Б.Сүрэн
АТГ-ын цахим сайтад Төрийн өндөр дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлэг (ХОМ) буй. Одоогоор 2018 оны мэдүүлэг нээлттэй байршиж буй бөгөөд 2019 оныхыг авч дуусаад боловсруулах шатандаа явж байгааг тус газраас мэдээлсэн. Тэгвэл иргэн Д.Совд УИХ-ын 76 гишүүн ба зарим яам, агентлаг, газрын дарга нарын ХОМ-т анализ, дүн судалгаа хийснээ олон нийтэд танилцуулсан. Түүний хийсэн мэдээлэлд анхаарал татсан маш олон сэдэв байсны нэг нь УИХ-ын 76 гишүүний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийн дүн хэмжээ байв.
УИХ-ын 76 гишүүний орон сууц, хадгаламж, газар, тээврийн хэрэгсэл, мал аж ахуй, үнэт эдлэл гэсэн таван үл хөдлөх болон хөдлөх хөрөнгийг нэгтгэн тооцоход нийт 203.2 тэрбум төгрөгийн дүн гарсан байна. Энэхүү таван хөрөнгийн нийлбэрт УИХ-ын 76 гишүүний 50 хувь нь нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй болох нь тогтоогдсон. Энэ бол зөвхөн гишүүдийн өөрсдийнх нь ил, тод нээлттэй мэдүүлсэн хөрөнгийн тоо, хэмжээ юм. Харин оффшор бүсэд хадгалж буй, аль эсвэл компаниудынх нь хөрөнгө оруулалт зэргийг нэмж тооцвол замбараагүй их тоо гарах нь мэдээж.
УИХ-ын 76 гишүүний хөрөнгийг задалбал,
1. Нэг тэрбум төгрөгөөс дээш хөрөнгөтэй 27 гишүүн
2. 1-2 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 26 гишүүн
3. 2-5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй 13 гишүүн
4. 5-10 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй таван гишүүн
5. 10 тэрбумаас дээш төгрөгийн хөрөнгөтэй таван гишүүн байна.
Үл хөдлөх хөрөнгөөр нь задалбал,
1. Нэг тэрбум төгрөгөөс дээш үл хөдлөхтэй 38 гишүүн
2. Хоёр тэрбум төгрөгөөс дээш үл хөдлөхтэй 16
3. Таван тэрбум төгрөгөөс дээш үл хөдлөх хөрөнгөтэй таван гишүүн байна.
Хадгаламжаар нь задалбал,
1. 100 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 37 гишүүн
2. 500 сая төгрөгөөс дээш хадгаламжтай 16 гишүүн
3. Нэг тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай 9 гишүүн
4. Таван тэрбум төгрөгөөс дээш хадгаламжтай 5 гишүүн байна.
АТГ-т ирж буй гомдлын 70 хувийг төрийн албан хаагч, тэр дундаа удирдах албаныхантай холбоотой гомдол, мэдүүлэг эзэлдэг байна. Тиймээс Монгол Улсын яам, агентлаг, тамгын газар болон Монголбанкны 100 гаруй төрийн албан хаагчдын ХОМ-т анализ хийж үзэхэд амьдрал дээр 500 сая төгрөгөөс дээш үнэлгээтэй орон сууцтай 106 төрийн байгууллагын дарга, захирал, нэг тэрбум төгрөгөөс дээш үнэлгээтэй орон сууцтай 40 гаруй төрийн байгууллагын хурган дарга нар байна. Үнэндээ өнөөдөр төрийн албан хаагчдын цалин ямар бага байдгийг хүн бүр мэднэ. Хадгаламж нь 100 сая төгрөгөөс дээш 125, 500-аас дээш 25 төрийн байгууллагын дарга, захирал нар байна. Энэ бол хамгийн наад захын жишээ. Үүн дээр “Төрийн банк”, “Хөгжлийн банк”, “Эрдэнэс Тавантолгой” гэх мэт ТӨҮГ-ын дарга, албан тушаалтнуудын ХОМ-ийг нэмбэл үүнээс ч их тоо гарна. Иргэн Д.Совд “УИХ-ын гишүүд гэдэг улсын их хөрөнгөтнүүд болжээ. Зөвхөн орон сууц, хадгаламж, үнэт эдлэл, газар, мал аж ахуйн нийлбэр дүн гэхэд нэг тэрбумаас дээш хөрөнгөтэй 50 гишүүн байна шүү дээ. Үүн дээр заримынх нь 40, 50 компанийн эзэмшдэг хувьцааг нэмбэл энэ тоо тэнгэрт хадахаар байна” гэв.
