Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Г.Очбаяр: Бидний Улаанбаатар, бид ямар түүхтэй хотод амьдардаг вэ?

 "Улаанбаатар музей"-н эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяр Улаанбаатар хотын товч түүхийг хөгжилтэй, наргиантайгаар танилцуулсныг хүргэж байна. "Улаанбаатар хотын музейг сэргээн засварлахад иргэдийн хандивыг цуглуулах зорилготойгоор “UB Comedy Club”, Улаанбаатар музей төслийнхөн хамтран төрөлх хотынхоо музейг сэргээн засварлах ажилд хөрөнгө босгохоор уг тоглолтыг зохион байгуулсан агаад сошиалаар ч маш олон хандалт авч чадсан юм.

-Бидний уулзаж буй Сөүлийн гудамж Улаанбаатар хотын түүхэн хэсгийн нэг. 1939-1960 он хүртэл Улаанбаатар хотын төв гудамж байсан. Анх энд мод тарьж, асфальтан зам тавигдан, гэрэлтүүлэгтэй болсон гудамж. Хажууханд Чин ван Ханддоржийн өргөө бий. Энэ бол Улаанбаатарын маш гоё архитектуртай барилгын нэг. Анзаарч харсан бол нэгдүгээр давхар нь европ хийцтэй. Хоёрдугаар давхар нь ази архитектуртай. 1913 онд Богд хаант Монгол Улсын Гадаад хэргийн тэргүүн сайд Чин ван Ханддорж бариулж, 1915 онд насан эцэслэтлээ энд амьдарч байжээ. Түүний өргөөг хүрээнийхэн “Дайчин вангийн өндөр” гэж нэрлэдэг байв. 100 жилийн өмнө Улаанбаатар цөөхөн барилгатай. Хоёр давхар барилгуудаа өндөр хэмээн тодотгодог. Гоожингийн өндөр, Өндөр хоршоо, Цэцэн хааны өндөр гэх мэтээр нэрлэдэг байв. Харин өнөөдөр монголчууд 15 давхраас дээш барилгаа цамхаг гэж нэрлэх болсон. Бидний амьдарч буй Улаанбаатар хот шашны тэргүүний орд өргөөнөөс орчин үеийн хот болж хөгжсөн билээ. Улаанбаатарын анхны гэрэл зургийг та бүхэн харж байна. 1874 онд авсан,Оросын гэрэл зурагчин А.Э. Боярскийн зураг. Богдын Шар ордон буюу одоогийн Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн урд тал, Новотел зочид буудлын өмнөх дөрвөн замын уулзвар хэсэгт Богдын шар ордон байв. Богд дөрвөн ордонтой байсан. Хамгийн том нь Шар ордон байлаа. Энэ зургийг зүүн урдаас нь авсан байдаг. А.Э.Боярскийтой хамт нэгэн экспедицийн бүрэлдэхүүнд багтсан эмч П.Я.Пясецкий монголчуудын зургийг авахад тун хэцүү байсан тухай тэмдэглэсэн байдаг. (Монголчууд анх хэрхэн гэрэл зураг авхуулсан тухай түүний тэмдэглэлээс гэрэл зурагчин С.Цацрал “Морьтон баатрууд 1874 онд гэрэл зураг авхуулсан нь” нийтлэлдээ эш татсан байдаг. “1874 оны 7 сарын 13-ны өдөр. Ням гараг... Анх удаа гэрэл зургаа авхуулж буй хүмүүст хэсэг хугацаанд хөдлөхгүй томоотой сууж, зогсч байхыг ойлгуулах тун амаргүй байлаа . Орчуулагч тэдэнд тайлбарлаж ойлгуулах гэж бөөн ажил болов. Бүх хүмүүс байр байраа эзлэн зогсч гэрэл зурагчин маань шилэн хальсаа аппаратандаа хийн, дурангийн таг аван гэрэл сүүдрээ тохируулан тоолж эхлэх мөчид зургаа авхуулж байгаа хэдээс нэг нь босч аппаратны дуран дотор юу байгааг харахаар шагайна. Хэн нэг нь гэнэт босно, морио давирч хөдөлгөнө эсвэл хөл гараа хөдөлгөж, хоорондоо ярина. Таван удаагийн оролдлого бүтэлтэй болсонгүй. Боярский цөхөрч, бөөн ууртай хоцорсон билээ....” гэж бичжээ. сурв)


