Монголбанкнаас зохион байгуулсан “Банкны салбарын шинэчлэл” сэдэвт онол практикийн бага хурлын үеэр ХХБ-ны ерөнхийлөгч Б.Мэдрээ арилжааны банкныхнаа төлөөлж ийнхүү ярьсан юм. Тэрбээр Монголын банкны холбооны ерөнхийлөгч. Түүний үгийг уншигчдад хүргэж байна.
-Монгол банк аливаа улсын Төвбанкны адил онол, заавар журмаа хангалттай сайн хийж байгаа. Зоосон мөнгөний хоёр тал гэж харвал Төвбанк буюу сүлд тал нь сайн хийгдээд, тоо тал буюу та бүхний хамтарч ажиллах ёстой арилжааны банкийг дэмжих, ээлтэй хандах тал нь орхигдож байгаа гэдгийг шууд хэлэх нь зүйтэй болов уу. Би танхимд байгаа улсуудаас шууд асууя. Өнөөдөр Монголын нийгэмд хамгийн “Муу нэртэй, луу данстай” салбар юу вэ? Арилжааны банкууд шүү дээ. Зээлийн хүү өндөр гэж банкуудыг шүүмжилдэг. Гэтэл 1993 онд зээлийн хүү жилийн 300 хувь байсан. 300-г 12-т хуваахаар сарын 25 хувийн хүүтэй байсан. Өнөөдөр бид чардайгаад чардайгаад жилийн 17,1 биз дээ. Арилжааны банк, Төв банкны хамтраад буулгасан хэмжээ өдий зэрэгт хүрсэн. Гэхдээ хүмүүс үүнийг өндөр гэж үздэг. Яагаад гэвэл хоёр оронтой тоо. Дэлхийн олонх оронд зээлийн хүү нэг оронтой тоонд байна. Зарим нь нэг хувьтай бүр 0 ч байна.
Хамгийн түрүүнд ард түмний үзэн ядаад байгаа зээлийн өндөр хүүг бууруулах ёстой. Бууруулахын тулд банкны салбарт реформ хийх учиртай.
Цогцоор нь хийх ёстой. Цогцоор нь хийхийн тулд миний үзэж байгаагаар бол зургаан зүйл дээр Төв банк, арилжааны банкууд, Банкны холбоо хамтарч ажиллах хэрэгтэй.
Банкууд хамтарч ажиллах шаардлагатай байна
Хамгийн эхлээд банкууд хамтарч ажиллах ёстой.
Нэг, хоёр жишээ хэлье. Монгол Улс жилд 150 мянган долларын хураамж төлдөг олон улсад төлбөр тооцоог шуурхай дамжуулдаг Свифт сүлжээний гишүүн. Оросууд хамтраад мэдээллээ дамжуулж байна. 150 мянгыг хуваавал нэг банкинд хэд ногдох вэ. Зардал яаж буурах билээ. Банк бүр тус тусдаа жилийн 150 мянган ам.долларын өндөр төлбөр, хураамжийг гаднын байгууллагад өгч байхаар дундаа ашиглаж яагаад болохгүй гэж, тэгээд ч Свифт сүлжээг Монголын банкууд 24 цаг 100 хувь ашигладаггүй. Хойд хөрш Орос банк дундын Свифт бюро буюу товчоог байгуулж ажиллуулаад зардлаа хэмнээд болж л байна. Эсвэл манай монголчууд шиг дээд тэнгэрээс заяатай гээд бүгдээрээ өөрийн гэсэн пос терминалтай байж болохгүй. Дэлгүүрт ороход чинь баахан пос терминал байгаа. ХАС, Голомт, ХХБ, Хаан банкных гээд. Ийм тэнэг байж болох уу?
