Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Хүн үхэхийг “нохой хуцсан чинээ тоодоггүй” эрх баригчид хэзээ биднээс уучлал гуйх вэ

 Засгийн газрын түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 62 дугаар тогтоол хэрэгжиж эхэлснээс хойш долоон хүүхэд, найман том хүн нас барж, мянга гаруй иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр угаарт хордоод байна. Гэсэн ч өнөөдрийг хүртэл төрийн гурван өндөрлөг, эрх баригчид өөрсдийнх нь хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдсан иргэдээсээ албан ёсоор уучлал гуйсангүй. Хариуцлага алдсан хэн нэгэн албан тушаалтанд ямар нэг арга хэмжээ авсангүй.

 Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн явдлыг “нохой хуцсаны дайтай ч тоохгүй” сууна. Сүүлдээ бүр угаартаж амиа алдсан иргэдийг “яндангаа авч, өрхөө бүтээсэн” гэх мэтээр даапаалж, хэвлэл мэдээллийн хэрэгслийн амыг барих боллоо. Хотын дарга хохирогч нарын ар гэртэй уулзах график гаргасан ч өнөөдрийг хүртэл таг чиг. Уулзсан бол гавьяа байгуулсан аятай мэдээлж л таараа. Гурван настай зээ охиноо алдсан Л.Галбадрах өвөө өнөөдрийг хүртэл хотын даргыг хүлээсээр...

 Эрх баригчдад угаарын хийнд хэчнээн хүн хордож үхсэн нь биш, ирэх сонгуулиар утааг 50 хувь бууруулсан гэж “попрох” л илүү чухал байгаа бололтой. Тэр үед утаа ч жамаараа арилсан байна шүү дээ. Зорилго нь аргаа зөвтгөдөггүй гэдэг. Хэдийгээр утааг бууруулах эцсийн зорилго хэдий сайхан ч үүнд хүрэхийн тулд хэчнээн хүний амийг золиослох ёстой вэ. Мэдээж, утааны эсрэг тэмцэл нэг алхам урагшилсан уу гэвэл урагшилсан. Гэхдээ үүнээс болж гуравхан сая иргэнтэй Монгол Улс хэдэн хүнээ золиослох ёстой болж байна. Эрх баригчид асуудлын учир шалтгааныг олж, яаралтай зохих арга хэмжээг авахын оронд үүгээр далимдуулж ямар бизнес хийж болох тухай бодож суугаа нь харамсалтай. Тэд эхний ээлжинд арваннэгдүгээр сарын 1 гэхэд айл бүрийг утаа мэдрэгчээр хангахын тулд зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Үүний цаана хэний, ямар бизнесийг дэмжих тухай яриа өрнөж буй биз. Тэднийг ханцуйн дотроо наймаалцаж суух хооронд хэдэн хүн угаартаж, хордож, амиа алдах ёстой юм бэ. Үүний дараа зуун мянган айлын зуухыг солих тухай бизнес яригдах бололтой.

 2020.01.15-16-нд шилжих шөнө
 Хамгийн сүүлд гэхэд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд оршин суух гэр бүлийн хосууд угаарын хийнд хордож, нөхөр нь болох 21 настай иргэн амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Харин эхнэр нь ухаангүй, Хордлогын эсрэг үндэсний төвийн Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байна. Хохирогч нарын ар гэрийнхэн “Охиноо ухаан ортол хэл ам хийгээд яах вэ, гэхдээ энэ асуудлыг чимээгүй орхихгүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн бөгөөд хосууд нэг настай хүүгээ хөдөө явуулсан байжээ.
Харин энэ талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Угаартсан хосууд яндангаа зуухнаасаа салган, өрхөө бүтээсэн байсан” гэдэг мэдээллийг яаран хийсэн нь иргэдийн дунд эргэлзээ, шүүмжлэл төрүүлж эхлээд байна. Учир нь галаа түлчхээд яндангаа сугална гэдэг бол “Амиа хорлож байгаа үйлдэл” гэдгийг хүн бүхэн мэдэх билээ.

