Нээлттэй нийгэм форум өчигдөр (2020.01.23) 2019 оны Авлигын индексийг танилцуулж хэлэлцүүлэг зохион байгуулав. Тус индексийг Берлинд төвтэй олон улсын Transparency International байгууллага жил бүр зарладаг. Сонирхолтой нь өнгөрсөн жилийн индексээс харахад “Их долоо”-гийн орнууд ч авлигатай тэмцэхдээ хойрго байна гэсэн тайлбар хийжээ. Судалгаагаар улс төрд нь мөнгөний нөлөө их орсон орнуудад авлига угширсан байгааг нотолжээ.. 2019 онд дэлхийн улсуудын 70 шахам хувьд авлигатай хийх тэмцэл удааширч, ухралт гарсан байна, Хөгжингүй орнуудад ч мөн адил. Төрийн сонгууль болон улс төрийн намын санхүүжилтийн хувьд хараат байгаа улс оронд авлигатай тэмцэх чадамж муу байдаг гэнэ. Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын ТУЗ-ийн дарга Delia Ferreira Rubio “Төрийн авлига болон төрд итгэх итгэл алдагдаж байгаа нь улс төрд шударга ёсыг бий болгох шаардлагатайг харуулж байна. Улс төрийн намуудын их хэмжээний санхүүжилт ашиг сохирхлын зөрчил бий болгох нөхцөлийг улс төрийн тогтолцоонд бүрдүүлээд байгааг нэн даруй шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж байна.”
“Их долоо”-гийн зарим орны индекс буурчээ
Энэ жилийн судалгаанд 180 орон хамрагдаж, 13 хүртэлх эх сурвалж мөн бизнесийн удирдах ажилтны санал асуулгаар 0-100 оноогоор тодорхойлжээ. Оноо бага байх тусам авлига бага байгааг харуулна. Дэлхийн улсуудын 70 шахам хувь нь 50-иас доош оноо авсан ба дундаж нь 43 оноотой байна. 2012 оноос хойш Эстони, Грек зэрэг 22 улс орон оноогоо сайжруулсан бол Канад , Австрали, Никарагуа зэрэг 21 улс оноогоо бууруулсан тоонд орж байна. Эдийн засгийн өндөр хөгжилтэй орнууд ч гэсэн авлигатай тууштай тэмцэхгүй бол ухралт гарч байгаа нь судалгаанаас харагдаж байна. “Их долоо”-ийн улс орнуудын хувьд Канад, Франц, Британи, АНУ зэрэг улс 2-4 оноогоор буурсан бол Герман болон Японд үзүүлэлтээ сайжруулаагүй. Харин Итали нэг оноогоор урагшилжээ. Улс төрийн намын мөн сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүйн орчин ба хэрэгжилт сайн байгаа улс орнууд уг судалгаагаар өндөр оноо авсан нь харагдсан байна. Уг үнэлгээгээр 70 ба түүнээс дээш оноо авсан улс орнуудад сонгуулийн санхүүжилтийн хууль эрх зүй тодорхой, системтэйгээр хэрэгжиж байна. Харин 34-35 оноо авсан улс орнуудад зохицуулалт сул, зарим нь огт зохицуулалтгүй байна.
2012 оноос хойш индекс сайжирсан орнуудын 60 хувь нь сонгуулийн хандивыг хуулийн хүрээнд зохицуулж чадсан
2019 онд дийлэнх улс орнуудад авлигын эсрэг тэмцэлд дэвшил гараагүй аж. Энэ нь авлига иргэдийн өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлсөн жил болсныг Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын гүйцэтгэх захирал П.Мореиро онцолжээ. Улс төр дэх бохир мөнгийг хязгаарлан иргэдийг шийдвэр гаргах боломжийг бүрдүүлсэн орнуудын авлигын индекс дунджаар 61 оноо авсан бол иргэдийн оролцоог хангаагүй улс төрийн шийдвэр гаргадаг улсуудын дундаж оноо 32 байна. 2012 оноос хойш авлигын индексийн оноо нь буурсан орнууд улс төр, нийгэм ба бизнесийн төлөөлөлтэй шийдвэр гаргахдаа зөвшилцөөгүй аж. Транспэрэнси Интернэшнл олон улсын байгууллагын зүгээс авлигыг бууруулж улс төрд итгэлцлийг бий болгохын тулд дараах зөвлөмжийг улс орнуудад хүргүүлжээ. Үүнд:
-Хяналт эрх мэдлийн тэнцвэрийг зохистой байдлаар хэрэгжүүлэх
-Төрийн алба болон Төсвийн зарцуулалтыг ашиг сонирхлын зөрчлөөс ангид байлгах
