Хөтлөгч Э.Уянгаагийн подкастын зочноор Баянгол дүүргийн Засаг дарга, С.Одонтуяа уригдан оролцжээ. Подкаст ярилцлагын үеэр С.Одонтуяа өөрийн бичсэн нийтлэлүүдээ ярьсан байна.
Хөтлөгч Э.Уянга:
-Сайн байцгаана уу уншигчид аа, Одноогийн подкастын шинэ дугаар эхэлж байна. Тэгэхээр өнөөдөр бид хамтдаа “Гамшгийн эдийн засаг” гэсэн нийтлэлийн талаар ярилцах болно.
-Та энэ нийтлэлийг одоогоос дөрвөн жилийн өмнө бичиж байжээ, тухайн үед яг яагаад энэ нийтлэлийг бичихээр болсон бэ?
С.Одонтуяа:
-Сайн байцгаана уу. Гамшгийн эдийн засаг гэхээр хүмүүс муу эдийн засгийн талаар гэж боддог. Гол нь гамшгийн зах зээлээс монголчууд бид хэрхэн мөнгө босгож болох вэ гэдгийг бичсэн. Ерөнхийдөө жаахан фантази, мөрөөдөл талдаа юм л даа. Ер нь Дэлхий дээр улс орнууд олон жижиг зах зээл дээр мөнгө босгохоосоо илүү нэг, хоёр том зах зээл дээр бүх хүчээ, хөрөнгө нөөцөө төвлөрүүлж байгаад их хэмжээний мөнгө босгох, амжилттай ажиллах төслүүд хийдэг. Жишээ нь, улс орноороо төрөлжсөн газрууд байна, Хятадын зарим хотуудад явж байхад хотоороо төрөлжсөн ч байна. Манайд энэ төрөлжилт гэдэг юм ер нь их муу байдаг. Бүгдээрээ л олон жижиг жижиг зах зээл дээр ажиллаад байдаг. Жишээ нь, Давос гэж хот нь зөвхөн тухайн жилдээ тэр Давосын уулзалтыг хийхэд бүх анхаарлаа төвлөрүүлээд л тэндээс нэлээд мөнгө олдог. Дээрээс нь дэлхийн 15 улс зөвхөн кофений экспортоор мөнгө олж байна. Филиппинүүд л гэхэд гэрийн үйлчлэгчээр гэх мэт. Тийм учраас Дэлхий дээр маш их гамшиг болж байна. Цаашдаа энэ гамшиг ихэснэ ээ, тэгэхээр энэ гамшгийн зах зээл дээр мөнгө босгоё. Энэ нь Монголд маш тохиромжтой зах зээл юм аа гэдэг үүднээс үүнийг бичсэн. Жишээ нь, гол санаа нь юу вэ? гэхэд Монгол Улсад НҮБ болон Улаан загалмай бусад том тусламжийн байгууллагуудын агуулахуудыг барья. Манайх чинь Хөшигийн хөндийд том онгоцны буудалтай болчихлоо, тэнд маш удам газар нутаг байна. Тэгэхээр энд НҮБ-аар том агуулахууд бариулаад аль нэг улсад гамшиг болоход онгоцтойгоо манай Хөшигийн хөндийд буугаад л агуулахаасаа бүх тусламжийн бараа, дулаан хувцас, хүнс, майхан, гэр гэх мэт зүйлсээ ачаад тухайн улсууд руугаа явуулдаг төлөвлөгөө байгаа. Яагаад гэхээр Монгол Улс өөрөө байршлын хувьд эрсдэл багатай. Жишээ нь, үер усны аюул улам нэмэгдэж байхад манайх бол өндөрлөг газар учраас усанд автах гэх мэтчилэн янз бүрийн юм байхгүй.
Э.Уянга:
-Далайн шуурга гэх мэт юм байхгүй.
С.Одонтуяа:
-Их хуурай байдаг, чийгтэй газар тэдгээрийг хадгалахад цахилгаан гээд янз бүрийн зардал их орно. Мөн өвөл хүйтэн байдаг учраас заавал тусдаа хөргөгч байх шаардлагагүй. Хоёр дахь санаа нь ерөөсөө төрийн гол үндсэн үүрэг бол бизнес хийх биш юм. Төр гадаад руу явж гэрээ хэлцлийг хийж, дэд бүтцийг нь хангаж, баялаг бүтээгчдэдээ бизнес хийх талбарыг нь бий болгож өгч байя гэсэн санаа байгаа. Жишээ нь, өөрөө санаж байна уу үгүй юу, манайхан Америкт очоод квотгүй барааны гэрээ хэлцэл хийсэн дээ. Тэгэхэд бүх хувийн хэвшил тийшээ квотгүй бараа гаргаж байсан. Европ руу бас тэгсэн. Түүн шиг ерөөсөө гол гэрээ хэлцлийг нь хийгээд өгөх хэрэгтэй. Тэгээд НҮБ-д хандаад гэрээ хийвэл, тэр агуулахад байх бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэнэ гэдэг чинь өөрөө маш том зах зээл. Үүнийг мөрөөдөж, мөрөөдөж гэхээсээ илүү хэрэгжүүлэхэд байж болохоор бичсэн юм.
