Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Д.Бүрэнбаатартай цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Он гарсаар дэлхий нийтэд коронавирусийн аюул заналхийлж, нөхцөл байдал хүндхэн байна. Гэвч үүнээс улбаалаад хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбогдуулж эерэг үр дүнгүүд гарч байх шиг. Цагдаагийн байгууллагад нэгдүгээр улирлын байдлаар гэмт хэргийн нөхцөл байдал ямар байв?
-Тэгэлгүй яах вэ. Шинэ төрлийн коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газар, Улсын онцгой комиссоос хязгаарлалт, хорио цээрийн дэглэм тогтоон хэрэгжүүлж, иргэд олон нийт төр засгаас тогтоосон дэглэмийг ухамсартайгаар сахин биелүүлж байгаа явдал нь нэгдүгээр улиралд хэрэг зөрчил буурахад нөлөөлсөн гэж цагдаагийн байгууллага үзэж байгаа. Тодруулбал,
цагдаагийн байгууллага энэ оны нэгдүгээр улиралд иргэд, байгууллагаас 135 мянга 845 дуудлага, мэдээлэл хүлээн авч, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалган шийдвэрлэсэн байна. Гэхдээ үүний 8003 нь л эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг байсан бөгөөд өмнөх жилийн мөн үетэй харьцуулбал 19 хувиар буурсан нь эерэг үзүүлэлт юм.
-Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлээд удаагүй байна. Эрх зүйн орчинд орсон өөрчлөлт гэмт хэргийн илрүүлэлтэд тодорхой хэмжээнд нөлөөлдөг болов уу?
-Хуулийн өөрчлөлтөөс гарах үр дүн тодорхой хугацааны дараа харагддаг. Тийм болохоор одоогоор үүн дээр бидэнд тоймтой мэдээлэл алга. Ер нь эрүүгийн хуульд мөрийтэй тоглох, биеэ үнэлэх, худал мэдээлэл тараах, малын хулгайн гэмт хэргүүдтэй холбоотой өөрчлөлт орсон. Эхний улирлын байдлаар улсын хэмжээнд гэмт хэргийн илрүүлэлт 11.4 хувиар өссөн байна. Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 7762 иргэн, 20 хуулийн этгээд хохирч, 261 хүн нас барж, 2006 хүн гэмтсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад нас барсан хүний тоо 30 хувиар, гэмтсэн хүний тоо есөн хувиар тус тус буурсан байгаа юм.
-Сүүлийн өдрүүдэд ахуйн хүрээнд архидан согтуурах, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг ойр ойрхон гарах боллоо. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч байна?
-Нэгдүгээр улиралд гарсан нийт гэмт хэргийн 61 хувийг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 24 хувийг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг эзэлж байна. Тэр дундаа согтуугаар үйлдсэн гэмт хэрэг таван хувиар өссөн нь анхаарал татаж байгаа юм. Цагдаагийн байгууллагын зүгээс гэмт хэрэгтнийг барьж хорих, яллах гэхээс илүү иргэдийн оюун санаа, ухамсарт гэмт үйлдлийг жигших сэдлийг төрүүлэх олон арга хэмжээг авч хэрэгжүүлсээр ирсэн. Энэ хүрээнд нэгдүгээр улиралд “Ятгах тусам нягтал”, “Хайр өвтгөдөггүй”, “Дахин сэрэмжилье, дахин шалгая” зэрэг нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байгаа. Гэсэн хэдий ч ахуйн хүрээнд архидан согтуурсны улмаас иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал буурахгүй байгаа тул цагдаагийн байгууллагаас иргэдэд хандан архи, согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийж, татгалзах, аюулт цар тахалтай холбогдуулан төр засгаас тогтоосон дэглэмийг үргэлжлүүлэн чанд сахихыг уриалъя.
-Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид Өмнөговь аймагт ажиллаж байгаа юм байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?
