Ц.ХАС
УИХ-ын сонгууль болоход хагас жил хүрэхгүй хугацаа үлдэж, эрх баригч МАН ямар ч байсан өөртөө ашигтай хувилбар хэмээн томсгосон тойрог бүхий хууль баталчихлаа. Одоо томсгосон яг хэдэн тойрог байх, аль тойрог нь хэдэн мандаттай байхыг ид хэлэлцэж байна. Мэдээж өөрийнх нь намын хүнийг найдвартай гаргадаг аймаг, хотын тойрогт олон мандат тавих нь ойлгомжтой. Нэгэнтээ л “хэнд эрх мэдэл байна, түүнд хилэнц бий” гэдэг болохоор МАН юуны төлөө УИХ-д дийлэнх олонх 64 суудалтай билээ.
Хуулиар ингэж өөртөө хэчнээн давуу эрх бий болголоо ч гэсэн монголчуудын хэлдгээр “муу нэрийг хусавч арилахгүй” гэгчээр 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө 100 хувь ухарч өчнөөн төрлийн татвар нэмснийхээ хажуугаар төрийн өндөр албанд очсон хүмүүс нь толгой дараалан ард түмний хөрөнгө мөнгөнөөс хулгай тонуул хийж, төрийн нэртэй бага хүүтэй зээл олгодог хэдэн санг хоослоод, түүнийгээ өндөр хүүтэй зээлүүлдэг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан мөнгө хүүлсэн хэрэгт холбогдсон нь ирэх сонгуулиар сөхөгдөх гээд байдаг. Дээр нь энэ л намаас төрийн дээд байгууллага УИХ-д суусан гишүүдээс хүүхэн хүчиндсэн, нийгмийн даатгал зэрэг ард түмний мөнгийг банкиндаа хадгалах нэрээр дампууруулж, завшсан гээд булай бүхнийг гаргасан нь чин шударгаар явбал сонгуульд ялах найдварыг нь тун бага болгож байгаа.
Энэ бүхнийгээ цайруулах гэж өмнө хэдэн жилд ширэн нүүрлэж, хүүхэд багачууд, өрх айлыг ялгаварлан өгөхгүй байсан хүүхдийн мөнгөө хүүхэд бүрт өгөх болж, наснаасаа өмнө бага тэтгэвэр тогтоолгосон 21 мянган эхийн тэтгэвэр дээр 50 мянган төгрөг нэмж, тэтгэврийн зээл авсан 229 мянган ахмадын 763 тэрбум төгрөгийг тэглэхээр болж буян амлалаа.
Энэ бүхэн ч яах вэ ард иргэдийн төлөө, зээлийн хүүд дарагдаж, амьдрал ахуй нь хүндрээд байгаа хүмүүсийн сайн сайхны төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ гэж ойлгож болох юм. Гэтэл одоо эрх баригч нам ирэх сонгуулиар луйвар булхайгаа ил цагаан хийж, төрийн албыг сонгуулийнхаа ажилд бүхэлд нь татан оролцуулж дайчлахаар бүр улаандаа гарч байгаагаа өдөр ирэх тутам харуулах болов.
Эрх баригчид оны эхнээс төрийн албан хаагчдын цалинг найман хувиар нэмэх шийдвэр гаргалаа. Төрийн алба гэх ч үнэн хэрэгтээ 2016 оны сонгуулийн дараа АН-ын нэртэй бүхнийг хоморголон халж байж тухайн алба ажлыг бүү хэл, бичиг үсэг ч муухан мэдэх ах дүү, амраг садан, найз нөхдөө төрийн албанд шургуулаад, тэд нь дөрвөн жилийг бохь зажлан, төрийн мөнгөөр гадаадад зугаалан, хувийн амьдрал ахуйгаа дээшлүүлсээр өнгөрсөн ч одоо сонгуулиар хамгийн хэрэгтэй хүмүүс болж хувирдаг болохоор ийн цалинг нь нэмж саймширч байгаа нь энэ.
