Манай сонины редакцад ахуйн мэрэгч, шавьж устгуулах талаар иргэдээс гомдол удаа дараа ирсэн. Тухайлбал Гэр хороолол, зуслангийн орчимд үүрлэсэн мэрэгчийг иргэн бид зах зээлд зарагдаж байгаа хороор гэрийн нөхцөлд устгаж дийлэхгүй болсон тул мэргэжлийн байгууллагын туслалцаа авч устгуулах ажлыг хийж гүйцэтгүүлэхээр судалж цөхөрлөө.
Учир нь:
Хууль, журамд ингэж заасан боловч тусгай зөвшөөрөл бүхий ААН, байгууллагын нэрсийг олох гэж Зооноз судлалын төв 70282853, Нийслэлийн МХГ-70128012, ЧД -77775007, ЧД 19 хороо 96011200 гэсэн байгууллагууд руу дамжин утас цохисоор хоёр өдрийг өнгөрөөлөө. Учир нь:
Утсаар холбогдсон байгууллагын мэдээллийн ажилтан бүр хортон мэрэгч устгалын тухай анх удаа сонсч байна, тусгай зөвшөөрөлтэй байгууллагуудын нэр бидэнд огт байхгүй, бидний хийх ажил биш мэдэхгүй дараагийн байгууллагаас асуу .... гэх мэтээр бие бие рүүгээ дамжуулж байгаа нь ихээхэн хүндрэлтэй байна.
Бид зөвхөн баталгаатай тусгай зөвшөөрөл авсан хуурамч биш байгууллагатай л холбогдох хүсэлт тавьсан.
Цаг үеийн нөхцөл байдлыг тооцож, нийгмийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор ард түмэн өөрсдөө мэрэгч, шавж устгалаа хийлгэе гэж байхад хариуцан шалгадаг Төрийн байгууллагуудын оролцоо хойрго байна.
Нэгэнт зохих хууль, журмын дагуу тусгай зөвшөөрөл олгосон юм бол шат шатандаа мэдээллээ дамжуулан тусгай зөвшөөрөл бүхий байгууллагуудын нэрсийг нийтэд ил тавьж , сонголт хийж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлмээр байна.
Төрийн байгууллагын уялдаа холбоо муугаас болж ард түмэн хуурамч бүтээгдэхүүн авч эдийн засгаараа хохирсоор байна. Мөн хэт чанаргүй хор дахин дахин хэрэглэснээр тухайн амьтан ч дасан зохицож үржин олширсоор байгааг анхаарах цаг болсон.
Хортон устгалын ажил жил бүрийн дөрөвдүгээр сарын 15, есдүгээр сарын 15-наас 10 хоног дотор хийгдэх ёстой гэсэн.
Гэтэл өнөөдөр устгаж дийлэхгүй байгаа огтоноо хэнд хандаж устгуулахаа мэдэхгүй хэчнээн айл нийслэлийг тойроод байгааг, дархлагдсан амьтан хэрхэн өсч байгааг мэдэх хүн байгаа болов уу. Магадгүй биднийг үлийн цагаан огтоно гээд сүржигнэж байх хооронд чинь нийслэлийн архив ч хулганад мэрүүлэх ойрхон байгааг дуулгая. Бид ниргэсэн хойно нь хашхирав гэгчээр суумааргүй байна гэсэн юм.