-Улс төрийн санхүүжилтийг хянаж, санхүүжүүлэгчээс улс төрд нөлөөлөх нөлөөллөөс урьдчилан сэргийлэх
-Төрийн албанаас чөлөөлөгдсөний дараа үүсч болох ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах
-Лоббиг зохицуулах, нээлттэй оролцоотой шийдвэр гаргах
-Сонгуулийг шударга явуулах, зөрчил гаргасан этгээдэд хариуцлага тооцох механизмыг бүрдүүлэх
-Иргэд, хүний эрхийн төлөө тэмцэгчид, шүгэл үлээгчид ба сэтгүүлчдийг чадавхжуулж эрхийг нь хамгаалах зэрэг зөвлөмжийг өгчээ. Мөн тус тайланд олон улсын байгууллагууд Монголд Улсад үнэлгээ өгдөг байна
Дэлхийн банк улс орнуудын Бодлого ба институц
Авбал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд 35 оноо авч хоёр оноогоор буурчээ. Өмнө нь 2018 онд 43, 2017 онд 43, 2016 онд 47 авч байсан байна. Тухайн улсыг үнэлэхдээ 16 шалгуураар үнэлэх ба эдийн засгийн менежмент, бүтцийн бодлого, нийгмийн бүх нийтийн оролцоог хангасан, тэгш хүртээмжтэй бодлого, төсвийн менежмент ба институтууд гэсэн дөрвөн бүлэгт хувааж үнэлжээ. Төрийн салбарын ил тод байдал, хариуцлага болон авлига гэсэн хүрээнд хэмжинэ.
-Гүйцэтгэх засаглалын хариуцлагатай байдал. Төрийн албан хаагчид гаргасан шийдвэртээ болон гүйцэтгэлдээ хариуцлага хүлээдэг эсэх
-Төрийн бус байгууллага ба иргэний нийгэм төрийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг цаг хугацаанд нь авах боломжтой байдаг эсэх
-Төрийн үйл хэрэг хэсэг бүлэг хүмүүсийн далд ашиг сонирхолд автах
Дэлхийн Эдийн Засгийн Форум, Гүйцэтгэх захирлуудын үзэл бодлын судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд 28 оноо авч хоёр оноогоор буурав. Өмнө нь 2018 онд 31, 2017 онд 30 ,2016 онд 38, 2015 онд 42 авч байжээ. 2019 оны судалгаа нь 133 орны 12,775 бизнесийн гүйцэтгэх удирдлагуудын саналыг тусгасан байна. Хамтрагч байгууллагаар тухайн улс орны хараат бус эдийн засгийн их сургууль, институцууд, бизнес сургуулиуд оролцжээ. Судалгаагаар бизнес хийхийн тулд ямар нөхцөлд авлига өгдгийг асуухад дараах байдлаар хариулжээ.
- Импорт, экспорт хийхэд
- Төрийн үйлчилгээ
- Үйл ажиллагааны татвар
-Төрийн тендер, гэрээ, зөвшөөрөл авахад
- Шүүхийн шийдвэрт нөлөөлөх
Мөн тухайн улсад төсвийн мөнгийг авлигын замаар хувь хүн, компанид шилжүүлж завших боломжтой эсэхээр санал авсан аж.
Глобал Инсайт Улс орнуудын эрсдэлийн эрэмбэ
Абвал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд 47 оноо авч, өөрчлөгдөөгүй. Өмнөх жилүүдтэй харьцуулахад 2018 онд 47 2017онд 35, 2016 онд 47, 2015 онд 42 оноо авч байжээ. Тус байгууллага нь 1950 онд байгуулагдсан компани бөгөөд 30 оронд 5100 ажилчинтай. Макро эдийн засгийн болон салбарын дүн шинжилгээг хийдэг. Улс орнуудыг 1999 оноос зургаан шалгуураар үнэлдэг болжээ. Үүнд:
- улс төр,
- эдийн засаг,
- хууль,
- татвар
- аюулгүй байдал
-тухайн орны авлигын индекс зэрэг үзүүлэлтүүд багтана. Мөн тухайн оронд ажиллаж амьдарч буй мэргэжилтнүүдийг оролцуулан тухайн мэргэжилтнүүд салбар тус бүр дээрх үнэлгээг асуудал тус бүрээр үнэлдэг. Тухайлбал, гар цайлгахаас авхуулаад улс төрийн өндөр түвшний авлигын асуудлыг хүртэл хамруулан судалдаг. Мөн хувь хүн ба компани тухайн оронд бизнес эрхлэхэд жижиг зөвшөөрлөөс авхуулаад томоохон гэрээ байгуулах хахууль өгөх шаардлага үүсдэг эсэх, энэ нь тухайн бизнес эрхлэгчийг эрсдэлд оруулдаг эсэх гэх мэт асуултаар судалгаа авчээ.
