Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Тэтгэврийн индексжүүлэлт

 Эрх баригчид эдийн засгийг өсгөсөн талаараа онцолж ярих боллоо. Өмнөх Засгийн газар нь эдийн засгийг унагаасан байсныг сүрхий өндийлгөсөн юм байх. Эдийн засаг өссөн нь үнэн. Гэвч энэ нь өнөөгийн парламент болон Засгийн газрын үйл ажиллагаатай огт хамааралгүй юм. Үүнийг сийрүүлбэл:

 Монгол улсын эдийн засаг өссөн тухайд:

 2017 оны эхнээс дэлхийн эдийн засаг сэргэж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдэж, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь манай улсын эдийн засагт сэргэлт авчирсан юм. Зэсийн баяжмал, нүүрс, төмрийн хүдэр, газрын тос, цайрын баяжмал, алт зэрэг манай экспортын голлох бүтээгдэхүүний үнэ 2012-2016 онуудтай харьцуулахад 2-6 дахин өссөн нь Монгол Улсын эдийн засаг өсөх гол шалтгаан болсон гэж Азийн Хөгжлийн банк, Дэлхийн банк онцолж байна. Манай экспортын 80 орчим хувийг бүрдүүлдэг нүүрс, зэсийн борлуулалтын орлогоос манай эдийн засаг шууд хамаардаг. Монгол Улс 2015 онд нүүрсний борлуулалтаас 555.9 сая ам.доллар олж байсан бол 2019 онд гурван тэрбум 78 сая ам.доллар буюу бараг зургаа дахин их хатуу валют олжээ. Харин зэсийн баяжмалаас 2012 онд 838.5 сая, 2019 онд 1 тэрбум 796 сая ам.долларын орлого олсон нь хямралын үеэс хоёр дахин илүү байна.

 2017 онд манай улс ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдсанаар 5.5 тэрбум ам.долларын зээлийн шугам нээгдсэн. Ийнхүү экспортын орлого өсч, гадаад валютын зээл их хэмжээгээр орж ирснээр эдийн засаг нэмэх үзүүлэлттэй гарах болсон бөгөөд ийм таатай үе ховор тохиох үзэгдэл юм.
Эдийн засаг өсөхийн хэрээр иргэдийн амьжиргаа дээшлэх ёстой. Энэ өсөлт нь өрх бүрийн хаалгаар орж байна уу гэдэг асуудал маш чухал.

 Бодит байдал ямар байна вэ?

 Валютын ханш өдөр ирэх тусам чангарч буй нь аж ахуй нэгжүүд болон ард иргэдийн нуруун дээр ачаа нэмэгдсэн. Монголбанкнаас зарласан ам.долларын нэрлэсэн ханш 2016 оны 6 сарын 30 өдөр 1,982 төгрөгтэй тэнцэж байсан бол 2020 оны 1 сарын 21 өдөр 2,747 төгрөгт хүрч монгол төгрөг даруй 40 хувиар сулраад байна. Инфляцын жилийн дундаж түвшин 2018 онд 6.8 хувь байсан бол 2019 онд 7.3 хувьд хүрлээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2019 оны 12 дугаар сард улсын хэмжээнд өмнөх оны эцсээс 5.2 хувиар өссөн байна. Ажил эрхлэлт буурч, ажилгүйдэл нэмэгдэж байгаа нь хөдөлмөрийн зах зээлийн идэвхжил сүүлийн улирлуудад удааширч байгааг илэрхийлж байна . Тухайлбал: ажилгүйдлийн түвшин 2016 оноос буурч байсан хандлага өөрчлөгдөн, сүүлийн улирлуудад 10 хувиар хүртэл нэмэгджээ. Гурван сая гаруй ард түмний гурван хүн тутмын нэг нь ядуурсан байна. Хот суурин газарт амьдарч буй ядуусын эзлэх хувь 2016 онд 62.1 байсан бол, 2018 онд 63.5 болж өссөн. 2018 оны байдлаар Улаанбаатар хотод нийт ядуу иргэдийн 41.8 хувь нь амьдарч байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр өрхийн дундаж орлого өссөн хэдий ч зарлагадаа хүрэхгүй байгаа сөрөг дүн гарчээ.