Бид энэ талаар Монголын халдваргүйтгэл ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбооны нарийн бичгийн дарга А.Баасанжаваас тодруулсан. Тэрээр Монгол Улсад зах зээлд шилжсэн цагаас эхлэн хортон мэрэгчинтэй тэмцэх холбоо гэж улсын байгууллага байсан. Харамсалтай нь татан буугдаж, хувьд шилжсэнээс хойш сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд энэ салбар нэгдсэн удирдлага системгүйгээр хувийн байгууллагууд хөл толгой нь олдохгүй үйл ажиллагаа явуулж ирсэн. Урьдчилан сэргийлэлт, халдваргүйжүүлэлт гэдэг бол халдварт өвчин гарсан ч гараагүй ч хийж байх ажил. Гэтэл эрүүл мэндийн салбарт үүнийг хариуцдаг мэргэжилтэн ч байхгүй болчихсон. Хоёрдугаарт, нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 54 байгууллага бүртгэлтэй байна. Эдгээр байгууллага дотроос дэлхийн стандартад нийцсэн ганц хоёрхон л байгууллага байна. Гуравдугаарт, мэрэгчийн хор гэдэг чинь ХААХҮЯ, ЭМЯ, БОЯ-ны хамтарсан тушаалаар Монгол Улсад зөвшөөрөгдсөн бодис хэрэглэдэг. Харин энэ ажлаа ард иргэддээ мэдүүлдэггүй шавж, мэрэгчнээс урьдчилан сэргийлэх ажил хоцрогдчихсон байгаа нь үнэн. Миний хувьд ХӨСҮТ-д 33 жил эмчээр ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Мэргэжилдээ сонирхолтой, улс эх орондоо зөв юм хийчих юм сан гэж боддог байсан. Ингээд хүүгийнхээ халдваргүйжүүлэлт, ариутгалын компаниудад туслаад явж байхад манайд энэ салбарыг нэгтгэсэн үйл ажиллагаа явуулдаггүй юм байна. Тиймээс ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд хамтраад Монголын ариутгал, халдваргүйжүүлэлт ахуйн шавж мэрэгчтэй тэмцэх холбоог 2018 онд байгуулаад 2019 онд анхдугаар зөвлөгөөнөө хийсэн. Гадаад улс орноос туршлага судалж хэд хэдэн орнуудаар яваад ирлээ. Манай улсын стандарт сайн боловч нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай юм олон байна. Халдваргүйжүүлэлт, ариутгал, устгал тал дээр дэлхийн стандарт гээч зүйл нь биднийг алс хол хаяад явчихсан байна. Гэтэл манай улсын иргэд шавж устгал гэхээр Нарантуул, Дэнжийн мянгаас 1500 төгрөгөөр худалдаад авчихдаг хороор төсөөлж байна. Гэтэл тэд бол чанар, стандартад нийцэхгүй төдийгүй хор биш хог юм. Монгол Улсын стандартад нийцсэн шавж устгалын хор бодисыг албан ёсоор оруулж ирдэг хэдхэн компани бий. Тэд оруулж ирсэн хор бодисоо иргэдэд зөв таниулах, худалдаалах, зөв тавих гэх мэт олон заавар зөвлөгөөг өгч өөрсдөө хяналт тавьдаг. Манай холбоонд бүртгэлтэй албан ёсны зөвшөөрөлтэй 36 компани байна. Эдгээр компаниудын талаарх мэдээллийг манай байгууллагатай холбогдоод авах бүрэн боломжтой. Мэрэгчийн хорны асуудал манай улсад утгаа алдсан. Гурван яамны тушаалаар бромадлинтэй хорыг хэрэглэхийг хориглосон. Тус хорыг найруулаад 14 хоногийн дотор тавихгүй бол хор нь агаарт дэгдээд чанаргүй болчихдог. Гэтэл ийм хорыг томоохон худалдааны захуудад зардаг. Үнэн хэрэгтээ энэ хор бодисыг тусгай зөвшөөрөлтэй газар, тусгай цэгт мэргэжлийн хүн худалдаалах ёстой. Энэхүү бромадлин гэх бодис хулганы цусыг хатаадаг. Хамгийн ихдээ хоёр ширхэг бромадлинтэй будаад идэхэд хулганы цус хатаад үхдэг. Энд тэнд үхчихсэн байхад муудаж өмхийрдөггүй. Түүгээр л онцлог.
