ам.долларын ханш авах нь 2726, зарах нь 2735 төгрөгтэй байна. 2018 оны яг өдийд дизель түлш 2385, А-80 1850, АИ-92 1885, АИ-95 2320 төгрөг байсан бол арилжааны банкуудын ам.долларын ханш авах нь 2630, зарах нь 2640 төгрөг байжээ.
Бэлгийн дарамт үзүүлсэн Цэцийн дарга бөөрөндөө наалдсаар л...
ҮХЦ-ийн дарга асан Д.Одбаяр нь БНСУ-ын иргэн, онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт 2019 оны арваннэгдүгээр сард буруутгагдан, БНСУ-ын Инчеон хотын прокуророос түүнд долоон сая воны торгууль төлөх шийтгэл ногдуулав. Д.Одбаяр Цэцийн даргын албан тушаалаа өгсөн ч өмгөөлж, хамгаалдаг намын нөхдийнхөө “буянаар” ҮХЦ-ийн гишүүний сэнтийгээсээ бүрмөсөн буусангүй.
Элчин сайд нарын эрээ цээргүй томилгоонууд
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хүү Н.Анхбаярыгаа Австрали улсад томилуулахаар дээр дооргүй хөөцөлдөж байгаа бол УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нөхрийгөө Хонкогт суух Ерөнхий консулаар, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төрсөн ах Ч.Ганболдыг Тува улсад суух Ерөнхий консулаар томилуулсан юм. Энэ бол хамгийн наад захын жишээ бөгөөд энэ мэт улстөрчдийн ургийн хэлхээ ГХЯ болон гадаад улсаар нэг байгаа билээ.
Сайжруулсан түлшинд 10 хүн хордож, алтан амиа алдав
Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс түлэхийг хориглох тогтоол баталсан. 2019 оны аравдугаар сарын эхээр уг түлшинд угаартсан иргэдийн дуудлага өдөрт онцгой, түргэнд хэдэн зуугаараа ирж, оны эцэст гэхэд дөрвөн хүүхэд, зургаан том хүн нийт 10 хүн хордож, алтан амь насаа алдсан бол 600 орчим хүн угаарын хийнд хордсон байна.
152 сая төгрөгийн үнэтэй чулуунууд
2019 оны арванхоёрдугаар сарын 15-16-нд шилжих шөнө Сүхбаатарын талбайн баруун, зүүн, урд талд 296 ширхэг жижиг, 100 ширхэг том, нийт 152 сая төгрөгийн өртөгтэй 396 ширхэг чулуун хаалтыг хотын даргын нөөцөөс санхүүжүүлсэн. Харин Хотын Захирагч С.Амарсайхан “Яг энэ хэлбэрээр нь хүлээж авах гэхээр шаардлага хангахааргүй байна. Загвар, дизайны хувьд хотын онцлогтойгоо уялдах шаардлагатай. Харагдах байдлыг нь ахиад засах хэрэгтэй” гэснээр буцааж хураав.
Малыг хөлөөр нь гаргах бодлого
ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан 2019 оны зургадугаар сарын эхээр БНХАУ-д ажлын айлчлал хийгээд ирэхдээ БНХАУ руу бог малыг хөлөөр нь буюу амьдаар нь экспортлох асуудлыг түргэвчлэх талаар яриад иржээ. Ингэхдээ эхнэрийнхээ дүүгийн компаниар энэ ажлыг хийлгэхээр болсон гэх яриа ч гарсан. Тэр “Малаа амьдаар нь гаргах энэ цаг үед тулаад ирсэн байна. Сая махны үнэ нэмэгдэхэд улирлын тодорхой саатал нөлөөлсөн нөгөө талаар нөөцөлсөн махны хэмжээ бага байсан. Дотоодынхоо хангамжийг тогтвортой болговол ахиад тав зургаан сая мал борлуулах шаардлага гарч байна. Тэглээ гээд 600 мянган толгой мал хөлөөр нь гаргахад махны үнэд нөлөөлнө гэж би хувьдаа бодохгүй байна" гэв. Удалгүй махны үнэ нэмэгдвэл хар толгойтой чинь тооцоо бодно шүү гэснээс хойш тэр дахин ам ангайсангүй.
