Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Малчин эмэгтэйчүүдийн асуудал

 Зургаан настай хүүхдээ сургуульд сургах гээд малчин эмэгтэйчүүд сум руу ирж байгаа нь гэр бүлийн салалт ихсэхэд нөлөөлж байгаа гэнэ. Зарим малчин ээж нар хүүхдийнхээ гэрийн даалгаврыг хийлгэхэд бэрхшээл тулгарах болсон агаад бичиг үсэггүй малчид олширчээ.
Улсын хилтэй ойр зарим аймаг, сумын малчид Өвөр Монголд мал хариулж, гэрээгээр ажиллан, амьдралаа залгуулдаг байна. Энэ мэтчилэн малчдын ахуй амьдрал, орлого зарлага, боловсрол, нөхөн үржихүйн асуудалд анхаарал хандуулах боломжийг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл” бидэнд олголоо.

 УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр уг илтгэлийг Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-ын дарга Ж.Бямбадорж өргөн барьсан. Энэхүү ээлжит илтгэлийг үндсэн дөрвөн сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-аар хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 саналыг тусгажээ.


Залуу малчдын дундах хүйсийн харьцаа зөрүүтэй болжээ

 Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлийн эхний сэдэв нь “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал” юм.
ХЭҮК-т ирж буй гомдол, мэдээлэлд үндэслэн малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн зарим нөхцөл байдлыг тодорхойлох үүднээс 2019 онд НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр алслагдсан аймаг, суман дахь малчин эмэгтэйчүүдийн асуудлыг судалжээ. Судалгааны хүрээнд 20 аймгийн 631 малчин эмэгтэйгээс асуулга авч, Дорнод, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, Завхан, Хөвсгөл аймгийн 19 суманд Комиссын ажлын хэсэг ажилласан байна.
2019 оны байдлаар Монгол Улсын ажил эрхэлдэг дөрвөн хүн тутмын нэг нь, мөн нийт ажиллах хүчний 24.1 хувь нь мал аж ахуйн салбарт ажиллаж байна.0
Тус онд нийт 285,482 малчин бүртгэгдсэний 58.3 хувь нь эрэгтэй, 41.7 хувь нь эмэгтэйчүүд байв. Мөн 15-24 насны залуу малчдын 69.8 хувь нь эрэгтэй, 30.2 хувь нь эмэгтэй байна. Үндэсний статистикийн хорооны “Ажиллах хүчний судалгаа”-ны 2019 оны мэдээллээс1F1F үзэхэд сүүлийн жилүүдэд залуу, дунд үеийн малчдын тоо буурч, малчдын залгамж халаа багасах хандлагатай байгаагийн зэрэгцээ залуу малчдын дундах хүйсийн харьцаа зөрүү ихтэй байна.

