Цар тахал бизнесийн ертөнцийг хэрхэн өөрчлөх бол гэсэн асуултын хариу олон хүний сонирхлыг татаж байна. Эдийн засгийн чиглэлийн дэлхийн шилдэг сэтгүүл “Экономист” тахлын дараах бизнесийн ертөнцийг хэрхэн харж буйг тоймлоё.
Ихэнхдээ хатуу, хөндий, харгис ч гэж хэлж болохоор, зөвхөн мөнгө, ашгийн төлөө шийдвэр гаргадаг корпорацууд олон нийтэд тусалж байна. Сүрчиг үйлдвэрлэгч Dior гар ариутгагчаар хангаж, General motors агааржуулагч хийж, Alibaba-г үндэслэгч дэлхийн даяар маск тарааж эхэллээ. Тахлын хямралыг дажгүй давах нь гэсэн найдлага төрүүлэхээр мэдээ мөн үү гэвэл мөн. Гэхдээ том корпорацуудын энэ хандлага, хичээлтийн цаана Америкийн компаниудын гуравны хоёр нь борлуулалтын уналтад орсон, дэлхийн газрын тосны эрэлт гуравны нэгээр буурсан, асар олон пүүс гурваас зургаан сарын хугацаанд л амьдрахаар бараа материал, бэлэн мөнгөтэй үлдсэн гэх мэт таагүй дүр зураг нуугдаж байна. Өнгөрсөн сарын сүүлээр гэхэд л 10 сая америк ажилгүйдлийн тэтгэмж авах өргөдөл гаргачихлаа. Европт нэг сая фирм таг зогсч, ажилчдынх нь цалинг төрөөс татаас хэлбэрээр тавих тухай ярьцгааж байна. Сүүлийн хоёр хямралын үеэр дэлхийн зээлийн зэрэглэлтэй компаниудын аравны нэг нь зээлээ төлж чадаагүй гэсэн асуудалтай яваа. Товчхондоо дэлхийн том компаниудын цаашид орших эсэх нь засгийн зээл, баталгаа тусламжийг хялбар авч чадах уу үгүй юү гэдгээс хамаарах нь тодорхой байна.
Жижгүүдийн хувьд байдал бүр хэцүүдчихлээ. Дэлхийн хаа сайгүй жижиг компаниуд хамгийн их хохирол амсах нь тодорхой байна. АНУ-д гэхэд 500-гаас бага хүнтэй жижиг компаниудын 54 хувь нь түр хугацаагаар хаагджээ. Зарим нь ирэх арван хоногт хаалгаа барихаас аргагүйд хүрнэ гэцгээж байна. Хятадад ч яг ийм дүр зураг харагдаж буй. Хөрөнгийн зах зээлд нэвтрэх боломж хомс, нөлөө бүхий танилгүй нь засгийн тусламжийн гадна үлддэг гэх мэт асуудал, зовлон жижиг компаниудыг хаалгаа барихад хүргэж байгаа аж. Наад захын жишээ хэлэхэд Америкийн жижиг компаниудад зориулсан 350 тэрбум ам.долларын тусламжийн ердөө 1.5-хан хувь нь л эзэддээ хүрч. Их Британи ч нэг иймэрхүү, удаан хойрго урагшилж яваа. Банкууд нь өөр хоорондоо зөрчилтэй дүрэм, журам, зээлийн хүсэлтээр бөмбөгдүүлж байна. Манай улсад ч ялгаагүй. Том компаниудад онилсон дэмжлэг өнөөхөндөө лав алга. Жижгүүд бүр гээгдчихсэн. Хэдэн арваараа хаалгаа барьж, ажилчид нь орлогогүй таг сууж эхэлсэн.
Ингээд харахаар цар тахлын дараа бизнесийн ертөнц тэс өөр өнгө, цоо шинэ дүрмээр үргэлжлэх нь тодорхой болчихлоо. Өмнөх бүх хямралыг компаниуд яаж ийгээд давж, хөл дээрээ өндийдөг байсан бол энэ удаагийнх цэнхэр гаргийн бизнесийнхнийг жинхэнэ цочирдууллаа. Дэлхийн эдийн засгийн нийт бүтээгдэхүүний талаас илүү хувийг эзэлдэг улс орнууд хөл хорионд орж, урьд хожид үзэгдээгүй худалдааны гүнзгий хямрал компаниудыг барьц алдуулж байна.
