“Говийн гайхамшигт амьтад” ТББ-ын тэргүүн, амьтан судлаач Г.Довчиндоржтой ярилцлаа. Тэрбээр Монгол орны нэн ховор амьтан болох хавтгай, мазаалайг судалж, хамгаалдаг. Г.Довчиндорж мөн нөхдийн хамт Монгол орны нам дор цэгийг шинээр илрүүлсэн байна. Энэ сэдвээр бидний яриа өрнөлөө.
-Монгол орны хамгийн нам дор цэгийг яаж илрүүлсэн бэ?
-Монгол орны нам дор цэгийг бид шинээр илрүүлсэн.
Анх 2000 оны эхэн үед Говийн их дархан цаазат газрын “А” хэсэг буюу Говь-Алтай аймгийн Алтай сумын нутагт их нам дор цэг байгааг ажигласан юм. Гэхдээ тэр үед бидний хэрэглэдэг багаж ч юу байлаа. Олон жил ярьж явсаар 2018 оны есдүгээр сард судлаачдын баг, байгаль хамгаалагчдын хамтаар хээрийн судалгаагаар ажилласан.
Энэ үеэр Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн баруун хойно Монгол орны хамгийн нам дор цэгийг байршил тогтоогч багажны тусламжтайгаар шинээр нээн илрүүлсэн. Цэнхэр номингийн говийн үргэлжлэл хэсэг улсын хил орчмын газар нутаг шүү дээ.
-Нам дор газрыг тогтоох нь ямар ач холбогдолтой вэ?
-Одоогоор Монгол орны хамгийн нам доор цэгийг Дорнод аймгийн Хөх нуур гэдэг газар хэмээн үзэж, ерөнхий боловсролын сургуулийн наймдугаар ангийн Газарзүйн сурах бичигт тодорхой өгүүлсэн байдаг. Далайн түвшнээс дээш 560 м гэж үздэг. Энэ цэг өөрчлөгдөнө гэсэн үг. Бидний илрүүлсэн цэг Монголын нам дор гэж үздэг цэгээс ч нам байсан. Үүнийгээ сошиал орчинд сонирхуулах маягаар тавьсан. Маш олон хүн хандаж, та нар үүнийгээ албажуулаач гэсэн юм. Сайн яривал энэ шинжлэх ухааны нээлт ч байж болно. Дахин давтагдашгүй нэг л цэг юм чинь. Эргээд нарийн шалгаж үзсэн. Оросуудын хийсэн газрын зураг дээр нягталсан. Оросууд аль хэдийнэ 540-546 гэсэн цэгүүдийг тэмдэглэсэн байсан.
Харин бидний шинээр илрүүлсэн цэг хамгийн багадаа 526 м зааж байв. Бид албан ёсны болгох үүднээс Шинжлэх ухааны академийн Газарзүй, Гео-экологийн хүрээлэнгийнхэнд хандсан. Тэндээс судлаач аваад, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын геодези зураг зүйн асуудал хариуцсан мэргэжилтэн бас хэмждэг багажтайгаа манай багт орсон. Ингээд 2019 оны тавдугаар сард нөгөө газраа очлоо. Хоёр янзаар тэр газрыг хэмжсэн. Алтай сумын нутагт орших Гравиметрийн цэг болох ГР077 цэгээс үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийв. Мөн суурин GPS ашиглан хиймэл дагуулын тусламжтайгаар хэмжиж баталгаажуулсан. Тухайн цэг 526 м гэдэг нь батлагдсан. Үүнийгээ ШУА–ийн Газарзүй, гео-экологийн хүрээлэнд эрдмийн зөвлөлийн хурлаар оруулаад, албажуулсан. Одоо ч албажуулах шат үргэлжилж байна. Энэ үйл явц дуусвал дунд сургуулийн сурах бичигт орох мэдээлэл солигдоно. Монгол орны хамгийн нам дор цэг бол баруун өмнө зүгт цэнхэр номингийн говьд байна. Яг тухайлсан цэг маань улсын тусгай хамгаалалттай газар нутагт, малчид олон жил нутаглаагүй учраас нэргүй газар байж таарсан. Хойд, урд сайрын эх гэсэн ерөнхий нэртэй. Бид тухайлсан газартаа цэг хатгаад, “Сарны хонхор” гэж нэрлээд байна. Яагаад гэхээр тухайн хэсэгт саран дээр л ийм байдаг болов уу гэмээр газар байсан. Бидний мэддэг байгалийн дүр төрхөөс эрс өөр газар. Би Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргааны даргаар ажиллаж байсан хүн л дээ. Манай Говийн их дархан газар хамгийн нам дор цэгт байрладаг гэдгийг орон нутгийнхан маань мэдэж авсан. Энэ ажилд олон хүн тус болсон. Говь-Алтай аймгийн Алтай сумын удирдлагууд, Говь-Алтай аймгийн Байгаль орчны газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрынхан, Говийн Их дархан газрын хамгаалалтын захиргааны дарга нар зэрэг олон хүнд талархал илэрхийлье.