Бэртслманн Фонд Улс орнуудын шилжилтийн индекс
Авбал зохих 100 онооноос Монгол Улс 2019 онд 37 оноо авч дөрвөн оноогоор буурсан. Өмнө нь 2018 онд 41, 2017 онд 41, 2016 онд 36, 2015 онд 36 авч байсан байна. Тус байгууллага 1977 онд байгуулагдсан хараат бус байгууллага ба 129 орны Менежмент Индекс ба статус индексийг 17 шалгуурын 52 асуултаар үнэлнэ. Байгууллагаас хоёр мэргэжилтэн ажиллаж, тухайн улсын шилжилтийн ба менежментийн үзүүлэлтийг бичмэл ба тоон хэлбэрээр гаргана. Шалгуурын оноог тухайн улсын шинжээч гаргаж, дараа хоёр дахь шинжээч нягталж, бүсийн шинжээч баталгаажуулна.
Үнэлгээний асуултууд 1-10 оноогоор үнэлэгдэнэ.
-Тухайн улсад хууль зөрчиж, авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч ял шийтгэл хүлээдэггүй, олон нийт жигшдэггүй бол нэг оноогоор үнэлнэ.
-Хууль зөрчиж авлигын хэрэгт холбогдсон төрийн албан хаагч хатуу ял шийтгэл хүлээж, олон нийт жигшдэг бол арван оноогоор үнэлнэ.
-Засгийн газар авлигыг хянах чадваргүй, шударга байдал алдагдсан бол нэг оноо авна.
-Засгийн газар авлигыг хянах чадвартай, шударга байдлын үр дүнтэй механизм бүрдсэн бол 10 оноо авна.
Дэлхийн өрсөлдөх чадварын судалгаа /2017он/
Абвал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2017 онд 33 оноо авч байсан. Өмнө нь 2016 онд 35, 2015 онд 37 авч байсан байна.
Тус байгуллага нь дэлхийд дээгүүрт бичигдэх Швейцарийн бизнесийн сургууль юм. Жил бүр тус сургуулиас эрхлэн гаргадаг World Competitiveness Year book 2016 нь улс орнуудын өрсөлдөх чадварыг үнэлж, улс төр болон нийгмийн хүчин зүйлс нь бизнесийн өрсөлдөх чадварт хэрхэн нөлөөлж байгааг судалдаг. Судалгаанд 333 шалгуурыг ашигладаг ба Өрсөлдөх чадвар гэдэг бол тухайн улсын эдийн засгийн бодлого нь бизнесийн хүрээнд тухайн орны компаниуд хэрхэн баялгийг бүтээн бий болгож улмаар тухайн улсын иргэдийн ирээдүй хэрхэн баталгаажиж байгааг хэмждэг. Мөн тухайн оронд үйл ажиллагаа явуулж байгаа гадаадын болон дотоодын бизнесменүүдээс боловсруулсан асуумжийн дагуу судалгааг явуулдаг. 0 -100 гэсэн хэмжүүрээр тухайн орны авлигын түвшинг үнэлдэг.
Дэлхийн шударга ёсны төсөл, Улс орнуудын хуулийн засаглалын индекс
Авбал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд 36 оноо авч өөрчлөгдөөгүй. Өмнө нь 2018 онд 36, 2017онд 36, 2016 онд 38, 2015 онд 35 авч байжээ.
Энэ байгууллага нь ашгийн болон хараат бус байгууллага бөгөөд дэлхийн өнцөг булан бүрт хуулийн засаглалыг дэмжих зорилготой. Тухайн орон дахь хуулийн засаглалын байдлыг үнэлдэг. Мэдээллийг олон нийт, хуульчид, судлаачдаас цуглуулдаг. Дөрвөн үндсэн бүлэгтэй, 53 асуултаар судалгаа явуулна. 0-100 оноогоор үнэлнэ. Судалгаанд
-Төрийн албан хаагч гүйцэтгэх эрх мэдлийн хүрээнд албан тушаалаа хувийн ашиг сонирхолд ашигладаг эсэх;
-Цагдаа, цэргийн салбарт төрийн албан хаагч хувийн ашиг сонирхлоор шийдвэр гаргадаг эсэх;
-Хуулийг хэрэгжүүлэх, мөрдүүлэх төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын зорилгоор шийдвэр гаргадаг эсэх гэх асуултууд багтана.