2019.12.26-ны өдөр
 Он солигдохын өмнөхөн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд нэг айлын гурван хүүхэд угаартаж, 11 настай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг гарсан. Болсон явдлын талаар манай сурвалжлагч хүүхдүүдийн аав н.Шинэбаяраас тодруулахад, “Тэр өдөр 13:00 цагийн үед нүүрсэндээ явахаар гэрээсээ гарсан. Манайх гэрт амьдардаг л даа. Өглөө нь шахмал түлшээ хийдгээрээ хийсэн. Намайг 14:20 цагийн үед гэртээ эргэж ирэхэд хүүхдүүд бүгд ухаангүй байсан. Бага хүү орон дээрээ, том охид газарт амнаас нь хөөс сагасан, гар нь таталт өгсөн байдалтай байсан. Талийгаач охин маань ямар ч хөдөлгөөнгүй. Түргэн тусламж дуудахад миний утаснаас ачаалалтай байна гээд болохгүй байсан. Тэгэхээр нь том охин руугаа залгаад “Болохоо байлаа. Түргэн тусламж дуудаарай” гэж хэлсэн. Охин Хонхор тосгоныг хариуцдаг түргэн тусламжийн дугаарт холбогдож дуудлага өгсөн. Түргэн ирэх гэж нэлээд удах шиг болсон. Тэр хооронд цаг алдаагүй бол охин минь эсэн мэнд байх байсан ч юм болов уу гэж бодогдох юм (Уйлав). Ах нь үүнээс өөр юм одоогоор ярьж чадахгүй нь” гэсэн байдаг.

2019.12.20-ны өдөр
 ЭХЭМҮТ-д хоёр сартай хүүхэд хүргэгдэж ирээд эмнэлгийн тусламж авч чадалгүй амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг Орбитын … тоотод оршин суух 37 настай эмэгтэй 1-12 насны дөрвөн хүүхэдтэйгээ гэртээ угаартаж, яаралтай түргэн тусламжаар ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ч эмэгтэйн бага хүү амьсгал хураасан байжээ. Тухайн өдөр хэргийн газраас цагдаагийнхан ус, агшаасан будаа, сайжруулсан шахмал түлшний дээж авч шинжилгээнд явуулсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж эхэлжээ.

2019.11.26-28-ны өдрүүдэд
 Угаарын хийн хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон 18 өрхийн 40 иргэн Яаралтай түргэн тусламжийн төвд иржээ. Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Аравдугаар сарын эхний байдалтай харьцуулахад иргэд дуудлага өгөх нь эрс багассан. Эмнэлэгт хандсан иргэдийн хувьд яндангийн цооролт, хавхлагаа хаасан, пийшин зуухны битүүмжлэл муу зэргээс болж угаартсаныг мэргэжлийн байгууллагынхан тогтоосон” гэв.
Мөн эдгээр өдрүүдэд Сонгинохайрхан дүүргийн иргэн 38 настай залуу угаартаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Мэргэжлийн байгууллагынхан газар дээр нь очиж ажиллахад тухайн иргэн гэртээ засвар хийж байгаад яндангаа цонхоор гаргаагүйн улмаас амь насаа алдсан гэжээ.

2019.11.6-7-нд шилжих шөнө
 Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороонд оршин суугч ээж хүү хоёр угаартаж, 10 настай хүүхэд нь нас баржээ. Тухайн айлд нийслэлийн Онцгой байдал, мэргэжлийн хяналтын газрын алба хаагчид үзлэг, шинжилгээ хийсэн бөгөөд тус айл яндангаа зуухнаасаа салгаж, өрхөө бүтээсэн байсан. Тиймээс энэ хэргийг угаарын хийн хордлого мөн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтоогоод дараагийн шатны байгууллага руу шилжүүлнэ гэдэг мэдээллийг өгч байжээ.

2019.11.1-2-нд шилжих шөнө
 Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт 25 настай залуу гэртээ угаартаж нас барсан байдалтай олджээ. Гэвч эх сурвалжийн мэдээлснээр 25 настай залуу гэртээ нэг эмэгтэйн хамт байсан бөгөөд гал түлчхээд, зуухнаас яндангаа авсны улмаас угаартаж нас барсан нь эхний дүгнэлтээр тогтоогдсон гэв. Тиймээс энэ хэргийг гадны нөлөөтэй, хүн амины хэрэг байж болзошгүй гэж үзэн, цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж эхэлсэн хэмээн мэдээлж байв. Дээрх хэргийн мөрөөр манай сонины сурвалжлагч 25 настай талийгаачийн ар гэрийнхэнтэй уулзаж тодруулахад, уг мэдээллийг “Эрс үгүйсгэсэн” юм.

