Уншиж байна...
 
ЭРДМИЙН ЗӨВЛӨЛ ДҮРМИЙН ДАГУУ АЖЛАА АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭЯпон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Мсарү Игавахараг хүлээн авч уулзлааХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО ба ХӨШИГНИЙ ЦААДАХ ӨРНӨЛОлон улсын спортын хутга шидэлтийн холбоо манай улсад сургалт зохион байгуулж байнаИМАРТ ДРАГОН салбар энэ сарын 20–ны өдөр нээлтээ хийнэЛ.Төр-Од: УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин танхимын ерөнхийлөгч байхдаа ОХУ-тай чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлчихсэн#СБД: Жендэрийн дэд салбар хороо 2024 онд хэрэгжүүлсэн ажлынхаа үр дүнг хэлэлцэв#СБД: Албан хаагчид түүхий нүүрсний хэрэглээнд хяналт тавьж ажилланаТөрийн өмчийн 36 цэцэрлэгт хүүхдийн хөгжлийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүллээ‘‘Имарт драгон’’ салбар энэ сарын 11-нд нээлтээ хийнэМонголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВ
КАЗИНО БАЙГУУЛАХГҮЙ, БАЙГУУЛНА, БАЙГУУЛАХГҮЙ, БАЙГУУЛНА

Ц.ХАС

 Казино гэж үе үед хэн хүний, гэхдээ түрийвч зузаантай, эрх мэдэл бүхий хүмүүсийн сонирхол татсан нэг зүйл байна аа. Саявтар Австралид айлчлал хийсэн УИХ-ын хэдэн гишүүн үндсэн ажлынхаа зэрэгцээ бас казинод оржээ. Хориод жилийн өмнө дөө, 1998 онд “Казиногийн хэрэг” гэсэн том дуулиан болж УИХ-ын гурван гишүүн Ч.Батчулуун, Д.Энхбаатар, Д.Баттулга нарыг, бизнесмен Л.Байгальтай хамт шүүж, ял оноож байв даа. Ингээд л нэгэнт казино байгуулах гэж байсан хүмүүсийг нь буруутай гээд яллачихсан юм болохоор 1999 онд Казино байгуулах, ажиллуулахыг хориглох тухай хууль баталж нэгдүгээр зүйлд нь “Хуульд өөрөөр заагаагүй бол Монгол Улсын нутаг дэвсгэрт казино байгуулах, ажиллуулахыг хориглоно” гээд заачхаж.

 Гэтэл өнөөдөр дахиад л казино байгуулах тухай ярьж Засгийн газар ийм хуулийн төсөл өргөн бариад үүний далбаан дор УИХ-ын гишүүд казинод орж судлаад явж байгаа юм байна. Энэ бол Монголд казино байгуулах гэсэн дөрөв дэх оролдлого.

Казино байгуулах гэсэн оролдлогуудын түүх

Нэг. Анхны хуулийг өмнө дурдсан УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга нар санаачилж 1998 оны нэгдүгээр сард батлуулж байж. Санаачлагчид буруутан ял аваад 1999 онд Монголд казино байгуулахыг хориглосон хууль гаргаснаар энэ явдал өндөрлөв.

Хоёр: 2007 онд УИХ-ын гишүүн Ц.Шаравдорж тэргүүлээд А.Бакей, Батж.Батбаяр, Р.Гончигдорж, А.Мурат, Р.Нямсүрэн, Л.Одончимэд, К.Сайран, Д.Туяа нар Замын-Үүд, Буянт-Ухаад казино байгуулах хууль санаачилж зүтгүүлсэн удаатай.

Гурав: Д.Загджав УИХ-ын гишүүн байхдаа тэргүүлээд Г.Баярсайхан, Д.Кёкүшюзан Батбаяр, Ц.Цэнгэл, Д.Хаянхярваа, Л.Гүндалай, Х.Жекей нартай хамтраад бас хууль санаачилсан ч нэг компанид давуу эрх олгох гэж байна гэсэн хардлагаар унасан.
Хамгийн сүүлд Казиногийн хуулийн төслийг Ч.Сайханбилэгийн засгийн газрын үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Хууль зүйн сайд Д.Дорлигжав нар санаачилж Засгийн газраас оруулж ирж байсан нь одоо яригдаж байгаа юм байна.
Юутай ч нэгэн цагт “ангийн нөхөд” гэж ярьдаг УИХ-ын гишүүдээ ийм зүйл санаачилсны нь төлөө шорон руу илгээж байсан манай төр, эрхэм түшээд казино гэдгийг нууцханаар хүсэмжилж, мөрөөдөж байдаг нь эндээс харагдаж байна.
Иймдээ ч ард түмнээс хулгайлж цуглуулсан мөнгөө багтааж ядсан тэд гадаад оронд явах бүртээ казиногоор орж “судалж” юунд үрэхээ мэдэхгүй зузаарсан мөнгөө тэнд “орхиод” ирдэг юм санж.

