Өнгөрсөн баасан гарагт Малайзын Петалинг Жаяа хотод Монгол Улсын иргэн хоёр эмэгтэй цагдаагийн албан хаагчид хүчиндүүлсэн хэрэг гарсан билээ.Тодруулбал, Монгол Улсын иргэн хоёр бүсгүйг “Grab” аппликейшн ашиглан хөлсөлсөн автомашинтайгаа явж байхад нь Петалинг-Жаяа хяналтын цэг дээр цагдаа зогсоосон байна. Тухайн постын цагдаагийн офицер бүсгүйчүүдийг хүчинтэй аяллын бичиг баримтгүй гэх шалтгаанаар баривчилж, ойролцоох буудалд аваачин хүчирхийлсэн хэрэг гараад байгаа юм. Энэ хэргийн дараа хохирогч бүсгүйчүүд нутаг нэгтнүүд рүүгээ холбогдон тусламж гуйн мессеж бичсэн аж. Улмаар тэдгээр бүсгүйчүүдэд туслахаар тус улсад амьдардаг гурван эмэгтэй Малайзын цагдаад хэргийн талаар анх мэдэгдэж, гомдол гаргажээ. Ингэснээр 20 ба 33 настай хоёр эмэгтэйг зочид буудалд 24 цагийн турш хорьж, хүчиндсэн 30 настай цагдаагийн ажилтныг Малайзын цагдаагийн газар бямба гаргийн орой баривчлан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Гэвч анх тус хэргийн талаар мэдээлсэн гурван бүсгүйг дөрөвдүгээр сарын 11-ний өдөр гэрээс нь баривчилсан байна. Үүний зэрэгцээ баривчилгааны дараа хохирогч бүсгүйчүүдийн хувийн мэдээлэл цахим ертөнцөд таржээ. Урьдчилсан мөрдлөгөөр хохирогч эмэгтэйчүүд визний зөрчилтэй, ёс бус үйл ажиллагаа явуулж байсныг тогтоосон байна. Тиймээс Монгол Улсын иргэн гурван эмэгтэйг хүний наймааны хохирогч хэмээн үзэж, 21 хоногийн хугацаагаар саатуулжээ. Малайзын “Malaysiakini” сайтад мэдээлснээр эдгээр гурван эмэгтэй нь хүчингийн хэргийн хохирогч болсон хоёр бүсгүйтэй фэйсбүүкийн нэг чат группт байсан гэх мэдээллийг өгөөд байгаа юм. Тэгвэл Малайз улс дахь Монгол Улсын өргөмжит консул Рейнольдс Аугустин хохирогч эмэгтэйчүүдэд туслуулахаар Thomas Philip Advocates & Solicitors хуулийн фирмийг хөлсөлсөн тухай тус фирмийн төлөөлөгч мэдээлсэн.
Хуулийн фирм хохирогч болсон хоёр эмэгтэйгээс гадна гэмт хэргийг цагдаад анх мэдэгдсэн өөр гурван монгол эмэгтэйд хууль эрх зүйн тусламж үзүүлэхээр болсон байна. Зөвхөн хууль эрх зүйн туслалцаа үзүүлэхээс гадна олон улсын нислэг нээгдмэгц таван эмэгтэйг нутаг буцахад нь туслахаар болжээ.“Монгол Улсын консулын нэрийн өмнөөс түргэн шуурхай, ил тод байдлаар асуудлыг шалгаж байгаа Малайзын цагдаад талархал илэрхийлж байна. Мөн хохирогчдын хувийн мэдээлэлд хүндэтгэлтэй хандаж, тэдний гэрэл зургийг онлайн орчинд тараахгүй байхыг олон нийтээс уриалж байна” гэж фирмийн үүсгэн байгуулагч Мэтью Томас Филип мэдэгджээ. Монгол Улсын Консулын газраас зуучилсан өмгөөлөгч Малайзын Петалинг-Жаяа хотын шүүхэд дээрх гурван эмэгтэйг төлөөлөн хүчингийн хэрэгтэй холбогдуулан хамгаалалтад авах хүсэлт гаргажээ. Гэтэл Малайзын цагдаагийн газраас тэдгээр эмэгтэйчүүдийг хүний наймааны хохирогч байж магадгүй гэх шалтгаанаар тусгай хамгаалалтад авснаа Монгол Улсын Консулын газарт мэдэгдсэн байна. Тэгэхээр манай улсын охид бүсгүйчүүд Малайз улсад саатуулагдаад байгаа нь тодорхой боллоо. Коронавирусийн тархалттай холбоотойгоор хол хорио