Хөдөлмөрийн аюулгүй байдлыг үл тоодог хэнэггүй монгол зан жилд 200-300 хүний амь насыг авч одсоор байна. Хамгийн сүүлд “Тавантолгой транс” компанид өнгөрөгч долоо хоногт осол гарч хүний амь нас хохирсон тухай мэдээлэл манай редакцад ирсэн. Дээрх мэдээллийн мөрөөр бид цагдаагийн ерөнхий газар, уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, мэргэжлийн хяналтын ерөнхий газраас тодруулахад “Одоогоор бидэнд тийм мэдээлэл ирээгүй байна. Мэдээгүй” гэдэг хариултыг өгсөн. Иймээс бид уул уурхайн салбарт гардаг осол аваарын шалтгаан нөхцөл, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар МХЕГ-ын Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч С.Баяраагаас дараах зүйлсийг тодрууллаа.
-Өнгөрөгч долоо хоногт “Тавантолгой” транс компанид осол гарсан талаар бидэнд мэдээлэл ирсэн юм. Та бүхэнд тодорхой мэдээлэл байна уу?
-Надад одоогоор мэдсэн юм алга. Таныг хэлэхээр Өмнөговь аймаг хариуцсан байцаагчаасаа тодрууллаа. Тийм осол бүртгэгдээгүй гэж байна. Шуурхай мэдээнд ч алга.
-Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар хэчнээн үйлдвэрлэлийн осол бүртгэгдээд байна. Тэр дундаа уул уурхайн осол хэчнээн хувийг эзэлж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 95 осол гарч, долоон хүний амь нас эрсэдсэн байна. Өнгөрсөн оны дүн мэдээг харахад хамгийн их осол гарсан нь уул уурхайн салбар байсан. 81 осол гарч, 19 хүн амь насаа алдсан байх жишээтэй. Дараа нь барилгын салбар орж байна. Тэгэхээр үндсэндээ бүтээн байгуулалтын гол хоёр салбарт осол өндөр гарч байна гэсэн үг. Иймээс манай байгууллагын зүгээс уул уурхайн салбарт аюулгүй ажиллагаа, барилгын компаниудад хөдөлмөрийн аюулгүй байдлын зөвлөмжийг удаа дараа хүргүүлсээр байна.
-Яагаад энэ салбаруудад жилийн жилд хэдэн зуун осол гарсаар байдаг юм бол. Үүнийг хянаж, шалгах, тоон үзүүлэлтийг бууруулах үүрэг нь танай байгууллагад байгаа юм биш үү?
-Нэгдүгээрт, уул уурхай, барилгын салбар мэргэшсэн боловсон хүчнийг ажиллуулдаггүй. Хоёрт, дотоодын хяналт гэдэг зүйлийг хэрэгжүүлдэггүй. Гэтэл, Японд нэг жижигхэн осол гарсан тохиолдолд түүний ард 333 зөрчил байдаг гэж тогтоосон байна. Тэр жижиг зөрчлүүдийг арилгахгүй бол дараагийн том зөрчил гарна гэж үздэг юм билээ. Тэгэхээр бид жижиг зөрчлийг ч арилгах ёстой. Уул уурхай, барилгын салбарт энгэрийн бүсээ дэгээндээ хийх, малгайгаа өмсөх гэх мэт наад захын үйлдэл бүрийг хүн бүрт зуршил болгож өгөх ёстой. Үүнийг ганцхан ХАБ ажилтан зааварчилгаа өгснөөр хязгаарладаг. Түүний өгсөн зааварчилгааг чандлан мөрдүүлэх аюулгүй ажиллагаа хариуцсан мэргэжилтэн зайлшгүй ажиллуул гэдэг шаардлагыг бид тавьж байна. Бүр зуугаас дээш хүнтэй байгууллагууд аюулгүй ажиллагаа хариуцсан бүхэл бүтэн нэгжтэй байх ёстой.
-Танай байгууллага уул уурхай, барилгын салбарын хэчнээн компанид хяналт тавьж ажилладаг вэ?