Э.Уянга:
-За тэгэхээр яг юуны талаар ярьж байгаа вэ гэдэг талаар уншигчдадаа Гамшгийн эдийн засаг гэдэг нийтлэлийг хүргэж байна.
С.Одонтуяа:
-Энэ нийтлэл маань 2015 онд бичсэн учраас зарим тоо баримт нь хуучирсан байж магадгүй гэхдээ эргээд нийтлэлээ харахад одоо ч гэсэн боломжтой.
Э.Уянга:
-Одноогийн подкаст:
Гамшгийн эдийн засаг /2015 он/
Далайн хар шуурганд дайруулж иргэд нь гамшигт нэрвэгдэж байгаа мэдээ суваг болгоноор гарахад бүгд зүрх шимшрэн үздэг. Харин төсвөө танах тухай тархиа гашилгаж суусан надад үүнээс монголчууд бид яаж мөнгө хийж болох вэ гэх бодол төрөв.
Олон улсын гамшгийн зах зээл дээр амжилттай ажиллаж болох уудам нутаг, стратегийн байрлал, улс төрийн тогтвор гээд харьцангуй давуу тал бидэнд байна. Гай гамшиг бол мэдээний нэг хэсэг, бидний амьдралын салшгүй хэсэг, гамшиг дэлхийн хаа нэгтээ үргэлж болж байдаг. Санаа дагаад ч тэр үү, сүүлийн жилүүдэд глобал, гамшиг улам олон тохиолдох болсон. Жишээ нь, Европт энэ жил түүхэнд байгаагүй хүйтэн болно гэсэн. Азийн орнуудад цунами тасрах биш.
НҮБ-аас өмнөд болон зүүн Азид болох гамшгийн нөөцөнд зориулж хүнс, тусламжийн бараа хадгалах үлэмж том агуулахуудыг Хөшигийн хөндийгөөс холгүй баривал манай Засгийн газар агаар, газраа түрээслэж, дэд бүтцээр хангаж орлоготой болно. Тэнд гарах олон ажлын байранд манай залуучууд орж, НҮБ-д өндөр цалинтай ажиллах болно. Зам холбоо, дэд бүтэц дагаад хөгжинө. Нөөцийн төвийг дагаж хувийн хэвшлийн үйлчилгээ ажиллана. Нөгөөтээгүүр ядарсан бусдад туслах нь Бурхны хүсэлд нийцнэ биз ээ.
Хүнсний нөөцийн зориулалттай хадгалах тариа ногоо тарьж ургуулах мөнгийг НҮБ-ын санхүүжилтээр гаргачихна. НҮБ-аас гадна Улаан загалмай зэрэг олон байгууллага бий. Харин бидэнд ногоо тарих талбай, ажил хийх хүсэлтэй хүмүүс зөндөө. Тариа ногоо, махаа боловсруулж хадгална гэвэл үйлдвэр барих бизнесийнхэн алга ташаад ирнэ. Хүнсний хомсдол дэлхийд улам нэмэгдэж байгаа, хүнсний хэрэглээ эрэлтийн өсөлтийг үзвэл энэ бол ирээдүйтэй зах зээл. Эрсдэл, нөөцөө НҮБ-аар даалгуулчихвал үлдсэнээ бид ажилсаг иргэдтэйгээ хамт хийчихнэ.
Дэлхийд хүнсний дутагдал глобал асуудал болж, жил тутам хоол хүнс үнэтэй болж байна. Ялангуяа Энэтхэг, Хятад болон Азийн бусад улсууд, Африкт бодитой асуудал болсон. Бангладешийн хүнсний хомсдолын гол шалтгаан нь жил бүр болж байгаа үер юм. Харин зарим улсад нь улс төрийн тогтворгүй байдал тариа будаа тариулдаггүй. Усны дутагдал ч хүнсний хомсдолын бас нэг голлох шалтгаан болдог. Азид будааны үнэ сүүлийн 20 жилд тасралтгүй өслөө. Цалингийнхаа ихэнхийг хүнсэнд өгдөг манайхан хүнсний үнэ өсөх энэ зовлонг андахгүй. Монгол шиг эрүүл хүнстэй газар ховор. Стандарт дээрээ л ахиц гаргачихвал Монголын минь эрүүл хүнс дэлхийд үнэлэгдэх цаг тун ойрхон иржээ.
