Уншиж байна...
 
Монголд бурхан шашныг дэлгэрүүлхэд гүйцэтгэж буй Энэтхэгийн нөлөөСҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана
Нарангийн энгэрт нар тусах болоогүй байна

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороонд орших иргэдийн хэлж заншсанаар Улаанчулуутын хогийн цэг хэмээн нэрлэсэн албан ёсны нэршил нь Нарангийн энгэрийн хогийн цэг дээрх амьдралыг илэрхийлэхэд үг, үзэг хоёр минь эвлэхэд бэрх санж. Үүл уулс нь униартан харагдах, ундуй сундуй, алаг эрээн тал нүдний минь өмнө тодроход энэ амьдралдаа үзээгүй ч энд тэндэхийн кино дүрсэнд мөнхөрсөн дайны үеийн дарийн утаа суунагласан үе санагдмаар. Бүүдгэрхэн тэнгэрийн доогуур хар хэрээнүүд гуаглан, сүрэглэж, энэ тэнд дуугарах чимээнд дэрхийн нисэн буух аж. Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригоор ахлуулсан баг энэ газарт ажиллахаар ирснийг сурвалжлахаар яваа минь энэ. Энэхүү Нарангийн энгэрийн хогийн цэг дээр өдөрт дунджаар 1600 тонн орчим хог ирдэг байна. Харин Цагаан даваад 1200 тонн, Морингийн даваад 600 тонн хог хаягдал ирдэг. Тэгэхээр нийслэл хотын хэмжээнд өдөрт дунджаар 3600 тонн хог хаягдал гардаг гэсэн үг.

 

Энд тэнд дутуу шатсан хогны утаа суунаглаж, түрдэг трактороор хог хаягдлыг газрын хөрсөөр тэгшлэх үед ийн үнс, тоос дэгдэн нүд нүүргүй туучих үед том гээчийн тааран шуудайгаа чирсээр буулгаж байгаа хог руу зүглэх иргэдийг харахаар өр өвдөж сэтгэл шимширмээр. Өдөрт дунджаар 100-150 хүн энэхүү хогийн цэг дээр ажиллаж олсон орлогоороо ар гэрээ тэжээж, амьдралаа залгуулдаг. Зуны улиралд сургуулийн хүүхдүүд амардаг учраас энд хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн тоо нэмэгдэж нийтдээ 50 орчим хүмүүс хог түүдэг. Өмнө нь олон иргэд энд овоохой, оромж барьж хоноглодог байсныг хориглосон. Өглөөний 07 цагаас 22 цаг хүртэл хоёрдогч түүхий эдийг ангилан ялгадаг гэнэ. Яг үнэндээ хорин нэгдүгээр зуунд амьдарч байгаа бидэнтэй хаяа дэрлэн ийм амьдрал буцалж байгаад үл итгэнэ. Энд байгаа иргэдийн ихэнх нь Монгол Улсын иргэн гэдгээ батлах, нотлох ямар нэгэн бичиг баримтгүй. Тэд хэзээ ч иргэний үнэмлэх авч үзээгүй гэж байв. Энд эрүүл аюулгүй орчин, эрүүл мэндийн үйлчилгээний талаар ярих ч юм биш. Төрснөөсөө хойш эмнэлэгт үзүүлж үзээгүй хэмээн ХНХ-ын яамны сайдад хариулж зогсоо 50 орчим насны эрэгтэйн туулж өнгөрүүлсэн хагас зуун жилд юу л эс тохиолдов гэж дээ. Яагаад ч юм “орхигдогсод”, “харанхуйчууд” гэж нэрлэмээр байгаа энэ орчинд хэзээ гэрэл тусах вэ.

 