 Ийм л бараан төрх өнөөгийн эрх баригчдын ажлын үзүүлэлт юм. Тэгвэл иргэд яаж амьдралаа залгуулж байна вэ гэдэг асуулт хөндөгдөнө. Тэд арилжааны банкны өндөр хүүтэй зээлээр амь зогоож байна. 2016 оноос хойш хэрэглээний зээлийн хэмжээ жил бүр 37 хувиар өсчээ. Энэ бол өрхийн орлого нь зарлагаасаа бага байгааг илтгэх үзүүлэлт юм. Ийнхүү иргэд өдрөөс өдөрт өрийн сүлжээ, үнийн өсөлтөд дарамтлуулж байна.

 Энэ байдлаас гарах арга зам бий юү:

 Дэлхийн зах зээл дээр нефтийн ханш буурч байхад манайд эсрэгээрээ шатахууны үнэ хэд хэдэн удаа өсч үүнийг дагаад идэж уух, эдэлж хэрэглэх бүх зүйлийн үнэ нэмэгджээ. Ийнхүү жил бүр гадаад валютын ханш, инфляц, өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн өсөлтөөс хамгийн ихээр хохирдог хүмүүс бол бага орлоготой иргэд, тэр дундаа тэтгэврийн орлогоор амьдардаг ахмад настнууд юм. Иргэд насаараа хөдөлмөрлөж, өндөр шимтгэл төллөө гээд гавьяаны амралтаа авахдаа цалингийнхаа талд ч хүрэхгүй тэтгэвэр авч байна. Бусад орны өндөр настнууд тэтгэврийн орлогоороо гадны орнуудаар аялж байхад монголчуудын тэтгэвэр сарынхаа хүнсээ авахад ч хүрэлцэхгүй байгаа нь бодит үнэн. Өнөөдөр дундаж цалин нэг сая төгрөгт хүрсэн байхад нийт тэтгэвэр авч буй иргэдийн 80 хувь нь 300 мянга хүртэлх төгрөгийн тэтгэвэртэй байна. 2016 оны үед 300 мянган төгрөгний тэтгэвэр авдаг ахмад настан ойролцоогоор 150 орчим ам.долларын цалин авдаг байсан бол өнөөдрийн байдлаар ханш, инфляц, үнийн өсөлт зэргийг нэмээд тооцвол 80 хүрэхгүй ам.долларын тэтгэвэр авч байгаа юм. Дэлхийн банкны судалгаагаар өдрийн орлого нь 1.9 доллар байвал нэн ядуу, 1.9-.3.2 нь дунд зэргийн ядуу, 3.2-5.5 бол эдийн засгийн эмзэг байдалд байгаа, 5.5-15 долларын орлоготой бол эдийн засгийн баталгаат түвшин, 15 доллароос дээш хэрэглээтэй бол дундаж түвшин гэж тооцсон байдаг. Энэ тооцооллоор манай тэтгэврийн доод хэмжээний орлоготой иргэд нэн ядуу ангилалд багтана. Төрд насаараа зүтгэсэн тэдний өчүүхэн хэмжээний тэтгэврийн орлогыг үнэгүйдлээс хамгаалах үүрэгтэй. Хөгжиж буй зарим улсын туршлагаас харахад тэтгэврийн доод хэмжээний орлогыг индексжүүлэх замаар энэ асуудлыг шийдэж иржээ.

