Манай улсын мал аж ахуйн орон гэдэг. Гурван сая гаруй хүн амтай, 60 сая гаруй малтай улс чинь хөдөө аж ахуй, мал аж ахуйн орон байхаас ч өөр яалтай билээ. Харамсалтай нь хөдөө аж ахуй, мал аж ахуйгаа түшиглэсэн малын түүхий эд, арьс ширээ боловсруулах үйлдвэр өнөөдрийг хүртэл манай улсад дутагдалтай байгаа. Засгийн газраас 2018 оны аравдугаар сарын 03-ны өдөр “Жагсаалт, журам шинэчлэн батлах тухай” 291 дүгээр тогтоол гарч, малын гаралтай боловсруулаагүй түүхий эд, арьс ширийг хилээр гаргахыг хориглосон. Хилээр арьс, ширийг түүхийгээр нь гаргахгүй байгаатай холбоотойгоор “Эмээлт” захын хашаа бүрт олон мянган арьс шир хураалттай, зарим нь эхнээсээ муудаж хаяхаас өөр аргагүй болж, түүний эд ханган нийлүүлэгчид хүндхэн байдалд орсон. Энэ үеэр “Дахин хөдөө аж ахуйн орон энэ тэр гэж битгий яриарай. Малын түүхий эд, арьс ширээ боловсруулах үйлдвэрүүдээ хөгжүүлж чадахгүй арьсаа хог болгон хаяж байгаа улс манайхаас өөр байхгүй” хэмээн иргэд бухимдлаа илэрхийлж байсан. Тэгвэл өнөөдөр Эмээлт зах дээр бодит байдал ямар байгааг өдрийн сурвалжилгаараа онцолж байна.
Энд уул талаар нэг дэлгэчихсэн байсан урьдны адил дүр төрх биднийг угтсангүй. Арьс ширээ хураагаад эмх цэгцтэй болгочихсон бололтой. Эх үрсийн баярын дараах өдөр болоод ч тэр үү энэ хавьд эль хульхан байв. Зам дагуух хэд хэдэн хашаанд адууны шир овоолгоостой харагдах боловч хариуцсан хүн нь алга. Хэд хэдэн газар энэ байдал давтагдсаны эцэст адууны арьсыг агуулахаас зөөж, дэлгэн хатааж байгаа хүмүүстэй таарав. “Адууны арьс ширээ хэрхэж байгаа талаар нь асуухад “Бид мэддэг хүмүүс нь биш, зөвхөн агуулахаас гаргаж хатаах ажлыг нь хийж байна” гэв. Эндээс муудсан малын сэг зэмийн үнэр сэнгэнэж, ялаа бужигнасаар байв. Зарим арьсаа дээр дээрээс нь овоолж багшралдуулан хатаасан харагдана. Үнэхээр эдгээр арьсыг боловсруулж ашиглахгүй л юм бол малаас гарч байгаа өндөр ашиг шимтэй түүхий эд хэмээн нэрлэхэд хэцүүхэн харагдаж байв. Ингээд мөн л их хэмжээний арьс овоолохыг нь овоолж, дэлгэхийг нь дэлгэсэн нэгэн хашаанд ирлээ. Адууны ширийг арваннэгдүгээр сарын 01 хүртэл гаргах Засгийн Газрын шийдвэр гарсантай холбоотойгоор эхний арьсаа БНХАУ-руу гаргаад эхэлчихсэн байгаа хэмээн Б.Доржсүрэн ярилаа. Тэрээр үргэлжлүүлэн ярихдаа “Дотоодын үйлдвэрүүд хөдөө орон нутгаас ирж байгаа исгэлттэй ширээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж болохгүй байна. Гэмтэл байхгүй арьсыг л үйлдвэрийн аргаар боловсруулах боломжтой. Хамгийн гол нь хот хөдөө гэлтгүй нядалгаа хийж байгаа хүмүүс малынхаа арьсыг гэмтэлгүй авах хэрэгтэй. Цоорч, урагдаж байгаа нь хамаагүй мэтээр хандах нь үйлдвэрийн боловсруулалтад сөрөг нөлөө үзүүлдэг. Эмээлт орчим хураалгаастай байгаа арьсны 15-20 хувь нь гэмтэлгүй байгаа. Үлдсэн нь бүгд гэмтэлтэй. 2016 оны аравдугаар сарын 01-нд хамгийн сүүлд БНХАУ-руу адууны арьс түүхийгээр нь гаргасан. Түүнээс хойш Эмээлт орчимд үйлдвэрийн аргаар боловсруулах боломжгүй гэмтэлтэй арьсны нөөц 700-800 мянгад хүрээд байсан.