Завханд зургаан настнуудад зориулсан “Гэр өргөө” ажиллуулж байна


 Нийт 285,482 малчны 81 хувь нь гэрлэсэн бөгөөд үүний 76 хувь нь гэрлэлтээ батлуулсан, таван хувь нь гэрлэлтээ батлуулаагүй байна. Харин тэдний 12.8 хувь нь гэрлээгүй, 4.9 хувь нь бэлэвсэн, 0.7 хувь нь гэрлэлтээ цуцалсан, 0.6 хувь нь гэрлэлтээ тусгаарлажээ3F.
Судалгаанд хамрагдсан малчин эмэгтэйчүүдийн 3.6 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан байна. Малчин эмэгтэйчүүдийн гэрлэлтээ цуцлуулж буй шалтгаанд хүүхдийг зургаан настайгаас эхлэн сургуульд элсүүлдэг болсон нь гэр бүл салахад тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа талаар аймаг, сумдын төрийн албан хаагчид, малчид ярилцлагын үеэр олонтоо хөнджээ.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төрийн албан хаагч ярихдаа:
“Сүүлийн үед боловсролын системээс шалтгаалж гэр бүл салах боллоо. Зургаан настай хүүхдээ сургуульд оруулна, түүнээс өмнө цэцэрлэгт явуулна гэх шалтгаанаар хөдөөгийн залуучууд сумын төвд их ирдэг. Ингээд эрэгтэйчүүд гэр бүлээ тэжээх, мал аж ахуйгаа эрхлэхээр хөдөө амьдарч байна. Энэ хугацаанд бие биеэсээ хөндийрч, эрчүүд нь өөр айлын охин, эхнэртэй уулзах явдал мэр сэр гарна. Сумын төвд олны дунд ороод ирсэн эмэгтэйчүүд онц хийсэн ажилгүй дэмий сэлгүүцэх, баар цэнгээний газраар явах, мал аж ахуйн ажлаас хөндийрснөөр залуу гэр бүл хоорондоо таарамжгүй болж салж байна” гэсэн байна. Ийм дүгнэлтийг өөр аймаг сумдын төрийн албан хаагчид ч хийсэн байх юм.
Энэ асуудлыг шийдэх зорилгоор Завхан аймгийн удирдлагууд бага ангийн хүүхдүүдэд зориулсан дотуур байрыг тохижуулж, “Гэр өргөө” төслийг сумдадаа хэрэгжүүлж байна.
“Хөдөө орон нутагт амьдрах малчин эмэгтэйчүүдийн тоо цөөрч байна. Зургаан настай хүүхдүүдээ сургуульд сургах гээд малчин эмэгтэйчүүд сум руу хүүхэдтэйгээ хамт ирж байгаагаас гэр бүл салалт ихсэх болсон. Үүнийг багасгах зорилгоор анх удаа зургаан настай хүүхдийн “Гэр өргөө”-г байгуулан хэд хэдэн суманд ажиллуулж байна. Зургаан настай хүүхдийг гэртээ байгаа мэт байлгаж, заавал эцэг эх нь дэргэд нь байх шаардлагагүй нөхцөлийг бүрдүүлэхийг зорьж байна. Жишээлбэл, Цагаанчулуут суманд дотуур байрыг засч тохижуулсан. Эхлээд малчдын хэдэн хүүхэд сургуульд шинээр элсэн орохыг судлаад түүндээ тохируулан өрөө тасалгааны тоог тодорхойлдог. Хүүхдийн хувцсыг угааж өгөхөөс эхлээд багшийн орон тоо хангалтгүй тул хүн нэмж ажиллуулж байна. Үүнийг орон нутгийнхаа төсвөөс шийдсэн” хэмээн Завхан аймгийн удирдлагууд ярьжээ.


Судалгаанд оролцсон малчин эмэгтэйчүүдийн 90-ээс дээш хувь нь сайн дурын үндсэн дээр гэр бүлээ зохиосон бол эцэг эх, хамаатан садны оролцоотойгоор гэрлэсэн эмэгтэйчүүд дөрвөн хувийг эзэлж байв. Түүнчлэн “хүчинд автаж гэрлэсэн” гэж 16 эмэгтэй хариулжээ.
Малчин эмэгтэйчүүдийн 3.3 хувь нь боловсролгүй, 20.8 хувь нь бага боловсролтой, 38.3 хувь нь суурь боловсролтой, 25.9 хувь нь бүрэн дунд боловсролтой, долоон хувь нь мэргэжлийн боловсролтой, 4.6 хувь нь дээд боловсролтой байна. Малчин эмэгтэйчүүд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт хангалттай хамрагдаж чадахгүй, түүнчлэн мэдээлэл хайх, хүлээн авах эрхээ бүрэн эдлэх боломжгүй байгааг ярилцлагын үеэр өөрсдөө болон аймаг, сумдын боловсролын асуудал хариуцсан ажилтнууд онцолж байжээ. Тухайлбал, 1990 онд зах зээлийн тогтолцоонд шилжсэний дараа нэгдлийн малыг хувьчилснаар олон хүүхэд мал маллахаар сургууль завсардсан бөгөөд өдгөө 30-40 насны бичиг үсэг тайлагдаагүй малчид олширчээ.
Тэд тэр бүр сум, аймгийн төв рүү ирэх боломжгүй, багш, нийгмийн ажилтнуудын хувьд орон нутагт ажиллах төсөв хомс зэрэг шалтгааны улмаас шаардлагатай мэдээ мэдээллийг, ялангуяа эрүүл мэндийн боловсрол, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн талаарх мэдээллийг цаг тухайд нь авч чаддаггүй байна.
Ерөнхий боловсролын сургуульд нэгдүгээр ангид элсч буй зургаан настай хүүхдүүдийн 20 орчим хувь нь малчдын хүүхэд байдаг. Сүүлийн жилүүдэд малчид сум, аймгийн төвд нэг гэрт, ээж нар нэгдүгээр ангийн хүүхдээ хариуцан хамт байх нь түгээмэл болсон. Гэтэл нэгдүгээр ангийн хүүхдүүдээ дагаад ирж буй малчин ээж нарын олонх нь бичиг үсгийн чадваргүй байдаг. Зөвхөн сургуульд хүргэж өгөх, авахаас хэтрэхгүй, бага боловсролын суурийг тавихад хамтран ажиллах үүрэгтэй ч тэдний боловсрол хангалтгүй байна. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумынхан үүнийг шийдвэрлэх үүднээс аймгийнхаа Насан туршийн боловсролын төвтэй хамтарч бичиг үсгийн боловсрол багатай ээж нарын бичиг үсгийн чадварыг дээшлүүлэхээр ажиллаж үзсэн гэнэ. Гэсэн ч ээжүүд ирэх нь цөөн, сүүлдээ ирэхээ байжээ. Харин Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нэгэн төрийн албан хаагч ярихдаа “Өөрчлөлтийг өөрөөсөө” хөтөлбөрийг таван жилийн хугацаатай баталж ажиллаж байна. Малчдыг аравтын системд шилжүүлж, гэрт нь хүн очдоггүй, хүнтэй уулзаж чаддаггүй хүмүүст малчин эмэгтэйчүүдээр дамжуулан соёлжуулах ажлыг эхлүүлсэн. Ингэж чадвал гэр бүлийн хүчирхийлэл зэрэг асуудал багасах болов уу гэж найдаж байна. Энэхүү аравтын системд дандаа малчин эмэгтэйчүүд байдаг. Манайх зургаан багтай учраас зургаан аравтын системийн эхлэлийг тавьсан. Цаашдаа арав арван хүн хариуцаад 600 хүнтэй болно” хэмээн тайлбарлажээ.

