БНХАУ-ын 100 хөрөнгө оруулалттай “Богда холдинг” компани 20 жилийн өмнө жишиг хороолол байгуулахаар иргэдийн ярьдгаар “төмөр замын дан шарууд” гэдэх БГД-ийн I хороонд 5000 м2 газрыг үнэгүй авчээ. Гэрээгээр цэцэрлэг, сургууль барих үүрэг хүлээсэн ч, өнөөг хүртэл бариагүйгээр барахгүй газрынхаа талыг нийслэлд зарж, үлдсэн талбай дээр цэнгээний газар байгуулах болж байгаа аж. Энэ талаар “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Г.Нямдоржтой ярилцлаа.
Төрөөс 5000 м2 газар үнэгүй авсан компани үүргээ биелүүлээгүй
-Танай хөдөлгөөн ямар зорилготой вэ?
-Нийгэмд үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага. Иргэдийн эрх ашиг хаана зөрчигдөж байна тэнд үйл ажиллагаа явуулдаг.
-Та саяхан хэвлэлийн бага хурал хийлгэсэн. Баянгол дүүргийн I хорооны Богд ар хорооллын оршин суугчид хохирч байгаа тухай мэдээлсэн.
-Энэ хороолол 6000 гаруй оршин суугчтай. Энэ хорооллыг 2000 оноос барьж эхэлсэн. Тэр үед барилгын салбар уналтад орсон. Хөрөнгө мөнгө хомс байсан үе л дээ. Анх барихдаа Баянгол дүүргийн жишиг хороолол болно гэсэн амлалт өгсөн. Өөрөөр хэлбэл дараагийн хорооллууд энэ жишгээр баригдах үлгэр жишээ хороолол болно гэсэн үг.
-Жишиг гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, хүүхэд хөгшдийн амрах талбай, зам, гарц гээд хамгийн тохитой тайван амьдрах орчин бүрдүүлнэ гэсэн үг. Энэ нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөгөөр батлагдсан. Хөрөнгө оруулалтыг 100 хувь хятадын тал хариуцаж, тус улсын “Богда холдинг” компани ерөнхий захиалагчаар ажиллаж, туслан гүйцэтгэгчээр бусад компаниудыг татан оруулсан.
-Энэ тухай та эхнээс нь мэдэж байсан уу?
-Үгүй. Би өөрөө энэ хорооллын оршин суугч болсноос хойш асуудлыг мэдсэн.
-Хятадын компаниудад улс хөнгөлөлт үзүүлсэн үү?
-Хороолол барихад зориулж 5.1 га газрыг үнэгүй олгосон. Тэр их газрын багахан хэсгийн “дангийн шарууд” гэх байшингууд эзэлж байсан. Манайхан төмөр замын “дангийн шарууд” гэж нэрлэдэг.
-Одоо орон сууцнууд нь босчихсон оршин суугчид орчихсон байхад юунд гомдож байна?
-Орон сууцнууд ашиглалтад орсон. Гэтэл нөгөө жишиг гэсэн хороолол нь сургууль, цэцэрлэггүй байна. Сургууль, цэцэрлэг барих ёстой 3515 метр газар нь байна. Гэтэл “Богда холдинг” өнөөг хүртэл цэцэрлэг, сургууль барих үүргээ биелүүлээгүй. Үүнд л оршин суугчид бухимдаж байгаа юм. Нийслэлийн жишиг хороолол цэцэрлэг сургуульгүй байж болохгүй биз дээ.
-“Дангийн шар”-аас хоёр байшин үлдсэн гэдэг.
-н.Идэнбаяр түүнийг авах гэж санаархаж байгаа. Үнэн хэрэгтээ энэ хоёр байшин нийлээд 100 м2 талбай эзэлж байгаа юм.
-н.Идэнбаяр гэж хэн бэ?
-“Богда холдинг компанийн Ерөнхий захирал.
-“Богда холдинг хаанахын хөрөнгө оруулалттай компани вэ?
-100 хувь хятадын хөрөнгө оруулалттай компани.
-н.Идэнбаяр захирал хятад хүн үү?
-н.Идэнбаяр 1990 онд Монголд цагаачилж ирсэн БНХАУ-ын иргэн өвөр монгол хүн. 2007 онд манай улсын иргэн болчихсон байдаг юм.
-Яагаад манай иргэн болсон юм бол?
-Манай улстөрчдөд таалагдсан юм шиг байгаа юм.
-Тэр үед хэн Ерөнхийлөгч байсан бэ?
-Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хөрөнгийн хомсдолтой үед 2000 оноос төсөл хэрэгжүүлээд 2007 онд Монголын иргэншил авсан байгаа юм.
-Хөрөнгө оруулалтыг хаанаас шийдсэн бэ?
-Хөрөнгө оруулалтыг компани шийдсэн гэдэг боловч, үнэн хэрэгтээ орон сууцны захиалгын мөнгөөр шийдсэн байхгүй юу. Өөрсдөөсөө нэг ч мөнгө гаргахгүй монголчуудаас урдьчилан орон сууцны захиалга аваад л барилгуудаа барьсан. Захиалагчийн алба гэж байгуулаад л иргэдээс урьдчилгаа мөнгө авч хөрөнгө босгосон.
-Цэцэрлэг, сургууль барих 3515 м2 газар одоо хэний мэдэлд байна?
-Түүх яривал би энэ хорооллын оршин суугчийн хувьд энэ газарт цэцэрлэг, сургууль бариулахын төлөө “Богда холдинг” компанитай арван жил тэмцэж байна. Энэ талбай дээр нэг ч шон хатгаагүй арван жил болж байна. Энэ хооронд манай хорооллын хүүхдүүд хохирч байна. Уг нь төр тэдэнд сургууль, цэцэрлэг барьж өг гээд үнэгүй газар өгсөн. 20 жил “Богда холдинг” компани гэрээний үүргээ биелүүлэхгүй, хорооллын оршин суугчдыг хохироож байна шүү дээ.
-“Богда холдинг” компани цэцэрлэг, сургууль баригдах үүрэг хэзээ хүлээсэн бэ?
-2000 онд 640 хүүхдийн сургууль, 240 хүүхдийн цэцэрлэг барих гээд Ерөнхий төлөвлөгөөнд тусгуулсан байгаа юм. Тэгээд 2008 он хүртэл сургууль, цэцэрлэгээ бариагүй. Гэтэл дахиад нэг орон сууц барихын тулд дахиад зургаа өөрчилж байгаа юм. Оршин суугч нэмэгдсэн гэдэг шалтгаанаар сургууль, цэцэрлэгийн суудлын тоогоо өөрчилсөн.
-Яаж?
-640 хүүхдийн сургуулиа 960 хүүхдийнх, 240 хүүхдийн цэцэрлэгээ 160 хүүхдийн болгож байгаа юм. Эхний 2000 оны төлөвлөгөөгөө 2008 онд өөрчилсөн.
-Төр тус команийн үгээр л яваад байх уу?
-Тэгсэн. Цэцэрлэг сургуулиа барихгүй дахиад төлөвлөгдөөгүй орон сууц барихын тулд сургуулийн хүүхдийн тоог өсгөж өөрчилсөн байгаа юм.
-2008 онд төлөвлөгдөөгүй орон сууц барьчхаад өнөөг хүртэл цэцэрлэг, сургуулиа бариагүй гэсэн үг үү?
-Тийм. 2000 онд барих ёстой сургууль, цэцэрлэгээ бариагүй байж, 2008 онд төлөвлөгдөөгүй орон сууц бариад 2012 онд оруулчихсан. Энэ барилгаа ашиглалтад оруулчхаад дахиад сургууль, цэцэрлэгийнхээ зургийг өөрчилж байгаа юм.
“Богда холдинг” компани дуртай үедээ Ерөнхий төлөвлөгөөг өөрчилж байгаа
-Гурав дахь удаагаа юу?
-Тийм. Нөгөө сургууль, цэцэрлэг барих ёстой газраа хоёр орон сууц барихаар өөрчилсөн байгаа юм. Үүнээс болж тэмцэж эхлээд гурав дахь даажинг хүчингүй болгож чадсан.
-Гурав дахь өөрчлөлтийг хэзээ хийсэн бэ?
-2011 онд байх аа. 2012 оноос эхлээд сургууль, цэцэрлэг барих газрын зориулалт өөрчлөгдсөн байдаг юм.
-Та нарын тэмцэл үр дүнд хүрсэн үү?
-Уг нь хүрсэн. Э.Бат-Үүл дарга Нийслэлийн засаг байхад заргаа авсан. Ямар ч байсан тэр газар дээр цэцэрлэг барих шийдвэр гаргуулж чадсан. Захирамж гаргасан.
-Зөвхөн цэцэрлэг юм уу?
-Зүгээр нэг хүүхдийн цэцэрлэг биш, цэцэрлэгт хүрээлэнтэй маш сайн тохижилттой цэцэрлэг барихаар шийдвэр гарсан. Хэрэв энэ баригдсан иргэдийн тохь тух, хорооллын нөгөө байгууламж шийдэгдчихэж байгаа байхгүй юу. Маш сайн шийдвэр байсан.