Сайхан газрын шал угаадаг хүн ч надаас дор цалинтай байгаадаа

“Хогийн цэг дээр амьдардаг иргэд шиг заваан хүн байхгүй. Усанд ордоггүй, орон гэргүй, гуйлгачин, архи дарс уудаг гэх мэтчилэн нийгмийн хог шаарнуудын цуглардаг газар гэсэн ойлголт нийгэмд байдаг. Гэтэл яс юман дээрээ тийм зүйл байхгүй. Бид амьдрахын төлөө, амьдралын төлөө үүрийн гэгээгээс үдшийн бүрий болтол зүтгэж яваа хүмүүс. Хүнд чинь үр хүүхдэдээ дараа болохгүйн тулд өөрийнхөө хар толгойг аваад явах хүсэл их. Боломж, бололцоо нь болбол тэдэндээ нэмэр тус болчих хүсэлтэй амьдардаг. Энд чинь яадгаа алдчихсан, амьдралын зорилгогүй өдөр хоногоо өнгөрүүлж яваа хүн ховор л байгаа. Бид хүний дор орохоор амьдралтай хүмүүс биш ээ. Ажиллах орчин нөхцөл хүнд, бохир, эрүүл мэндэд хортой гэдгийг хүлээн зөвшөөрнө. Шороо тоос, утаа униар, өмхий самхай гээд ярих юм бол асуудал их. Гэхдээ 20 жил амьдралаа залгуулж өдий зэрэгт хүргэсэн энэ газраа би муулах дургүй. Анх хөдөөнөөс 25, 26 настай орж ирсэн. Тухайн үед нийгмийн байдал их хэцүүхэн байсан. Боловсрол мэдлэггүй хүнд ажил олдохгүй. Анх таньдаг эгч маань хогийн цэг дээр, ажиллаж чадвал мөнгө олох боломж байгаа хэмээн намайг энд авчирч байсан. Гэр бүлийн хүн маань өөд болчихсон боловч тусдаа гарсан хоёр хүүхдэдээ дэм тус болоод явж байна. Өдөрт дунджаар 30 мянган төгрөгнөөс буухгүй орлого олдог. Над шиг 40 хол гарч байгаа хүнд өдөрт доод тал нь 30 мянган төгрөг өгөөд ажиллуулах газар манай улсад байна уу. Тэгвэл хийе л дээ. Хэн ч ийм хэмжээний орлого олж байхад цэвэрхэн, тухтай газар ажиллахыг хүснэ шүү дээ. Нэг л үнэн юм хэлчихье. Сайхан газрын шал угаадаг хүн ч надаас дор цалинтай байгаа даа. Тэгсэн мөртлөө өрнөөс өрний хооронд амьдарч байгаа. Дээрээс нь элдэв долоон юм хасуулна. Өвдөх ч эрхгүй. Харин энд бол өөр шүү дээ. Өөрийнхөө хүслээр, өөрийнхөө тааваар их хөдөлсөн нь илүүг олно. Энд байдаг хүмүүс та нарын ярьдаг, хэлдэг шиг алмас, чөтгөр, шулам болчихсон юм байхгүй. Та нартай л адилхан хүн. Байшинтай бол байшинтай, машинтай бол машинтай ганцхан хөдөлмөр хийж байгаа орчин нь бохир. Энд хүнээс гадуур амьдрал байхгүй.


Харин энэ хавьдаа төвлөрсөн хог дахин боловсруулах үйлдвэр барьчхаад мань мэтийг хог ялган ангилдаг ажилтнаар нь авчихвал, түүнийг чинь харин сайн хийх байх шүү. /Инээв/” ийнхүү нэрээ нууцалсан эмэгтэйн яриа энд амьдралын олон гэрэл сүүдэр байдгийг илчлэх шиг. Уулын мод урттай богинотой гэдэг дээ. Шинээр буулгаж байгаа хогны машинаас түүхий эд түүх нь илүү олдоцтой байх уу гэтэл “Шинэ хуучин ер нь ялгаагүй. Энд буулгасан хогийг дор дор нь булаад түрдэг. Трактороор түрэх үед нь дагаад материалаа түүсэн ч болдог. Эсвэл буулгасан дор нь ч түүсэн ч ялгаагүй хэмээн ярив. Хэдэн төгрөгний цалин санал болговол ажиллах боломжтой вэ гэж асуухад “15 хоногтоо 400, 500 мянган төгрөг авдаг бол ажиллах боломжтой. Бидний эндээс олдог орлого энэ хэмжээнээс давдаг. Өвлийн улиралд хүйтэн байдаг нь хэцүү боловч элдэв үнэргүй байдаг. Зуны цагт үнэр үнэртэнэ, зарим хог хаягдлууд пункертээ их удсанаас өт хорхой ихсэх тохиолдол бий. Гэхдээ дулааны улиралд орлого олох нь илүү. Яагаад гэхээр өвөл эрт харанхуй болчихдог учраас эрт буудаг” гэв. Энд үнэхээр амьдрал буцалдаг. Үдийн хоолны цагаар хоол хийж авчирч зардаг хүмүүс цөөнгүй байдаг гэнэ. Бууз, мантуун бууз, хуушуур буюу ширхгийн хоол тус бүр 700 төгрөгийн үнэтэй байдаг бол нэг, хоёрдугаар хоолыг 3000-4000 төгрөгийн үнээр худалдаалдаг байсан гэнэ.