-Цагдаагийн байгууллагаас “Эрдэнэс Монгол” ХХК-тай хамтран нүүрс тээврийн 239 километр замд үйлдэгдэж буй зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын хариуцлагыг дээшлүүлж, хандлагыг өөрчлөх, зөв соёл төлөвшүүлэх, коронавирусээс өөрийгөө болон гэр бүл эх орноо хамгаалах зорилгоор “Бид нэг амьтай шүү” нөлөөллийн арга хэмжээг энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж байгаа юм.
-Та бүхэн “Бид нэг амьтай шүү” аяныг зохион байгуулахын тулд энэ зам дээр ажиллаж, тодорхой тоон мэдээлэл, судалгаа гаргасан байх?
-Бид өнгөрсөн намар энэ зам дээр ажилласан. Өмнөговь аймгийн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн 239 километр замд 2019 онд 16.095 зөрчил бүртгэгдсэнээс согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 153, жолоодох эрхгүй, эрхээ хасуулсан, ангилалгүй 141, техникийн хувьд илт бүрэн бус, эвдрэл, гэмтэлтэй 9487 зөрчил бүртгэгдсэн. Зөрчил гаргасан 136 иргэний жолоодох эрхийг хасч, 17 иргэнд шүүхээс баривчлах шийтгэл оногдуулсан гэх харамсалтай тоон мэдээлэл гарсан байгаа. Зам тээврийн ослын 111 дуудлага мэдээлэл хүлээн авснаас эд материалын хохиролтой 88 осол, Хүний амь нас, эрүүл мэнд хохирсон 23 осол бүртгэгдэн найман хүн нас барж, 15 хүн хүнд гэмтсэн байна. Энэ замаар өдөрт ачаалал ихтэй үед 900-976, ачаалал багатай үед 500-600 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрдөг бөгөөд жолооч нарын ухамсаргүй, болгоомжгүй байдал осол үйлдэгдэхэд нөлөөлж байгаа юм. Тиймээс бид энэ замд зорчдог 1300 гаруй жолооч нарын оюун санаанд нөлөөлөх арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд тээвэрлэлт эрхэлж байгаа жолооч нарт арга хэмжээний зорилго, зорилтыг сурталчилсан хаяг, лого бүхий зохиолын дуучдын дуутай СD, гадаад паспортын арьсан гэрийг тараах арга хэмжээг зохион явууллаа.
-Энэ зам дээр маш их осол гарч, иргэд хохирдгийг бид мэднэ. Ослын шалтгаан нөхцөлийг бууруулахын тулд яах ёстой гэж харж байна вэ?
-“Бид нэг амьтай шүү” аяны хүрээнд эрүүл мэндийн үзлэг явуулж, бичиг баримтжуулж, зорчих хэсгийг өөрчилнө гэж төлөвлөж байсан ч цар тахлын улмаас чадсангүй. Одоо зөвхөн замын хяналт дээр ажиллаж байна. Энд осол гарч байгаа шалтгаан бол хоорондын зайг тохируулж яваагүй, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийсэн, хурд хэтрүүлсэн, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, согтуугаар жолоодсон зэргээс үүдэж байгаа юм. Үүнээс гадна энд Тавантолгой компанийн барьсан замын өргөн найман метр. Энэ нарийн замыг хоёр урсгалаар ашиглаж буй нь хамгийн том эрсдэл авчирч байна. Тийм болохоор манай байгууллагын зүгээс нэгдүгээрт, энэ зам дээр хяналтын камер, хар хайрцаг суурилуулах шаардлагатай байна гэж үзсэн. Хоёрт, ачаатай машин шороон замаар яваад, ачаагүй машин засмал замаар буцдаг болгохыг Засгийн газарт санал болгосон. Энэ нарийн замыг нэг урсгалаар ашиглавал эрсдэл буурах юм байна гэж тооцсон. Шороон зам дээр тоос босч, үзэгдэх орчин хязгаарлагддаг бол ахиад зэрэгцээ засмал зам барьж болох юм шүү дээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"