Ковид-19 халдвар гарсантай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисс бүх шатны сургууль цэцэрлэгийн хичээлийг тодорхой хугацаанд хааж, 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд цалинтай чөлөө олгоод байгаа юм. Гэвч иргэн бүр онцгой хариуцлагатай байх энэ цаг үед ахуйн хүрээнд архидан согтуурах явдал нэмэгдэж, түүнийг дагаад гэр бүлийн хүчирхийллийн дуудлагын тоо нэмэгдсэн байна.
ЦЕГ-ын мэдээллээр ахуйн хүрээний архидалтаас
Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг энэ онд өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30-40 хувиар өсч, 2020 оны эхний гурван сард 27 хувиар буурсан ч, зөрчил 3131 бүртгэгдэн 61,6 хувиар, гэр бүлийн хүчирхийллийн зөрчлөөр баривчлагдсан этгээдийн тоо 2194 болж, 98.7 хувиар тус тус өссөн байна. Мөн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын харьяа Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирж байгаа гэр бүлийн харилцааны зөрчлийн талаар зөвлөгөө авахыг хүссэн дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 108,8 хувь өсч, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрны ачаалал 115 хувиар нэмэгдсэн талаар тоо баримтаас харахад гэр бүлийн хүчирхийллийн эсрэг бид дуу хоолойгоо нэгтгэж, хөндөх сэдэв болсныг харуулж байгаа юм. Тиймээс "Ардчилал Таймс" сонины редакц энэ долоон хоногийн онцлон хөндөх сэдвээр гэр бүлийн хүчирхийллийг тойрсон асуудлыг цувралаар хүргэж байна. Ингээд долоо хоногийн эхний өдөр ЦЕГ-тай хамтран шөнийн сурвалжилга бэлтгэснээ хүргэж байна.
Гомдол харууслын цусан нулимс
Бид Чингэлтэй дүүргийн 10-19 дугаар хороонд хамаардаг хоёрдугаар хэлтсийн жижүүрийн ахлагч мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Л.Сундуйжаваар ахлуулсан багтай хамтарч ажилласан юм. Шөнийн 23:00 цагийн үед хажуу айлын эмэгтэйг нөхөр нь зодсон гэсэн дуудлага ирэхэд ахлах дэслэгч Ө.Батсайханаар ахлуулсан баг тус дуудлагын дагуу зорьсон газраа ирлээ. Хашааны үүдэнд очиход хэдэн залуус энэ гэрт байгаа хэмээн замчлав. Биднийг ороход гэрийн хоймор өмд, цамц нь цусандаа будагдсан 30 орчим насны бүсгүй яаралтай түргэн тусламжийн эмчээр толгойн хэсэгтээ оёдол тавиулж харагдана. Тэрээр 20:00 цаг өнгөрч байхад манай нөхөр хашааны гадаа найзтайгаа машин дотор архи ууж байсан. Нэгэнт уучихсан юм чинь хэрүүл маргаан өдүүлээд яах вэ гээд хоолоо хийчхээд унтахаар хэвтэж байтал нөхөр орж ирээд л хардаад элдэв юм яриад байсан. Бид энэ хойд талын нийтийн байранд өрөө түрээслэн амьдардаг. Манай хажуу талд өрөө түрээслэдэг эмэгтэй бид хоёр ижил нэртэй юм билээ. Саяхан хэн нэгэн гадаа ирээд бидний нэрээр дуудаад байсан. Бодвол хажуу айлын эмэгтэйг дуудсан юм шиг байгаа юм. Гэтэл нөхөр чамайг дуудаж байсан гээд хардаад сая орж ирээд хэрүүл маргаан үүсгээд төмөр орны толгойгоор миний толгой руу цохичихсон гэлээ. Нөхөр нь байгаа эсэхийг асуухад гараад явчихсан. Бодвол хамт уусан найзындаа очсон байх гэв. Яг духан дээр нь 10 орчим см газар хурц ирмэгтэй зүйлээр цохисноос үүдэн гүн язарчээ. Оёж байхад цус тасралтгүй шүүрч заримдаа хацрыг нь даган урсана. Түргэний эмч оёдол тавих зуураа маргаашнаас оёдолтой хэсгээ ариутгаж, бинтээ сольж тавих шаардлагатайг анхааруулж байв. Хэрэв бохир ороод үрэвсэх юм бол эдгэхдээ том хэмжээний сорви үүсдэг учраас эмэгтэй хүн гоо сайхнаа