Цэцэгмаагийн
Уртнасан
Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан нам байгуулагдсаны 30 жилийн ой тохиож, ардчиллын үйл хэрэгт зүтгэсэн 30 эрхэм хүнд Ардчилсан намын тэргүүн дээд шагнал - “Чингисийн одон” олгов.
Одон, тэмдэг элбэг болж, одон, тэмдгээр шагнуулах гэж “өөрөө” хөөцөлдөж, “бүтээдэг” сонин араншинтай болсон энэ цагт шагнал авна гэдэг ердийн зүйл мэт танд санагдах биз ээ. Ардчилсан намын тэргүүн дээд шагнал хүртсэн эрхмүүд дотор гурван төрийн нүүрийг үзэж, гучин жил Монгол ардчиллыг зүрх сэтгэлээрээ дэмжиж, хамгаалсан, миний нутгийн Янживын Авир ах зогсч байх аж.
Я.Авир ахын туулсан амьдралыг мэдэхгүй хүнд наян насыг гаталсан говийн хөх өвгөн л харагдана. Түүний үүх түүх, туулж өнгөрүүлсөн он жилийн бартаа, гэрэл сүүдрийн зах зухаас мэдэх хүнд бол амьдралын урт, дардан замыг туулж өнгөрүүлсэн цаг хугацааны амьд гэрч, ардчиллын үнэнч торгон цэрэг билээ.
Монгол оронд 1930-аад оны эхээр тухайн үеийн эрх баригч МАXH-ын доторх зүүнтнүүд Засгийн эрхийг авч, Монгол орныг хамарсан нийгэм, эдийн засаг, улс төрийн гүнзгий хямрал уруу улс орныг хөтөлсөн байдаг. Энэ хямрал туйлдаа хүрч, жирийн иргэд харь оронд дүрвэж, үймээн самуун улс орныг түйвээж, иргэдийн бослого хөдөлгөөн газар сайгүй гарч байж.
Энэ дүрвэгсэдийн олонх нь манай Балдан засгийн хошууны нутгаар дайран Өвөр Монголын газар нутаг руу дүрвэн гарсан байдаг юм. Монголын Төр, шашны зүтгэлтэн Дилав хутагт Жамсранжав, манай нутгийн Очирдарь хувилгаан нар ч энэ дүрвэх хөдөлгөөнд оролцсон. Миний төрсөн нутаг Өмнөговь аймгийн Хүрмэн сум улсынхаа өмнөд хил дээр оршдог, газарзүйн байршлын хувьд Монгол орны “үүдэн босго” нутаг билээ. Дүрвэх хөдөлгөөнд манай нутгийн олон айлууд оролцож, коммунистуудын эд хөрөнгө хурааж, үймээн самуун дэгдээж, ард олны амар тайванг бусниулагч үйл явдлаас дүрвэн зугтаж гарсан байдаг.
Дүрвэх хөдөлгөөнд оролцсон Монголын олон зуун айл өрх Өвөр Монголын нутгаар 15 орчим жил нүүдэллэн явж, хүний нутаг гүний хошуунд амь зуух, эх орон, элгэн нутгаа санах, олон сар, жилээр нүүдэллэн явахын зовлонг туулсан гэдэг. Энэ үйл явдал нь угтаа Монголчуудын олон зуун жил шүтэж ирсэн Бурхны шашныг үгүйсгэж, үе уламжлан авч ирсэн эд хөрөнгийг нь хурааж, улс төрийн хилс хэрэгт үй олноор нь баривчлан хэлмэгдүүлсэн “зүүнтэн”-ний алдаа, завхарлын эсрэг ард иргэдийн өрнүүлсэн тэмцэл, эсэргүүцэх хөдөлгөөн байсан хэмээн дурсдаг.
Тэр үед дүрвэх хөдөлгөөнд оролцон нүүдэллэж байгаа иргэдийг эх орондоо тогтоох барих гэсэн эрх баригчдын башир аргыг иргэд эсэргүүцэн зэвсэг хэрэглэж байсныг коммунистуудын түүхэнд “хувьсгалын эсэргүү лам нарын бослого” гэж нэрлэж, тэмдэглэж үлдээсэн байдаг билээ.