 Тэтгэврийн доод хэмжээний орлого тодорхой хувиар үнэгүйдэж байгааг засахын тулд хууль тогтоомжоор тэтгэврийн нэмэгдэл олгохыг индексжүүлэлт гэдэг. Өөрөөр хэлбэл энэ нь хамгийн бага орлоготой иргэдийн худалдан авах чадварыг хамгаалах хэрэгсэл юм. Хөгжиж буй улсын үндэсний мөнгөн тэмдэгт гадаад валютын ханшийн чангаралтаас шалтгаалан суларч, улмаар инфляц, үнийн өсөлтөд өртөх нь элбэг. Энэ нь хүн амын бодит орлого буурч байгааг харуулах үзүүлэлт юм. Индексжүүлэлт нь иргэдийн орлогыг инфляцаас хамгаалах хэрэгсэл бөгөөд хэрэглээний үнийн индекстэй холбодог. Улиралд нэг удаа инфляцын албан ёсны хувь, түүнээс дээш хувиар индексжүүлэлтийг хийвэл бага орлоготой иргэдийн худалдан авах чадварт үнийн өсөлт нөлөөлөхгүй байх боломжтой. Индексжүүлэлтийн тооцооллыг хийхдээ инфляцыг тооцсон хэрэглээний үнийн индексээс гадна ханшийн сулралын хувь хэмжээг давхар тооцвол бодитой үр дүн гарна. Улс орныг удирдах бодлого буруу байгаагийн нэг илрэл нь инфляц өсч, үндэсний валютын ханш суларч байгаа явдал юм. Иймд индексжүүлэлтийг санхүүжүүлэх зардлыг улсын төсвөөс гаргах нь зүйд нийцнэ. Үнэ өсч буй үед цалин, тэтгэвэр нэмэгдэж байж л иргэд өдөр тутмын хэрэгцээгээ хангаж чадах юм. Зарим улсын жишээг харвал үнийн өсөлт улиралд (3 сар) зургаан хувиас давсан тохиолдолд индексжүүлэлтийг улирал тутам хийдэг аж. Хэрэв үнийн өсөлт зургаан сарын дотор зургаан хувиас хэтрэхгүй байгаа нөхцөлд жилд нэг удаа хийдэг юм байна.

 Манайд цалин, тэтгэвэр тэтгэмж нэмэгдэх сургаар өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өсчихдөг гаж тогтолцоо бий. Энэ байдлаас гарах арга чарга байна уу? Хэрэглээний үнийн индексийн хэмжээгээр тэтгэвэр, тэтгэмжийг индексжүүлэх хуультай болчихвол зохиомол үнийн нэмэгдэл бий болохгүй байж болох туршлага бусад оронд байдаг аж. Тухайлбал, Японд “үнийн индексжүүлэлт”-ээр тэтгэврийн мөнгийг автоматаар нэмэгдүүлдэг. Японы парламент “Өмнөх оны үнийн өөрчлөлтийн чиг хандлагыг харгалзан тэтгэврийн мөнгийг өөрчлөх”-ийг хуулиндаа тусгажээ. Тиймээс тэтгэврийн нэмэгдлийг “үнийн индексийн хэмжээгээр Засгийн газар шийдвэрлэнэ” гэх заалт чанд хэрэгждэг аж. Өөрөөр хэлбэл, тэтгэврийн нэмэгдэл мөнгөн дүнг, улс төрчдийн үзэмжээр бус шинжлэх ухааны үүднээс тогтоож, жил бүр өөрчилдөг юм байна. Энэ нь улс төрчид өөрсдийн халааснаас өгч байгаа мэт улс даяар бүх хэвлэл мэдээллийн сувгаар зарлаад байдаггүй ч тогтмол хэрэгждэг процесс аж.

 Эх орныхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад өөрсдийн хувь нэмрээ оруулсан ахмадуудын маань тэтгэвэр амьдралд нь огт хүрэлцэхгүй байгаа талаар дээр дурдсан. Барууны орны ахмадууд шиг гадаадаар аялах хэмжээний тэтгэвэр олгодоггүй юмаа гэхэд шударгаар тогтоолгосон тэтгэврийн цөөн хэдэн төгрөгийг нь ханш, инфляц, үнийн өсөлтөөс хамгаалах үүргийг төр хариуцах ёстой. Өнөө үед ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, нийгмийн даатгалд төлсөн шимтгэлээ үнэгүйдүүлэх бус харин хуримтлалын зарчмаар өсгөж тэтгэвэртээ гарахад эргүүлэн авах иргэдийн хүсэл сонирхлыг дэмжих, нийгмийн даатгалын хуримтлалыг эдийн засгийн оновчтой бодлогоор дэмжих, нийгмийн шударга хуваарилалтыг баталгаажуулах зорилгоор тэтгэврийн доод хэмжээг индексжүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com