-Монгол орны хамгийн нам дор хэсэгт ямар амьтан ургамалтай нь манай уншигчдад сонирхолтой байх болов уу?
-Хөх нуурыг Дорнод аймгийнхан аялал жуулчлалын эргэлтэд оруулдаг л даа. Та Монгол орны хамгийн нам дор цэгт ирлээ гэдэг. Үнэндээ та Монгол орны хамгийн өндөр цэгт очиход хүндрэлтэй байж магадгүй. Гэхдээ хамгийн нам дор цэгт очиж чадаж байна шүү дээ. Магадгүй үүнтэй адилхан Говийн их дархан газрын А хэсгийг Алтай сумынхан аялал жуулчлалын эргэлтэд оруулах нөхцөл бүрдэж байгаа. Энэ бол дахин давтагдашгүй газарзүйн онцлог шүү дээ. Гэхдээ энэ хэсэг хэт гандуу цөл газар. Амьтан, ургамал ядмаг. Улсын хилийн хориотой зурваст хамаарагддаг нутаг байгаа юм. Энэ бол шинжлэх ухааны ажил. Шинжлэх ухаан бол хэн нэг хүнд ашигтай, ашиггүй гэхээсээ үнэн бодитой байх нь чухал.
-Та ямар мэргэжлийн хүн бэ?
-Амьтан судлаач. Сүүлийн 20 гаруй жил Монгол орны нэн ховор амьтан хавтгай тэмээ, мазаалай баавгайг судалж, хамгаалах ажилд оролцож ирлээ.
-Хавтгай, мазаалайг яаж хамгаалж байгаа вэ, тоо толгой нь хэр олон байна?
-Энэ хоёр амьтан дээр олон гэдэг үг зохидоггүй. Хоёулаа Монгол Улсын “Улаан ном”-д орсон, нэн ховор амьтад. Та тахь мэднэ. Монголд байгаа тахийн тоо хавтгайн тооноос олон байдаг шүү. Энэ нь ямар ховор амьтан болохыг харуулж байгаа юм. 2012 онд Засгийн газраас хөрөнгө гаргаж тоолсон. 815 гэдэг тоо гаргасан. 2014 онд Английн амьтан хамгаалах сан, Лондонгийн амьтан судлалын нийгэмлэг төсөв гаргаж тоолсон. Бид хамтарч тоолсон. 625 гэдэг тоо гаргасан. Өнөөдрийн байдлаар Говийн их дархан газрын А хэсэгт 500 гаруй хавтгай байна уу даа гэж тооцож байна. Маш өргөн уудам нутагт байдаг амьтан. Тоолоход маш төвөгтэй.
-Ер нь хүмүүст хэр их үзэгдэж харагддаг вэ?
-Тэмээ бараа сүртэй амьтан шүү дээ. Алсаас үзэгдэнэ, харагдана. Гэхдээ та тэмээг олж харахаас өмнө тэмээ таныг хараад зугтчихна. 2-5 км зайнаас хүн,
машинаас үргэдэг. Хос бөхт зэрлэг тэмээ зөвхөн Хятад, Монгол хоёрхон улсад бий. Хүмүүс одоо ч андуурдаг. Гэрийн тэмээний өвөг нь хавтгай гэж. Шинжлэх ухааны судалгаагаар энэ хоёр бол параллель явж байгаа хоёр өөр зүйл. Хүн шимпанзе хоёр генетикийн хувьд зургаан хувийн ялгаатай гэж үздэг. Гэрийн тэмээ хавтгай хоёр генетикийн хувьд дөрвөн хувийн ялгаатай.
Тахийг ч адуу гэж хардаг. Харахад адилхан ч хоёр өөр амьтан гэдгийг хүмүүс ойлгосон. Хавтгайг одоохондоо сайн ойлгохгүй л байна. Хавтгайн хувьд тахийн нөхцөл байдлаас онцлог. Тахь бол дэлхийн бараг бүх амьтны хүрээлэнд байгаа. Хүүхдүүд багаасаа л тахийг мэддэг. Хавтгай дэлхийн нэг ч амьтны хүрээлэнд байхгүй. Тахь устахад амьтны хүрээлэнгээс авчраад үржүүлж чадаж байна. Хэрэв хавтгай уствал хаанаас ч авчрах боломжгүй. Тахь жил бүр төллөдөг бол хавтгай гэрийн тэмээтэй адилхан хоёр жилд нэг удаа үржилд ордог. Биологийн бууралтад орсон, төрлөөрөө, овгоороо сүйрч байгаа амьтан л даа.