Бидний багад Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монголын хувьсгалт залуучуудын эвлэлийн үүрийн дарга Түвдэнгийн Бор хэмээх эмэгтэйг үзэл суртлын баатар болгож, домог мэт алдаршуулж, БНМАУ-ын баатар цолоор нэхэн шагнагдсан тухай урт түүх ярьж, магтан дуулдаг байж билээ. Яг үнэндээ тэр Т.Бор гэдэг эмэгтэй дүрвэх хөдөлгөөнд оролцож буй нутгийн иргэдийг буцаан эргүүлж, коммунистуудад барьж өгдөг “бууны нохой” байж. Коммунистуудын даалгавраар нутгийн иргэдийг төөрөгдүүлж, залхаан цээрлүүлэх үйл ажиллагааны золиос болгосных нь төлөө Дэлэгсамба хэмээх нутгийн зоригт эр Т.Борд хувийн “арга хэмжээ” авч, Тугийн цохионоос түлхсэн хэрэг. Үнэн түүхийн өмнө бол Түвдэнгийн Бор Улсын баатар бус говь нутгийн олон түмний хүсэл зоригийн эсрэг гай тотгор удсан мулгуу нэгэн билээ.
Энэ цаг үед Я.Авир ахын эцэг, эх дүрвэх хөдөлгөөнд оролцож, эх орноосоо дүрвэн явсан аж. Тэрбээр 1939 оны туулай жил Өвөр Монголын Баруун Сөнөд хошуунд төржээ. Тухайн үед улс төр, шашны хавчлагаас болж Монголын Ламын гэгээн, Балдан засгийн зэрэг хошуудаас дүрвэн Өвөр Монгол руу нүүсэн ардуудыг 1939 онд нэгтгэн Баруун Сөнөдийн ван Дэмчигдонровын хошуунд нутаг өгч, Дилов аймаг хэмээн нэрийдэж байжээ. Түүнийг төрөх үед Монголоос дүрвэгсэд Өвөр Монголд Дилов аймгийг байгуулан сууж байсан байна. Ингэж Я.Авир ах Монголын дүрвэгсэдийн аймгийн захиргаанд төрж, анхны төрийнхөө нүүрийг үзсэн аж.
Монгол оронд “зүүнтэн”-ний нугалаа завхарал эцэс болж, 1945 онд Өвөр Монголд дүрвэн гарсан иргэдээ Замын-Үүдээр нэвтэрч орох зөвшөөрөл олгож, Дорноговийн Иххэт зэрэг суманд Дотоод яамны хяналтад арван жил суулгаж, бусдын эрхээр “нутаг заасан” байдаг. Ингэж суулгах шалтгаан нь гадаад Өвөр Монголд нүүдэллэсэн Монголын иргэд Хятад, Японы нөлөөнд орсон эсэхийг шалган магадлах, хувьсгалын эсэргүү үйл ажиллагаа явуулж болзошгүй хэмээн Монголын төр хардсан хэрэг. Төр, засгаас 1955 оноос дүрвэгсэдийг өөрсдийн уугуул нутаг орондоо нүүдэллэн очих эрх олгосон ба тэд Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгийн нутгаар тархан суурьшсан юм. Эх орондоо буцаж нүүдэллэн ирсэн иргэдийг Дорноговьчууд “нүүдэлчид”, Дундговьчууд “шинэчүүл”, Өмнөговьчууд “нүүдэлчид” гэж нэрийдэж, ярьж, гадуурхаж, харилхдаг байв.
Авир ах Монгол нутагтаа ирж Иххэтийн бага сургуульд суралцаж, Улаанбаатарт цэргийн алба хааж, Дундговийн усжуулахад ажиллаж, Өмнөговийн Хүрмэн сумын Сүхбаатарын зам нэгдэлд 23 жил тэмээ маллажээ.