1925 онд Улаанбаатар хот 61 мянган хүн амтай байв. Зуун жилийн өмнө хотын оршин суугчдын тал нь лам байлаа. Бид нэгийгээ банди минь гэх зэргээр ярьдаг. Яг тэр банид нар чинь энэ зураг дээр байна. Хардуу царайтай байгаа биз. Яагаад ийм байгаа гэхээр энэ үеийн хүмүүс бүгд морь унадаг. Салхинд нүүр нь харлачихдаг. Уг нь шар арьстай шүү дээ. 1913 оны их алдартай зураг энд байна. Богдын Шар ордны үүдэнд зогсоо халх эхнэр хүний зураг. Энэ зурганд өнгө оруулсан гэж зарим нь хэлдэг. 1913 онд тухайн үеийн Нийслэл хүрээнд Францын гэрэл зурагчин Стефан Пассе гэдэг хүн баахан гэрэл зураг аваад явсан. Тэр нь өнгөт зураг байсан. Азаар бид 100 жилийн өмнөх монгол бүсгүйн зүс царай, дээл хувцас ямар байсныг өнгөтөөр харах боломжтой болсон. Монгол хатны энэ зургийг хараад би шууд “годройтож” байлаа. Монгол эмэгтэй яагаад 4-5 кг үнэт эдлэл зүүж явдаг байсан юм бол гэвэл хариулт нь энгийн. Зуун жилийн өмнө банк байгаагүй учраас эмэгтэйчүүд нь үнэт эдлэлээ хувцсандаа шингээж, эрчүүд нь адуу худалдаж авдаг байсан болов уу. Энэ бол Шүүх яамны сайд Намсрай гэдэг хүний хатан юм. Энэ хатан маш олон зураг авхуулсан байдаг. Нийслэл хүрээнд гурван гэрэл зургийн газар байсан. Хоёр нь хятад, нэг нь орос гэрэл зурагчны газар. Орос гэрэл зурагчны авсан гэрэл зургууд Үндэсний архивт хадгалагдаж байдаг. Гэрэл зураг авхуулна гэдэг тухайн үедээ тансаг хэрэглээ байв. Хоёр хонины үнэтэй байж. Энэ бас орос гэрэл зурагчны студид авсан зураг. Зурган дээр нохой бий. Тухайн үеийн баячууд гадаад үүлдрийн нохойтой байсан нь эндээс харагдана. Гудамжинд ардууд ингээд хөлхөлдөж явж байж. Энэ бол хүрээг тойроод сунаж мөргөж байгаа хүмүүс. Зарим нь гэр бүлээрээ хэдэн зуун км-ын алсаас хүрээг зорин сунаж мөргөж явахдаа хэдэн дээл элээдэг байсан гэдэг. Одоогийн Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн барилгыг та бүхэн харж байна. Наана нь Туул рестораны суурин дээр ногоо худалдаалах зах байжээ. Ногоо зарж байгаа хоёр эмэгтэйн нэг нь хамаргүй эмээ байна. Ямар учиртайг нь бүгдээрээ мэднэ. Өндөр Гонгорын зураг байна. Рой Чапмен Эндрюсын хэмжсэнээр бол Гонгор хоёр метр 36 см байсан гэдэг. Монголын хамгийн өндөр хүн эхнэр хүүхэд, найзуудтайгаа зогсч байна. Өндөр Гонгороос жуулчид нэг л юм асуудаг байж. “Та бол маш өндөр хүн юм байна. Таныг нас барсны дараа ясыг чинь авч болох уу” гэж асуухад нь тэрбээр их дургүйцэж, уурладаг байж. 1913 оны зурган дээр Мэгжид Жанрайсиг дуган босчихсон байгаа нь харагдаж байна.