 

Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй

Хараад байхад энд хөдөлмөр эрхэлж байгаа иргэд 10-20 жил яг л энэ орчиндоо ажиллаж амьдарсан болохоор тэнднийг нийгэмшүүлэх, гадаад ертөнцтэй танилцуулах эрэлт хэрэгцээ байгаа нь илт. Гэсэн ч тус хорооны нийгмийн ажилтан М.Сампилноровын хэлж байгаагаар энэ хүмүүсийг ажлын байранд зуучилж, амьдралынх нь хэв маягийг өөрчлөх талаар оролдлого байнга хийдэг. Манай хороонд барилгын туслах ажилтны ажлын байрны санал олон ирдэг. Гэтэл эдгээр хүмүүс цалин мөнгийг нь голоод ажиллах сонирхолгүй байдаг нь нууц биш. Мөн олон улсын янз бүрийн төсөл хөтөлбөр, сургалтад хамруулах талаар асуудал хөнддөг ч, тэдний нийгмийн идэвх сул байдаг. Тэдгээр иргэд эхний хоёр өдөр ирээд гуравдах өдрөөсөө ирэхгүй алга болчихдог. Тиймээс ажил цалгардаад, үр дүн муутай болдог” гэв.
Хогийн цэг дээр хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг бүгдийг нь зогсоож, нийгмийн асуудлыг нь шийдвэрлэе гэх юм бол үүнд улсын оролцоо чухал. Энэ зөвхөн Сонгинохайрхан дүүргийн эсвэл 26 дугаар хорооны асуудал биш. Хамгийн гол аюул нь ирээдүйгээ хэрхэн төсөөлөхөө ч мэдэхгүй, энэ хэдэн саарал толгодын дунд өглөөнөөс орой хүртэл үргэлжлэх эгэл борхон амьдралдаа дассан, ийм хувь заяагаар ирээдүйгээ төсөөлөх эх орны ирэээдүй болсон хүүхэд багачуудыгаа бид яах ёстой вэ. Түүсэн хогныхоо дээр тэрийн хэвтээ энэ бяцхан хүү ирээдүйгээ хэрхэн төсөөлж байгаа бол. Хэдий хүүхдийн буруу биш ч эдгээр хүүхдүүдийг эргэлт буцалтгүй энэ харанхуйн ангал руу нэг мөсөн живчихээс нь өмнө бид юу хийх ёстой вэ. АНУ-ын HOLT INTERNATIONAL MONGOLIA болон СХД-ийн насан туршийн боловсрол олгох төвтэй хамтран хүүхдийг эрүүл аюулгүй орчинд, гэр бүлтэйгээ амьдрах, эрсдэлд байгаа гэр бүлийг чадавхжуулан бэхжүүлэхээс гадна сурч хөгжих боломжоо эдэлж чадахгүй байгаа хүүхдүүдийг сургуульд хамруулдаг байна. Ар гэрийн амьдралийн нөхцөл боломж, аав ээжийн дарамт шахалт, хөдөө орон нутгаас шилжиж ирээд тогтсон тодорхой хаяггүй гээд янз янзын учир шалтгааны улмаас сургуульд суралцаж байгаад завсардсан, огт суугаагүй боловсрол эзэмших хүсэлтэй зорилтот бүлгийн хүүхдүүд тус төвд суралцдаг байна. 2018-2019 оны хичээлийн жилд 202 суралцагчтайгаар Ерөнхий боловсролын 12, 65, 42, 76 дугаар сургууль, “Харилцааны хөгжил” ТББ нийт таван байршилд 12 бүлэгтэйгээр сургалтын үйл ажиллагаа явуулсан байна. Ямартай ч сайн санаатай иргэдийн тусламжтайгаар эдгээр 200 гаруй хүүхдүүдийн амьдралд багахан ч болов гэрэл тусч байгаа нь талархууштай. Гэсэн хэдий ч зарим хүүхдүүдийн аав ээж нь эрдэм боловсрол эзэмшиж, сургуульд сурах нь хүүхдүүдийнх нь амьдралд ямар өөрчлөлт авч ирэхийг ойлгодоггүй учраас хүүхдээ хичээлд нь явуулахгүй байх, хичээл хийх орчин нөхцлөөр нь хангаж өгдөггүй гээд бас л олон асуудал байдаг гэнэ. Тийм ч учраас хүүхдүүдийг даваа гарагаас пүрэв гараг хүртэл хугацаанд сургуулийнхаа орчинд байх нөхцлөөр хангахын тулд эхний ээлжинд 50 гаруй хүүхдийн дотуур байр, эсвэл хамгаалах байрны зориулалтаар ашиглах боломж бүхий байр бэлтгээд байгаа талаар ярьсан юм. Нэгэнт зуны амралт эхэлчихсэн болохоор Нарангийн энгэрийн хогийн цэгтэй ямар нэг байдлаар холбоотой хүүхдүүд амралтаа хэрхэн, хаана өнгөрүүлэх нь эргэлзээтэй бас ээдрээтэй. Яг одооноос, маргааш, дараа гэж хойшлуулалгүйгээр өдөр тутам хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа асрамж, халамжийн төв 31 байна.