Нэгдэл гэдэг социалист аж ахуйг анх иргэдийн малыг хүчээр нийгэмчилж үүсгэн байгуулаад, гуч орчим жил болоод үндсэндээ дампуурсан. Нэгдлийн мал ахуйн зохион байгуулалт нь монголын уламжлалт нүүдлийн мал ахуйн арга, ажиллагаанаас огт өөр байсан нь он удаан жил оршин тогтнох боломжийг нь хязгаарласан байдаг. Малчид малдаа дарагдаж, хүнд хүчир хөдөлмөрт нухлагдаж, гадаа гандаж, хөдөө хөхөрч байв. Нэгдэл гэдэг айл ер нь нэг л биш байсан. Тухайлбал, малын малын захтай байдаг Монголын малчин өрх айлыг зөвхөн нэг малаар төрөлжүүлсэн суурилж байв. Тэрээр 500-700 толгой тэмээ маллана. Энэ олон толгой тэмээг хариулах, услах, төллүүлэх, сааль сүүг нь саах, ноослох, ноосыг ялган ангилж тушаах гээд жилийн дөрвөн улиралд борви бохисхийлгүй зүтгүүлэх ажлын ард гарна гэдэг амаргүй. Ийм үндэслэлгүй хөдөлмөрийн хуваарь, зохион байгуулалтгүй, хүнд хүчир хөдөлмөр бүхий социалист хоёр дахь төрийн нүүрийг Я.Авир ах үзээд зогсохгүй, залуу нас, амь амьдралаа хүнд хөдөлмөрт нухлуулж, говийн халуун, хүний эрх, эрх чөлөөг нухчин дарсан, цагийн хатууг туулж өнгөрүүлсөн юм.
Я.Авир ахын хүү нь нэг удаа “бидний багад аав, ээжийн хөдөлмөрийн хөлс бага. Эд бараа хомс. Ах бид хоёр нэг гуталтай, ээлжилж гутлаа өмсөөд гутал өмссөн нэгнийхээ мөр дээр гишгэн явж, тэмээгээ хураадаг байсан. Социалист нийгэм чинь бидний хувьд хар дарсан зүүд шүү дээ” гэж ярьж байж билээ.
Цагаан морин жилийн Ардчилсан хувьсгалыг Монголын тал нутгийн эзэд болсон малчин түмэн талархан хүлээн авсан билээ. Түүний нэг нь Я.Авир ах. Ардчилал малчдад уул усаа тахих, хоттой малаа өөрөө мэдэх, өөрөө өөрийнхөө амьдралын эзэн байх боломжийг олгосон шиг Я.Авир ахад малч удмын монгол хүний заяагдмал эрх чөлөөг нь л өгсөн.
Я.Авир ах аж ахуйн газар, орон сууц, тэрэг техник хувьчилж аваагүй. Тэр бас дарга даамал хийж, албан тасалгаанд шигдээгүй. Нэгдэл тарахад өгсөн хэдэн толгой малаа аваад эрх чөлөөтэй амьдарсан. Ардчилсан төрийн нүүрийг үзэж, хэлэх үг, өмсөх хувцас, идэх хоолоо хэнээр ч заалгахгүй явах эрх чөлөөг олж авсан. Гучин жил тэр ардчиллын төлөө саналаа өгч, гучин жил тэр ардчиллыг үнэ цэнтэй эрх чөлөөг мэдэрч, үнэлж ирсэн.
Хэн нь ч юм бэ, ямар ч шалтгаантай юм бэ, Я.Авир ахад Ардчилсан намын тэргүүн дээд шагнал олгох санал дэвшүүлж, тодорхойлолт ирүүлснийг ёсоор болгож. Тэр энгэртээ Чингис хааны гэгээн дүртэй, үнэт эрдэнэсийн орцтой, хүн бүхэнд олгоод байдаггүй эрхэм шагналыг гялалзуулан нутагтаа харьж яваа.
Монголын мянга мянган малчин түмний нэгэнд адил гучин жил Монголын ардчиллыг өмгөөлж, хамгаалж ирсэн Авир ахдаа баяр хүргэе. Хар багаас мэдэх, нутгийн хүндэт ах минь урт насалж, удаан жаргаарай.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"