УИХ-ын гишүүдийн хамгийн хамгийн нь хэн бэ?
Орлого нь нэг жилд 560 дахин өссөн:
УИХ-ын гишүүд дундаас нэг жилийн дотор орлого нь 560 дахин буюу 12.8 тэрбум төгрөгт хүрсэн гишүүн бол УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан. Сонирхолтой нь, түүний энэ орлого ямар нэг үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө борлуулахгүйгээр ямар эх үүсвэрээр орж ирсэн нь мэдэгдэхгүй ашиг юм. Мөн тэрбээр 1.6 тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй гэдгээрээ бусдаасаа “онцгойрч” байна.
Авлага 14.5 тэрбум төгрөг:
Ийм их хэмжээний мөнгийг бусдаас авах гишүүн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил. Тэрбээр ЖДҮХС-аас KOMGL компаниараа дамжуулан зээл авсан хэрэгт нэр холбогдоод буй.
9.1 тэрбумын орон сууц:
Ийм үнэлгээтэй орон сууц, барилга байгууламжтай гишүүнээр БОАЖ-ийн сайд асан Д.Оюунхорол тодорсон байна. Тэрбээр байгаль орчны сайдаар ажиллаж байхдаа Шонхор шувууны наймааг арабуудтай хийж, маш их хэмжээний мөнгө хувьдаа завшсан хэмээгдэн хэвлэлээр хэсэгтээ “балбуулж” байсан юм.
22.9 тэрбум төгрөгийн хадгаламж:
“Оргил”-ын хэмээх тодотголтой Ж.Ганбаатар гишүүн бизнесийн салбарт хүчтэй нэгэн. Хүнсний салбарт “Оргил” сүлжээ дэлгүүрээр олонд танигдсан гишүүнийг чамгүй их мөнгө хаяж байж улс төрд орсон гэдэг. Тэрбээр өнгөрсөн жилийн Сар шинийн үеэр баянголчуудыг “Улаанбаатар паласе”-д цуглуулж, эд мөнгө, ул боов зэргийг үнэгүй тараана гэж амласнаас болж, хэт их хүн шаваарч, нэг ахмад настан харамсалтайгаар амь насаа алдсан. Ийн эрдэнэт хүний амь нас эрсдчихээд байхад Ж.Ганбаатар гишүүн нүдэн балай чихэн дүлий явж, уучлалт ч гуйгаагүй эл хэргийг дараад өнгөрөөсөн.
4.2 тэрбум төгрөгийн газар:
УИХ-ын гишүүн М.Билэгт бол бас л бизнесийн салбараас улс төрд орсон мөнгөтэй гишүүдийн нэг. Тэрбээр “Ачлал их дэлгүүр”-ийг анхлан байгуулж, түүнээс салбарлан бүхий л салбарт хүч үзэж буй эмэгтэй. Түүний эд хөрөнгө 4.2 тэрбум төгрөгийн газраар дуусахгүй. Боловсролгүй гэх шүүмжлэлд өртдөг М.Билэгт гишүүн 7.5 тэрбум төгрөгийн үнэлгээтэй харшид амьдардаг.
Төрийн албан хаагчдын хамгийн хамгийн нь
хэн бэ?
БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн гэгч нь эмэгтэй 13.9 тэрбум төгрөгийн үнэлгээтэй барилга байгууламж, орон сууцтай юм байна. Мөн долоон тэрбум төгрөгийн үнэтэй газартай гэдгээрээ төрийн албан хаагчид дундаа хамгийн баян хүнээр тодорч байна.
