Нэр дэвшигчдийг сонгож тодруулахад намын дарга нарын жендерийн мэдрэмж тодрох цаг айсуй. Хууль тогтоох байгууллагад олон эмэгтэй төлөөлөгч байх тусмаа хүлээн зөвшөөрөгдөх байдал нь дээшилдгийг судалгаагаар тогтоосон байдаг. Эмэгтэйчүүдийг хангалттай тоогоор нэр дэвшүүлэхгүй байгаа нь сонгогчдын эмэгтэйчүүдэд саналаа өгөх сонголтыг хязгаарлаж байна гэсэн өөр өнцөг ч бий. “Парламентад эмэгтэйчүүдийг хангалттай хувь хэмжээгээр оруулсан засаг төр ардчилсан байдаг” гэдэгт эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн аль аль нь итгэдэг болохыг мөнөөх олон улсын судалгаа өгүүлнэ.
Харин манай улсын хувьд энэ сонгуулиар эмэгтэй нэр дэвшигчид маань 20 хувийн квотдоо багтааж, нэр дэвших эрхээ олж авахаар өрсөлдөж буй. Тухайн улс оронд эмэгтэйчүүд сонгуульт албан тушаалд хэр зэрэг төлөөлөлтэй байх вэ гэдэгт нийтийн болон хувийн салбар дахь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн эрх тэгш байдал, улс төрийн болон сонгуулийн тогтолцоо, улс төрийн намын дотоод шийдвэр гаргах нөхцөл, ил тод байдлын түвшин зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Эдгээр хүчин зүйлийн дунд улс төрийн намын гүйцэтгэх үүрэг онцгой агаад тэднийг эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог “тээн хэрэгжүүлэгч” гэж үзэх нь бий. Зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад улс орнуудад ч төрийн эрх барих дээд байгууллагад эмэгтэйчүүдийг олноор нь дэвшүүлэх асуудал амжилтад хараахан хүрээгүй л байна. 1996 онд Финляндын парламентын спикер, түүний нэг, хоёрдугаар орлогчийн албан тушаалыг эмэгтэйчүүд хашиж байсан нь түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болсон гэж тооцогдож байв. 2003 онд Финляндын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албан тушаалд эмэгтэй хүн ажиллах болсон нь мөн л онцгой тохиолдол. 2010 онд Роза Отунбаева Ерөнхийлөгч болсноор Киргизстан Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн улс орнууд дунд эмэгтэй төрийн тэргүүнтэй хамгийн анхны улс болов. Харин Монголд одоогоор эмэгтэй Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, хотын дарга мөрөөдөл хэвээр. Парламентад нь эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд бараг тэнцүү суудалтай Андорра, Финлянд, Швед зэрэг цөөн хэдэн улс орны хууль тогтоох байгууллагад л жендерийн зөрүү арилаад байна. Харин Монголд 20 хувийн квотоор гарч ирсэн цөөхөн хэдэн эмэгтэйчүүдээ нам харгалзахгүй дэмжих хэрэгтэй байна. Эмэгтэйчүүдийг улс төрийн хувьд бүрэн эрх мэдэлжүүлэх цаг аль хэдийнэ болжээ. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр таван монгол эмэгтэй тутмын нэг нь дээд боловсролтой. Нийт эмэгтэйчүүдийн 54 хувь нь сонгуульдаа идэвхтэй оролцдог гэж байгаа. Сонгуульд идэвхтэй оролцдог эмэгтэйчүүд маань эмэгтэй нэр дэвшигчээ дэмжих цаг иржээ. Нийгмийн тал хувийг эмэгтэйчүүд бүрдүүлдэг. Тэгвэл энэ харьцаа амьдралын бүхий л хүрээнд, тэр тусмаа улс төрийн салбарт ч хадгалагдах учиртай билээ.
Эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй харьцуулахад урт насалдаг тул сонгогчдын олонх болж байдаг. Мөн эмэгтэйчүүд сонгуульд илүү идэвхтэй оролцож, саналаа өгдөг. “Амжилттай нам, нэр дэвшигчдэд” ялалт авчрах саналыг эмэгтэйчүүд өгч чадна гэдгийг НҮБХХ, Ардчиллын үндэсний хүрээлэнгийн хамтарсан судалгааны тайланд дурджээ. Дэлхийн олон улс оронд улс төрийн намууд үүнийг хүлээн зөвшөөрч, намдаа эмэгтэй сонгогчдыг татах нэг арга нь олон эмэгтэйг нэр дэвшүүлэх явдал гэж үзэж байна. Эрэгтэйчүүдтэй харьцуулахад эмэгтэйчүүд хууль тогтоох үйл ажиллагаанд илүү үр дүнтэй оролцдог нь амьдрал дээр ч харагддаг . Тэд илүү олон хуралдаанд оролцож, илүү олон хуулийн төсөл санаачилж, сонгогчидтойгоо илүү олон удаа уулздаг. Энэ нь тухайн намд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэхэд тустай.
