Н.БАДАМЖАВ
Буун дуу тасхийв. Саарал морь бусгахад согтуу эр арайхийн жолоо цулбууртайгаа ороолдон байж тогтов. Дахин тасхийхэд аль хэдийн өтгөн өвсөн дунд тэрий хадаад уначихсан байх нь тэр. Архи дарс нь гарч цоо эрүүл болжээ. Бие хаагаа тэмтэрч үзлээ. Зүв зүгээр. Хацрыг нь эсгэсэн шархнаас цус гоожих тэгсгээд тогтов.
-Ямартай ч жаахан хэвтье. Нохой чинь анаж байж юуны магад. Хөөрхий хөх төмөр хөндлөн тохож чадахгүй хэрнээ хүн рүү буудна аа. Аминдаа манийгаа айлгаж байгаа ухаан нь. Жамбаа ажаа нь үхэхээс бусдыг үзсэн толгой... хэмээн үл мэдэг инээмсэглэн хэвтлээ. Тэртээ дороос, -Жамбаа ах аа. Жамбаа ах аа .. гэсээр морио байдгаар нь гуядан яаран сандран өгсүүлэх нь найраас хамтдаа наашлаад их зурайн эхэнд зам салсан Банзар хүү байлаа.
Бүдүүн дархины ёроолоос нэгэн эр яаравчлан өндийж эргэн тойрноо нэгжин буудсан сумныхаа хонгиог олж өвөртөлж буугаа мөрөвчлөөд ум хумгүй мориндоо мордон өтгөн ширэнгийн хормой руу шургалаа. Үдшийн гэгээ тасарч хөвч хангай улам бүр хүчирхэг, хилэнтэйнхээ сүрийг үзүүлэх мэт аварга модод их салхинд хуурнин хаагчин, бүдүүн бүдүүн өгөршсөн мөчир хаа нэгтээ тас нясхийн хугарч газарт нэвсийтэл унана. Үл танигдах эр ойн гүн рүү нэлээн явж хад асганд буугаа хоёр хугачин нуугаад бяцхан горхины цүнхээл тийш хэргийн баримт хонгиогоо чулуудчихав. Тамхи нэрье ч хуруу гар нь эвлэхгүй. Хүзүүн дээр нь нэг нөхөр гарч суучхаад эргүүлж залаад ч байх шиг. Хажууханд гөвтнөх уулийн дуу тэс өөрөөр өөрийг нь дуудан басхүү хэн нэгэнд ховлоод ч байх шиг. Ер түүний мэддэг тайга хоромхон зуурт огт мэддэггүй нүүрээ буруулжээ.
...Гурван өдрийн дараа сумын төвөөс зарлага ирж Сугарыг Жаргалант багийн төв дээр бэлэн байхыг аймгаас ирсэн цагдаагийн төлөөлөгч үүрэгдсэнийг сонсгоход ёстой сүхдүүлсэн мэт гөлийж хоцров. -Уг нь айлгах гэж л буудсан юм сан. Жамбаа нохой хэвтээд байсан тэнэсэн сум тархинд нь хавчхав уу гэж бодно. Уг нь тэр эртнээс бэлджээ. Хаа байсан аймаг орж бууны гол төмөр, замаг энэ тэр худалдаж аваад бүтэн долоо хоногийн турш урлаж гэмээн гар хийцийн дажгүй тусгалтай буутай болсон хэрэг. Бууны эд ангийг хэд хэдэн явуулын голдуу хүнээс авсан болохоор тэр гэж шинжилж танихын эцэсгүй. Ямартай ч шоронд суух нь лавтай. Алаагүй юм аа гэхэд алах зорилгоор нэг биш хоёронтоо буудсан. Буруутгах шалтгаан мундахгүй олон. Багийн төвд эрхбиш хотоос том цагдаа дарга бараа бологсодынхоо хамтаар ирсэн тул том таван ханат барьж идээ будаа болцгоон бяцхан найр үүсгэж байгаа бололтой хүн амьтан бужигнаад сүйд. Тэртэй тэргүй шоронд орох нь тодорхой. Харин буудан алуулчихгүйхэн шиг хэдэн жил авчихвал чиг гэж горьдлого тээсэн Сугар багийн төвийн уяан дээр ирэхэд юу юугүй бариад авах хуяг цагдаа ч байсангүй. Том гэр лүү хоол унд зөөсөн, гэрийн гадаа элдвийг бурж суугаа хэдэн хөгшид, аль ноднин хэдэн үхрээ алдсан Шаарий өвгөн, тэр хулгайд нь сэжиглэгдээд жил тойрч буй Хөх толгойн ногоон Жамсран, наана нь харин тойруулгын үзүүрт нохой Жамбаа, Банзар хөвүүнтэй сууж байхыг хараад золтой л найгаад уначихсангүй. Одоо