Гэр бүлийнхээ санхүүг захиран зарцуулдаг ч өөртөө мөнгө зарцуулж чаддаггүй


 Малчин эмэгтэйчүүдийн 55.4 хувь нь гэр бүлийн сарын орлогоо “320,000 төгрөгөөс бага” гэж хариулсан бол нэг сая төгрөгөөс дээш орлоготой өрх 6.5 хувийг эзэлж байв. Банканд хадгаламжтай эсэхийг тодруулахад 68.3 хувь нь хадгаламжгүй байв. Мөн гэр бүлийнхээ санхүүг захиран зарцуулж, хэрэгцээт зүйлсээ худалдан авч чаддаг эсэхийг тодруулахад 50.2 хувь нь нөхөр (хамтран амьдрагчтайгаа) хамт шийддэг, 41.2 хувь нь гэр бүлийнхээ санхүүг захиран зарцуулах асуудлыг өөрөө шийддэг ч, өөртөө зарцуулж чаддаггүй, 8.6 хувь нь “Гэрийнхээ төсвийг захиран зарцуулах асуудлыг нөхөр/хамтран амьдрагч шийддэг” гэжээ. Түүнчлэн улсын хилтэй ойр зарим аймаг, сумын малчид тухайлбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын хувьд цөөнгүй малчин Өвөр Монголд мал хариулж, гэрээгээр ажиллан амьдралаа залгуулдаг байна.
Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын цагдаагийн албан хаагч ярихдаа:
“Манай суманд малчид цөөрч байна. Мөнгө олохын тулд малчид урагшаа гарч мал малладаг болсон. Тэнд монгол малчны ажлын өдрийн хөлсийг 100 юаниар үнэлдэг. 30 хоног ажиллахад 2,800 юань авна. Энэ нь зах зээлийн ханшаар нэг сая орчим төгрөг болдог. Гэтэл дотооддоо нэг малчныг нэг сая төгрөгөөр цалинжуулах боломж байхгүй.
Малчид тэнд ямар орчинд ажиллаж байгааг мэдэх аргагүй, хянах боломжгүй. Хааяа хилийн цаанаас хятад дугаартай утаснаас ярьдаг...” гэжээ.

