Асуулт 1: Тэтгэврийн реформ гэж юу вэ, үүнийг яагаад хийх ёстой вэ?
Хариулт: Монгол Улсад 2040 оныг хүртэл цонх үе тохиож буй. Цонх үе гэдэг нь ажил хөдөлмөр эрэх залуучуудын тоо их байх үеийг хэлдэг. Манай улсад 2040 оныг хүртэл төрөлт аажмаар багассаар мөн оноос тэтгэврийн насны хүмүүсийн тоо ажиллах хүч буюу залуучуудын тооноос давна гэсэн судалгааг эдийн засагчид гаргажээ. Тиймээс тэтгэврийн реформыг эхлүүлэх шаардлага үүсээд байна.
Тэтгэврийн даатгалын сан жил бүр 500 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллаж буй. Энэ чигээр явсаар тэтгэврийн насны хүн ам зонхилох 2040 онтой золговол төсөвт үзүүлэх дарамт үлэмж хэмжээгээр нэмэгдэх эрсдэл тулгарна. Нөгөөтээгүүр, тэтгэврийн реформ хийхгүй бол ирээдүйд дундаж давхарга устаж, хүн амын дийлэнх нь ядуучуудын эгнээнд шилжих тооцоо гарчээ. Тиймээс үүсэх эрсдэлийг “Тэтгэврийн реформ” хөдөлгөөнийг эхлүүлээд буй Ж.Дэлгэрсайхан, П.Хашчуулан, Ө.Ганзориг тэргүүтэй эдийн засагчид тооцоолж, шийдлүүдээ танилцуулсныг дор сийрүүллээ.
Асуулт 2: Тэтгэврийн реформыг хийхэд ямар асуудал тулгамдаж байна вэ?
Хариулт: Тэтгэврийн тогтолцооны үндсэн зорилго нь өндөр настныг ядуурал, тодорхой эрсдлээс хамгаалах. Харин Монголын тэтгэвэр суурь зорилгоо хангаж чадаж байна. Учир нь Монголын тэтгэвэр авагчид ажилчин ангиас тэтгэвэрт гараад ядуу анги руу шилжиж байна. Эрүүл мэндийн болон бусад эрсдэлд өртөхөд Монгол Улсын эрүүл мэнд, нийгмийн даатгалын тогтолцоо хамгаалах боломжгүй байгаа. Өндөр хөгжилтэй, тэтгэврийн даатгалын систем нь сайн хөгжсөн орнууд хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоон дээр бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийх боломжоор хангасан байдаг. Харин манайд энэ бүхэн ямар эргэлзээтэй болохыг Капитал банкны дампуурсан хэрэг нотлон харуулсан. Улс төрийн хүрээнд үүнийг шинэчилье гэсэн хүсэл эрмэлзэл алга. Тиймээс энэ түвшинд шинэчлэл хийхийг шаардаж, шинэчлэлд хүргэх нь чухал.
Бодлогын хүрээнд хамгийн сайн орж ирсэн шинэчлэл нь Хамтын тэтгэврийн тухай хууль байсан. Гэр бүлийн хүмүүс нэг нэгнийхээ тэтгэврийг авах боломж бүрдүүлсэн уг хуулийг хэрэгжүүлж эхлэлгүй хүчингүй болгосон. Тэрчлэн шимтгэлийн үр дүнд бус, хүчээр тулгасан, цалинд суурилсан тэтгэврийн энэ тогтолцоогоор хүмүүс авч байсан цалингийнхаа 35 орчим хувиар л тэтгэврээ тогтоолгож байна. Тиймээс улсын тэтгэврийн тогтолцоог аажмаар хагас, бүрэн хуримтлал руу шилжүүлэх замаар шинэчлэл хийх боломжтой. Үүнээс өмнө хувийн тэтгэврийн тогтолцоог бий болгох хэрэгтэй. Энэ нь ажиллаад эхэлбэл өөрөө өөртөө хөрөнгө оруулж, санхүүжүүлдэг тогтолцоо. Уг нь Монгол Улсад мөнгө байхгүй биш байгаа гэдгийг тэтгэврийн зээл тэглэлт, авилгачдын шамшигдуулсан 11 их наяд буюу ямар их мөнгө, боломж байгааг харж боно. Гагцхүү хэрэгжилтийн механизм, эрх зүйн орчин хоёр чухал.
Асуулт 3: Гаднын улсад тэтгэврийн тогтолцоо нь ямар байдаг вэ?
Хариулт: Европт дундаж тэтгэвэртэй хүмүүс бусад улсаар аялж, дэлгүүр хэсч, дарс шимж, биеийн тамираар хичээллэж, бусдад хандив өгдөг бол манайд тэтгэвэрт гарсныхаа дараа шууд нийгмийн эмзэг давхарга руу шилждэг. Улс орнуудтай жишихэд хэцүү тул орлого, худалдан авах чадвараар нь харьцуулжээ. Манайд “Бургер кинг”-ийн бургер 7900 төгрөг Англид 4-4.9 паунд буюу манайхаас худалдан авах чадвар нь хоёр дахин өндөр байдаг бол тэтгэвэр нь 5-7 сая буюу манайхаас 22 дахин их ажээ. Олон тулгууртай, орлогын эх үүсвэрээс авах боломжтой, хуримтлалтай, татварын дэмжлэгтэй системд хөгжингүй орнуудад үйлчилдэг аж.