Казино байгуулахыг сонирхогчид

 Эрхэм гишүүн, сайд асан Д.Оюунхорол казино байгуулах тухай хуулийн төсөл санаачилсан үндэслэл шаардлагадаа “Тодорхой төрлийн мөрийтэй тоглоомыг тоглуулдаг газар буюу казино, түүнийг зохион байгуулахтай холбоотой үйл ажиллагаа нь олон улсын хэмжээнд “бизнес” гэдэг утгаараа хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд энэ нь аялал жуулчлал, зочид буудал, түүний дагалдах цогц үйлчилгээнээс ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтын урсгалыг бий болгодог” гэсэн байдаг. Тэрбээр аялал жуулчлал хариуцсан сайд байхдаа “Монголд ирдэг гадаадын жуулчдын тоог нэг саяд хүргэнэ” хэмээн донгодсон болохоороо ийм санаачилга гаргасан байж болох талтай. Гэхдээ нөгөө талд нь өөрөө казинод ихээхэн сонирхолтой, гадаадад казинод орон тоглож байгаа дүр зураг нь сүлжээгээр тархаж дуулиан тарьж байсан хүн.
Ямар ч хүч хөдөлмөр гаргалгүй зөвхөн хулгай луйвраар олж цуглуулсан их хөрөнгөө ийм л зугаа цэнгэлд зориулах дуртай улс.
УИХ-ын гишүүд, ялангуяа эрх баригч МАН-ынхан казинод ихээхэн талтай, байгуулчих гээд сонирхоод байгаа. Казиног сонирхогчид ингэж хэлцгээж байна.
УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Онгон байгаль, орчин үеийн казино хоршоод монголын аялал жуулчлалд тустай”
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол “Казино байгуулснаар улсын төсөвт жилдээ 74-134 тэрбум төгрөг орно”,
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Казино бол хүн айж ичээд байх зүйл биш. Монголд казино байгуулбал эдийн засгаа тэлэх сайн талтай”
УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хамгийн гол нь олон улсын жишигт нийцсэн казиног дагаад сайн үйлчилгээ нэвтэрнэ. Үүнийг дагаад өндөр зэрэглэлийн зочид буудлууд бий болно. Тиймээс эдийн засгийг дэмжих бодит салбар гэж харж казиног хөгжүүлэх ёстой” гэсэн байна. Ийнхүү Монголд Казино байгуулна, байгуулахгүй, байгуулна, байгуулахгүй гэсэн яриа яг л орос бүсгүйчүүд “ромашка” цэцгийн дэлбээг “хайртай, хайргүй, хайртай” гэж үглэн тасалдаг шиг үргэлжилсээр. Үүнийг дагаад эрх баригчдын хандлага ч өөрчлөгдөж байгаа бололтой.
Казиногийн тухай хамгийн анх яригдаж эхэлж байсан 1996 онд өнөөгийн Хуульзүй Дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “Казино бол гэмт хэргийн үүр уурхай, муу ёрын газар” хэмээн томорч байсан бол өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн нь Австралийн казинод тоглож байсныг буруутгаад эхлэхээр “Казино бол зүгээр л ороод гардаг газар” хэмээн хэнэг ч үгүй өмөөрөөд аядуухан дуугарч байх жишээний.

Нууцхан “казинонууд”

Нэгэнт л казино байгуулахыг хуулиар хориглочихсон болохоор нийслэлд нууцхан “бичил казино” энд тэндгүй. Чоно ойрынхдоо өлзийтэй гэж үг байдаг болохоор ийм нууц гэмт хэргийн эзэд нь голдуу хууль сахиулагчид, цагдаагийнхан байдаг, нэг нэгнийхийгээ “харж хандаж” байдаг гэсэн яриа ч бий. Яг үүнийг нотолж Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Э.Бөхбатын 200 ам.метр талбайтай байранд автомат мөрийтэй тоглоомын газар ажиллаж байсан. Хурандаа Э.Бөхбат үүнийгээ “Би хамгийн сүүлд 2017 онд уг байрыг хоолны газрын зориулалтаар түрээслэх гэрээ хийсэн. Гэтэл түрээслэгч маань цааш нь дамлаж түрээслээд автомат, мөрийтэй тоглоомын газар ажиллуулж байжээ” тэгээд ч би мартчихсан байна хэмээн мэдэн будилж булзааруулах гэж оролдсон. Энэ бол ёстой л мөсөн уулын оргил. Цаана нь ийм газар өчнөөнөөрөө бий. Хааяа нэгийг илрүүллээ гэсэн мэдээлэл гардаг нь цагдаагийнхан өөрсдийн өрсөлдөгчдөө л дэлбэлж байгаа нь тэр.