 

Олон жил энэ газартай амьдралаа холбочихсон иргэдийг нэг өдөр ажлын байртай болгосноор асуудлыг шийдэхгүй

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг хэлэхдээ “Ер нь аливаа асуудлыг шийдвэрлэхэд гол шалтгааныг нь олж , тогтоох ёстой гэдэгтэй санал нэг байна. Үе үеийн нийслэлийн дарга нар олон жил хогны үйлдвэртэй болох талаар ярьж байгаа. Энэ асуудлыг яаралтай шийдэх ёстой гэсэн байр суурьтай байна. Өрх бүр хог хаягдлаа ангилаад хэвшчихвэл, зориулалтын дагуу дахин боловсруулах үйлдвэрүүдэд очдог болгомоор байна. Өнөөдрийн байдлаар энд хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн өмнө тулгамдаж байгаа хэд хэдэн асуудал байна гэж ойлголоо. Нэгдүгээрт, эдгээр иргэдийг бичиг баримттай болгож, албан ёсоор Монгол Улсын бүртгэлд бүртгэх асуудал яригдана. Мөн эрүүл мэндийн үйлчилгээ авч чадахгүй байгаа ахмад настан, хүүхэд залуус олон байна. Тиймээс Нийслэл хотын захиргаа, Улсын бүртгэлийн газартай хамтарч эдгээр иргэдийг бичиг баримттай болгох, эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах хэрэгцээ зайлшгүй үүснэ. Энэ ажлыг нэг удаагийн ажил хэмээн орхигдуулж болохгүй. Хоёрдугаарт, цаашид эдгээр иргэдийн тэр дундаа эцэг эхээ дагаад энэ амьдралд хөл тавьж байгаа хүүхдүүдийн асуудалд анхаарах хэрэгтэй. Мөн эцэг эхчүүдийг ажилтай, орлоготой, өөрийн гэсэн орон байртай болгох асуудлыг орон нутгийн удирдлагуудтай нь хамтарч шийдвэрлэхээс өөр арга алга. Энд 14,15,20 жил ажиллаж амьдралаа залгуулж байна гэсэн иргэд олон байна. Ийм олон жил энэ газартай амьдралаа холбочихсон иргэдийг нэг өдөр ажлын байртай болгосноор энэ асуудлыг шийдэж чадахгүй. Амьдралынх нь хэв маяг, дадал зуршлаас нь ангижруулахын тулд урт хугацааны хөтөлбөр хэрэгжүүлж, сэтгэл заслын үйлчилгээнд хамруулж, өөрчилснөөр сая энэ байдлаас гарах боломжтой. Түүнээс биш маргааш ажилтай орлоготой болгочихвол бүх зүйл сайхан болох гээд байгаа зүйл огтоос биш. Тийм боломж ч байхгүй. Нэгэнт хүний оюун тархинд суучихсан программыг урт хугацаанд, уйгагүй зүтгэснээр энэ хүмүүсийн хандлага нь өөрчлөгдөнө. Түүнээс биш өргөс авч байгаа юм шиг нэг л өглөө шийдэгдэх асуудал биш.


Ирэх жилийн үйл ажиллагааны зардлыг нь 100 хувь улсын төсвөөс хариуцах асуудлыг шийдвэрлэнэ. Улс гэж байгаа л бол хүүхдүүдийнхээ эрх ашигтай холбоотой асуудлыг олон улсын болоод, төрийн бус байгууллагуудын санхүүжилтэд даатгаад орхиж болохгүй гэсэн байр суурьтай байна.
Тиймээс ирэх оны төсөв дээр энэхүү алдаа завхралыг засч, хүүхдийн хөгжил, хамгаалалттай холбоотой зардлыг улсын төсөв рүү шилжүүлэх, төр өөрийн ивээлдээ авах гэх мэт шийдвэрлэх олон асуудал байна” гэв.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com