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудаас олон улсын хурал зөвлөгөөн, сургалтад очиж хамрагдаад дэлхийн стандартад нийцсэн үйлчилгээг үзүүлдэг хэд хэдэн компаниуд бий. Тухайлбал эхлээд шавж, мэрэгч устгуулахаар хандсан газрынхаа тандалт судалгааг хийж, ямар хорыг ямар хэмжээтэй хаана хэд хоног тавихаа шийдээд, хэрэглэгчээ арга зүйгээр хангаж хорыг хэрхэн тавихыг зааж өгөөд, өөрсдөө тавиад сүүлдээ тавьсан хороо буцааж авдаг байгаа. Яагаад гэвэл өнөөх хорыг шувуу, өөр ямар нэгэн амьтан идэх юм бол хордож үхнэ. Тийм учраас олон улсын стандартын дагуу хэм хэмжээгээр нь тавих ёстой. Танай сонинд гомдол гаргасан хүнийг сайшаамаар байна. Учир нь энэ хүн ямар ч байсан химийн хорны хор нөлөөний талаар мэддэг учраас мэргэжлийн байгууллагад хандахыг зорьсон байна. Тухайлбал хулганы уураг тархи өндөр хөгжсөн байдаг. Хулганы сахал хор байгаа эсэхийг зайнаас мэдэрч нэг нь үхчихвэл тэр газраас дайжиж байдаг. Тийм учраас будаатай хорыг 5-8 ширхгийг тавьдаг. Гэтэл манайхан халбага халбагаар нь хутгаад тавьдаг. Ингэхээрээ энэ хор тавилт биш болж байгаа юм. Тэр бүү хэл газрын хөрс тухайн айлын дулаан, сэрүүн, удаан жавар хоргодсон бол өөр өөр байдлаар хорыг тавьдаг. Мөн жимс, нөгөө, хүнсний ногоо тариалдаг эсэхээс хүртэл хамаарна. Энэ мэт чилэн олон хүчин зүйлээс хамаарч мэрэгч, шавжны үржлийн үе нь өөр өөр байдаг. Одоо бол хулганы үржлийн үе.
Дараагийн хөндөх асуудал бол халдваргүйжүүлэлт, ахуйн хортон шавж устгал хийж байгаа газрууд бүгд эрүүл ахуйч, халдвар судлагч эмч байдаг. Тэд хор тавьсан газраа эргэн тандалт хийгээд долоо, 14 хоногийн дараа хэчнээн амьтан үхсэн байна гэдгийг тооцооллын аргаар бодож хэчнээн мэрэгч байснаас хэд нь үхээд, хэд нь дайжсан байна гэдгийг хэлж өгдөг. Дахин мэрэгч амьтан, шавж үүрлүүлэхгүйн тулд хилийн зурвас тавьж өгдөг. Энэ мэтчилэн мэргэжлийн байгууллагаас үйлчилгээ авч байж сая хортон шавж, мэрэгч амьтантай тэмцэх ажил үр дүнтэй болдог. Ямар нэгэн хор гэдэг бол химийн бодисоос гаргаж авдаг учраас аюулгүй байдлаа хангах нь маш чухал. Тухайлбал хүүхдүүд бромадлинтой хорноос хоёр ширхгийг идэхэд л цус нь хатах аюултай. Цаашлаад цусны хорт хавдар үүсэх, амь насанд нь аюул учирч болзошгүй учраас шавж устгалын хорыг хаа хамаагүй заруулдаггүй. Бид хүний эрүүл мэндэд аюулгүй, байгаль экологид сөрөг нөлөөгүй хамгийн гол нь тандалтаа хийж эргэх холбоотой ажиллаж байж үр дүнд хүрнэ.
Аливаа юманд үйлдвэрийн хадгалах хугацаа, хадгалах нөхцөлтэй байдаг. Хор ч ялгаагүй. Нарны гэрэлд байлгахыг зөвшөөрдөггүй шүү дээ. Гэтэл гадуур хэрхэн худалдаалж байгаа билээ. Тийм бүтээгдэхүүнээс чанар хүлээгээд хэрэггүй. Нэг удаа 5-8 грамм хор тавьдаг. Хоёр хорны хоорондох зай 80 сантиметр байдаг.
Мөн иргэд наалдуулдаг хорыг түлхүү хэрэглэдэг. Гадуур зарагддаг наалддаг хорыг албан ёсны зөвшөөрөлтэй компанийн хортой харьцуулаад үзэхэд ялгааг нь мэдэрнэ. Чанартай нь бол ярих юм байхгүй. Хамгийн гол нь манай улсын стандартад нийцсэн хорыг зарж борлуулж байгаа үйлдвэрүүдийн хорны чанар сайн байгаа нь зориулалтын хадгалалт, худалдан борлуулах газартай байгаа.