Дундаа хамтраад үйл ажиллагааны нэг төв байгуулаад, хэсэг мэдээллийн технологийн ажилтнуудыг ажиллуулахад яагаад болохгүй гэж. Арилжааны банкны зардал хэчнээн буурах билээ. АТМ байна. ХБНГУ бол АТМ-ийг Төв банкныхаа дор компани байгуулаад шийдэж байна. Арилжааны банкууд 80 саяыг цэнэглээд үлдэгдлийг нь тоолно. Дараа нь Монголбанк руугаа хүргүүлнэ. Буцааж наашаа ирнэ. Түүнийг нь 20 мянгат, 10 мянгат, 5 мянгат, мянгат, 500-таар касетандаа ялгаж хийнэ. АТМ-ээ цэнэглэхийн тулд нэг машин, жолоочтой, хамгаалагч, цэнэглэгч инженер гээд дөрөв, тавуулаа явдаг. Нэгэнт очиж байгаа юм чинь АТМ-ийнхээ тосолгоо арчилгааг хийнэ. Их дэлгүүрт орвол олон банкны АТМ зэрэгцээд байж байгаа. Дундаа АТМ-ийн компанитай байсан бол давхар давхарт нь АТМ-үүд байх ёстой шүү дээ. Энэ ажил яагаад хэрэгждэггүй юм бэ гэхээр дэлхийн бүх Төв банкны тухай хуульд эрх үүргийн нэг заалтыг оруулсан байдаг. Арилжааны банкны дэд бүтэц үүсгэх ажлыг гүйцэтгэх, удирдан зохион байгуулах эрхийг Төв банкинд өгдөг. АТМ дундаа байна, дундын компани байгуулна гээд Төв банк шаардахад арилжааны банкууд “Мэдлээ, гүйцэтгэе” л гэнэ шүү дээ. Бие биетэйгээ учир утгагүй өрсөлдөж байна. Төв банкныхан ийм үүрэг өөртөө авах дургүй. Яагаад гэвэл залхуу учраас. Энэ манай ажил биш гэдэг. Банкууд энэ асуудлыг шийдэж чадахгүй. Яагаад гэвэл Хаан банк 540 салбартай. Үгүй гээд гэдийчхэд бусад нь яаж ч чадахгүй. Үүнээс гадна банкууд хамтарч ажиллах шаардлагатай өч төчнөөн ажил бий.
Активыг ангилах журам батлагдвал Монгол сөнөнө
Монгол Улсад банктай холбоотой 55 хууль 69 журам байна. Эдгээр нь арилжааны банкуудад ээлгүй шахуу. Хатуугаас хатуу, чангаас чанга зүйл заалтуудтай. Одоо гарах гэж байгаа Активыг ангилах журам батлагдвал Монгол Улс сөнөлөө. Ямар ч хүн зээл авч чадахаа байна. Арилжааны банкуудын актив өөрийн хөрөнгө хамгийн наад захын тооцоогоор 600 гаруй тэрбумаар буурна. Би хэлдэг юм. Монголбанкинд их сургуулиа онц сайн дүнтэй төгссөн хүмүүс шууд ордог. Хоёр, гурван жил ажиллаад гадаадад мастер хамгаалдаг. Буцаад банкиндаа ирдэг. Практик амьдралаас маш хол тасарсан “эрдэмтэн туулайнууд” ажиллаж байна. Активыг ангилах журмыг боловсруулсан нөхөрт “Зээл олгогч чинь ийм байж болохгүй” гээд тайлбарлаад хүлээж авахгүй. Өөрсдийгөө ойлгуулж танилцуулж, үнэлүүлж чаддаггүй Банкны холбооны мэргэжлийн зөвлөлийн буруу байна уу. Монголбанкны заавар журам боловсруулсан нөхөрт буруу байна уу, бүү мэд. Ямар ч л байсан хамтарч ажиллаж, харилцан ойлголцож чадахгүй байна.
Нэг жишээ хэлье. Монгол Улсын тэмдэгтийн хураамжийн хууль гэж бий. Хэрвээ арилжааны банк бусад газар салбар нэгж байгуулбал аливаа нэгэн шимтгэл хураамж төлөхгүй гэдэг. Монголбанкнаас “Банкны нэгжийн журам” гаргасан. Хэрэв хотод салбар байгуулбал гурван сая. Ингэж банкны зардлыг нэмэгдүүлдэг. Банкны зардал нэмэгдээд байвал зээлийн хүү өсөхөд нөлөөлж л таарна. Арилжааны банк гэдэг ашгийн төлөө байгууллага. Ийм жишээ яривал олныг нуршиж магадгүй. Гэхдээ бид асуудал байна гэдгийг ярих хэрэгтэй. Монголбанкны ерөнхийлөгчийг Банкны холбооны тайлангийн хурал дээр ирэхэд арилжааны банкныхан нэг их дүмбийсэн, нэг ч асуудалгүй улсууд шиг суух юм. Тэр хүн Монголынбанкны холбоог хүндлээд ирсэн бол цагийг ашиглах ёстой шүү дээ.