Скандинавын улсууд нь парламент дахь эмэгтэйчүүдийн төлөөллөөрөө дэлхийн бусад улс орнуудыг тэргүүлсээр байна. Эмэгтэйчүүд улс төрийн тавцанд хүчтэй гарч ирсэн үе нь 1970-аад он бөгөөд энэ үед эдгээр орнуудад улс төрийн намуудын дүрмэнд ч эмэгтэйчүүдийн хувь хэмжээг зааж оруулаагүй байсан юм. Эмэгтэйчүүдийн байгууллага, иргэний нийгмийн шахалт нь Скандинавын орнуудын улс төрийн намуудад хүчтэй нөлөөлжээ. Зүүн болон Төвийн үзэл баримтлалтай улс төрийн намууд сайн дураараа намын дүрэмдээ квот оруулж ирснээр бусад улс төрийн намууд ч дагалдсан гэнэ. 1993 онд Шведэд улс төрийн намын хоёр нэр дэвшигч бүрийн нэг нь эмэгтэй байна гэсэн зарчим дэвшүүлсэн байдаг.
2016-2020 онд УИХ-ын гишүүнээр 13 эмэгтэй сонгогдон ажилласан нь Монгол Улс парламентын тогтолцоонд шилжсэнээс хойших хамгийн өндөр тоо байлаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх “МАН УИХ-д өндөр боловсролтой, нэр цэвэр ЖДҮ-д холбогдоогүй, ёс зүйтэй чадварлаг хүмүүсээ дэвшүүлнэ” гэж зарласан. Энэ шалгуурт эмэгтэйчүүд л тэнцэнэ дээ. УИХ-аас гадна байгаа эмэгтэйчүүд дундаас Монгол Улс саарал жагсаалтад орсон зэмийг үүрч, ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгсөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга асан С.Даваасүрэн, Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа нарын нэр дурдагдаж байна. А.Ариунзаяа нь Ерөнхий сайд асан П.Жасрайн зээ охин агаад өвөөгийнхөө хашиж байсан энэ албанд нэр төртэй ажиллаж буй. С.Даваасүрэнгийн хувьд өндөр боловсролтой, тууштай, ажил хэрэгч байдлаараа олонд танигдсан нэгэн. Ажлаа өгөхдөө хэлсэн үгнээс нь “Нам нь квот өгөхгүй бол бие дааж дэвшиж, гарч ирнэ” гэж “уншигдсан”. Өдгөөгийн УИХ дахь эмэгтэй гишүүдийг өнгөлж буй содон шигтгээ нь Ардчилсан намаас нэр дэвшиж, жендерийн мэдрэмжтэй завханчуудыг төлөөлөн, УИХ-д сонгогдсон З.Нарантуяа гишүүн. Тэрбээр сөрөг хүчний эмэгтэйчүүдийн төлөөлөл төдийгүй, эдийн засгийн асуудлаар ямар байр суурьтай байгааг нь олон нийт мэдэхийг хүсдэг тулхтай гишүүдийн нэг. Эмэгтэй удирдагч дүүрэг тэргүүлж байгаагийн сайн талыг Засаг дарга С.Одонтуяагаас харж болно. Баянголчууд хамгийн түрүүнд Ахмадын эмнэлэгтэй болсныг нийслэлчүүд мэднэ дээ. Эмэгтэй хотын даргатай бол хотын өнгө төрх сайжирч, ахмадаа асарч, ядуусаа энэрч, хүүхэд, боловсролдоо анхаарах боломж нэмэгдэхийг С.Одонтуяа харуулж чадлаа. Хүний эрхийг хамгаалагч Р.Булгамаагийн нэр нэр дэвшигчдийн жагсаалтад сонсогдож байгаа нь сайн хэрэг.
АН-ын эмэгтэй манлайлагчид Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь нар “Жорлонгоо өөрчилье” гээд завгүй яваа. Тэд УИХ-ын сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн. Тулхтай, төр түшилцэх чадвартай МАХН-ын эмэгтэйчүүдийн нэг нь Эрүүл мэндийн сайд асан Н.Удвал. Эдийн засгийн боловсрол мэдлэгтэй эмэгтэй гишүүдийн тоог ХҮН-ын Б.Мөнхсоёл нэмэх боломжтой. Олон эмэгтэйг энэ мэтээр нэрлэж болох нь. Нам харгалзахгүйгээр эмэгтэйчүүдээ дэмжиж, Монголын ардчилалд хувь нэмрээ оруулцгаая. “Эмэгтэйчүүдээ дэмжье” хөдөлгөөнийг цахимаар өрнүүлсэн ч яах вэ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"