Бид эдгээр компаниудын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьдаг мэргэжлийн эмч нарыг ажиллуулдаг. Тухайлбал, Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас өдөр бүр албан байгууллага, айл өрх, гудамж талбайд халдваргүйжүүлэлт хийлгэж байгаа. Халдваргүйжүүлэлтийн ажлыг тусгай зөвшөөрөлтэй компаниудаар гүйцэтгүүлж байгаа учраас манай хөндлөнгийн багийн эмч нар нэг удаагийн тестээр ариутгалын бодисыг нь шалгаад хэдэн хувь процент байгааг гаргаад ирдэг. Ингэхээр нөгөө стандартад заасан хэм хэмжээг даган мөрдөж, чанартай үйлчилгээ үзүүлж байгаа эсэх нь тодорхой болдог гэв. Түүнчлэн зах зээлийн ширүүн өрсөлдөөн дунд үйлчилгээ авсан иргэд, албан байгууллагуудын хүсэлтийг дутуу хийх юм бол санал гомдол гарна. Тийм учраас сайн хийхээс өөр сонголт байхгүй. Дээрээс нэмээд хэлэхэд манай холбоонд бүртгэлтэй тусгай зөвшөөрөл бүхий компаниас үйлчилгээ аваад ямар нэгэн санал гомдол байх юм бол 99632993 утсаар надтай холбогдоод хэлж болно. Бид ямар ч байсан гомдлыг нь барагдуулж ажиллах болно.
Харин үнэ ханшны хувьд эхлээд урьдчилан сэргийлэх гэж байна уу эсвэл бүр үүрлэчихсэн байна уу гэдгийг тандалт хийж нөхцөл байдал ямар байгааг тодорхойлсны дараа үнэ ханшаа тохиролцох боломж бүрддэг. Гэхдээ дунджаар нэг метр квадрат талбайг шавж мэрэгч амьтнаас сэргийлэхийн тулд 220 төгрөгний үнэлгээтэй байдаг.
Хүн хаана амьдарч байна тэр газраа наад захын эрүүл ахуйн шаардлагаа биелүүлж байх ёстой. Ядаж хоол хүнсээ битүү саванд хийх, тогтмол цэвэрлэгээ хийж орчноо ариутгаж мэрэгч болон ямар нэгэн амьтныг үржүүлэхгүй байхын тулд цэвэрлэгээгээ тогтмол хийх нь чухал. Их цэвэрлэгээг албан байгууллага, айл өрхүүд тогтмол хийх ёстой. Гэтэл их цэвэрлэгээнд тогтмол анхаарал хандуулдаг айл өрх, албан байгууллагууд алга. Харин коронавирусийн тархалттай холбоотойгоор сүүлийн үед айл өрх, албан байгууллагууд цэвэрлэгээндээ тогтмол анхаардаг боллоо. Ер нь дэлхий нийт шавжаа дийлэхээ больсноо зарласан. Тэгэхээр хүн бүр амьдарч байгаа орчноо цэвэрлэж амьтан үржихээс сэргийлэх хэрэгтэй. Наад зах нь хогоо хуримтлуулаад байж болохгүй. Хогийн цэгт цугласан хог хаягдлыг тогмол ачиж цэвэрлэхээс л эхэлнэ шүү дээ. Аливаа юм дүрэм журмандаа байхад болно.
Хүнээс хүнд халдах, амьтнаас хүнд халдах бүх халдварт өвчин шавж мэрэгчээр дамждаг. Тухайлбал хулганаас халдварт шар өвчин, гепатит А, цусан суулга, салмилоз гэх гэт гэдэсний бүх төрлийн халдварт өвчин дамждаг. Угтаа хавар болохоор халдварт өвчний тоо нэмэгддэг. Энэ нь хөрсний бохирдолтой холбоотой. Нүдэнд харагдахгүй байгаа нян бактерууд хөрсний эхний 15 сантиметрт байдаг. Өвөл нь хөлдөөд, дулааны улиралд нар, чийг үзэж таатай орчин бүрдэхээр вирусууд олноороо үржиж хүнийг өвчлүүлэх боломж бүрддэг гэв.Тиймээс иргэд гараа тогтмол угаах вирус үржих нөхцөлөөс урьдчилан сэргийлж халдварт өвчин үүсэх нөхцөлөөс өөрийгөө хамгаалах хэрэгтэй. Түүнчлэн энэ төрлийн үйлчилгээг мэргэжлийн байгууллагаас авах нь өөрсдийгөө олон төрлийн эрсдэлээс хамгаалах нөхцөл болно гэсэн юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"