Үр дагавар нь
юу болох бол

Казино байгуулахаар хуулийн төсөл санаачилсан өнөөгийн нөхөд үндэслэлдээ “Хуулийн төсөлд Засгийн газраас дэд бүтэц хөгжсөн хоёр байршилд казино байгуулах тусгай зөвшөөрлийг хоёр аж ахуйн нэгжид олгохоор, түүнчлэн гадаадын болон харьяалалгүй иргэнийг казинод тоглуулахаар зааж өгнө” гээд биччихэж.
За тэр хоёр аж ахуйн нэгж нь УИХ-ын гишүүдийн ивээлд багтаж, өнөөх ЖДҮ, ХЭД, ТЭД сангуудаас хөнгөлөлттэй зээл авдаг, үгүй ядахнаа тэдний найз нөхөд, хамаатан садны аж ахуйн нэгж байх нь ойлгомжтой.

 Ингээд мөрийтэй тоглоомын газар байгуулах нь ч яахав, улсын төсөвт Д.Оюунхоролын хэлснээр бөөн мөнгө урсаад орж ирэх нь. Энэ хүн ямар тооцоо хийсэн юм. Нэг сая жуулчин хүлээж авна гэж тэнгэр харж байгаад амласнаа биелүүлээгүйгээр үл барам өнөөдөр ч түүний тал хэмжээний жуулчин орж ирээгүй байгаатай адил юм болох ч юм бил үү.
Хамгийн гол нь казиног дагаад өчнөөн сөрөг үр дагавар гарч ирэхийг ингэтлээ дампуурсан хууль хяналтын байгууллага хянаж, цэгцэлж ёс ёмбоор нь байлгаж чадах уу. Өмнө хэлснээр хуулиас гадуур байдаг УИХ-ын гишүүдээс эхлээд мөнгөтэй хүмүүс бол эндхийн байнгын зочин болно.

 Хуулийн төсөл санаачлагчдын хэлсэн шиг зөвхөн “гадаадын болон харьяалалгүй иргэн” орж тоглон ёстой уг нь, харагдаач. Угаасаа хурал чуулгандаа суудаггүй, хувийн ажлаа голдуу хөөцөлдөж энд тэндхийн амралтын газар хэсч явдаг, гадаад явах бүртээ казинод тоглож суудаг УИХ-ын гишүүд бол тэндээс салахгүй. Хуулиас гадуур, халдашгүй эрхээ тэд ингэж л ашиглана. Хулгай хийх, хүүхэн хүчиндэх, хүн зодох гээд ял эдэлбэл зохих гэмт хэрэг үйлдчихээд нүүр нь улайхгүй, нүд нь бүлтийхгүй байгаа хүмүүс чинь “монгол хүн казинод орж болохгүй, орвол ийм ял авна” гэсэн үг өгүүлбэр хуульд байхгүйг ашиглаад харин ч нэг дураараа дургиж өгнө. Хэл ам болоод ял асуух гээд яривал нэг бол “Би хувийнхаа мөнгөөр л тоглосон. Харин ч мөнгөө алдаад гарсан байхад юуны нь хууль” гэх юм уу, эсвэл “Манайд казино яаж ажиллаж байгааг судалж явсан” гээд л өнгөрнө.

 Өөр бас сөрөг зүйл мундахгүй. Гадаадын мөнгөтэй хүмүүс наашаа зориод ирэхээр үүнийг дагаад хулгай дээрэм, бие үнэлэх гээд өчнөөн юм дагалдахыг хахуульд идэгдсэн цагдаагийнхан хянаж зохицуулж чадах уу. Харин ч мөнгөтэй хүмүүс цуглараад ирэхээр үүнийг далимдуулаад ашиг орлого олох гэсэн өнөөх хурандаа Э.Бөхбат шиг цагдаа нарын тоо өсөөд “Дээрээс нь бас цалин өгдөг юм уу” гээд байх юм биш биз дээ.

 Юутай ч казино “байгуулна, байгуулахгүй, байгуулна” байгуулахгүй” гэсээр энд тэнд явахдаа байнга казинодож байдаг МАН-ынхны төрийн үед дахиад яригдаад эхэлж. Тэд улс төрийн тавцангаас зайлах хүртэл даруй таван сарын зай байна даа, 65-уулаа зүтгэвэл ч баталчих л байх даа...
Ард иргэдэд, ахмадууд хэрэгтэй “Хамтын тэтгэврийн тухай хууль”-ийг бол хүчингүй болгочхоод өнөө болтол хэлэлцэхгүй батлахгүй байгаа хэрнээ өөрсдийнхөө сонирхолтой Казиногийн тухай хуулийг бол өргөн бариад, хэлэлцээд баталчихна л даа. Төрөх эмнэлэг барихгүй атлаа цагдаагийн хэлтсийн барилгыг хэд гуравхан сарын дотор барьж байгаа юм чинь, энэ эрх баригчид.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
ХАЙРЫН «ХООЛ»
2 сарын өмнөөмнө
Маргааш “Celebrity match”-тай
2 сарын өмнөөмнө
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com