Монгол орны хавтгай нэг л цул популяц. Тэр нь Говийн их дархан газарт буюу Алтайн өвөр говьд байдаг. Гуравхан жилийн өмнө бөхөн бог малын мялзан гэдэг халдварт өвчинд өртсөн. 15 мянга хүрч байсан бөхөн 3000 хүрэхтэй үгүйтэй болсон. Популяцын 70-80 хувь нь хорогдсон. Хэрэв ийм халдварт өвчин тэмээнд тусвал юу болох вэ. 500 хүрэхтэй үгүйтэй байгаа хавтгай арав хүрэхгүй булгаас уудаг. Өвлийн улиралд хөлддөггүй ус ганц, хоёрхон ширхэг л бий. Цас орохгүй бол бүх хавтгай тэндээ цуглана, шавна. Нэг газар олноороо бөөгнөвөл халдварт өвчин амархан тархах магадлалтай. Яаралтай дараагийн арга хэмжээ авах шаардлагатай. Тусгаарлагдсан популяц бий болгох хэрэгтэй байна. Бид хавтгай байдаг бүх нутгийг дархан газар болгосон. Монгол Улсын хууль эрх зүйн актаар хамгаалсан, олон улсын гэрээ конвенцэд нэгдэж орсон. Хууль эрх зүйн хувьд бүрэн хамгаалсан. Гэхдээ хавтгайг хуулиар хамгаалаад өсдөг амьтан бас биш. Урт удаан хугацааны хамгааллын шинэ менежмент хэрэгтэй юм байна.
-Тусгаарлагдсан популяц үүсгэнэ гэхээр яана гэсэн үг вэ?
-Ямар нэг халдварт өвчин гарлаа гэхэд хоорондоо шууд контакт байхгүй. Энд өвчин гараад нэг популяц сүйрлээ гэхэд дараагийн хэсэг нь үлдэх учиртай. Нэг сагсанд бүх өндгөө хадгалж болохгүй гэдэгтэй л адил. Манай ТББ ийм ажил хийж байна. Олон улсын байгууллагууд ч тусалж дэмжихээ илэрхийлсэн. Прагийн амьтны хүрээлэн бидэнтэй хамтарч ажиллахаар санамж бичигт гарын үсэг зурсан. Монголчууд өөрсдөө ч дэмжиж байгаа. Бид алийн болгон гаднын санхүүжилт байхгүй бол юу ч хийж чадахгүй юм шиг байх вэ. Хавтгай тэмээг гаршуулан үржүүлсэн туршлага бидэнд бий. 1987 онд Говийн Их дархан газрын А хэсэгт анхны хавтгайн ботгыг гаршуулах ажил эхэлсэн. Хавтгайн ботгыг төл байхад нь чоно маш их барьж иддэг. Чононд бариулахааргүй том болгоод буцаагаад тавих зорилготой байлаа. Тэндээ бичил сүрэг үүсгээд, өнөөдрийг хүртэл 30 гаруй тоотой болсон. Том хөхтөн амьтныг сэргээн нутагшуулах туршлагыг Хустайгаас судлах боломжтой. Говийн их дархан газрын хамгаалалтын захиргаа байгуулагдаад 40 жил боллоо. Энэ байгууллагын үндсэн үйл ажиллагааны нэг нь хавтгай хамгаалах. Олон улсын хэд хэдэн төсөл хэрэгжсэн, одоо ч хэрэгжиж байгаа төслүүд бий. Хавтгайн тоо толгой энэ бүхэн хангалттай бус гэдгийг илтгэж байна.
-Мазаалайн хувьд юуг онцолж хэлэх вэ?
-Мазаалайн талаар нэлээд судалгааны ажил хийгдэж байна. Тоймтойгоос нь дурдвал Олон улсын баавгай хамгаалах сантай хамтраад хэрэгжүүлж байгаа мазаалай баавгайд сансрын болон радио дохионы хүзүүвч зүүж, судлах ажил хийсэн. 2005 онд эхэлсэн энэ ажлын хүрээнд мазаалай баавгайн үсний дээж авч, генетикийн аргаар тодорхойлоод, тоо толгой, үржил, нас хүйс, удам төрлийн холбоог нь тогтоох нарийн судалгаа хийж байна. Хамгийн сүүлийн судалгааны үр дүнг танилцуулбал 2019 оны аравдугаар сард Хустайн байгалийн цогцолборт газар хийсэн “Говийн гайхамшигт зургаа” гэдэг чуулга уулзалтан дээр танилцуулснаар Монгол орны мазаалай баавгайн тоо толгой 45 -аас дээш байна гэж үзсэн. Урьд нь арван хэд, хорин хэд гэсэн тоонууд яригддаг байсан бол баараггүй судалгаагаар 45-аас дээш байна гэж үзсэн. Үүнээс 27-28-ыг нь бариад хүзүүвч зүүж тавьсан. Автомат камераар сүүлийн үед судалгаа хийж байна. МУИС-ийн судлаач багш нар тав, зургаан жил мазаалай баавгай байршдаг гол цэгүүдэд автомат камер тавьж, зургийг нь авч баавгайг тоолж байна. Зөвхөн Цагаан богд ууланд 36 өөр баавгайг тоолсон. Энэ камерт жил болгон төл харагдаж байна. Мазаалай баавгай байгаль дээрээ хэвийн үржиж байгаа юм байна. 2015 онд мазаалай хамгаалах төрийн бус байгууллага 26 байсан. Одоо цөөхөн хэд нь тунаж үлдээд, бодитой үйл ажиллагаа явуулж байна даа.