-Тэгээд...
-Нөгөө компани чинь төрийн байгууллагууд руу бичиг шидээд 2019 он гаргачхаж байгаа юм. Тэгсээр яваад 2000 м2 газрыг Нийслэлийн боловролын газарт зараад, үлдсэн газартаа бизнес төв барих болсон байдаг.
-Та өмнө нь энэ газрыг үнэгүй авсан гэж хэлсэн. Цэцэрлэг, сургууль барихаар үнэгүй авсан газраа эргээд төрд зарж байгаа юм уу?
-Тийм.
-Хэдээр?
-Миний дам сонссоноор хэдэн зуун сая. Гэхдээ яг зарах гэдэг утгаар биш. 2000 м2 газраа Нийслэлийн боловсролын газарт шилжүүлсний нөхөн төлбөр гэж байгаа. Өнгөрсөн онд мөнгө нь төсөвт суугаагүй учраас дараа нь шийдэхээр болсон. Удахгүй нөхөн төлбөр хэд байх нь төсөв хэлцэгдэхэд мэдэгдэх байх.
-Үлдсэн 1500 м2 талбай дээр “Богда холдинг” компани юу барих бол?
-Зочид буудал, үйлчилгээний төвийн зориулалтаар зургаан давхар барилга барина гэж байгаа юм.
-Сайхан хороололтой болчихлоо гэж баярлахын оронд тэмцээд байгаа нь ямар учиртай вэ?
-Ерөнхий төлөвлөгөө гэдэг бол төрийн шийдвэр. Түүнийг дуртай үедээ “Богда холдинг” компани өөрсдөдөө ашигтайгаар өөрчилж байна. Манай хороонд нэг ч цэцэрлэг, сургууль байхгүй. Гэтэл төр үнэгүй газар өгчхөөд 20 жил чимээгүй явж байна. Энэ компани төрөөс давуу эрх эдэлчхээд төрийн шийдвэрийг өөрчлөөд байгаа нь зөв үү.
-Та нар тэмцэх явцдаа нийслэлийн Засаг нартай уулзсан уу?
-Уулзсан. Су.Батболд, Э.Бат-үүл нар иргэдийн талд шийдвэр гаргасан. С.Амарсайхан дарга ч ажлын хэсэг байгуулахдаа иргэдийн талд шийдэх зорилготойгоор ярьж байсан. Гэтэл ажлын хэсэг нь оршин суугчдын эсрэг шийдвэр гаргаад С.Амарсайхан дарга түүнийгээ дагаад байгаа юм.
-Дээшээ хандаж болоогүй юм уу?
-Бид тэмцэхдээ өмнөх Ерөнхий сайд нарт хандаж байсан. Тэд Нийслэлийн Засаг даргад үүрэг өгдөг.
-Гэхдээ Ерөнхий сайд нар өөрийн байр сууриа илэрхийлж байсан уу?
-Өмнөх Ерөнхий сайд нар төрийн төлөвлөлтийг хэн ч өөрчлөх ёсгүй зориулалтын дагуу газрыг ашиглах ёстой гэсэн байр сууриа илэрхийлдэг байсан. Өөрөөр хэлбэл Ерөнхий төлөвлөгөөг дага, оршин суугчдын эрх ашигт нийцүүлж шийдвэрлэ гэсэн хариу өгдөг. Нмйслэлийн өмнөх Засаг дарга нар энэ газар дээр цэцэрлэг, сургуулиас өөр юм бариулахгүй гэсэн чиглэл өгдөг байсан.
“Богда холдинг” компани 20 жил Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөнд захирагдаагүй
-Тэгээд яагаад өдий хүртэл төрийн шийдвэр хэрэгждэггүй юм бэ?
-Шийдвэр гардаг. “Богда холдинг” компанийн захирал шүүхдэж эхэлдэг. Хугацаа хождог арга л даа.
-Шүүгч нар арван жил хугацаа хожуулаад л байх уу?
-Ямар ч байсан арван жил “Богда холдинг” компани Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөө, өмнөх Засаг дараг нарт захирагдахгүй өнөөг хүрсэн нь үнэн.
-Танайхан н.Идэнбаяртай уулзсан уу?
-“Чаддаг юм бол та нар сургууль, цэцэрлэгээ барь. Тэгэхгүй бол би барьдаг юмаа барина. Явдаг газраа яваад сур” гэдэг дээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"