Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
ДЭЛХИЙ ДАХИНЫГ ӨӨРЧИЛСӨН КОРОНАВИРУС

Ц.Хас

 Дэлхий дахин өнгөрөгч ХХ зууны сүүлчээс өдрөөс өдөрт даяаршиж, бөөр бөөрөөрөө нийлсэн ч туурга тусгаар улс хэмээн амь амиа аргацаадаг байсан байдал аажмаар халаагаа өгч цэнхэр дэлхий нэгэн гэр бүл гэдэг хэвшилд улам бүр орж, энэ нь энэ XXI зуун гараад улам хүрээгээ тэлж байлаа.
Гэтэл...
Гэтэл өнгөрөгч 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр Хятадын Ухань хотоос эхлэн тархсан шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн халдвар өнөөдөр дэлхийн бараг бүх улсад тархаж манай гаргийн хоёр сая гаруй хүн энэ өвчний халдвар аван 200 мянга илүү хүн нас бараад байгаа нь хүн төрөлхтний, улс гүрнүүдийн төрийн бодлогыг хүртэл өөрчлөхөд хүргэлээ.
Улс гүрнүүд, бүс нутгаараа, ашиг сонирхлоороо,уламжлал зан заншлаараа бүлэг бүлэг болон хамтарч үйлдвэрлэл, худалдаагаа интеграцчилж Европын холбоо, Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн орнууд, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Нэг бүс, нэг зам, БРИКС гэцгээж байсан нь өнөөдөртөө л юутай ч зогсонги байдалд орлоо. Цаашид юу болохыг хэн мэдлээ.
1970-аад оноос хойш л нэгэн гэр бүл болон төлөвшсөн Европын холбоо энэ шинэ өвчний халдварын өмнө бараг л хүчгүйдэж эхлэв. Тус тивдээ коронавирусийн халдвар хамгийн их тархсан орны нэг Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон шинэ коронавирусийн халдварын тархалтын эсрэг тэмцэх өнөөгийн туршлага нь Франц улсыг эдийн засгаа бэхжүүлэх, эдийн засгийн тусгаар байдалтай болгох ёстойг харууллаа гэсэн байна. “Бид эдийн засгаа сэргээж, үйлдвэрлэлийн түвшингээ нэмэгдүүлэн, илүү хүчирхэг, санхүүгийн тусгаар байдалтай болгох шаардлага гарч ирж байна. Мөн хөдөө аж ахуй, анагаах ухаан, аж үйлдвэр, технологийн хувьд Франц тусгаар байж, Европоос бие даасан байх шаардлага гарч ирлээ” гэж мэдэгдчихлээ. Өнөө хүртэл Европын холбооны хөгжлийн гол төв нь Герман гэж бусад улс орнууд нэг толгойд захирагдан дагалдах байдлаар явж ирснийг өөрчилнө гэсэн үг.
Энэ нь шууд утгаараа үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлье гэсэн үг болон сонсогдож байна. Зэргэлдээ улс оронд, бидний холбоотон гүрэнд хийгээд хямдхан авчраад байгаа бүтээгдэхүүнийг бид өөрсдөө үйлдвэрлэх гэж зардал чирэгдэл болоод яах вэ гэдэг байсан сэтгэлгээ нийгмийн бүхий л давхаргад сууж эхлэх гэж байсан нь саяхан. Манай монголчууд ч гэсэн энүүхэн Эрээн, Улаан-Үүд, Эрхүүгээс зөөгөөд ирэх юмыг бид хийнэ гэж юу байсан юм гэдэг, эрх баригчид ч бас ийм сэтгэлгээгээр дотоодын үйлдвэрлэлээ дэмжихгүй хойш тавьж байсны горыг амсч эхэллээ. Эрх баригчдын харалган бодлого, санаатай болон санамсаргүй үйлдлээс болон тариаланчид, хэвлэлийн үйлдвэрүүд, сүү сүүн бүтээгдэхүүн гээд тун олон салбарын үйлдвэрлэлийг гадаадын чанартай чанаргүй бүтээгдэхүүн цохиж, энэ салбарын бүтээгдэхүүнийг үнэгүйдүүлж байсныг бид мэднэ. Одоо хүссэн хүсээгүй нэг хэсэгтээ, магадгүй цаашдаа бүр өөрчлөгдөж магадгүй болчихлоо.