тогтоогоод байгаа эдгээр өдрүүдэд тус хэрэгт анхаарал хандуулахгүй бол манай улсын иргэд хүний газар дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу хэнд хаана хандахаа мэдэхгүй суух эрсдэл өндөр байна. Хэдийгээр манай улсын өргөмжит консул хуулийн фирмээс өмгөөлөгч авсан хэмээн мэдэгдэж байгаа ч энэ хэрэгт анхаарал хандуулалгүй тэдэнд найдаад үлдэнэ гэдэг байж болохгүй асуудал. Учир нь бид өмнөх алдаанаасаа суралцах зүйл олон бий. Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хохироосон хэрэг өнөө хүртэл шийдвэрлэгдээгүй 14 жилийн нүүр үзэж байгаа билээ. Тиймээс хилийн дээс алхаад эрх нь зөрчигдсөн байж болзошгүй иргэддээ төр анхаарах цаг нэгэнт болсон баймаар. Тус хэрэгтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас ямар арга хэмжээ авч байгаа талаар тодруулахад “Одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариулт өгсөн юм. Туурга тусгаар Монгол Улсын иргэд хилийн чанадад ямар нөхцөл байдалтай байгаа талаар нээлттэй ил тодоор мэдээлж тэдэн сарын тэдэнд тийм хүнтэй иргэдийнхээ асуудлаар ярилцахад ийм хариулт өглөө гэдэг мэдээллээ өгөхөд буруудах зүйлгүй л баймаар. Магадгүй коронавирусийн тархалттай холбоотой хөл хорио тогтоосноор далимдуулж иргэдийнхээ асуудалд хойрго хандаж байна уу гэсэн хардлага төрүүлж байгааг нуух юун. Дэлхий даяар хөл хориотой байгаа ч цахим ертөнцөөр дамжуулж цаг алдалгүй мэдээлэл солилцох бололцоо дүүрэн байхад малаа хүртэл тоолж бүртгэлжүүлэн чихэнд нь ээмэг, чип зүүж гарал үүсэл угсаа гарлыг нь тодорхой болгоод амжсан монголчууд бид дэлхий дахинд цацсан шагай шиг тархсан цөөхөн хэдэн монголчуудынхаа асуудалд ийм хойрго хандаж боломгүй л санагдах юм. Малаас дор хүн гэж баймааргүй л юмсан даа.
Цаашлаад энэ хэрэг хүний эрхийн халдашгүй байдалтай ч холбоотой. Манай улсын ХЭҮК-ийн дарга асан Ж.Бямбадорж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөөд хэдхэн хонож байгаа ч гадаадад байгаа монголчуудынхаа эрхийн асуудлыг тус байгууллага орхигдуулаагүй гэдэгт найдах л үлдээ. Хэдийгээр ХЭҮК гомдол гаргасан иргэдийн асуудлыг ил тод зарладаггүй журмын дагуу тус хэрэгт холбогдсон эмэгтэйчүүдийн ар гэр нь зохих хууль ёсны байгууллагуудад хандсан гэж найдах л үлдлээ. Угтаа Малайз улсад хорих ялаар шийтгэгдэж байсан эмэгтэйн хэлж буйгаар тус улсын хууль дүрмийн дагуу шоронд хоригдож байгаа эмэгтэйчүүдийг хорихдоо цементэн шалан дээр өвдгөөр нь суулгаад корон судрын эшлэл, Малайзын төрийн дууллыг малайз хэл өдөржин цээжлүүлж, цээжлээгүй бол идэх хоолноос нь хасдаг талаар хэлж байгаа юм. Энэ мэт хүний эрхийн зөрчил одоо ч тэнд гарсаар байж болзошгүй юм. Тиймээс Монгол Улсын Засгийн газар, УИХ-ын эрхэм гишүүд, ХЭҮК, Гадаад харилцааны яам Малайз улсад хохирсон, хоригдсон иргэдийнхээ асуудалд анхаарал хандуулж төр иргэнээ мартаагүй гэдгийг сануулах цаг ирээд байна. Бидэнд нэг хэргийг 14 жил замхруулсан арвин түүх, туршлага бий шүү дээ.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"