Дархаавны замаар мөнгө угаав
Засгийн газраас Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг шинэчилж, 2017 онд 244 км замыг нэгдүгээр зэрэглэлийн, дөрвөн эгнээтэй, цемент бетон хучилтаар олон улсын стандартад нийцсэн чанартай болгон шинэчилж, 2018 онд хүлээлгэн өгнө хэмээн сүр дуулиантай нээлт хийсэн.Гэсэн ч нээлт хийсэн нэг жилийн хугацаанд ажил өрнөхгүй явсаар 2019 оны зун Дарханы замыг хуулж, түр зам тавьсан бөгөөд үүнд 6.5 тэрбум төгрөг зарцуулжээ. Замыг шинэчлэн барих төсөл нь Европын сэргээн босголт хөгжлийн банк, Азийн хөгжлийн банкны 209 сая ам.доллароор хэрэгжих байв. Ингээд тендерт БНХАУ-ын таван компани шалгарсан ч хоёр нь ажлаа хийж чадахгүй байгаа аж. Эрх баригчид замыг 2020 оны зургадугаар сар буюу сонгуулийн үеэр нээж, сонгуулийн шоугаа хийхээр төлөвлөжээ. 2019 онд замын ажил дууссан байх ёстой.
Байгалийн түүхийн музейг нураав
Засгийн газраас Байгалийн түүхийн музейг нурааж суурин дээр нь "Чингис хааны музей" барихаа мэдэгдэв. Улмаар музейг нураах тендер зарлаж, 2020 оны төсөвт шинээр барих зардлыг суулгаад байгаа юм. Ийнхүү арваннэгдүгээр сарын 22-нд барилгын дээвэр хэсгийг нурааж, түүхэн барилгынхаа нэгийг эрх баригчид харамсалтай түүх болгон үлдээв.
Гадаадын тэтгэлэг, оюутны 70 мянгыг зогсоов
Хичээл сурлагаараа шалгарсан залуус дэлхийн шилдэг 100 их дээд сургуульд тэтгэлгээр суралцуулах хүний нөөцийн бодлогын маш чухал дэмжлэгийг МАН-ын эрх баригчид болиулсныг олон мянган оюутан, тэдгээрийн эцэг эх эсэргүүцэв. Мөн үндэсний тэтгэлэг болох сайн суралцсан оюутанд олгодог 70 мянган төгрөгийг зогсоов.
Хүүхдийг ялгаварлав
УИХ-ын 2016 оны сонгууль өнгөрч, МАН олонх болоод тун удалгүй ОУВС-аас халамжийн мөнгөө багасга гэсэн гээд хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгох шийдвэр гаргав. УИХ-ын 2016 оны сонгуульд оролцохдоо МАН-ын мөрийн хөтөлбөрт “Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрт ялгаваргүй олгоно” гэсэн байдаг.
Хөдөлмөрлөснөө “мөлждөг” татварын дарамт
МАН-ынхан 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Татвар нэмэхгүй. Шинэ төрлийн татвар бий болгохгүй” гэж амласан ч эрх баригч болмогцоо уг амлалтаа таг мартан есөн төрлийн татвар нэмсэн юм. Ийнхүү олонхоороо хүч түрэн, ямар ч тооцоо судалгаагүйгээр есөн төрлийн татвар нэмэгдүүлсний үр дагавраар өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдсэн бөгөөд Засгийн газраас зөвхөн хоёр төрлийн татварыг буцаах талаар мэдэгдсэн ч нэгэнт өссөн барааны үнэ буухгүй хэвээр үлдсэн.
Нийгмийн даатгалыг хоёр хувь, авто замынхыг 10 дахин нэмэх гэж оролдов
Эрх баригчид нийгмийн даатгалын шимтгэлийг 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр хувиар нэмэхээр зэхэж байгаад гаргасан шийдвэрээсээ буцав. Хэрэв нэмсэн бол 2020 оноос бид 25 хувийн шимтгэл төлөх бол үүний 13 хувийг ажил олгогч, 12 хувийг нь ажилтан төлөхөөр болж байв. Мөн авто зам ашигласны татварыг 10 дахин нэмэгдүүлэхээр санаархаж байсныг иргэд хүчтэй эсэргүүцэж, жагсаал цуглаан хийсний үр дүнд болиулав.