Одоо дөрвөн жил зүгээр сууж, МАН-ын гар хөл болчхоод, цалингаа нэмүүлчихсэн энэ хүмүүс ирэх сонгуулиар ёстой хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөөд л энхрий хайрт намынхаа нэр дэвшигчийг гэмт хэрэгтэн байсан ч магтаад л явахаас яах вэ. Үүний өмнө МАН, ер нь намууд улс төрийн нөхцөл байдлыг хэлэлцэж хуйвалдахдаа энд тэндхийн амралтын газар цуглаж ярьцгаадаг байсан бол одоо хилийн дээс алхаж харьд энэ бүхнээ ярьдаг болж.
Ердөө нэг жилийн өмнө намын дарга, УИХ-ын спикерээ унагаах гэж хөхөө өвлийн хүйтнээр эсэргүүцлийн жагсаал цуглаан зарлаж, “М.Энхболдыг л огцруулчихвал улс орон сайхан болно” хэмээн хоолой цахиртуулан хашхирч, “Би үүний төлөө ямар ч албан тушаал авахгүй” гэж цээжээ дэлдэн “ардын баатар” царайлж явснаа төдхөн ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд болчихсон яваа Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр аймгийн Засаг дарга нарыг дагуулан Энэтхэг улсад аялж, амарч “хор найруулж” явна.
Үүнийг “Засаг дарга нар нь улс төрийн албан хаагч юм чинь” гэж хариулах ч үнэндээ тэдний гараар бүх шатны Засаг дарга нар, төрийн албан хаагчдыг хөдөлгөж сонгуулийн луйварт ашигладаг. УИХ-ын сонгуулиар булхай луйвар хийх, мөнгө тараах ажлын бэлтгэл үүгээр дуусахгүй нь бололтой.
Нийслэлийн Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан дарга ч бас хайрт намаа сонгуульд ялуулахын тулд ард түмний хөрөнгийг хайрлахгүй нь бололтой. “Авто замын татварыг нэмэхгүй юм бол бид шинээр зам тавьж, засварлахгүй” гэж томорч олон нийтийг хохироож байсан энэ хүн өөрийн гар хөл бологсдыг сонгуулийн өмнө 345 сая төгргөөр гар цайлгаж намдаа туслахаар шийдвэрлэж. Гэхдээ ямар “сонгуулиар намынхаа төлөө сайн ажиллаарай” гэлтэй биш аятайхан шалтаг гаргасан гэж байгаа.
Энэ талаар НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд “Төрийн байгууллагууд тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Хэсгийн ахлагч, хорооны дарга, дүүргийн Засаг дарга нар Нийслэлээс гаргасан стандартыг мөрдүүлэх, хэвшүүлэх чиглэлээр хариуцлагатай ажиллах ёстой. Тухайлбал, хэсгийн ахлагч нар хариуцсан хэсэгт стандартын ямар зөрчлүүд байна, түүнийг хэрхэн арилгах талаар мэдээлэл өгөх ёстой. Ирсэн мэдээллийг мэргэжлийн байгууллагууд тодорхой хугацааны дагуу арилгана. Ингээд тэрхүү зөрчлийг шахаж, шаардан, бүрэн арилгуулсан дүүргийн удирдлага, хороодын дарга, албан хаагчид, хэсгийн ахлагч нарын багт болон зөрчил дутагдлыг зохих журмын дагуу арилгасан байгууллагад улиралд нэг удаа дээд тал нь 10 сая төгрөгийн урамшуулал өгнө. Энэхүү урамшуулалд нийт 345 сая төгрөг төсөвлөсөн” гэж тайлбарлажээ.
Нэг талаар инээдтэй ч юм шиг, нөгөө талаар уур хүрмээр ч юм шиг ийм тайлбарыг юу гэж ойлгох вэ. Ёстой энэ хүмүүсийн чадал чансаа, ур чадвар нь ямар хэмжээтэй болохыг харуулж байна гэхээс өөр юу гэх вэ. Уг нь энэ хүний хэлээд байгаа “ажил, гавьяа” нь зүгээр л тухайн хэсэг, хороо, дүүргийн засаг дарга нарын ажил үүргийн хуваариар хүлээсэн хийх ёстой ажил нь, үүнийхээ төлөө цалин авч байгаа баймаар юм. Гэтэл үүнийгээ хийсний төлөө бас улирал бүр шагнал авна гэдэг гайхмаар. “Хэсгийн ахлагч нар хариуцсан хэсэгт стандартын ямар зөрчлүүд байна, түүнийг хэрхэн арилгах талаар мэдээлэл өгөх ёстой” гэсэн нэг өгүүлбэр бас байна. Үүнийг уншихаар бүр алмайрмаар. Ер нь тухайн ажил хариуцсан хүн, өөрийн хариуцсан хэсэг, хороонд юу болохгүй байна, түүнийг ажил хариуцсан байгууллагуудад нь тавьж, шийдвэрлүүлж байх үүрэгтэй баймаар.