Даяаршил, дэлхий нэгэн гэр бүл гэдгийг огцом өөрчилсөн нэг жишээ бол аялал жуулчлалын салбар. Дэлхийн улс орныг дамжин явагчдын тоо жилээс жилд өсөн нэмэгдэж, байсан бол цаашдаа энэ салбар юу болохыг эс мэдэх ч энэ жил бол бүр зогслоо. 2019 онд гэхэд л манай гаргийн 1.5 тэрбум хүн улс гүрэн дамжин аялж явсан юм шүү дээ. Дэлхий дахины аялал жуулчлалын орлого 1950 онд ердөө хоёр тэрбум ам.доллар байсан бол 2014 онд 1.24 их наяд ам.доллар болон нэмэгдсэн, 2019 оны дүнгээр хоёр их наяд давж байлаа. Энэ орлого тасарна.
Манай БОАЖЯ, сайд нь жил бүр л нэг сая жуулчин хүлээн авна гэдэг мөрөөдлийн тоог ямар ч судалгаа тооцоогүй хэлчхээд арай гэж 400 гаруйхан мянган жуулчин аваад дараа нь таг чиг юу ч болоогүй юм шиг сууж байдаг бол энэ жил энэ тоо нууцаар сэмхэн оруулж ирсэн хэдэн хятад, гадаад хүнээ тоолохгүй л бол “Энэ коронавирусийн тархалтаас л боллоо. Түүнээс биш бид яг хоёр сая жуулчин авах гэж байсан юм” гэхээр болоод байна. Тэртэй тэргүй “онгон байгальтай, нүүдэлчин” хэмээн сайрхдаг ч гадныхны анхаарлыг тэр бүр татдаггүй манайд аялал жуулчлалын салбарын орлого нь эдийн засагт мэдэгдэхгүй шахам. Гэтэл бараг л аялал жуулчлалынхаа орлогоор амьдардаг улс орнууд яах вэ.
Энд хамгийн эмгэнэлтэй нь улсын төсвийнхөө ихэнх хувийг аялал жуулчлалаас бүрдүүлж амьдардаг Мальта, Тайланд, Ямайка, Хорват, Исланд, Грек зэрэг улсуудын эдийн засагт энэ коронавирус хүнд цохилт болж байна. Ердөө 475 мянган хүн амтай энэ арлын жижиг Мальта улсад жилдээ 2.6 бараг гурван сая хүн аялан очиж амарч зугаалдаг юм шүү дээ....Хамаг улс орнууд хилээ хааж, агаарын тээврийн бүх компаниуд нислэгээ зогсоогоод байгаа нь улс орнуудын эдийн засгийг өм цөм сүйрүүлж байгаа нь мэдээж.
Өөр нэг зүйл нь коронавирусийн халдварын тархалт хүний сэтгэлгээг үндсээр нь өөрчилж байна. Манайхан ядуу зүдүүгээ гайхуулаад байдаг ч энд тэндгүй уулзалт, нийллэг хэмээн баар зоогийн газар, караоке, амралтын газруудаар тансагладаг нь бүр хумигдлаа. Тэр бүү хэл “Монголд амьдрах арга алга” хэмээн харь гүрнийг зорин явсан тансагчууд ёстой л нөгөө тураг ядрахаар уулаа, хүн ядрахаар нутгаа гэдэг шиг “Эх орон минь” хэмээн Монгол руугаа тэмцэж байна. Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшингийн хүү л гэхэд эцгийнхээ луйвардаж олсон мөнгөөр гадаадыг зорьсноо Солонгост өвчин газар авлаа гэхээр бяцхан хүүхдүүдийн дарааллыг булаан онгоцонд сууж ирснийг эцэг нь “хүүгээ тэр онгоцоор ирснийг би мэдээгүй” хэмээн мэлзэж байх вэ дээ.
Коронавирусийн энэ тархалт байгууллага, хувь хүмүүсийн ажлын арга барилыг шинжлэх ухаан технологийн дэвшилтэй холбож үндсээр нь өөрчиллөө. Заавал нэг газар бөөнөөрөө цуглан цагт баригдан хийсэн хийгээгүй нь мэдэгдэхгүй үр бүтээл багатай суун цагаа бүртгүүлдэг байдал компьютер, мэдээллийн технологийн дэвшлийг ашиглан хаанаас ч хийх ёстой ажлаа хийгээд байх шинэ боломжийг бүрдүүллээ. Төсөрхөн нислэгийн тийз худалдаалдаг газраар орох хэрэг гарвал бүгдийнх нь үүдэн дээр “гэрээрээ ажиллаж байгаа” гэсэн бичиг наачихсан байх нь тэр. Нэг оператор луу нь утасдвал зорьсон хэрэг тэр дороо л бүтэж байна. Энэчлэн сонины газрууд гэхчлэн заавал барьж очсон бичиг баримтаа үзүүлж, байцаалгаж байж, хэд хэдэн хүн дамжин явдаг төрийн байгууллагуудаас бусад нь бараг ингээд ажиллаж болох нь харагдлаа. Заавал хүнд суртал гаргаж хэд хэдэн хүн дамжуулан өчнөөн төчнөөн бичиг цаас шаардаж, бас авлигаа биечлэн авдаг болохоороо төрийн байгууллагынхан л өрөө тасалгаандаа сууж байх шив дээ.