-Хөдөлмөрийн хяналт гэдэг нь салбар дундын ганц хяналт байдаг. Өөрөөр хэлбэл, уул уурхай, боловсрол, эрүүл мэнд, барилга гэх мэт хөдөлмөрийн үйл ажиллагаа явуулдаг бүх салбарт нэг л хэлтэс хөдөлмөрийн хяналт тавьдаг гэсэн үг. Тэгэхээр бид тэр бүрт хүрч ажиллаж чаддаггүй. Саяхан бид улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх аж ахуйн нэгжийг тооцож хяналт хийе гэвэл эхэлж хийсэн компанидаа 22 жилийн дараа эргэж очно гэсэн тооцоо гарсан. Тийм болохоор бид жил бүр оны эхэнд эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтын төлөвлөгөө гаргадаг. Үүний дагуу эрсдэлээ үнэлээд аль аль компани, салбарт хяналт хийх вэ гэж төлөвлөнө. Ингээд явахаар эрүүл мэнд, боловсролын салбар луу бараг очдоггүй.
-Он гарсаар уул уурхайн салбарт 17 осол гарсан байна. Өнгөрсөн жилийн хоёрдугаар сард “Эко алтан заамар”-ын уурхайд маш том осол гарч дөрвөн хүний амь нас эрсэдсэн байдаг. Эдгээр ил уурхайг өвөл ажиллуулахгүй гэсэн заалт байдаггүй юм уу?
-Ер нь бол өвөл болохгүй гэж хорьсон зүйл байхгүй. Тухайн уурхайн ТЭЗҮ-д юу гэж зааснаас шалтгаалдаг. Ил уурхай, барилгын компаниуд өвөл хөлдүү газарт техникийн хүчээр үйл ажиллагаа явуулснаас болж осол гарсан байдаг. Үүний хамгийн муу жишээ бол яалт ч үгүй өнгөрсөн жил гарсан “Эко алтан заамар”-ын осол юм. Технологио баримтлаад явах ёстой. Хөрсний шинжилгээ хийгээд энэ уурхайг жилийн төдөн улиралд ашиглана гэсэн бол тэр хугацаанд л ашиглах ёстой. ТЭЗҮ хийж байгаа хүмүүс нь зун ажиллах уурхай байна гэдэг. Түүнийг зөрж ажиллахаар аваар осол гардаг.
-“Эко алтан заамар” компани дээр түүнээс хойш ахиад осол гарч, хүний амь эрсэдсэн байгаа. Дээрх компанид хариуцлага тооцож, арга хэмжээ авдаггүй юм уу?
- Манайх тухайн уурхай дээрх лицензийг цуцлуулах саналыг холбогдох яам, тамгын газарт хүргүүлдэг. Бидэнд тийм л эрх бий. Гэтэл нөгөө компани өөр газар уурхайтай байж байдаг. Ноднингийн дөрвөн хүн нас барсан газар бол хаагдсан, үйл ажиллагаа нь зогссон байгаа.
-Өнгөрсөн онд гарсан үйлдвэрийн нийт ослын тоо огцом нэмэгдсэн байсан. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Сүүлийн хэдэн жилийн статистикийг тоймловол 2016, 2017 онуудад 333 осол гарч байсан бол 2018 онд 286 болж буураад байсан. Харин өнгөрөгч онд энэ тоо бараг гучин хувиар өсч 386 болсон. Өнгөрсөн жилийн тухайд эко алтан заамар, төв цэвэрлэх байгууламж, налайхын уурхайн осол гээд нэг удаад гурваас дөрвөн хүний амь эрсэдсэн томоохон ослууд гарсан. Үүнээс гадна өнгөрсөн жилээс ослыг нарийвчлан тооцох аргачлалд өөрчлөлт орсонтой холбож болох юм. Яаж өөрчлөгдсөн гэхээр дөрвөн хүн нас барсан ослыг бүлэг осол гэж нэрлээд нэг осол гэж тооцдог байсан. Үүнийг олон улсын жишигт нийцүүлж өртсөн хүний тоогоор ослын тоог тооцдог болсон.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"