Хямрал дууссан хойно бизнес ертөнц яг яаж өөрчлөгдөхийг онцлохоос өмнө тахлаас үүдсэн эрсдэл хэр удаан үргэлжлэх тал дээр цөөн үг хэлье. Шинжээчид эхэндээ хямралыг холгүй хугацаанд дажгүй давна гэж хараад V, U, W гэх мэт хэлбэрээр төсөөлж суусан бол одоо тэдэнд ирээдүй яг л “ванн дахь ус шиг зогсонги” байдалтай харагдаж байна. “Уолл стрийт”-ийн гутранги үзэлтэй банкирийн энэ таамаг оргүй биш гэдгийг дэлхийн нийт хөдөлмөр эрхлэгчдийн 38 хувь буюу 1.25 тэрбум хүнийг ажиллуулж буй салбарууд үйлдвэрлэл доголдсон гэх шалтгаанаар ажилчдаа сул зогсоож, цомхотгож эхэлснээс харчхаж болно. Европ, АНУ-ын засгаас хэрэгжүүлж буй арга хэмжээ ажилгүйдлээс тодорхой хэмжээнд сэргийлэх ч цэцгийн дэлгүүр, фитнес, бейкери бизнес эрхлэгчдэд сүрхий нөлөө үзүүлэхгүй. Шуудхан хэлэхэд дэлхийн эдийн засаг “сэхээ”-нд байна.
Глобалчлал суларч, технологи хүчирхэгжинэ
Одоо тахлын хямралыг тэсч үлдэж чадсан компаниуд юутай нүүр тулах вэ, коронагийн дараа бизнес ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ гэсэн асуултад хариу хайя. Шинжээчдийн таамгуудыг багцлаад харахад хямралыг тэсч гарсан компаниуд шинэ технологи илүү хурдан нэвтрүүлэх, дэлхийн чөлөөт эргэлттэй нийлүүлэлтийг сүлжээнээс зайлсхийх шаардлагатай нүүр тулах нь. Ингээд ч зогсохгүй хоорондоо гүнзгий холбоотой олигополийн түгшүүртэй өсөлт хаалга тогшиж байна. Товчхондоо бизнесийн ертөнцөд глобалчлал суларч технологийн нөлөө өсөх зураг тодорчихлоо.
Датанд суурилсан үйлчилгээ газар авч, цахим төлбөр тооцоо цэцэглэж, үйлдвэрлэлийг алсаас ажиглах гэх мэт шинэ хандлагууд дадал болно гэцгээж байна. Ген засварлах технологийг багтаасан анагаах ухааны олон шинэ инновац хүн төрөлхтний амьдралд нэвтрэх нь. Нийлүүлэлтийн сүлжээний хувьд шилжилтийг хурдасгаж дахин сэргэх таамаг голлож буй. Apple зөвхөн арав хоногийн бараа материалын нөөцтэй бол Азийн гол нийлүүлэгч Foxconn 41 хоногийн нөөцтэй. Үйлдвэрлэгчид байгаа газартаа ойрхон зайд өндөр автоматжуулалттай массаар үйлдвэрлэх боломжийг эрэлхийлэх нь тодорхой болж байна. Ингээд харахаар хил дамнасан бизнесийн хөрөнгө оруулалт энэ онд 30-40 хувь буурч магадгүй. Дэлхийн компаниуд ашиг багатай байх боловч илүү тэсвэртэй болно гэсэн өөдрөг хандлага ажиглагдаж буй. Өөдрөг үзэлтнүүд энэ өөрчлөлтийг шинэчлэл хийх, сэргэн мандах боломж хэмээн олзуурхаж суугаа бол гутранги үзэлтнүүд он удаан жил үргэлжлэх үр ашиггүй байдал гэж харж байна.
