Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Ч.Хашчулуун: НДШ, татвар, татаас, ажлын байрыг хадгалах арга хэмжээний багц байж болно

Б.Эгшиглэн

 Коронавирусийн үеийн эдийн засгийн хямралд эдийн засагчид, судлаачид анхаарал хандуулж байна. Эдийн засагч Ч.Хашчулуун нүүр номдоо “Миний хувьд энэ удаагийн хямрал 2008-2009 оны хямралаас ямар ялгаатай байгаа талаар өөрийн саналыг бичлээ. Гүнзгийрүүлсэн судалгаа биш, энгийн комментын түвшинд бичиж байна” хэмээн оршил хийгээд дараах сэдвийг хөнджээ. Түүний санал болон хүмүүсийн асуултад хариулсан хэсгээс түүвэрлэн хүргэж байна.

2008-2009 оны хямрал

2008-2009 оны хямрал эхний ээлжинд санхүүгийн хямралаар эхэлсэн бөгөөд түрүүнд нь АНУ-ын томоохон санхүүгийн байгууллагууд (тухайлбал, Lehman Brothers) өртсөн, шалтгаан нь subprime зээл ихтэй (манайхаар бол найдваргүй, чанаргүй) зээлийг ихээр үл хөдлөх хөрөнгийн зах зээлд гаргаснаас болсон. Дараа нь түүний нөлөө санхүүгийн зах зээлд, хөрөнгийн бирж, аж үйлдвэр, дэлхийн ашигт малтмалын зах зээлд бий болж эхэлсэн. Энэ үед авсан арга хэмжээний дийлэнх нь АНУ-ын санхүүгийн зах зээлийг дэмжихэд зориулагдсан (bailout). Хямралын шууд нөлөө нь хөрөнгө оруулалтын салбарт мэдрэгдэж, их хэмжээний хөрөнгийн алдагдалтай болж дууссан. Энэ үед нийтлэг шинж нь дэлхий даяар худалдан авалт (эрэлт) эрс буурч, хямралаас гарах гол арга нь дэлхийн эрэлтийг бий болгоход чиглэсэн. 2008-2009 онд үйлдвэрлэлд сөрөг нөлөө гараагүй, эрэлт буюу худалдан авах үйл явц дэлхий даяар суларсан гэж хэлж болно. Авах арга хэмжээний зорилт, цар хүрээ харьцангүй тодорхой байжээ.

2020 оны хямрал

2020 оны хямрал санхүүгийн биш, өнгөрсөн 20 жилд бий болсон өртгийн сүлжээ (value chain), түүгээр дамжиж бий болсон шинэ дэлхийн үйлдвэрлэл, түүний хөдөлмөрийн хуваарь, нийлүүлэлт болон ложистикийн сүлжээ тасарснаас эхэлсэн гэж хэлж болно. Шинэ дэлхийн хөдөлмөрийн хуваарийн онцлог нь БНХАУ-д дэлхийн үйлдвэрлэлийн төв шилжсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл Азид дэлхийн үйлдвэрлэлийн эд анги, угсралт, тээвэрлэлт төвлөрсөнтэй холбоотой. Харин өвчин дэлхийгээр тархахын зэрэгцээ бусад орнуудад эд ангийн дутагдлаас болж үйлдвэрлэл зогсч эхэлсэн. Тухайлбал, Японы автомашины үйлдвэрлэл, дэлхийн электроникийн салбар, зарим эм, тарианы үйлдвэрлэл, ногоо, хүнсний тасалдал ажиглагдсан. Үүгээр 2020 оны хямрал ихээхэн ялгаатай байгаа юм. Харин 2020 оны хямрал өрнөх үйл явцад үйлчилгээний салбар хамгийн түрүүнд өртөж, дэлхийд аялал жуулчлал, зорчигч тээвэр, соел, боловсрол зэрэг салбарууд хүнд байдалд орж байна.


Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө

Монгол Улсын эдийн засагт үзүүлэх нөлөө нь мөн харьцангүй ялгаатай байна. 2008-2009 оны дэлхийн хямралын нөлөө Монголд ихэвчлэн нэг л сувгаар буюу дэлхийн зах зээлийн зэс, алтны үнэ ихээхэн буурч байснаар илэрсэн. (Тэр үед нүүрсний экспорт бараг байгаагүй). Мөн тэр үед Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй байгаагүй болохоор нөлөө нь харьцангүй бага байсан гэж хэлж болно. Гэхдээ манай улсын эрсдэл өндөр байна гэж тооцож, үнэлгээ буурч, хүү нь өсч байсан. Дотоодод худалдан авалт багасч, ажилгүйдэл нэмэгдэх, ядуурал огцом өсөх хандлагатай байсан. Түүнээс гарахад хамгийн их нөлөөлсөн Оюу толгойн төсөл эхэлж, нүүсний экспорт нэмэгдэн, валютын орж ирэх урсгал ихээхэн сайжирч, богино хугацаанд хямралаас гарсан түүхтэй. Мөн тэр үед гол цохилт төрийн өмчит компаниуд (УБТЗ, Эрдэнэт үйлдвэр) зэрэг дээр гарсан. Дэлхийн зах зээлд эрэлт сэргэснээр эдгээр үйлдвэрүүдийн байдал сайжирч, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр ханш тогтворжсон.
2020 оны хямралын нөлөө Монголд харин арай өөрөөр тусч байна. Манайд сүүлийн жилүүдэд аж үйлдвэр хөгжиж, дэлхийн өртгийн сүлжээнд тодорхой хэмжээгээр орсонтой холбоотойгоор (энгийн үгээр дотоодын аж үйлдвэр хөгжиж, гадаадаас түүхий эд, эд анги авдаг болсон) хямрал энэ удаа үйлдвэрлэлд нөлөөлж байна. Мөн өнгөрсөн жилүүдэд үйлчилгээний салбар ихээхэн тэлсэнтэй холбоотойгоор эхний ээлжинд үйлчилгээ, худалдааны салбар буюу дотоодын эрэлттэй холбоотой салбарууд нэрвэгдэж байна. Харин мал аж ахуй, тариалан, ХАА, хүнсний салбарт төдийлөн сөрөг нөлөө одоохондоо гараагүй байна. Монгол Улс дэлхийн санхүүгийн зах зээлд идэвхтэй оролцож байгаа болохоор манай улсын төрийн болон хувийн хэвшлийн бонд, хувьцаанд нөлөө гарч байгаа, мөн өсч тэлсэн хувийн хэвшилд нөлөө их байна. Уул уурхайд борлуулалт, ложистикийн нөлөө байгаа, олборлолт тасарсан зүйл байхгүй. Үнийн хувьд бууралт байгаа ч огцом буурсан гэж хэлж одоохондоо болохгүй байх. Иймээс энэ удаагийн хямралаас гарах бодлогын цар хүрээ нь олон салбарыг (эхний ээлжинд худалдаа, үйлчилгээ, аж үйлдвэр, тээвэр ложистикийг) хамарсан, ихэвчлэн хувийн хэвшил рүү чиглэсэн онцлогтой байхаар санагдаж байна. Дэлхийн зах зээл сэргэх нь нэлээд хойно (жилийн эцэст) байж магадгүй гэж таамаглаж байгаа учраас манайд бодлогын арга хэмжээ ихэвчлэн дотоодын зах зээл рүү чиглэгдсэн байхаар байна. Засгаас 2020 оны хямралаас гарах арга хэмжээг төлөвлөхдөө эдгээр онцлогийг харгалзах нь зүйтэй байх. Энэ удаа хөрөнгө оруулалтыг дэмжих гэхээс өөр төрлийн багц арга хэмжээ хэрэгтэй болж байна. Үүнийг холбогдох байгууллагууд сайтар судалж байгаа байх, салбар салбараар нэлээд онцлогтой байгаа.