Тухайлбал, Тэтгэврийн санг анх үүсгэн байгуулсан Герман улс хуваарилалтын тогтолцоогоор явбал хуримтлал биш алдагдал хүлээх буюу энэ алдагдал 2050 он гэхэд ДНБ-ийнхээ 10 хувьтай тэнцэнэ гэдгийг 20 жилийн өмнө олж хараад шинэчлэл хийжээ. Дундаж наслалт 2100 он гэхэд 82 болж нэмэгдэнэ. Цаашид тэтгэвэр авагчдын тоо өсч, тэтгэврийн дарамт буюу нийгмийн даатгалын шимтгэлд төлөх дарамт ирээдүйд нэмэгдэх учраас одоо ч олон улсад реформ яригдаж байгаа аж. Улс орнууд ийнхүү 100 жилийн дараах асуудлаа төлөвлөж байхад манайх 140 жилийн өмнөх системээр явж байна. Тэтгэврийн шинэчлэл хийсэн орнуудад тэтгэврийг 60-аас дээш хувиар тогтоодог бол манайд дөнгөж 30-35 хувиар тогтоож байгаа нь гажуудалтай гэж үзэж буй.
Асуулт 4: Тэтгэврийн хуримтлалын тогтолцоо гэж юу вэ, үүнд яаж шилжих вэ?
Хариулт: Хуримтлалын бус хуваарилалтын тогтолцоотой манай улсын Нийгмийн даатгалын сан 2012 оноос хойш тасралтгүй долоон жил алдагдалтай явж иржээ. НҮБ-аас гаргасан хүн амын судалгаагаар 60-аас дээш насныхан нийт хүн амын долоон хувь байгаа бол 2100 он гэхэд 27 хувьд хүрнэ. Манай улсын Тэтгэврийн даатгалын сангийн алдагдал одоогийн байдлаар төсвийн орлогын таван хувьд байгаа бол 2050 он гэхэд 21 хувь болох эрсдэлтэй. НДС алдагдал нэмэгдэх тусам манайд шимтгэлийн хэмжээгээ нэмдэг, эсвэл тэтгэврийн насыг өндөрсгөдөг. Тэгвэл энэ тооцоогоор 2050 он гэхэд НДШ-ийг 43 хувь болтол нэмж байж НДСангийн алдагдлыг нөхөх юм байна. Манай улс нийгмийн хамгааллын төлөө орлогынхоо 17 хувийг төлдөг бол Нидерланд улс үүнд зориулж 4.9 хувийг өгдөг. Тэгэхээр хуримтлалын тогтолцоог бүрдүүлэх гол арга бол Тэтгэврийн даатгалын сандаа нэмэлтээр таван хувийг төлж, хуримтлал босгох хэрэгтэй. Ингэснээр 2030 онд Тэтгэврийн даатгалын сангийн улсаас авах татаас буурах бол 2040 он гэхэд ДНБ-тэйгээ тэнцэх хэмжээний хуримтлал бий болгож чадна. Улмаар 2050 он гэхэд цалингийнхаа 100 хувиар тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэх юм байна. Тухайлбал, 2030 онд төсөв 3.1 их наяд төгрөгийн дарамт болох байсан ТДС-ийн алдагдлыг 500 тэрбум хүртэл бууруулах боломжтой. Ингэснээр 2050 он гэхэд 167 их наяд төгрөгийн хуримтлал үүснэ.
Асуулт 5: Хуримтлалын тогтолцооны эрх зүйн орчныг яаж бүрдүүлэх вэ?
Хариулт: Бид шимтгэл төлж байгаа атлаа Тэтгэврийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтад хяналт тавьж чаддаггүй. Төр бидний өмнөөс удирддаг. Гэвч сайн удирдаж чадахгүй байна. Харин хувийн тэтгэврийн тогтолцоонд шилжсэнээр иргэдийн оролцоо өснө. Тэр санг хэн удирдахыг шийдэх санал хураалтад оролцох боломжтой. Энэ бол хувийн хадгаламж биш. Хувийн тэтгэврийн сангийн хөрөнгийн зарцуулалтад төр оролцох ёсгүй. Мэргэжлийн санхүүчид сангийн хөрөнгийг бонд, хувьцаа, хадгаламж, хөрөнгө оруулалт гэх мэт олон арга замаас сонгон ажиллана. Тэдэнд сар бүр цалингаасаа таван хувийн шимтгэл төлсөн иргэд хяналтаа тавих юм. Ийм л эрх зүйн орчныг бүрдүүлэх цаг ирсэн. Энэ бол шимтгэл төлж буй иргэний эрх ашгийг хамгаалсан хамгийн сайн тогтолцоо. Бид аль болох хурдан шилжвэл, татвар төлөгчдөд төдий чинээ бага дарамт ирнэ.