Гамшгийн үед яаралтай хэрэглэгддэг бусад орны бараа бүтээгдэхүүнийг зөвхөн хадгалаад, тээвэрлэхэд ч бид овоохон мөнгө олно. Том асуудлаа олж харж тэнд хүчээ зангидаж төвлөрүүлбэл шийдэж болно. Ганцхан зүйлээс их орлого олдог Давос гэж хот байна. Зөвхөн кофены экспортоор орлого олдог 15 улс байна. Бид ноцож чадахгүй уугиад, хэзээ нэг асах бол гэж хүлээлгүй эхэлмээр байна.
Төрийн үндсэн үүрэг бол өөрөө бизнес хийх биш зах зээл бий болгож, дэд бүтэц, бүтээн байгуулалтын нөхцөлийг бүрдүүлж өгөн, гадаад орнуудтай гэрээ хэлцлийг нь хийж өгөх явдал. Бусдыг бүгд хувийн хэвшил хийж чадна.
Олон улсын гамшгийн зах зээл дээр хурдтай ухаалаг ажиллаж, иймэрхүү том төсөл, том мөнгө босговол энэ жил шиг жаахан төсвөө булаацалдаж суухгүй сэн. Манай төсвийн 90 хувь нь татвараас бүрдэж иргэдийн халааснаас гардаг. Алийн болгон ардуудыг шулж амьдрах вэ, ТӨРИЙГ УХААЛАГ АЖИЛЛУУЛЪЯ.
Э.Уянга:
-Надад энэ нийтлэлээс хамгийн сэтгэлд хүрч байгаа нь: одоо бид энэ байгаа жижигхэн эдийн засгаа, жижигхэн төсвөө, энэ дотроо эргэлдээд аргалах байдлаар ажиллаад, гэтэл таны энэ санаа болохоор бид шинэ юм хайя, шинээр эдийн засгийг өөрсдөө бий болгоё гэдэг санаа нь өөрөө их том зүйлийг хэлээд байна аа. Энэ надад их чухал санагдлаа.
С.Одонтуяа:
-Нийтлэлд дурдсан шиг төсвийн 90 хувь татвараас бүрддэг. Тэгэхээр иргэдээсээ авсан татвараа л яаж хүргэх вэ гээд, яаж үрэх вэ гээд байхаас биш, ерөөсөө үүнийг бүр их томоор олъё гэдэг санааг агуулж байгаа юм. Дээрээс нь манай Монголын бүтээгдэхүүнүүд Дэлхийн тансаг зах зээл дээр жаахан гологддог шүү дээ, тэгэхээр маш эрүүл хүнс мөн чанартай тэмээний ноосон бүтээгдэхүүнүүд дулаахан учир гамшигт хэрэгтэй. Миний санаж байгаагаар Украинд манай Монгол гэрийг тавьж байсан, тэгэхэд Монгол гэр бол ёстой юун тэр майхан сав, гадаадынхан майхан л гэж боддог майхных нь хажууд ёстой тохилог сууц байгаа юм чинь. Хамгийн гол нь бид бүтээмж өндөртэй ажиллах ёстой. Нэг хүн өнөөдөр 10 төрлийн ногоо тариад л 10 төрлийн бүтээгдэхүүн хийгээд л түүнийгээ борлуулах гээд. Гэтэл нэг том зах зээл гарах юм бол нэг хүн зөвхөн нэг бүтээгдэхүүний зөвхөн нэг хэсгийг нь ч хийж болно. Түүнийгээ л маш сайн хийх хэрэгтэй. Илүү бүтээмж нь өндөр, орлого нь их болно. Тиймээс манай Засгийн газар яаж энэ иргэддээ том зах зээл олж өгөх вэ? гэдгийг бодох ёстой. Одоогоор яах вэ мөрөөдөл байна, гэхдээ мөрөөдөл биелэх үе байдаг шүү дээ.
Үүнийгээ 2016 онд НҮБ-д бичиж явуулж байсан гэхдээ араас нь байнга хөөцөлдөх хэрэгтэй байх аа.
Э.Уянга:
-Баярлалаа өнөөдөр та бүхэндээ бид Гамшгийн эдийн засгийн талаар нийтлэлийг хүргэлээ. Дараагийн удаа С.Одноогийн подкастаар уулзталаа түр баяртай.