60 тэрбумын гэгддэг Ц.Сандуй, А.Ганбаатар нарт дөрвөн жилийн ял оноолоо
Нийслэлийн прокурорын газраас НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, "Шинэ Монгол хаад" группийн ерөнхийлөгч А.Ганбаатар нарыг яллагдагчаар татсан бөгөөд шүүгчид шийдвэрээ гаргав. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, саатуулахыг оролдсон гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, дөрвөн жилийн хорих ялаар шийтгэлээ.
Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусав
Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Г.Дэнзэнд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр прокурорын шатанд хэрэгсэхгүй болгов. Түүнийг ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх үндэслэлээр 2014 оноос эхлэн сэжигтнээр тооцон, шалгаж эхэлсэн. “Эрдэнэс Тавантолгойн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх асуудалд буруутгаж байсан ч 2019 онд хэрэгсэхгүй болгов.
“Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг дарсан ч хариуцлага тооцсонгүй
“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас 109 сая ам.доллар авсан “Жаст”-ын Ш.Батхүүгийн өрийг өнгөрөгч дөрөвдүгээр сард дарсан. Улмаар, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Уг өрийг төлж барагдуулах хэмжээний хөрөнгө Ш.Батхүүд бий” хэмээн мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл түүний эд хөрөнгийг хурааж аваагүй юм. Өдгөө “Жаст”-ын Ш.Батхүүд холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг үгүйсгэх аргагүй байна.
Төрийн албан хаагчид нэгнийхээ аминд хүрсэн хэргийн эзэн Б.Махбал хохирогч болов
ЗТХЯ-нд 2018 оны наймдугаар сарын 9-ний өдөр хүн амины хэрэг гарч, Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэн амь насаа алдав. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал найман удаа хойшлов. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Махбалд эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэг буюу хүний амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн гэх зүйлчлэлээр яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэв. Энэ тохиолдолд шүүгдэгчийг 12-20 жил хорих эсвэл бүх насаар нь хорих ял шийтгэх заалттай. Гэвч өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт болсон шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Б.Махбал өөрийгөө хохирогч хэмээн мэдүүлсэн байна. Улмаар шүүх бүрэлдэхүүн уг саналыг хүлээн авч хэргийг мөрдөн байцаалтад буцаав.
УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэргээр хоёр
жилийн ял авлаа
Хоёр удаагийн хүчингийн хэрэгт нэр холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох эхний хэрэгт нэг жил 4 сар, хоёр дахь хэрэгт 8 сар, нийт хоёр жилийн хорих ял оноохоор шүүхээс шийдвэрлэсэн байна.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулга 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож, гишүүний эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж байсан. Мөн 2018 оны арваннэгдүгээр сард өөр нэгэн эмэгтэй түүнийг хүчирхийлэхээр завдсан гэж хуулийн байгууллагад хандсан байдаг.
“Капитал” банк дампуурч, даатгалын сангийн 240 тэрбум төгрөг алга болов
Өнгөрөгч хавар УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн “Капитал” банк дампуурч Нийгмийн даатгалын сангийн 104 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн 140 тэрбум нийт 240 тэрбум төгрөг алга болов.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгт сэжиглэгдэж, худал мэдүүлэг өгөв
УИХ, Засгийн газрын гишүүн асан Г.Батхүү агсны амиа алдсан хэрэгтэй холбогдуулж УИХ-ын Н.Номтойбаярыг "Худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан" байж болзошгүй тухай мэдээлэл олны анхаарлын төвд байна. УИХ"ын гишүүн Н.Номтойбаяр Г.Батхүү агсны хэрэгтэй холбогдуулж гэрчийн мэдззлэг гурван удаа өгснөө дурдаад, хүсэлтийнхээ төгсгөлд, "Эрүүгийн хуулийн 21.2-т заасан зориуд худал мэдүүлсэн үндэслэлээр намайг яллагдагчаар татаж байгаа нь өөрөө худал бөгөөд хууль зүйг үгдэслэлгүй гэж үзэж байгаа тул хэрэг бүртгэлийн хэргийг хаах саналаа Нийслэлийн Прокурорын газарт гаргаж өгөхийг хүсч байна" гэв.