 Харин дээрх хоёр хэргийн талаар нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй хэлэхдээ “Сүүлийн үед хордлогын дуудлагын шалтгаан нь яндангаа салгасан, өрхөө бүтээсэн гэсэн тохиолдол хэд хэд гараад байна. Монголчууд хуучин уламжлалаар өрхөө бүтээхдээ яндангаа салгадаг. Харамсалтай нь, шахмал түлш хэрэглэж байх үед гэрийн өрхийг хэзээ ч бүтээж болохгүй гэдгийг иргэддээ онцгой анхааруулж хэлмээр байна. Дээрээс нь янданг салгах нь битгий хэл пийшин зуухны завсар сиймхийг сайтар бөглөх, агаар сэлгэлтийг байнга шалгах, хаалт сойлтыг хааж хонохгүй байх ёстой. Гэтэл иргэд шахмал түлш галлаж хонохдоо, яндангаа салгаж өрхөө бүтээж хоносноос хүндээр хордсон тохиолдол хэд хэд бүртгэгдлээ” хэмээн ярьсан юм.

2019.10.18-19-нд шилжих шөнө
Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд байрлах нэгэн нийтийн байранд ээж охин хоёр гэртээ угаартаж, гурван настай охин харамсалтайгаар нас барж, охины ээж 33 настай У нь Хордлогын үндэсний төвийн Эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлж байв. Болсон явдлын талаар зээ охиноо алдсан Л.Галбадрах ярихдаа, “Би дөрвөн настай охиноо нөгөөдөр оршуулах гэж байна. Ээж нь сэхээнд амьдрах магадлал тавхан хувьтай байна. Ийм байхад бид тэр хортой түлшийг түлж чадах уу. Төр засгаас нэг ч хүн “Хүүе хаая” гээд ирсэнгүй. Хэвлэлээр “Утаанаасаа салах дургүй хүмүүс шахмал түлшний талаар цуурхал тарааж байна. Галаа түлж чаддаггүй хүмүүс үхэж байна” гэж биднийг доромжилж байна. Бид өчнөөн жил нүүрсээ түлээд амьд мэнд яваад ирсэн. Тэр хүмүүс өөрсдөд нь үхэл хагацал тохиолдоогүй учраас өнөөдөр ингэж чулуун зүрх гаргаж, биднийг доромжилж байна. Гомдолтой байна, энэ төрөөс охиныхоо амийг нэхнэ” гэж байв.

2019.10.14-ний өдөр
 Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 30-60 орчим насны гурван хүн угаартаж, 30 орчим насны эмэгтэй хүн нас барсан байна. Хэргийн газарт эмэгтэй 29 настай Г ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байжээ. Харин талийгаач эмэгтэйн аав болох эрэгтэй 60 настай Ж.Г болон ээж эмэгтэй 60 настай М.Ж нар угаартсан гэх оноштойгоор Цэргийн нэгдсэн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байв.
Уг дуудлагаар НМХГ-ын хэлтсийн дарга, галын байцаагч, галын шинжээч, нийслэлийн Агаарын чанарын албаны ажилтан нар байлцаж шалгалтын ажиллагаа явуулсан. Харин хохирогч нарын гэрээс баримтаар зуухнаас түлшний үнс, сайжруулсан түлш, “Сайжруулсан сайн түлш” гэсэн нэршилтэй шуудай зэргийг хураан авч шалгалтын ажиллагааг явуулж байна. Хамгийн харамсалтай нь талийгаач 29 настай Г нь гурван сартай жирэмсэн байсан бөгөөд урьдчилсан байдлаар угаартсан гэх шинжилгээний хариу гарчээ.

2019.10.7-ны өдөр
 Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд нэг өрхийн 20-58 насны гурван хүн угаарын хийнд хордсоноос 28 настай эмэгтэй амь насаа алдсан байж болзошгүй хэрэг явдал гараад байна. Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “2019 оны аравдугаар сарын 7-ны 11.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад хүн угаартаж амиа алдсан хэрэг бүртгэгдсэн” гэжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байсан бөгөөд талийгаачтай хамт байсан хоёр хүний нэг нь ухаангүй, нөгөө нь босч чадахгүй байсан.