Авах арга хэмжээ

Арга хэмжээ гэвэл 2005-2006 онд Монгол Улсад гол экспортын салбар байсан оёмлын салбар хямарч байхад, НДШ-ийг 50 хувь бууруулж тус салбарын үйл ажиллагааг дэмжиж байсан түүхтэй. Мөн энэ удаагийн хямрал ажлын байруудыг хадгалахад чиглэгдэх онцлогтой болж байна. 2008-2009 онд гэхдээ мөн л ажлын байруудыг хадгалах арга хэмжээ байсан учраас тэр туршлагыг судлах нь зөв байх. Тэгэхлээр, ажилгүйдлийг нэмэгдүүлэхгүй байх арга хэмжээ, мөн компаниудын үйл ажиллагааг хэвийн болтол нь тодорхой хугацаанд дэмжих шаардлагатай. Бүх алдагдлыг нь нөхөх боломжгүй ч хувийн хэвшлийн компаниудын үйл ажиллагааг эдийн засаг сэргэх хүртэл хэвийн байлгах цогц арга хэмжээ чухал болов уу. Энэ бол яг л корона туссан хүнд өөрийн дархлаа сайжрах хүртэл хиймэл амьсгалын аппарат залгаж байгаатай адил гэж хэлж болно. Гэхдээ салбар салбараар байдал ялгаатай тул, арга хэмжээ ялгаатай байж магад. Харин нийтэд нөлөөлөх нь НДШ, татвар, татаас, ажлын байрыг хадгалах арга хэмжээний багц байж таарах байх.
Нөгөө талаас хэрэв хөрөнгө оруулалтыг дэмжих талд арга хэмжээ авбал, эхний ээлжинд эрэлт нь хангалттай их байгаа эрүүл мэндийн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн шинэ хөрөнгө оруулалтыг дэмжих арга бас байж болно. Иймээс 2020 оны хямралаас гарах бодлого нь зарим салбарт тэлэлтийг дэмжих (хүнс, эрүүл мэнд), зарим салбарт үйл ажиллагааг дэмжих (тээвэр, ложистик, худалдаа, үйлчилгээ, зарим үйлдвэрлэл), зарим салбарт эрэлтийг дэмжих, нийтээр ажил эрхлэлтийг дэмжих олон төрлийн бодлогыг хослуулахаар харагдаж байна. Үүгээр өнөөгийн байдал 2008-2009 оны хямралаас ялгаатай гэж бодож байна.
Эцэст нь 2020 оны хямралаас гарах төлөвлөгөө, 2016 оны хямралаас гарах төлөвлөгөөний ялгааг дурдахад, 2016 оны төлөвлөгөө бол илүү макро хэмжээний, Монгол Улс их хэмжээний зээл (бондыг) төлөх чадваргүй болох, дефолт зарлахаас аврах төлөвлөгөө байсан бөгөөд ихэвчлэн төсвийн орлогыг нэмэгдүүлэх, зарлагыг бууруулах, бондын төлбөрийг зохицуулах онцлогтой байсан. Энэ удаагийн арга хэмжээний төлөвлөгөө илүү микро буюу үйлдвэрийн түвшинд чиглэгдэх онцлогтой байгаа юм. Мэдээж уг арга хэмжээнд санхүүжилтийн зохицуулалт хэрэгтэй болох байх. Мөн 2019 онд баталсан төсвийн, НДШ-ийн хуулиудад өөрчлөлт орох шаардлагатай болох тул УИХ мөн ажиллах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, зөвхөн яамдын түвшинд шийдэхэд хүндрэлтэй байх болов уу. ОУВС-тай хамтрах ажиллах мөн боломж байгаа гэж бодож байна (онцгой нөхцөлийг харгалзан).
Банк санхүүгийн салбар манайд ихэвчлэн хувийн тул түүний олгосон зээлийг шууд засгаас зохицуулахаас илүү банк санхүүгийн салбарт нь хөнгөлөлт, татаас, эсвэл дэмжлэг үзүүлж, дамжуулан банк санхүүгийн салбараас зээл авсан байгууллагуудыг дэмжих боломжтой. Үүнд заавал бэлэн мөнгө биш, олон аргууд, зарим нөхцөлд зээлийн баталгааны аргуудыг мөн хэрэглэж болно. Гэхдээ салбар салбараар байдал өөр учраас эхлээд сайн судлах шаардлага бас харагдаж байна. Манай эдийн засаг харьцангүй сул учраас тийм дэмжлэг үзүүлэх макро боломж, нөөц бас хязгаарлагдмал (Монгол ОУВС-аас тусламж авч байгаа улс шүү дээ).

эх сурвалж: "Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com