Б.Хурц нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаав
ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарт холбогдох шүүх хурал өнгөрөгч зун Төв аймгийн эрүүгийн хэргийн шүүх танхимд зургаан өдөр үргэлжилсэн. Б.Хурцынх гэж нэршээд байгаа боловч чухамдаа энэ шүүх хурал С.Зоригийн хэргийн захиалагчийг олж илрүүлэх явцыг үргэлжлүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай байсан. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт эрүүдэн шүүлт тулгасан тухай бичлэгийг хуульзүйн сайд Ц.Нямдорж олон нийтэд түгээснээр ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүнийг яллахад хүрээд байгаа юм. Шүүх хурлаас Б.Хурцад холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шийдвэр гарсан юм билээ.
Сайд асан Б.Батзориг нар ЖДҮХС-аас зээл авсан хэргийг сайн дураараа хүлээв
УИХ-ын 49 гишүүн ЖДҮХС-аас зээл авсан хэргийг ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзориг үүрэхээр болсон. Б.Батзориг болон Д.Энхбат, С.Төгсбилэг, Б.Мөнхтулга, Э.Чагнаасүрэн, Ч.Хашчулуун, В.Одхүү нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрөгч сард болж, хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцаав. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч Б.Батзориг нарын долоон хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан өнгөрөгч сард болж, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээсэн.
Салхитын мөнгөний ордоос хахууль авсан шүүгч нарын хэрэг прокурорт очив
ЭЦА, АТГ-ын мөрдөгчид Салхитын мөнгөний орд газарт холбогдох хэргийг шалгах явцдаа 1.3 сая ам.доллар илрүүлсэн. Энэхүү хэрэгт холбогдох хэрүүл маргаанд хууль хяналтын байгууллагын нэртэй генералаас эхлээд одоо удирдах албан тушаал хашиж буй цагдаагийн хурандаа, шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн дарга нар хүртэл орооцолдон шалгагдсан юм. Мөн хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч Л.Бямбаа амиа хорлосон. Улмаар түүний хүү С.Төмөрбат нарын 16 шүүгчийг дээрх хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж, авлига авсан гэх үндэслэлээр Ерөнхийлөгч шүүх эрхийг нь түдгэлзүүлсэн. Өнөөдрийн байдлаар АТГ зургаан шүүгчид холбогдох авлигын хэргийг прокурорт шилжүүлээд байна.
Засгийн газар цахим казино байгуулах гэж байсан нь 800 хятадын дуулианаар илчлэгдэв
Монгол Улсад түр оршин сууж, цахим орчинд мөнгө угаах гэмт хэрэг үйлдэж байсан гэх 800 орчим хятад иргэнийг цагдаа, тагнуулынхан баривчилж, албадан гаргав. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, “Алтанбулаг болон Цагааннуур чөлөөт бүсийн дарга, Засгийн газрын өндөр түвшний сайд дарга нартай аравдугаар сарын 12-15-ны хооронд уулзалт зохион байгуулжээ. Тэд Монгол Улсын чөлөөт бүс дээр Хятадууд орж ирж цахим казино ажиллуулах эрхзүйн боломжтой тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ хүрээнд туршилтын журмаар 800 хятадыг Монгол Улс руу оруулж ирсэн гэв. Баривчилгаа эхлэхийн урд өдөр зохион байгуулсан Уул, Баяраа гэх хоёр иргэн нь зугтаж яваад Замын-Үүд дээрээс баригдав. Энэ хоёр хүн одоо Ганцхудагт хоригдож байна.