Энэ 69 журам, хуульд өөрчлөлт оруулах асуудлыг жагсааж байгаад тавих ёстой. Жишээ нь: 1929-1932 онд Америкт их хямрал болсон. 1932 оны сүүлээр тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Франклин Рузвельт ажлын хэсэг гаргасан. Ажлын хэсэгт нь эрдэмтэн мэргэд судлаачид орж. Ажлын хэсгийнхнийг Рузвельт хүлээж аваад янз бүрийн асуулт тавьсан. Харилцах дансанд банкууд өндөр хүү тавьж өрсөлдөөд, зардал нь ихсээд дампуурчээ гэж нэг нь хэлсэн чинь Ерөнхийлөгч “Харилцах данс нь ямар учиртай юм бэ” гэсэн. Компанийн өдөр тутмын урсгал мөнгө нь ороод гардаг юм гэсэн. “Ийм бол утгагүй зардал” гэж л дээ. Өнөөдрийн манай урт нэртэй хуульд “Хадгаламжийн хүү төлж болно” гээд биччихсэн. Төлж ч болно, төлөхгүй байж ч болно. Тэгээд арилжааны банкууд өрсөлдөнө шүү дээ. Харилцах дансанд Голомт гурвыг төлж байна. Тэгвэл манайх 3,5 болгочихъё гэдэг. Ямар ч тооцоолол байхгүй. Харилцагч татаж байгаа царай нь тэр. Тэгэнгүүт Хаан нь дөрөв болгочихно. Хаан дөрөв болгочихсон юм чинь 4,2 болгоё гэх жишээтэй. Утга учиргүй өрсөлдөж байна. Ийм байдлаа засч залруулах ёстой. Заавар журмыг өөрчилж сайжруулж , банкууд хамтарч ажиллавал реформ хийж чадна.
Валютын ханшаас болоод зээлийн хүү өндөр байна
За одоо макро эдийн засгийн асуудлаа ярья.
Зээлийн хүү юунаас болоод өндөр байна. Инфляцаас, бодлогын хүүнээс л гэнэ. Эцэст нь би нэг л зүйлд итгэл үнэмшилтэй болсон. Валютын ханшаас болж Монгол Улсын зээлийн хүү өндөр байна. 1989 онд нэг доллар хоёр төгрөг 99 мөнгөтэй тэнцдэг байсан. Түүнийг жирийн иргэд авч бараг чаддаггүй. Зах зээлд шилжихэд 4.99 болсон. Найман төгрөг, 16 төгрөг болсон. Өнөөдөр нэг доллар 2,732 төгрөг байна.
