Барууны либериалууд дэлхийн хөдөлмөрийн хуваарьт түүхий эд нийлүүлэх замаар дам оролцдог улсуудад хэрэгжүүлдэг 1970 онд боловсруулагдсан Латин Америкийн загвар гэж байдаг. Энэ загвар ёсоор бол тухайн улс орны нийгмийн бүтэц нь нийт хүн амын нэг хувь олигархи буюу төрийн өндөр албан тушаалтан, банкны эзэд, орд газрын баялгийн лиценз эзэмшигчид гэх, 10-15 хувь олигархиудын хамаатан, найз нөхдүүд (манайхаар цүнх баригчид), төрийн түшмэд, үйлчилгээний ажилчид, эмч, багш, архитектор, офицерууд, шүүгч, хуулийнхан, үлдсэн 80-85 хувийг жирийн иргэд буюу хар масс эзэлнэ.
Сүүлийн 30 жилийн замналаа эргээд харахад Монгол Улс Латин Америкийн загварт бүрэн шилжиж орсон байна. Монголын нийгэм өнөөдөр 30 гаруйхан гэр бүл нийт баялгийг нь атгадаг, банкны нийт хадгаламжийн 95 хувийг нийт хүн амын тав хүрэхгүй хувь нь эзэмшдэг, нийт 1,3 сая хүн ам нь банканд хэрэглээний зээлтэй, бараг бүх аж ахуйн нэгж нь өртэй, зөвхөн зээлийн хүүгээ төлөхийн тулд ажиллаж, өдрөөс өдөрт амьдрал нь дордож, авлига, хариуцлагагүйн зуд нүүрлэсэн, хууль хяналт, шүүхийн байгууллага нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргадаг, нийгмийн тэгш бус хуваарилалт газар авсан тул нийгмийн тогтолцоог өөрчлөх талаар нийгмийн зүгээс хүчтэй яригдах болсон.
Юуны түрүүнд Монгол хэлний их толь бичигт бичиглэсэн ТОГТОЛЦОО гэдэг үгийн тайлбарт тулгуурлан тогтолцооны өөрчлөлт гэх ойлголтыг авч үзье.
1.Нийгмийн байгуулал, ёс дэглэм: үүнд суурилсан өөрчлөлт бол - ХУВЬСГАЛ. Капиталист нийгмийн дараах нийгмийн байгууламжийн талаар өнөөдөр бидэнд ямар ч төсөөлөл байхгүй учраас энэ нь хаос байдал үүсгэхээс өөр зүйл болохгүй.
2. Эмх цэгц, эрэмбэ дараа бүхий бүтэц, бүрэлдэхүүн: - Шинжлэх ухаанд суурилсан нийгэм, эдийн засгийн загварын өөрчлөлтийн талаар энд яригдах ёстой. Тэгвэл өнөөгийн Монголын төр, нийгэм, эдийн засгийн мэдлэг, мэдээлэл, боловсрол, боловсон хүчний түвшинд ийм өөрчлөлтийг хийх боломжтой юу гэдэг асуулт гарч байна.
Аливаа нийгэм хувь хүмүүсээс бүрддэг гэж анх Аристотель тэртээх 2300 гаруй жилийн өмнө хэлсэн байна. Энэ санаа ямартаа ч бидний санал болгож буй Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухааныг үндэслэгдэх хугацаа буюу 2019 он хүртэл явж ирсэн гэж хэлж болно.
Харин энэ хувь хүн нь материаллаг болон оюунлаг гэдгээс шалтгаалан нийгмийн тухай шинжлэх ухаан нь диалектик материализм буюу социалист нийгэм судлал болон орчин үеийн идеалист нийгэм буюу капиталист нийгэм судлал гэж хуваагддаг.
Материалист нийгэм судлалд хүмүүс хоорондын харилцаа нь үйлдвэрлэлийн арга дахь хөдөлмөрийн харилцаанд суурилдаг бөгөөд үүнийг улс төрийн эдийн засгийн ухаан судалдаг.
Орчин үеийн идеалист (капиталист) нийгэм судлалд хүмүүс хоорондын харилцаа бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хэрэглээнд суурилдаг бөгөөд үүнийг зах зээлийн эдийн засгийн ухаан судалдаг.
Улс төрийн эдийн засгийн ухаан болон зах зээлийн эдийн засгийн ухаан нь хоёулаа зөвхөн хэрэглээний салбарыг судалдаг билээ.
Хэрэглээний салбар нь үйлдвэрийн эзэн, ажилчид, мөн ажилгүйчүүдээс бүрдэнэ. Өөрөөр хэлбэл энэ салбарт ажил-цалин-хэрэглээний зээл гэсэн цэвэр хөдөлмөрийн мөлчлөгт ажиллагаа явагддаг.
Марксистууд хамтын өмчид суурилсан социалист эдийн засгийн загвар хэрэгжүүлэн хөдөлмөрийн мөлжлөгийг үгүй хийсэн.
Харин капиталист нийгмийн судлаачид Хэрэглээний салбарын үйл ажиллагааны зарчмыг хатуу баримталсаар ирсэн.
Капиталист нийгмийн философид хүн-нийгэм-зах зээл-төр-улс орон нь нэг ижил утгатай ойлголт, судлагдахуун гэж авч үздэг.
Энэ талаар капиталист нийгмийн философийн бүтээлүүдэд дараах тайлбараар бичиглэдэг.
Хувь хүмүүсийн харилцаа бүтээгдэхүүн үйлдвэрлэлд суурилдаг бөгөөд энэ нь нийгэм мөн зах зээл юм. Нийгмээс төр гэдэг ойлголт шууд гарна.