Эдгээр арьсыг муутгахгүйн тулд давслах эсвэл хатаах арга бий. Давслах аргыг нь хэрэглэхээр нэг арьсанд 5-7 килограмм давс ордог. Нэг килограмм давс 200 хүртэлх төгрөгийн үнэтэй байна. Үүн дээр ажлын хөлсөө нэмэхээр сүүлдээ давсныхаа үнийг дийлэхгүй хэмжээнд очсон. Манайд гэхэд давсалж хадгалсан 40-50 мянган арьс бий. Ингээд үлдсэнийг нь наранд хатаах байдлаар арьс ширээ хадгалж байна. Наранд хатаасан арьс зургаан сарын хадгалалт даадаг. Харин давслахад хоёр жил хүртэлх хугацаа даадаг. Сүүлийн үед давс олдохгүй, байгаа арьсаа дэлгэж хатаагаад, заримыг нь хатааж амжилгүй хэдэн зуун арьс хаягдсан. Хог хаягдал зөөдөг ТҮК-ийн машинаар бишгүй зөөсөн. Нэг машин нь 150 мянган төгрөгөөр ачиж Улаанчулуутын хогийн цэг дээр аваачиж хаядаг. Эмээлт орчимд байсан 800 мянган орчим арьсны 300 орчим мянган нь хаягдсан. Засгийн Газрын шийдвэр гарч, хэрэгжиж эхэлснээс хойш долоо хоног орчим болоход БНХАУ-руу эмээлт орчмоос одоогоор найман машин арьс ачуулаад байна. Нэг машинд 3000 орчим арьс ачуулсан. Ямартай ч эхний хоёр машин нь хил давчихсан байна. Хятадын тал хог хаягдал хүлээж авахгүй гэсэн зарчимтай болохоор Мэргэжлийн хяналтын байгууллага нь маш өндөр шаардлага тавьж байна. Манайхаас нэг ширхэг адууны арьсыг 27-28 юанийн ханшаар авч байна. Бид Засгийн Газраас гаргасан тогтоолыг үр дүнтэй байлгахын тулд эхний байдлаар арьс ширээ гаргаж эхлээд байна. Цаашид улам их үр дүн гарах байх. Ямартай ч арваннэгдүгээр сарын 01 хүртэл арьс ширээ гаргачхаад түүнээс цааш хаягдал арьс шир боловсруулдаг үйлдвэрийг эх орондоо оруулж ирэх талаар сонирхож байна. Хаягдал арьсыг цавууны үйлдвэр болон бусад ашиглаж болох үйлдвэрийг судалж байна. Хэдийгээр санал санаачилга байгаа боловч жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжих сангаас олгодог хөрөнгө санхүү нь бидэнд олдох эсэхийг мэдэхгүй л байна. Одоо л төр, хувийн хэвшлийнхэн хамтарч бодлого боловсруулж хэн хэнийгээ дэмжих замаар түүхий эдийнхээ зах зээлд хөгжил авчрах хэрэгтэй байна” гэв.
Хонины ноос нэг килограмм нь 300-500 төгрөгийн үнэтэй байна
Эндээс холгүй харагдах агуулахын үүдэнд хонины арьс ачсан хоёр портер машин зогсоно. Ойртоод очвол 10 орчим хүн нэг агуулахад хонины ноос хайчилж байв. Эмээлт зах дээр хонины нэхийг нэг килограммыг нь 300-500 төгрөгөөр үнэлэн авдаг байна. Ингээд авсан арьсныхаа ноосыг нь 700 төгрөгний хөлс өгч хүмүүсээр хайчлуулдаг гэнэ. “Малаас гарч байгаа түүхий эд бүрийг боловсруулдаг улс орон болно гэсэн хаана байна. Ямар ч нэгдсэн бодлого манай улсад алга. Наад зах нь арьс ширийг боловсруулах анхан шатны тордлого буюу агааржуулалттай агуулах алга. Олон жил энэ тал дээр төрийн дэмжлэгийг хүссэн боловч өнөөдрийг хүртэл ямар ч үр дүн алга. Тийм байхад арьс ширээ норм, стандартын дагуу хадгалах хамгаалах талаар яриад ч хэрэггүй биз дээ. Бид нэгээс хоёр сар арьсаа давслаад хадгалдаг боловч түүнээс цааш ягаан туяа суугаад, давс арьсаа түлээд эхэлдэг. Өдөрт манайх ойролцоогоор 200 ширхэг хонины арьс авдгаас, 100 ширхэг хонины ноосыг нь салгадаг. Хонины арьсны ноосыг нь аваад зулгарсан арьсыг нь “Улаанчулуут”-ын хогийн цэг дээр аваачиж хаядаг. Одоогоор БНХАУ-ын худалдаачид хонины ноос авч эхлээгүй байна. Тэд ноос аваад эхэлбэл ноосны үнэ нэмэгддэг. Тэр үеэр ажилчдын цалин ч нэмэгдэх боломжтой. Одоо бол монголчууд өөрсдөө л ноосоо авч байгаа” гэдгийг ханган нийлүүлэгч Г.Дамдиндорж хэллээ.