Нийгэм судлаач, доктор, дэд профессор Х.Дондогтой ярилцлаа.
-Монголчууд хүний мөс чанар, хүн чанар, хүний мөс гэж ярьдаг. Энэ яг юуг нь хэлээд байгаа юм бэ?
-Энэ нь шинжлэх ухааны судалгааны ойлголт биш. Шинжлэх ухаан бол бодитой барьцтай материаллаг талыг барьж судалдаг. Энэ судалгааны цаана нууцлагдмал үлддэг зүй тогтлыг нь байгалийн хууль гэж тайлбарладаг. Шинжлэх ухаан баталж болдог, туршиж, үгүйсгэж болдог ийм судлагдахуунтай салбар.
Тийм боломжгүй бол тойрчихдог. Шинжлэх ухааны бус талаасаа гэвэл хүний оршихуй л гэх байх даа. Хорвоо ертөнцийн жам ёсны оршихуй гэж байна. Бичигдээгүй хууль шиг мөрдөгдөж явдаг, тэр дотроо зохицож явдаг жам ёс гэж байна. Өнөөдөр хүүхдийг сургуульд оруулаад 20 жил шинжлэх ухаан заадгаас оршихуй руу чиглэсэн юм бол заадаггүй. Жишээ нь Харвардад юу заадаггүй вэ? гээд ном байна. Энэ чинь чинь шинжлэх ухааны бус хэрнээ хүнд хэрэгтэй зүйлс орхигдоод байна гэсэн санаа.
Монголчуудад ийм ойлголт байна. Монголчууд амьд шим ертөнц дотроо амьдардаг учраас тэр. Монгол хүн амьд ертөнцийн уялдаа холбоо, жам ёсыг далд ухамсартаа суулгаад авчихдаг. Тийм учраас энэ амьтныг зовоож болохгүй гэдгийг хэлүүлтгүйгээр хар багаасаа мэддэг. Жишээ нь хайртай малаа алдлаа гэхэд маш их зовниж шаналдаг. Энэ нь хөрөнгөндөө харамсч буй хэрэг биш зовоож байгаа болов уу, төхөөрөөд идчихээгүй байгаа даа гэдэг сэтгэл юм.
Нөгөө нэг суурь нь мэргэдийн ухаан гэдэг бол Монголын уламжлалтай. Буян, нүгэл гэх улиг болсон нэр бол монголчуудын хувьд гүн ухаан тал руугаа хөгжсөн. Шим ертөнцийн энэ ухаанаа бясалгаад амьдралын гүн ухаан болгоод хөгжүүлчихсэн ард түмэн. Энэ хоёр сүлэлдээд ирэхээрээ хүний мөн чанар, мөс чанар яригддаг гэж миний хувьд ойлгодог. Тухайлбал минийхээр мөн чанар гэхээр хүний асран нигүүлсэхүйн сэтгэлтэй холбоотой.
Энэ сэтгэл монголчуудад яагаад илүү байдаг юм гэхээр соёлтой нь хамаатай. Таван хошуу малын л ажил хийж амьдарч ирсэн. Ингэхээр нэг өрх гэр бүл айл хотлоороо нэг л нийтлэг хандлага, мэдлэг, туршлага, ур чадвар төлөвшдөг байх нь.
Асрах нигүүлсэхүйн сэтгэл нь нялхсыг асрах, хөгшдийг энэрэхээс үүдэлтэй. Тиймээс тэр туршлага мэдлэгийг хуримтлуулсан настнууд асар их нэр хүндтэй нөлөөтэй байх нь мэдээж. Настай болох тусмаа л нэр хүндтэй болно. Залуус нь малын бизнесээ амжилттай явуулахын тулд тэр зөвлөхүүдээ л харж дагана шүү дээ. Настай хүмүүс нь гологдож шоовдорлогдсоор биш асрагдаж хүндлэгдсээр нөгөө ертөнцөд морилдог соёл Монголд бий. Барууны хэлээр бол ашиг сонирхол нь нэг зүйл дээр зангиддаг байгаа учраас асрах хүндлэх сэтгэлтэй байна.
-Өнөөдөр нэг гэр бүлийнхний ашиг сонирхол нь өөр өөр болсон учраас настныг заавал сонсох албагүй болсон гэсэн үг үү? Гэхдээ энэ уламжлал арай тасарчхаагүй байгаа тийм үү?