Манай улс 90 гаруй хувь нь импортлогч эдийн засагтай орон. Зөвхөн шатах тослох материалд бид жилдээ 1,5 тэрбум ам.доллар зарцуулж байна. Хятадын свопынхоо мөнгийг төлчихвөл манайх хасах руу орно. Хятадууд манайд шахалт үзүүлэхгүй гэх баталгаа байхгүй. “Банк оф Чайна”-д лиценз өг. Өгөхгүй бол свопынхоо мөнгийг өг гэвэл яах вэ. Бид монголчууд эх оронч байх ёстой. Тийм учраас валютын ханшийг барих , төгрөгийн ханшийг чангаруулах нь чухал байна. Ерөөсөө зургаан үйлдвэр барихгүй бол эднийг дэмжсэн төрийн бодлого байхгүй бол амжилтад хүрэхгүй ээ. 1930-аад онд гарсан эдийн засгийн бодлого байдаг. Хөрш орноо ядуу байлга, хараат байлга, түүхий эдийн орон байлга гэдэг. Өнөөдөр яригдахаа байсан онол. Гэхдээ чимээгүй хийгдэж л байгаа. Манайх дэлхийд хамгийн их нефтийн нөөцтэй орон гэдгийг 1978 онд Оросын гегант геологийн онолч ирээд хэлсэн. Бидэнд нэг л жишээ эхлсэн. Танай хилийн баруун талд Хятадын Урумчийн хамгийн том нефтийн үйлдвэр байна. Зүүн урд талд чинь Дачины нефть байна. Танайд нефть лаг шиг байгаа гэсэн. Тэр бол үнэн. Яагаад өнөөдөр нефть нэрдэг үйлдвэр барьж чадахгүй байгаа юм бэ. Хоёр хөрш маань бариулахгүй арга саам хийж байгаа шүү дээ. Арга ядахдаа бид Монголын хар хайрцагны бодлогоор гурав дахь хөрш энэтхэгүүдээр бариулах тактик хэрэглэсэн. Оросууд энэтхэгчүүдтэй наймаа хийх дуртай байдаг. Энэ сиймхийг ашиглаж бид нефтийн үйлдвэр барих ёстой. Шилний үйлдвэр бас барих учиртай. Зөвхөн архи, пивоны шил авахад бид 200 гаруй сая доллар зарцуулдаг. Дээр нь цонхны шил, варень, өргөст хэмхний шил хэд болох вэ.
Бид бас зэсээ боловсруулах хэрэгтэй. Энэтхэгийн Шинэ Дели хотод баячууд нь зэсээр хийгдсэн труба хэрэглэдэг. Зэс зэвэрдэггүй, цоордоггүй, усны бохирдлыг ариусгадаг гэдэг. Монгол зэсээр баян шүү дээ. Хар төмөрлөгийн үйлдвэрт хөөрхий арматур хийгээд байгаа юм. Дээд зэргийн ган үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Төмрийн хүдэр байна. Дээрээс нь зэрэгцээ төмөр зам барих ёстой. Хятадууд туршилт хийсэн байна лээ. Тяньжинээс Монголоор дайруулаад Франкфурт хүртэл нэг контейнер явахад 13 хоног зарцуулсан. Найм хоног явах ёстой байтал тав хоног Монголд зөрлөг хүлээж алдсан. Усан онгоцоор Гамбург хүртэл Дачинаас явуулсан. 44 хонож хүрсэн. Нарийн байна уу бүдүүн байна уу хамаагүй мэргэжлийнхэн шийддэг юм байгаа биз. Монгол Улс зэрэгцээ төмөр замтай болох ёстой. Автомашинаар нүүрсээ зөөдөг байж болохгүй. Экспортын төмөр замаа барьчих л даа. Төв банк үүнийг мөнгөний бодлогоороо ч хийж чадна. Хөгжлийн банкаараа ч дамжуулж хийж чадна. Яг үнэндээ орон сууцны найман хувийн зээлийг хоёр найзынхаа хамт санаачлаад Н.Золжаргалын үед мөнгөний бодлогоор л хэрэгжүүлсэн шүү дээ. Болгоё гэвэл болно. Дандаа ОУВС-гийн үгээр явж болохгүй. Хямралын үед л санхүүгийн дэмжлэг үзүүлдэг байгууллага шүү дээ. Түүнээс биш хөгжлийг дэмждэг байгууллага биш. Макро түвшинд боловсруулах аж үйлдвэрийг барихгүйгээр валютын нөөц нэмэгдэхгүй. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөөд л явна.
Төгсгөлд нь хэлэхэд Төв банкны мөнгөний бодлогодоо тусгасан сайн засаглал, хувьцаа эзэмшигчийн хувьцааны төвлөрлийг багасгах алхам нь байх ёстой зүйл. Бүх банкууд ХК болох ёстой. Банкны тоог цөөлөх ёстой. Нэгдэж нийлэх шаардлагатай. 13 банк байна. Малайз яагаад 30 сая хүнтэй мөртлөө гурван арилжааны банктай байгаа юм. Төрийн зохицуулалт хэрэгтэй зүйл дээр байх ёстой. Бид хамтарч ажиллаж чадвал үр дүнд хүрнэ шүү.