1924 онд Хотын захиргаа байгуулагдаж, 1925 онд “Хотын иргэн гэж хэн бэ” гэсэн анхны тодорхойлолт гарсан. Хотод байнга амьдардаг, хөдөө орон гэргүй хүмүүсийг хотын иргэн гэж тодорхойлжээ. Хотын анхны дарга 1924 онд М.Баяр гэж хүн байсан. Хүн амаа яг энэ тодорхойлолтын дагуу тоолоход хотод амьдарч байсан 61 мянган хүний 14 мянга нь хотын иргэн хэмээн бүртгэгдэж байжээ. 1928 оны “Хотын жинхэнэ харьяат иргэний үнэмлэх” зурган дээр харагдаж байна. Энэ үнэмлэх манай музейд хадгалагдаж байдаг. Монгол бичгээр тэр аймгийн тэр хошуунаас шилжиж ирсэн тэр хороонд оршин суудаг энэ иргэн нь Улаанбаатар хотын жинхэнэ оршин суугч болохыг тодорхойлов. Жил болгон үнэмлэхээ авчирч хотын захиргаанд бүртгүүлнэ. Таван жилд нэг удаа үнэмлэхээ солино гэж бичсэн байдаг.
1921 оноос хотын иргэд урьдынхаас огт өөр дүр төрхтэй болсон. Хүрээний хүүхнүүд үсээ цавуудаж, унтахдаа түүнийгээ салгаад, бараг дэрлээд унтдаг байсан бол үсний засалт, дээл малгай нь хөнгөн болж ирсэн. 1921 онд Улаанбаатарт Улсын их дэлгүүр байгуулагдсан. УИД-т Европ барааны тасаг байгуулагдсан. Энэ тасагт дугуй цагаан малгай, пальто, цагаан өнгөтэй чишк зардаг байжээ.
1926 оны эмэгтэйчүүдийн зургийг та бүхэн харж байна. Монголд анхны эмэгтэйчүүдийн байгууллага 1924 онд байгуулагдаад, 1926 онд эмэгтэйчүүд бид Мартын 8-ныг тэмдэглэмээр байна гээд хүсэлт гаргаад анх удаа тэмдэглэсэн байна. Март хэмээх 8-ны өдөр бүх дэлхийн пролетари эмэгтэйчүүд эрх чөлөөгөө олохоор энд ирсэн байна гэсэн утгатай бичиг ард нь байна. Эрх чөлөө мандтугай, ардын хувьсгал мандтугай гэсэн бичиг бүхий туузыг бүгд дээлэн дээрээ зүүжээ. Одоогийн Ленин клубийн барилга 1929 онд баригдсан. 1926-1936 оны хооронд Улаанбаатар хотын төвийн хэсэгт 13-хан байшин баригдсан. Ихэнх нь хоёр давхар барилга байсан нь шүүмжлэлд өртөж байв. Тухайн үеийн монголчууд толгой дээр малгай байдаг, малгай дээр хөх тэнгэр байдаг гэсэн сэтгэлгээтэй байсан. Гэтэл хоёр давхар байшинд орохоор дээд давхарт нь хүн яваад байдаг.


“Яагаад миний толгой дээгүүр хүн яваад байгаа юм бэ, миний дээр хөх тэнгэр л байх ёстой” гэж зарим хүн бухимдаж байжээ. Өнөөдөр хоёр юм уу хорин давхар байшинд орохдоо “Яана аа, миний толгой дээр жорлон байгаа” гэж боддог хүн байхгүй гэж бодож байна.
Хөдөөний хүмүүс Ленин клубт ороод маш гайхдаг байсан. Улаанбаатарт байсан ганц хойшоо харсан хаалгатай барилга нь Ленин клуб байж. Монгол гэрийн хаалга зөвхөн урд зүг рүү харсан байдаг шүү дээ. XX зуун бол монголчуудын хувьд шокны зуун гэж болно. 1929 онд анх удаа Улаанбаатарт автобус явжээ. Морьтой давхиж байтал нэг л өдөр автобус явж эхэлсэн. Автобус Амгалангаас хотын төв хүртэл арван удаа зогсдог. Буудал болгон үнэтэй. Нэг буудал яваад л мөнгө төлдөг. Хамгийн дээд тал нь 50 мөнгө, доод тал нь таван мөнгө, цэргийнхэн хөнгөлөлттэй явдаг. Одоогийн Занабазарын музей автобусны төв зогсоол байсан. Тухайн үед автобус, машин ч гэдэг үг байгаагүй. Бүх автомашиныг уурын тэрэг гэж нэрлэдэг. Уурын тэрэгний хороо гэж байгуулсан. Тэр нь одоогийн Нийслэлийн нийтийн тээврийн газрын үүсэл болсон.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com