Хамгийн эцэст нь хөгжлийн түвшингээрээ тэргүүлэгч гэдэг ойлголт өөрчлөгдөж болзошгүй байна. Эдийн засаг, шинжлэх ухаан технологийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч орон гэгдэж байсан АНУ, Хятад,Орос улсууд энэ коронавирусийн өмнө сөхөрч байна. Энэ өвчнийг эхлүүлсэн БНХАУ-ыг өнөөдөр АНУ өвчлөл, нас барагсадынхаа тоогоор ардаа орхилоо. Өнөөдөр коронавирус бүх 50 мужид нь тархаж халдвар авсан хүний нь тоо хагас саяыг даваад, 26 мянган хүн энэ өвчний улмаас нас бараад байгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп арга ядаад “энэ өвчнөөр 200 мянга орчим хүн нас бараад тогтвол дээдийн заяа” гэж байна. Орос улс гэхэд л, “бид коронавирусийн эсрэг вакцин гаргалаа, эм бэлдмэл бэлэн болголоо” хэмээн өдөр бүр мэдээлж байгаа ч үр дүн нь харагдахгүй өвчилсөн хүний нь тоо хоногт хэдэн зуугаар нэмэгдэж л байна.
27 улс, Британийг хасаад 26 улсыг нэгтгэсэн Европын холбоо ч гэсэн өнөөдөр коронавирусийн хамгийн халуун цэг болж хувираад, Итали, Испани Франц, Герман улсад хамгийн олон тохиолдол бүртгэгдээд “тэвдэж” байна.
Ийм байдлаар энд тэндэхийн зэвсэгт мөргөлдөөн, байгалийн гамшгийн дэргэд энэ зууны хамгийн их гамшиг болсон шинэ төрлийн коронавирус COVID-19-ийн халдварын тахалт нь манай гаргийн амьдралын хэв жаяг, хэвшлийг орвонгоор нь өөрчилж орхилоо. Энэ өөрчлөлт эгэл нэгнээс эхлээд улс гүрний удирдлага, төрийн бодлогод хүртэл нөлөөлж эхэллээ.
Ганцхан манай төр засаг, эрх баригчид, улсын онцгой комиссынхны сэтгэлгээ л огт өөрчлөгдөхгүй “гадаадын нэг ч иргэнийг хилээр нэвтрүүлэхгүй” гэчхээд бүр харь орны өвчтэй иргэнийг тусгай зориулалтын нислэгтээ багтааж авчраад, одоо бүр хилээ хаасан гэсэн атлаа Хятадаас барилгачид авчирна хэмээн ярьсаар сууна.
Дэлхийн улс орнууд коронавирусийн тархалтаас болоод бизнес нь хумигдаж ашиг орлогогүй болж байгаа ард иргэдээ дэмжин мөнгөн тэтгэлэг, элдэв хөнгөлөлт үзүүлж байхад манай төр засаг, эрх баригчид, нэг их сүрхий юм амлаж амлачхаад түүндээ элдэв шаардлага тавин аль болох ард иргэддээ өгөхгүйн төлөө чардайх жишээний. Иргэдийн нийгмийн даатгал, орлогын албан татварыг зургаан сарын хугацаанд авахгүй гэж зарласан атлаа одоо болохоор ашиг орлого нь мэдэгдэхүйц буурсан аж ахуйн нэгжийн ажилагсдад л үйлчилнэ гэж байна. Гэхдээ мэдэж ядах юмгүй, өөрийн намын МАН-ын, өнөөх 60 тэрбумаар бүрдүүлсэн төрийн албаныхны татвар, нийгмийн даатгалыг бол авахгүй л дээ, харж л байгаарай.
Коронавирус дэлхий дахины төр засгийн удирдагчид, төрийн бодлогыг өөрчилж эдийн засгаа, хүн ардаа бодож эхэллээ. Ганцхан манай эрх баригчдын сэтгэлгээ л огт өөрчлөгдөхгүй, яаж л бол дундаас нь мөнгө идчих билээ гэдэг хэвээрээ байх шив дээ.

эх сурвалж: "Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com