-Өнөөдөр настнууд маань тэтгэврийн зээлэндээ баригдаад л амьдарч байна.
Түүнийг нь төр хөнгөлөөд өгөхөөр магнайгаа тэнийтэл баярлаж байна. Энэ бол өнгөн тал нь. Тэгвэл эдгээр хүмүүс өнөө маргаашгүй бурхны оронд залрах гэж байж яах гэж зээл аваад байдаг юм бэ? Өөрт нь тэр мөнгө хүрэх үү гэвэл хүрнэ шүү дээ. Харин энэ ороо бусгаа үед хөлөө олоогүй магадгүй ажилгүй, амьдралгүй үр хүүхдүүддээ л өгөх гэж тэр мөнгийг зээлээд байгаа юм. Тэгэхээр тэр асран нигүүлсдэг үр хүүхдийнхээ төлөө явдаг сэтгэл чинь хэвээрээ байна.
-Настнууд нь ингэдэг юм байж. Тэгвэл ахмад настныхаа тэтгэврийг авхуулж байгаа тэр хүүхдүүд нь асрах сэтгэлтэй хүмүүс мөн юм уу?
-Залуус эдийн засгийнхаа боломжийн хүрээнд л хөдөлнө шүү дээ. Санхүүгийн эх үүсвэр муутай, авч байгаа цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй зүдэрч байгааг эмээ өвөө нь гаднаас нь хараад туслах сэтгэлээр л холилдоод бантагнаад л яваад байгаа. Эцсийн эцэст хэн нь хэндээ туслах гээд байгаа нь хэлэхийн аргагүй л цаг үе болоод байна.
-Монгол гэр бүлийн уламжлал буюу бие биеэ хайрладаг ойлгодог нандин харилцаанаас гээгдэж байгаа болон өөрчлөгдөж байгаа зүйлс байгаа юу?
- Бидэнд нэг нийтлэг төөрөгдөлд ороод байна. Бид хотын соёлоор амьдрах болчхоод байтал хуучин соёл саад болоод байна гэх төөрөгдөл. Энэ соёлыг гээх асуудал ганц хоёр жилийнх биш. Нийгэм өөрчлөгдөн төлөвшихдөө хэдэн зуун жил шаардагдана. Одоо бол заримыгаа хэсэг нь шоолох янзтай. Өөрийгөө бол болж байна, чадаж байна гэж дөвийлгөх бусдыгаа шоолох энэ хандлага бол шүүмжлэх юм гаргаж ирээд байгаа юм.
-Суурин соёл, нүүдэлчин хоёрын “мөргөлдөөнөөс” гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орж байна уу гэж л асууж байна?
-Өнөөгийн нийгэмд ямар ч юманд дүгнэлт өгөх болоогүй. Цангасан мал ус руу орчихсон юм шиг л цаг үе. Ардчилал гээд л явж байтал цахим ертөнц гээд л үер юу юугүй ороод ирсэн. Энэ юмнууд чинь хүмүүст цочрол өгөөд байна. Даяаршил, цахим ертөнц гээд ар араасаа ирсэн давлагаанд чинь хүн бусдыг анхаарах, бодох чөлөөгүй байна шүү дээ.
Бусдаар хүний чанар алдагдсан уу, үгүй юү гэдгийг ярих болоогүй. Хүмүүс зүгээр л утас имэрдэг л хүн болчихсон цаг. Тодорхой хугацааны дараа энэ хүн утсаа имэрсээр байгаад өөрийнх нь сонирхол, хандлага нь өөрчлөгдөөд тэр чигтээ явчих нэг хэсэг бий.
Гэнэт “би чинь юу болж байна” гээд эргээд харах нэг хэсэг хүн бий. Энэ хооронд аав ээж нь бурхны оронд заларчхаагүй бол ухаарна шүү.
-Монголд өмнө нь дуулдаж сонсогдоогүй гэмт хэргүүд их гардаг болсон. Ойр дотны нэгнээ мэхэлдэг, урваж, залилах нь наад захын асуудал болж. Энэ юуг харуулж байгаа юм бэ?