Харин Монголбанкны Төлбөр тооцооны газрын Хяналт зохицуулалтын хэлтсийн захирал Ц.Алдармаа нь 13.3 тэрбум төгрөгийн хадгаламжтай юм байна. Харин ХНХЯ-нд тамтаггүй их хөрөнгөтэй төрийн албан хаагч “нуугдаж” байна. ХНХЯ-ны газрын дарга Н.Батмөнх гэгч нь 4.1 тэрбумын орон сууц, 1.1 тэрбумын газартай, 660 сая төгрөгийн үнэт эдлэлтэй ба бусдаас 21.2 тэрбум төгрөгийн авлагатай. Дээрээс нь 640 сая төгрөгийн үнэлгээтэй тээврийн хэрэгсэлтэй ажээ. Төрийн албаны мерит зарчмаар төрд тасралтгүй наймаас дээш ажилласан хүн яамны газрын дарга хийх боломжтой. Эдгээр хүмүүс энэ зарчим, шаардлагыг хангаж байгаа гэдгийг энд тодотгоё. Тэгэхээр төрд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд, яам, агентлаг, тамгын газрын дарга нарын орлого ямар эх үүсвэрээр ийнхүү огцом өсөөд байгааг тайлбарлах шаардлага үүсч байна.
2016-2018 он
Хоёр жилийн дотор хөрөнгө нь өссөн гишүүд
УИХ-ын гишүүдийн хөрөнгө, орлого гишүүнээр сонгогдсон 2016 оноос хойш АТГ-т мэдүүлсэн 2018 он хүртэлх хоёр жилийн хугацаанд хэр их өсөлттай байсныг энд дурдъя. Уул уурхайн салбарын магнат, оффшор бүсэд данстай УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы орлого 2016 оноос хойш 2018 онд 20.9 тэрбум төгрөгөөр өсчээ. ЖДҮ-чин УИХ-ын гишүүн Г.Солтаны тухайд, 2016 онд 529.8 сая төгрөгийн хөрөнгөтэй байсан бол 2018 онд 1.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болжээ. Харин мөн л ЖДҮ-чин ,“Капитал”-ын гэх мэт олон сэтэртэй, улсын мөнгийг банкаараа угааж, улмаар банк дампууруулж уснаас хуурай гарахаар оролдож буй Б.Ундармаа гишүүний орлого 437 сая төгрөгөөр, ЖДҮ-чин гишүүн Н.Учралынх 230 саяар, ЖДҮ-чин гишүүн Ж.Энхбаярынх 1.3 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Харин заргачаараа алдартай, эрх мэдлийн төлөө нүдээ ухаад өгөхөөс ч буцахгүй гэгддэг Т.Аюурсайхан гишүүнийх 700 гаруй саяар, “сахал” хочит, Зам тээврийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ гишүүнийх 660 сая төгрөгөөр нэмэгдсэн дүнтэй байна.
Үндсэн хуулийг эхийг батлалцаж, насаараа төр түшилцсэн, хамгийн сүүлд харь улсад казино тоглосон, тоглоогүй, зүгээр л сонирхож, судалсан гэх тайлбар өгсөн ахмад улс төрд Т.Лүндээжанцангийнх 200 гаруй саяар, “хор” хутгагч Х.Нямбаатарынх 587 саяар өсчээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн орлого 474 саяар, “поп”, өөрийгөө шударга гэдэг ч хамгийн увайгүй улстөрчөөр нэрлэгддэг ЖДҮ-чин Ж.Батзандангийнх 822 саяар хөрөнгө нь өссөн дүнтэй байна. Эндээс харахад, ихэнх нь ЖДҮХС-аас зээл авсан гишүүд байгаа бөгөөд тэд гурван хувийн хүүтэй зээлийг аваад ББСБ-аараа мөнгө угааж, хөлжиж буйн нотолгоо нь ХОМ болж болох юм. Үнэндээ шударга гэгдэх гишүүдийн хөрөнгө 1-2 жилийн дотор хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаар өссөн байгаа нь зайлшгүй анхаарал татах сэдэв болж байна. Тиймээс хууль хяналтын байгууллага эдгээр гишүүдийн хөрөнгийн өсөлтийг хууль ёсных эсэхийг нь нэн даруй шалгаж олон нийтэд мэдээлэх хэрэгтэй байна. Ингэж байж ард түмэн хэнийг сонгож, хэнийг сонгож болохгүй вэ гэдгээ ялгаж салгаж чадна. Худал амлаж, шударга үнэний туйл царайлсан улстөрчид ард түмний тархийг угааж, төрийн эрхэнд гарч, эрх, мэдэл мөнгөний төлөөх марафоноо үргэлжлүүлэх боломжийг 2020 онд олгож хэрхэвч болохгүй.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"