Малчин эмэгтэйчүүд ихэвчлэн үүрийн 4-6 цагийн хооронд босдог

 Малчин эмэгтэйчүүдээс өглөө хэдэн цагт босч, орой хэдэн цагт унтаж амардаг талаар тодруулахад 76.2 хувь нь “4-6 цагт босдог””, 23.5 хувь нь “6-8 цагт босдог”, 0.3 хувь нь “9-10 цагт босдог” гэжээ. Харин 41.3 хувь нь “19-22 цагт унтдаг”, 58.7 хувь нь “22-02 цагт унтдаг” гэж тус тус хариулжээ. “Үүнээс үзэхэд малчин эмэгтэйчүүд өдөрт дунджаар 15-20 цагийн хөдөлмөр эрхэлж байна” хэмээн судлаачид онцлов. Мөн тэд хавар, намар, зуны улиралд мал төллөх, сааль сүүний үеэр илүү уртасгасан цагаар ажилладаг талаар ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар хэлжээ.
Уур амьсгалын өөрчлөлтөөс хамаарч, зуд, ган, хуурайшилт, бороо, цас, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, гамшгийн давтамж нэмэгдэж байгаагаас мал аж ахуй эрхлэхэд учрах хохирлын хэмжээ ихсэхийн сацуу малчид гэмтэж бэртэх, амь нас эрсдэх аюултай байна. Орхон аймгийн малчин эмэгтэй аянгад өртсөн тухайгаа ийнхүү ярьжээ. “Манайх зуднаар бүх малаа алдаад баруун аймгаас Булган, Эрдэнэтийн залгаа нутагт шилжин ирж, айлд үхэр маллан гэр бүлээрээ туслах малчнаар ажиллахаар болов. Нийт 30 гаруй үнээ маллаж, саадаг, сүүг нь сүүний үйлдвэрт өгдөг учраас өглөө оройдоо үнээгээ саахад дор хаяж 2-3 цаг зарцуулдаг байв. Энэ нутагт бороо орох үед аянга цахилгаан ихтэй.
Нэг удаа үнээ сааж байхад дуу цахилгаантай хүчтэй бороо орлоо. Үнээгээ заавал саахгүй бол нормын сүүг өгч чадахгүй болох учир нөхөртэйгөө хамт үнээгээ саасан. Тэгээд ч харанхуй болох гээд юм юм л давхцаад байсан үе юм. Тэгсэн сүүлийн хоёр үнээгээ ивэлгээд сааж байх үеэр хүчтэй аянга бууж, миний бие аянгад өртсөн. Саалийн хувин маань төмөр хувин байсан татсан болов уу гэж боддог. Мөн малын хашаа хороог төмрөөр бэхэлсэн байсан. Ер нь тэгээд хуванцар сав хортой гэхээр нь сааль сүүнд хуванцар сав хэрэглэдэггүй, уг нь модон саалийн хувин байсан бол ийм юм болохгүй ч байсан юм бил үү гээд юм юм л бодогддог.
Булганы харьяа нутаг хэдий ч Эрдэнэттэй ойрхон учраас хамгийн ойр газраас манай эзэн тусламж дуудаж авчирсан. Эмнэлгийн тусламж ирэх хооронд намайг шороонд нэлээд удаан булж байлгасан. Бүтэн жил эмчлүүлж, гайгүй болсон ч одоо байнгын эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон” гэжээ.
2019 оны байдлаар нийт малчдын 27.4 хувь нь нийгмийн даатгалд хамрагджээ.
ХЭҮК-оос УИХ-аар дараах асуудлыг хэлэлцүүлж, шийдвэр гаргуулахаар 23 санал хүргүүлсэн байна. Үүнд: Түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний төвүүдийг бүх аймагт бий болгож, тэдгээрт ажиллах алба хаагчдын орон тоог нэмэгдүүлэх, алслагдсан багт хүрч ажиллахад шаардагдах автомашин, шатахуун болон холбогдох бусад зардлыг шийдвэрлэх,
Бага, дунд боловсролын тухай хуульд бага боловсрол олгож буй ерөнхий боловсролын сургууль нь суралцагчийн насны онцлогт тохирсон байдлаар тохижсон, алслагдмал орон нутагт амьдардаг хүүхдүүдийг долоо хоногийн ажлын өдрүүдэд хүлээн авах цэцэрлэгийн нөхцөл бүхий дотуур байртай байх зохицуулалтыг тусгах зэргийг санал болгосон гэнэ.
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэлд малчин эмэгтэйчүүдийн асуудлаас гадна “Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал”, “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” сэдвүүдийг хөнджээ.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com