Гэтэл үүнийг олж харж, дээд байгууллагадаа “мэдээлэл” өгсний төлөө, “манай хэсэгт хоёр айлын цахилгаан тасраад байна” гэж нэг хуудас цаас үйлдсэнийх нь төлөө найман сая төгрөгийн урамшуулал өгөх юм байна. Улаанбаатар хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын арга С.Төмөрдуламын хэлж байгаагар бол хороо хэсгийн дарга “манай эндхийн хүүхдийн тоглоомын талбай, тоглоомууд стандартын бус байна” гэж мэдээлэхэд л найм юм уу, арван сая төгрөгийн урамшуулал авах юм байна.
Нөгөө талаас нь харах юм бол дээр үед МАН-ын ажиллуулж байсан “мэдээлэгч”-ийн маягтай ч юм шиг. Хэнийх бурхан тахилтай байна, хэн гэртээ зул барьж байна, ямар хүн төр засгийг, удирдагчдыг муу хэлж байна, Р.Чойномын шүлгийг хэн уншиж байна, барууны хөгжим хэнийх сонсч байна гэдгийг намын байгууллага, Дотоод яамныханд очиж мэдээлдэг үүнийх нь төлөө урамшуулал өгдөг туршлага МАН-д олон жилийн турш хуримтлагдсан, өнөө ч зарим хэлбэрээр байж л байгаа.
Ер нь МАН-ын хороо, хэсгийн дарга нар нь мэдээлэгч л дээ. Аргагүй анхан шатанд ажил хариуцаж байгаагийн хувьд айл өрх, хүнээ мэднэ. Хэнийх манай МАН-ыг дэмждэг, хэнийхээс хэн нь АН-ыг, бусад намыг дэмждэг гэдгийг нарийн судалгаагаар мэднэ. Ийм судалгаа тооцоотойнхоо хүчинд энд тэндээс ирсэн тусламжийн бараа, элдэв төрлийн хөнгөлөлттэй зээлийг өөр намыг дэмжигчдэд алдчихгүй өөрийн намыг дэмжигчид, тойрон хүрээлэгчдэдээ тараадаг.
Хороо, хэсгийн дарга нар аливаа сонгуулиар хамгийн гол үүрэг гүйцэтгэдэг зүтгүүр хүч болдог. Айл хүнээ мэддэгийн хувьд хэн сонгуульд саналаа өгдөг, хэн өгдөггүй, хэнд мөнгө хэрэгтэй, хэдэн төгрөг өгвөл саналаа худалдах зэргийг нарийн мэддэгийн хувь намаас нэр дэвшигчийн жинхэнэ шадар туслах, гарын үзүүрийн зарц болж, өнөө мөнгийг нь тарааж түгээх ажлыг эд хариуцан зохион байгуулдаг. Өмнө болж байсан сонгуулиар чухам ийм ажил хийж, үүнийхээ хайр шагнал болгон зарим нь ийм ажилд орсон бол зарим нь хэдэн жилээр үргэлжлүүлэн хийж байгаа.
Нөгөө нэг зүйл бол МАН энэ удаа нийслэл хотод онцгой анхаарахаар болсон нь үүнээс харагдаж байна. МАН-ын сонгуулийн амлалтаасаа ухарсан, эрхэм түшээд нь ямар ямар гэмт хэрэг өдүүлсэн, ямар сан, хөрөнгөнөөс луйвар булхай хийж, давуу эрхээ ашиглан мөнгө төгрөг авч завшсан гээд хамаг булай бүхний нь талаар нийслэл хотынхон, хөдөөгийнхнөөс арай илүү мэдээлэлтэй байгаа. Тийм болохоор одоо өөрсдийн нь батлахаар тооцоолоод байгаа нийслэлийн 23 мандат буюу УИХ-ын гуравны нэгээс илүү суудалтай нийслэл хотод онцгой анхаарч ажиллахыг хөөрхий С.Амарсайханд өгсөн нь тэр.