-Энэ бол оршихуйн мөн чанарыг харуулж байгаа хэрэг. Хүн хөлөөрөө биш толгойгоороо явдаг гэдэг үг бий. Сэтгэл, ухаан хоёроороо л хүн явдаг байх нь. Хүний сэтгэл гэдэг бол байнгын салхи шуурга байдаг. Цаад суурийг нь өнгийгөөд харвал нийгэм-улс төрийн, эдийн засгийн, сэтгэл санааны энэ гурван том ертөнцөд хүн суурилж амьдардаг.
Гэтэл энэ гурван ертөнц нь гурвуулаа хямралтай учраас хүний сэтгэлд маш их цочроо өгч байгаа үзэгдэл. Хүн өөрөө хямрах эрхтэй. Хэний ч сэтгэл хямарна. Хямарсан нэгийгээ адгийн шаар гээд байж болохгүй.
-Хүний аминд хүрдэг хүн, адгийн шаар биш гэж үү?
-Хүн алдаж болно, засарч болно. Хүн алж байгаа хүн бол алдаа гаргасан хүн. Бусдаар хүн алахаар төрсөн хүн гэж байхгүй шүү дээ. Хүнийг сэтгэл нь жолооддог учраас хүн алсан бол түүнийг уур нь, атаа хорсол нь жолоодсон байгаа. Түүний эрхээр алсан байж болно. Хүн алсан хүн бол өөрөө хутга, цаад эзэн нь уурын мунхаг, атаа хорсол, шунал тачаал нь байхгүй юу.
-Хүний сэтгэл угаасаа хямардаг гээд яваад байж болохгүй байх. Хүн сэтгэл санаагаа жолоодохын тулд юу хийх хэрэгтэй вэ?
-Сэтгэл гэдэг юм хүнийг атгандаа оруулаад жолоодоод байдаг гэж хаана ч заадаггүй. Хүний сэтгэл нь хямрахаар нийгэм нь хямарч байгаа гэсэн үг. Сэтгэл дотор дайсан байвал гадна дайсан байна. Сэтгэл доторх дайснаа дарчихвал гадна дайсан байхгүй гэсэн үг. Хүн бол энэ ертөнцөө бүхэлд нь өөртөө агуулж байдаг юм байна гэсэн таамаглал бий. Хүн өөрийгөө мэдэх хэрэгтэй. Хүн өөрийгөө мэдээд байна уу, өөр ямар нэгэн юм мэдээд байна уу гэдгээ эхлээд мэдэх нь чухал. Би хэний эрхэнд байна вэ гэдгээ бодох цаг завыг хүн өөртөө гаргах ёстой.
-Өнөө үеийн эцэг эхүүд өөрийнхөө мэдсэн сурснаа хүүхдүүддээ хэлж үлдээх гэхээр хүүхдүүд хүлээж авахгүй зөрчилдөөн үүсдэг. Тухайлбал махыг зөв барьж идэх гэх мэтийг бид эцэг эхээрээ заалгасан. Гэтэл өнөөгийн хүүхдэд мах бол мах шүү дээ. Яаж идэх нь чухал биш. Үүнийг яах ёстой юм бэ?
-Энд зан үйл, соёл, заншил, технологи гээд баахан юм холилдчихсон байгаа. Өнөөдөр юун дээр очоод зөрчилдөөд байна гэхээр стандарт гэдэг юман дээр очоод л зөрчилдөөд байгаа юм. Стандарт гэж юу юм бэ гэхээр бүх нийтэд үйлчилдэг, бүх нийтэд түгээдэг ийм шаардлагууд. Гэтэл батлуулчихсан стандарт гэхээр бүх юмыг сайн гэж ойлгодог. Батлуулаагүй стандарт гэж бас юм байна. Батлуулаагүй технологи муу гэсэн үг биш. Айл болгоны авгай цай чанах өөрийн гэсэн технологи стандарттай. Тэр цайг муу цай гэж хэлж болохгүйтэй л адил юмнаас зөрчил үүсээд байгаа. Ганцхан зөрчилдөөд байгаа нь тэр гэр бүл нийтээрээ нэг технологи, стандартыг хүлээн зөвшөөрч чадаагүй гэсэн үг л дээ. Та хүүхдүүддээ нэг технологи эзэмшүүлчих гээд хүүхдүүд тань бэлэн технологи хэрэглэх гээд байгаа хэрэг л дээ. Энэ технологийг үйлдвэрлэдэг “үйлдвэр” гэж байдаг. Энэ “үйлдвэр” нь ажилгүй зогсчихоод хэзээ ч юм үйлдвэрлэсэн “бүтээгдэхүүнийг” нь та хүүхдэдээ шахаад байна. Монгол ахуй заншил сургах гээд байгаа бол хөдөө тэр “үйлдвэр” дээр нь л аваачих хэрэгтэй дээ.