Аль ч нийгэм нь өвөрмөц зохион байгуулалттай бас удирдлагатай хүмүүсийн олон бүлгээс бүрддэг. Гэвч нийгмийг нэг бүхэл зүйл нэг том хүрээ гэж үзвэл эл хүрээндээ удирдах, засаглах албан ёсны үндсэн функцийг үндэсний төр гүйцэтгэдэг.
Нэгэнт л хил хязгаартай төр, нийгмийг бие даасан тусгаар тогтносон улс орон гэж нэрлэдэг.
Эндээс капиталист нийгмийн философи, үзэл баримтлал нь зөвхөн хэрэглээний салбарын мөлжлөгт-мөлчлөгт ажиллагаан дээр суурилсан байна гэдэг нь ойлгогдоно.
Өөрөөр хэлбэл, төрийн болон нийгмийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа нь цаашлаад улс орны тусгаар тогтнол, бие даасан байдал нь зөвхөн хэрэглээний салбар буюу бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хэрэглээн дээр суурилж явагддаг гэж үзэхэд хүрч буй нь дэндүү харамсалтай.
Капиталист нийгмийн зах зээлийн эдийн засагт хөрөнгө мөнгө оруулсан тухайн салбар нь үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үр дүнд олсон ашгаас ахиу хүртэнэ гэсэн дүрэм үйлчилдэг. Үүнээс шалтгаалан Аж үйлдвэрлэлийн капитализм, санхүүгийн капитализм гэх нийгмийн хөгжлийн загварууд үүссэн.
Өнөөдөр бидний амьдарч буй капиталист нийгмийн зах зээлийн эдийн засгийн санхүүгийн капитализмын хөгжлийн загварт санхүүгийн салбар нь нийгэм, эдийн засаг, зах зээлийн хөгжлийг хангаж ажилладаг.
Хүн төрөлхтөнд тохиолдож буй аймшигт тахал коронавирусийн халдварын тархалтын эсрэг хорио цээрийн дэглэм, Опек+ хүрээнд өрнөж буй нефьтийн үнийн дайны улмаас нь хөрөнгийн зах зээлийн тогтолцоо нуран унахад хүрч нийгэм, эдийн засгийн хямрал тохиолдож буй өнөөгийн нөхцөлд цаашид санхүүгийн салбар нийгмийн хөгжлийг ханган ажиллаж чадахгүй болсон гэсэн үг юм.
Иймээс дэлхийн улс орнуудын төр засгаас энэхүү хямралын эсрэг янз бүрийн арга хэмжээ авч ажиллаж байна.
Үйлдвэрлэл хөгжсөн томоохон улс орнууд ийм хорио цээрийн дэглэмийн үед өөрийн аж үйлдвэрлэлийг хамгаалах, эдийн засгийн доголдлыг арилгах, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих, ажлын байраа хадгалах зорилгоор маш их хэмжээний бэлэн мөнгийг хүүгүйгээр зах зээлдээ нийлүүлж байна.
Арилжааны банкууд эх орноо гэсэн сэтгэлээр хандах ёстой. Улс орны эдийн засаг, аж ахуй нэгж, бизнес эрхлэгчид, албан хаагчдын нөхцөл байдал хүндэрч байна. Хүүгээ бууруулах талаар арилжааны банкуудад хүсэлт тавьсан. Монголбанк бодлогын хүүгээ нэг хувиар бууруулсан. Бодлогын хүүгээ ахиад ч бууруулах тал дээр анхаарч ажиллахыг Монголбанкнаас хүссэн. Хүүгээ бууруулах ёстой. Засгийн газраас олон удаа хүсэлт тавьж ажиллаж байгаа, хүсэлт биелүүлэхгүй бол арилжааны банкуудын эрүүл мэндэд таагүй арга хэмжээ авч магадгүй цаашид өөр арга хэмжээ авна гэв.
Энэ удаад төрийн эрх мэдэлгүй шүдгүй арслан шиг байна гэж өөрийгөө хэлээд байсан Ерөнхий сайд мөнгөний эрх мэдэл байхгүй бол бүр хэн ч биш болдог юм байна гэдгээ ойлгох шиг болсон байх.
Эцэст нь дүгнээд хэлэхэд, өнөөдөр бидний амьдарч буй зах зээлийн эдийн засгийн санхүүгийн капитализмын хөгжлийн загварын гол мөн чанар бол Төв банк нь Засгийн газраас мөнгө нийлүүлэх, мөнгө-зээлийн бодлогыг зохицуулах, хянах эрхийг салгаж авсанд оршино. Ийм учраас төр засаг нийгэм эдийн засгийн хөгжлийн асуудалд ямар ч оролцоо байхгүй. Өөрөөр хэлбэл, орчин үеийн идеалист буюу капиталист нийгмийн шинжлэх ухааны философи-онол-арга зүй-загварын хүрээнд төр засаг нийгмийн хөгжлийн асуудалд ямар ч оролцоогүйгээр хийж өгсөн байдаг.
Харин төр засаг нь санхүүгийн салбарын туучаад өнгөрөхдөө хаясан хог новш, асгасан угаадсыг нь цэвэрлэх барлагийн ажлыг буюу өөрөөр хэлбэл нийгэм, эдийн засгийн хямралын үед л зөвхөн нөхцөл байдлыг засан тогтворжуулах үүрэг оролцоотой юм гэдгийг дэлхийн улс орнуудын засгийн газруудын нийгэм, эдийн засгийн хямралын эсрэг авч буй үйл ажиллагаануудаас харж болно.
Бидний санал болгож буй Нийгэм, эдийн засгийн шинжлэх ухаанд төр засаг нь нийгмийн хөгжлийг тодорхойлж удирдан чиглүүлэх үйл ажиллагаанд үйлдвэрлэлийн болон санхүүгийн салбаруудтай эрх тэгш оролцоотой байна гэж үздэг.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"