л хэрэг шийдэгдэх юм байлгүй дээ гэж хулгасаар дөхвөл гэрийн хаалга онгойн Жамбааг Банзарын хамт дуудан оруулав. Хөгшчүүлийн хаяа зах бараадан мэнд усаа мэдэлцэн хөөрөг тамхи солилцож хол ойрын явдал сонсч суух нь, -Илрээгүй хэргийн араас явж эцэслэж байгаа улс гэнэ Манайхаас тийм хэрэг гараагүй гэнэ. Гагцхүү Шаарий өвгөн ногоон Жамсранг үхрээ хулгайлсан гэж гэдийгээд хүмүүс чилээгээд байгаа гэнэ. -Тэрчиг тийм биш дээ. Олны уухайгаар манийгаа барьж сэмхэн гулгуулах гэж байгаа хэрэг. Нохой Жамбаа намайг буудсан гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байгаа. Банзар ч тэр зун, намаржин манайхыг нүүгээгүй мод бэлтгэсэн гэдгийг эрхбиш гадарлана. Тэгэхэээр гэрчтэй гэсэн үг. Гарцгүй ээ. Гарцгүй. Баавгайн дах, ганц хурганы мах шуузлаад гарсан нь онож... гэсэн шүү юм бодмоглоод сууж байтал Жамбаа, Банзар хоёр цувралдан гарч ирлээ. Угаас балга тагшхан юманд нь л согтчихдог болохоор гэрээс тагш архи олж хүртээд нэлээд больжээ. Араас нь сумын дарга гарч ирэн, -Тэр цармын зурайд чи буудуулсан хэрэг үү энэ Банзар худлаа яриад байсан хэрэг үү гэхэд согтуу Жамбаа, -Буудуулсан бол үхнэ биз дээ. Бүүр хоёрын хоёр буудуулчхаад эрүүл саруул архиа уугаад явж байгаа хүнийг чи яах гээв... гэж гуйвж дайвсаар хүмүүсийн дундуур зүтгэлснээ Сугарыг харж, - Өө манай Сугар хүү. Ойрд манайхаар үзэгдэхгүй яагаав. Хөвчид гарсан эр хүн хээрээ мартдаг хойно. Тэгж байгаад ахынхаараа ороорой. Хоосонгүй шүү гээд цааш далбийхад Сугарын сэтгэл нэгмөсөн онгойх шиг болсон хэрнээ бөөн хар чулуу тээр доорх мухарт нь шидэлчих шиг болжээ. Хэсэгтээ алмайтаж орхисон түүний мөрнөөс нэг хүн татсан нь сумын дарга. -Сургуулийн барилгад дүнз дутаад байна. Бас түлээ түлшний цаг ч эхэллээ. Эндээс бригад аваад яв. Сумын төв дээр байгаа. Ингэхэд чи ойлгож байна уу, үгүй юү?
-Намайг энд дуудсан.. гэж Сугарын арайхийн хэлэхэд сумын дарга толгой сэгсрэн шогширч, -Шинэ зарлагаар зар түгээлгэсэн. Хөгшин настай, саалийн авгай хүүхнүүд, ажилтай, ажилгүй бүхнийг цуглуулчхаж. Чи яв яв гэхэд Сугар уяанаасаа алдуурсан юм шиг л, -Үгүй ээ үгүй. Би ижийнд хоночхоод маргааш модныхноо аваад гарна аа гээд уяа руу өөрийн мэдэлгүй хар гүйхээрээ хүрлээ.
Тээр жил цэргээс ирэхдээ Сугар чухам л зассан шагай шиг эр болоод иржээ. Залуу хархүү зуны гурван сар гэрийнхээ барааг харсангүй. Хавь ойрын охид бүсгүйчүүдийг голж шилэн, архи дарс хөөж сүүлдээ бүүр хүнд гар хүрч сүйд болсон сураг муу эхийг нь шар махтай нь хатаана. Намар оройхон бууж мордохдоо, -Өө би тэр архи дарсыг амсахаа больсон. Харин хоёулаа удахгүй баяжина аа гэсээр эмгэний хүүдээ хурааж хумьсан хатуу эдлэлийг хамаад гарчээ. Мал хуй руугаа ч оров. Ганц тугалтай үнээ, арваад хонь, хоёр тэмээтэй урин дулаантай золгожээ. Сугарын архины
ажил эхлэв Хөндий уруудаж хөвсөлзүүлээд, хоолой өгсч хүнгэнүүлээд хэсэг явав. Наашаа гэх хүн ганц гарын алганд багтахаа больсон үед Жамбаа таарч гэр орондоо байлгаж хооллож ундлаад архиных нь шарыг тайлангаа нэг зүйл ярьсан нь Сугарыг Жамбаад өстэй болгосон хэрэг.