Улс орнуудын эрсдэлийн гарын авлага
Авбал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд 35 оноо авч гурван оноогоор өссөн. Өмнө нь 2018 онд 32, 2017 онд 32, 2016 онд 32, 2015 онд 31 оноо авч байсан. Авлигын түвшинг 0-10 оноогоор үнэлж, тухайн оронд бизнес хийж байгаа гадаад ба дотоодын бизнесменүүдээс ярилцлага хийж цуглуулдаг. Тухайн орны стратегийн ач холбогдолтой бизнесийн мэдээлэл болон анализыг хөрөнгө оруулагч нарт хүргэдэг. Тухайлбал, оюуны өмч, оюуны өмчийн эрх ба эрсдэл, хүний нөөцийн чанар, улс төр нийгэм дэх авлига, бусад системийн давуу ба сул талыг хардаг. Улс төрийн систем дэх авлигыг үнэлэхдээ бизнес эрхлэгчдээс элдэв төрлийн лиценз олгохдоо хахууль шаарддаг эсэх, авлигын бусад хэлбэрээр шаарддаг эсэх, мөн тухайн улсад улс төр нь бизнесийн салбартай ямар нэг сэжигтэй хэлбэрээр холбоотой байдаг эсэх гэх мэт үнэлгээг хийдэг.
Улс орнуудын ардчиллын хэмжүүр
Авбал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2017 онд 31 оноо авч хоёр оноогоор буурсан. Өмнө нь 2018онд 33, 2017онд 35, 2016 онд 34, 2015 онд аваагүй байна. Ардчиллыг хэмжих шинэ аргачлал бөгөөд зөвхөн сонгууль төдийгүй ардчиллын гол үзүүлэлт болох либерал, иргэдийн оролцоот, олонхын сонголт, зөвшилцсөн, зарчимтай, жинхэнэ ардчиллын төлөөх зорилго тавьсан эсэхийг хэмжих баримтуудыг цуглуулдаг. Дэлхийн 50 гаруй орны судлаачдын баг судалгаанд оролцсон 170 орны 2500 судлаачидтай хамтран 16 сая мэдээлэл, тоо баримтыг боловсруулсан. Тухайн орны хууль тогтоох, хуулийг хэрэгжүүлэх мөрдүүлэх болон шүүх засаглал дахь авлигын асуудалд үнэлгээ өгч авлига хэрхэн хууль тогтоох ба хэрэгжүүлэх шатанд нөлөөлж байгааг оноогоор тооцож гаргадаг.
Улс орнуудын эдийн засгийн эрсдэлийн судалгаа
Авбал зохих 100 онооноос Монгол Улсын авсан оноо 2019 онд 37 оноо авч оноо өөрчлөгдөөгүй. Өмнө 2018 онд 31, 2017 онд 37 ,2016 онд 37, 2015 онд 38 авч байсан.
Судалгаандаа:
- Төсвийн захиран зарцуулалтын хувьд тодорхой дүрэм журам, хариуцлагын тогтолцоо байгаа эсэх
- Төсвийн хөрөнгийг сайд албан тушаалтнууд хувийн эсвэл намын улс төрийн зориулалттайгаар хууль бусаар зарцуулдаг эсэх
-Хариуцлага, хяналтгүй зарцуулах боломжтой төсвийн сангууд байдаг эсэх
- Төсвийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулдаг эсэх
-Засгийн газраас шалгуургүйгээр томилогддог төрийн болон нийтийн албан хаагчдын томилгоо байдаг эсэх
-Төсвийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьдаг аудитын тогтолцоо байдаг эсэх, тийм бол улс төрөөс хараат бус байж чаддаг эсэх
-Хараат бусаар ажиллаж эрх мэдлээ хэтрүүлсэн сайд, төрийн албан хаагчдыг шүүх тогтолцоо байгаа эсэх
-Албан тушаалд дэвших, гэрээ хийхийн тулд авлигадах явдал байдаг эсэх зэрэг асуултуудаар хариу авдаг. Дээрх байгууллагуудын үнэлгээгээр манай улс дундаас доогуур үзүүлэлттэй. Ихэнх тохиолдолд авах ёстой онооноос 30 орчим хувийг авч чаджээ. Манай эдийн засаг өндөр эрсдэлд орсон өнөө үед тус байгууллагын зөвлөгөө маш чухал гэнэ. Хэлэлцүүлэгт оролцогч эдийн засагчид ч дээрх зөвлөгөөтэй адил саналыг олон жил гаргасаар ирсэн. Энэ удаад зөвлөмжийг хэрэгжүүлж чадвал саарал жагсаалт асуудал биш гэнэ.