Бизнесүүд нэгдэнэ
Коронагийн хямрал бизнесийн нэгдэл, стратегийн өөрчлөлтүүдийг дагуулна гэсэн таамаг содон дуулдаж эхэллээ. Жишээ нь Хятадын Засгийн газар Европт хүнд байдалд орсон үйлдвэрүүдийг худалдаж авбал олон улсын зах зээлд гарахад нь дэмжлэг үзүүлнэ гэсэн амлалтыг дотоодынхоо авто машин үйлдвэрлэгчдэдээ өгөхийг үгүйсгэх аргагүй. Санхүүгийн чадалтай том нислэгийн компаниуд дампуурлын ирмэгт яваа жижиг компаниудын нисэх буудлуудын цагийг авах, хэцүүдсэн компаниудыг худалдаж үйл ажиллагааг нь өргөжүүлэх боломж гарч ирж байна.
Вьетнам, Мьянмар, Энэтхэгт үйлдвэрлэл эрчимжинэ
Корона бизнесийнхэнд “Хятад дангаараа ханган нийлүүлэлтийн сүлжээ байж болохгүй” гэсэн сануулгыг өгчихлөө. Хятадаас гадна Вьетнам, Мьянмар, Энэтхэг зэрэг улсад үйлдвэрлэл эрхлэх хэрэгцээ нэмэгдэнэ гэсэн таамгийг эдийн засагчид хэлж байна. Зарим орны хувьд тахлын үеийг гадагшаа гарсан үйлдвэрлэлээ буцаагаад эх орондоо авчрах боломж гэж хараад эхэлчхэж. Японы Хөгжлийн банк гадаадаас үйлдвэрлэлээ авчрахтай холбоотой зардал дээр дэмжлэг үзүүлэхээ мэдэгдлээ. Энэ трэнд нэг талдаа сайн нөлөөтэй ч хөнөөлтэй гэмээр үр дагавар дагуулна гэх болгоомжлол ч дуулдаж байна. Хятадаас хамаарлаа багасгалаа гэхэд тэнд болж буй технологийн үсрэнгүй хөгжлөөс хоцрох, технологийн компаниуд томрох тусам старт-апуудын тэдэнтэй өрсөлдөх чадвар огцом багасах сул талтай.
Томчуудад илүү
боломж
Коронавирус бүх л том компаниудад давуу тал олгож байна. Наад захын жишээ гэхэд бэлэн мөнгөний нөөцтэй компаниуд хувьцааны үнийн уналтыг ашиглаж санхүүгийн зах зээлээс худалдан авалтууд хийнэ. Ирэх нэгээс хоёр жилийн хугацаанд засгийн газар гэх том үйлчлүүлэгч худалдан авалтууд хийсээр байх болно гэж шинжээчид онцолж байгаа. Тэгэхээр Засгийн газартай гайхалтай зохицож ажиллах чадвартай том компаниудын хувьд асар өндөр давуу тал, боломж бололцоо нээгдэнэ гэсэн үг. Товчхондоо Засгийн газрын бэлэн мөнгө томоохон корпорацуудад очиж том фирмүүд улам бүр давамгайлахаар харагдаж байна. Америкийн үйлдвэрүүдийн гуравны хоёр нь 1990-ээд оноос хойш илүү төвлөрсөн зурагтай яваа. Өнөөдөр зарим нэг хүчирхэг боссууд улс төрчид болон томоохон бизнесүүдийн хамтын ажиллагааны шинэ эрин үеийг босгож байгаагаа зарлаж эхэллээ. Ялангуяа “стратегийн” гэж үздэг компаниуд. Сонгогч, хэрэглэгчид, хөрөнгө оруулагчид энэ санаатай тэмцэх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд бүх хямралын нэг адил цар тахал дуусах нь тодорхой. Тэр цагт бизнесийн шинэ давалгаа үүсэх нь ойлгомжтой болчихлоо. Өөрчлөлтийн энэ давлагаа том засгийн газрууд ба тэдэнтэй холбоо сүлжээтэй шинэ олигархи компаниудын хөөсөнд дарагдахгүй бол сайн гэдэгтэй учир мэдэх хэн ч санал нийлэх байх.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"