Барон Унгерн улааныхандаа нам цохигдоод энэ хөвчийг нөмөрлөөд хойшоо гарахыг хичээж. Даанч хүрсэнгүй. Ойн гүнд газар ухаад авч явсан далан тэмээ алтаа булсан гэнэ. Багтаагүй нэлээд олон тэмээ алтаа хавийн модны хонгил, үүр ноохой бүхнээр чихсэн гэнэ лээ. Жамбаа ч хүртдэгээ хүртсэн. Үлдэгдэл нь энэ... гэж дунд хоёр хуруу өргөн цул алтан гулдмай гаргаж үзүүлэв. Жамбаа түүнийгээ өгч,-3а чи үүгээр зардал мөнгө хийгээд ууланд гар. Ажиг сэжиггүйгээр нь сумын дарга дээр ороод ууланд мод хийе л гэнэ биз гэж захижээ. Жамбаа алтан гулдмайг зарж үрье ч гэж бодсонгүй. Олон ч жил өнгөрч. Олон ч мод унагааж, хавь ойрыг нэгжээд гулдмай бүү хэл алтны үртэс ч олсонгүй. Голдоо ортлоо хууртагдсандаа гоморхож эцэстээ өшөө хорсол болов.
...Аз уу, эз үү. Жамбаа өвгөнийг сумын төв рүү эмнэлэгт хүргэх ажилд Сугар дайчлагдав. Сургуулийн хэдэн нусгай хүүхдээ эргэх, хоол хошны хольц авах гээд л эхнэрийн захиас дүүрэн, бас өвгөнөөс асуух зүйлд хошоод бий. Давааны бэлд морио хөллөгөөнөөс нь салгаж нурууг нь амраая юу, өвгөнийг галын илчинд бүлээцэж аяга цай оочиж бие нь тавираг гэж бодсондоо Сугар нигүүрсийн бут шавалдсан арай нөмөр газар олж аваад тухаллаа. Өвгөн хэрэндээ жиндэж явсан бололтой цай цүй уугаад л бие нь тавирч ганц нэг юм хэлэх гэж өмөлзөнө. Цагтаа цалгиж явсан энэ аварга эр өөдсийн чинээхэн болчих хачин гэж хэмээн Сугар бодно. Ая данг нь тааруулж байгаад, -Та тээр жил намайг буудсаныг мэдээгүй байж яагаад хэлээгүй юм бэ гэхэд өвгөн нэг муу мишилзэн, -Онохгүйг чинь мэднэ ээ. Би ч тийм юм хүртэх хувьтай. Чи гэхдээ алтнаас илүүг энэ хар тайгаас олсон шүү дээ гэхэд Сугар, -Нээрээ л тийм дээ гэж пар пархийтэл инээв. -Чамайг архи, мөрийтэй тоглоомд алдчих гээд байсан юм. Тэгээд л хуурсан хэрэг гэж өгүүлээд хөвчийн цэнгэг агаарыг цээж дүүрэн залгилаад нүдээ анилаа. Хөндий уруудах үест хөвсгөр цас зөөлхөн орж эхлэв. Сумын бараа харагдах үест Сугар, -За даа хоёулаа хүрээд ирлээ дээ... гээд эргэн харвал өвгөний нүүр цасанд хайлмагтсан ч үгүй. Өвгөнийг зохих ёсоор нь хэвтүүллээ. Тэр инээмсэглэжээ. Сайн мэдэхгүй ч ганц нэг мэддэг мэгзмээ уншин хүглийн бараантах уулсын хормой дахь сумын төвийг чиглэв. Сэтгэлийн мухарт аль хэдийн дарагдсан хар чулууг өвгөний тэр ёжтой инээмсэглэл нэгмөсөн хайлуулжээ.
Буцах замдаа Сугар ижийнхээрээ буулаа. Төвөөс авчирсан чихэр жимс, даавуу даалимбаа эхдээ өгч хэрэндээ хот айл хөл хөөрцөг болов. Маргааш өглөө явах үед ижий нь дөрөөг нь мялаангаа, -Миний хүү аавыгаа ямартай ч эмнэлэг бараадуулжээ. Энүүхэн давааны ард нутаглуулаарай даа гэж хэлчхээд гэрийн зүг майжигналаа. Хоёр дахь асуултын хариултыг ижий нь өгөх учиртай байжээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"