-Дөрвөн хананы дунд суучхаад дугуй гэрийн тухай заах нь хэцүү. Үүнийг тэгээд яах ёстой вэ?
-Нэг гэрийн дөрвөн хүн дөрвөн өөр ажил, мэргэжилтэй, дөрвөн тийшээ хараад суучихаар ярих ч юмгүй болно биз дээ. Гаднын соёл орж ирээд манай соёлын үйлдвэрлэл гадна орхигдсон. Тэгэхээр одоо энэ хоёр соёлыг хослуулж явах уу, цоо шинэ рүүгээ орох уу гэдэг асуудал гарна. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах ёстой. Өнөөдөр төрийн бүх бодлого, шийдвэр хотын төвийн хэдэн хүнд л зориулагдан гарч байна. Түүнийг боловсруулж байгаа хүмүүс нь мөн л Улаанбаатарт суудаг. Манай уламжлалт соёлыг тээж байгаа хүмүүс үүнд огт оролцох боломжгүй. Дөрвөн уулын дунд хүн амын 70 хувь нь ирээд суучихсан байна. Улаанбаатар хотыг харвал таван км радиуст л сая гаруй хүн амьдарч байгаа. Энэ хүмүүс хотын соёлоор амьдрах гээд байдаг. Хотод хүмүүсийг хүссэн соёлоор нь байлгаад ажлын байраар ханган амьдруулах менежмент болон төрийн бодлого алга байна.
-Бидэнд тэгэхээр хотын соёл гэж юм байна уу, алга уу?
-Байхгүй шүү дээ.
- Хотын хүн гэж хэнийг хэлэх вэ?
-Ногоон гэрлээр гарахаас хэтрэхгүй сэтгэлгээтэй хариулгын мал шиг хүнийг л хэлнэ. Энэ багширсан хүмүүсийг эмх цэгцтэй байлгахын тулд журам хэрэгтэй. Тэр хиймэл журмыг бүр багаас нь тархи толгойнд нь кодлогдчихсон сайн хариулгатай мал шиг хүн болно. Гэтэл бид чинь хотын хүнийг өндөр хөгжсөн дэд бүтэц дотор л дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэдэг жаргачихсан хүнийг хэлнэ гэж боддог. Өөрөөр хэлбэл стандарт бус ямар ч үг, үйлдэл юуг ч гаргахаа больчихсон хүнийг хэлнэ.
-Наад хүн чинь, хүн биш таны хэлснээр хариулгатай мал юм биш үү?
- Тийм шүү дээ. (инээв)
- Хүн биш байхаараа хаа хамаагүй шүлс, нусаа хаяад хоорондоо тэмцэлдээд байдаг. Гэтэл хотын хүн болчихвол хариулгатай мал шиг болчих гээд байдаг. Ер нь тэгээд яг ямар байх ёстой юм бэ?
-Би өөрөөсөө тэгж асуудаг. (инээв) Бид бүгд нэг юм эрээд байна даа. Энэ бол боловсролын сул тал. Сайн, муу нийлж сав дүүрнэ гэдэг шиг хүний оршихуй ийм л юм.
-Тэгвэл сургуульд юу заах ёстой юм бэ?
-Би өөрийнхөө тайлсныг л хэлье. Сургуульд хүн өөрөө өөрийгөө сургах чадварт л сургах ёстой.
-Та тун ч өөдрөг хүн юм. Стресстэй нийгэм гээд л байдаг. Та харин юу гэж харж байна вэ?
-Үгүй. Монгол хүн монголоороо сайхнаараа л байгаа. Монгол хүн төрөлхийн юу ч байсан сонирхож явдаг, хаана ч явсан хоорондоо мэдээлэл солилцож байдаг шинж чанартай хүмүүс шүү дээ. Энэ шинж чанараа л өнөөдөр сошиалаар харуулж байна. Гаднаас нь хараад энэ монголчууд чинь ямар хачин хүмүүс вэ гээд байгаа юм. Бусад улсын хүмүүс гэтэл муур багш шиг болчихсон байгаа шүү дээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"