ХЭДС-аас зээл авсан эмэгтэй гишүүдийг АТГ шалгаж байна
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санг цөлмөсөн хэрэгт шалгагдаж буй УИХ-ын эмэгтэй гишүүдийн нэрс тодорхой болжээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг 140 сая, Н.Оюундарь 100 сая, Н.Амарзаяа 123 сая, А.Ундраа 100 сая, Б.Саранчимэг 200 сая, Ц.Цогзолмаа 150 сая төгрөгийн зээл авахад нөлөөлсөн байж болзошгүй гэсэн үндэслэлээр АТГ-т шалгагдаж байна.
Авлигын мөнгөө оймсондоо нуусан дарга нар
торгуулийн ял сонсов
МХЕГ-ын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга асан Э.Аззаяа, Н.Баярсайхан нарт холбогдох авлига, албан тушаалын хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Тэд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хясан боогдуулах замаар 700 гаруй сая төгрөгийн авлига авчээ. АТГ-аас энэ хэрэгт холбогдох бичлэгийг өнгөрөгч зун олон нийтэд ил болгосон бөгөөд бичлэгт Н.Баярсайхан хахуульд авсан мөнгөө оймсондоо нуусан байсан юм.
ТЭДС-аас 72 тэрбум төгрөг залилсан гишүүдийн хэрэг шийдвэрлэгдээгүй байна
Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн нийт авлага 2018 оны есдүгээр сарын 3-ны байдлаар 132,0 тэрбум төгрөг байсан бол үүнээс 72.1 тэрбум төгрөг нь хугацаа хэтэрсэн чанаргүй зээл юм. ТЭДС-чид улсад эгүүлэн төлөх ёстой 72 тэрбум төгрөгийг залгичхаад дуугүй суусаар байна. Үүнд, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нэг тэрбум, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат 150 сая, МАН-ын генсек Д.Амарбаясгалан 1.6 тэрбум, Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг 750 сая, “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбат 2.1 тэрбум төгрөгийн урамшуулал илүү авсан гэх хэрэг хууль шүүхийн шатанд шалгагдаж байна.
Хар тамхины хэрэгт хариуцлага тооцсон тохиолдлууд
Манай улс энэ онд хар тамхи дамжуулагч орноос хэрэглэгч орны эгнээнд шилжээд байна. Үүнд нөлөөлсөн хэд хэдэн ноцтой хэрэг гарсан.
• Оны эхэнд буюу 2019 оны нэгдүгээр сард ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид олон улсын шуудан илгээмжээр хар тамхи оруулж ирсэн хоёр ч тохиолдлыг илрүүлсэн юм. Тэгвэл Нигер улсын иргэдэд холбогдох хэргийн шүүх хурал арванхоёрдугаар сард болж, тэдэнд 3-6 жилийн ял оноов.
• 2019.05.03-ны өдөр Истанбул дахь Консулын газрын ажилтан Б.Баттүшиг жолоочийн хамт 70 кг хар тамхи тээвэрлэж яваад Германд баригджээ. ХБНГУ-ын Дрездэн хотод 70 кг хар тамхийг албаны автомашинаар тээвэрлэж яваад цагдаагийн ажилтнуудад баригдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт тус улсын Прокурорын зүгээс есөн жилийн ял төлөвлөсөн гэгдэж байна.
• Монголын худалдааны атташе Т.Мөнхбат, жолооч Э.Оргил нар 2018 онд 150 мянган ширхэг сэтгэцэд нөлөөт буюу тайвшруулах, мансууруулах үйлчилгээтэй эм тээвэрлэж яваад ХБНГУ-д баригдсан. Монгол Улсын дипломатч Т.Мөнхбатад Дрезден хотын шүүх гурван жил, есөн сар хорих ял оноосон юм. Түүнтэй хамт баривчлагдсан жолооч Э.Оргилд найман сар хорих ял сонссон гэж мэдээлжээ.
• Хар тамхины хэрэгт холбогдох хамгийн сүүлийн дуулиан бол дуучин Б.Амархүүд холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,батлан даалтад гаргасан нь олны дургүйцлийг төрүүлэв.
Б.Бямбасүрэн
Б.Наранчимэг