2019.10.4-ний өдөр
 Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байсан ээж, хүү хоёр аравдугаар сарын 4-ний өдөр угаартаж, эмнэлгийн яаралтай тусламж авсан ч ээж нь харамсалтайгаар амиа алджээ. Хүү нь 15 настай бөгөөд биеийн байдал хүнд, шоконд орсон байдалтай байв. Болсон явдлын талаар хүүгийн ахаас тодруулахад, “Тэр үед ээж дүү хоёртойгоо хамт байгаагүй болохоор нарийн хэлж мэдэхгүй байна. Ямартаа ч тэр өдөр ээж дүү хоёр маань угаартсан байдалтайгаар 17:00 цагийн орчим харьяа эмнэлэгт хүргэгдэн ирсэн юм билээ. Энд шаардлагатай эмчилгээнүүдийг хийж Эх нялхасын эрүүл мэндийн үндэсний төв рүү шилжүүлсэн” гэжээ.

2019.10.4-5-нд шилжих шөнө
 Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд оршин суух гэр бүл угаартсаны улмаас хоёр хүүхэд нь амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ах нь дүүгээ уйлаад байна хэмээн аав руугаа залгаж хэлсэн бололтой. Тухайн үед эмээ нь хоёр хүүгээ хараад үлдсэн байсан гэнэ. Аав, ээж хоёр нь яаран очиход орон дээрээ ухаангүй хэвтэж байсан гэнэ. Эхнэр нь бага хүүхдээ хараад, нөхөр нь түргэн дуудахаар явжээ. Ингээд 20-30 орчим минутын дараа ирэхэд гурвуулаа ухаан алдчихсан байсан. Нэмээд хүүхдүүдээ хараад үлдсэн ээж нь ухаан алдсан байжээ. Түргэний эмч ирээд эмээ, ээж хоёрыг нь ухаан алдсан байна хэмээн эмнэлэг рүү авч явсан аж. Харин хоёр хүүхдийг амьсгал хураасан байна” хэмээн хэлжээ.

 Мөн энэ өдөр хамаатны ахаа алдсан СХД-ийн 26 дугаар хорооны иргэн Н.Ганчулуун ярихдаа, “Манайх ээжийнхтэйгээ зэргэлдээ байшинд амьдардаг. Өнгөрсөн баасан гарагийн өглөө би зургаан цагаас ажилдаа явсан. Төд удалгүй эхнэр маань араас утасдаж ээж, төрсөн ах, хамаатны ах гурав ухаангүй байгааг хэлсэн. Би замдаа түргэн дуудаад очиход түргэн ирсэн байсан. Хамаатны ахыг нас барсныг хэлээд ээж, ах хоёрыг маань Хордлогын үндэсний төвд авчирсан. Биеийн байдал нь арай дээрдсэн. Хамт байсан ахыг нас барсныг мэдээгүй байгаа. Нөхцөл байдал маш хүнд байна. Цагдаа болон мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой комиссынхон гээд хүмүүс хоёр өдөр цувж ирээд болсон явдал, сайжруулсан түлш хэрэглэсэн болон ямар зуухтай талаар асуусан. Ээжийнх төслийн “Өлзий” зуухтай, олон жил нүүрс түлсэн. Угаартахгүй байх нөхцөлийг бүрдүүлсэн л гэж бодож байна. Тэр өдөр анх удаа сайжруулсан түлш хэрэглэсэн” гэв.

2019.10.5-ны өглөө
 Мөн энэ өдрийн өглөө 06:00 цагийн орчимд Сонгинохайрхан дүүрэгт 60 орчим настай эрэгтэй тус түлшинд угаартаж амь насаа алдсан байж болзошгүй байдалтай олджээ.

 Нүүрстөрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

 Угаартаж амиа алдсан иргэдийн талаар нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга Д.Ядамдорж танилцуулахдаа, “2019 оны аравдугаар сарын 4-29-нийг хүртэлх хугацаанд иргэдээс ирүүлсэн сайжруулсан шахмал түлшний угаарын хийнд угаартсан гэх 471 дуудлага бүртгэгдсэнээс 198 дуудлага нь угаарын шинжгүй, 273 дуудлага нь угаартаж хордсон шинжтэй байгаа бөгөөд нийт 703 хүн хордсоноос найман хүн нас барсан. Цагдаагийн байгууллагаас ажлын хэсэг байгуулж, найман хүний амь нас хохирсон дээрх хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаагаас гурван хүн нь нүүрс төрөгчийн дутуу ислийн цочмог хордлогоор нас барсан гэсэн шүүх эмнэлгийн дүгнэлт гарч, бусад хохирогч нарын дүгнэлт одоогоор гараагүй байна гэдэг мэдээллийг өгсөн юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com