бодсон ч тэр цэвэрлэгээ, арчилгаандаа анхаараарай гэж зөвлөв. Бүсгүйн гомдлын нулимс хацраа даган урсахад духан дээр нь үүссэн гүн шархнаас цус зэрэгцэн урсав. Нулимс цус холилдон эрүүний хэсэгт хүрэхэд хэдийнэ цусанд будагдсан цамцныхаа ханцуйгаар хэдэнтээ шувтраад оёдлын сүүлийн утсаа хатгахад шүд зуун, гараа атган тэвчээр заан суух энэ бүсгүйн дотор юу болж байгааг тааж үл чадна. Гомдол, цөхрөл, харуусал тээсэн энэ бүсгүйд өөртөө санаа зовохоос илүүтэй олон асуудал байх. Нөгөөдрөөс ажилдаа явж болох болов уу хэмээн горьдлого тээн эмчээс асуухад “Биеийн байдлаа эхлээд ажиглана. Толгой хэсэгт хүчтэй цохисон учраас одоо мэдэгдэхгүй ч маргааш, нөгөөдрөөс хүндрэл гарч болзошгүй. Тэгэхээр заавал гэмтлийн эмнэлэг дээр очиж томографикийн зураг авхуулж нарийн шинжилгээ өгөх ёстой. Та өрхийн эмнэлэгтээ үзүүлээд долоо хоногийн акт авах боломжтой шүү дээ. Нэгэнт гэмтсэн нь үнэн учраас байгууллагынхаа хүний нөөцөд бичгээ хүргэж өгөхөд чөлөө олгох байх. Гэхдээ хүсэхгүй байвал заавал нөхөртөө зодуулсан гэж хэлээд яах вэ дээ. Аяндаа хуулийн байгууллагууд шалгаад зохих хариуцлагыг нь хүлээлгэх юм чинь” хэмээн нөхөрсгөөр зөвлөхөд бүсгүйн нүднээс ахиад л нулимс урсана. Тийм дээ, нөхөртөө зодуулсан гээд үнэнээ хэлэхээр “Яана аа тийм үү. Яах гэж тийм юмтай хамт амьдардаг юм” хэмээн түүнийг буруутгахаас эхлээд энэ яриа ажлын газраар нэг тарж ард урдуур нь шивэр авир хийх муухай монгол зан хаа газар л байгаа шүү дээ.
Өнөөдөр төмөр орны толгойгоор нүдүүлчхээд нүдэндээ нулимстай сэтгэлдээ шархтай суугаа энэ бүсгүйд цагтаа хайрын үгээр булуулж, хамт л амьдарвал болчих юм шиг хорвоо дэлхий жижигхэн ч юм шиг хөөрч хөөрцөглөсөн үе бишгүй л олон байсан байлгүй дээ. Хүний сонголтыг буруутгах эрх хэнд ч байхгүй. Анхнаасаа хүчирхийллийн золиос болно гэдгээ мэддэг байсан бол хэн түүнийг сонгох билээ. Бие сэтгэлээрээ хүчирхийлэлд өртчихөөд байхад дээрээс нь ард урдуур нь жиг жуг гэлцэх ажлын газрынхны сэтгэл зүйн хүчирхийллийг тэсэхэд бэрх шүү дээ. Цагдаагийн байгууллагын ажилтан бүсгүйг хэлтэс рүүгээ хамт явахыг хүслээ. Учир нь энэхүү дуудлага нь анхны үзлэгээр гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн хохирогч болох нь тогтоогдож байгаа болохоор хэсэг дээрээ аваачиж мэдүүлэг авах аж. Цусанд будагдсан хувцсаа солихоор ундуй сундуй болсон гэр лүүгээ хохирогч эмэгтэй орлоо. Энэ үед тус эмэгтэйд анхны түргэн тусламжийн үйлчилгээ үзүүлсэн Яаралтай тусламжийн төвийн дуудлагын их эмч Д.Дүнгэрмаагаас зарим зүйл тодруулахад дуудлага өгснөөс хойш найман минутын дотор тухайн газар ирж, хохирогч эмэгтэйд тусламж үзүүлсэн гэлээ. Эмэгтэйн духан хэсэгт язарсан шархтай, зөөлөн эдийн гэмтэл байгаа бөгөөд ясандаа хараахан ороогүй гэв. Нэг ёсондоо хөдөлмөрийн чадвар алдагдуулаагүй хөнгөн чанарын гэмтэл гэж оношилжээ. Цаашид нарийн шинжилгээ өгөх хэрэгтэй гэнэ. Хэдийгээр анхны үзлэгээр ясны гэмтэл байхгүй ч тархины эд гэмтсэн байж болзошгүй гэсэн юм.
Хохирогч бүсгүй “Заавал томографикийн зураг авхуулах шаардлагатай” гэж эмчийг дахин дахин сануулахад итгэл муутайхан “За” хэмээн дуугарсан. Магадгүй түүнд маргааш очоод томографикийн зураг авхуулах хэмжээний мөнгө байхгүй ч байж болох. Учир нь зах зээлийн ханш нь хамгийн багадаа 120-150 мянган төгрөгийн үнэтэй томографикийн зураг авхуулахад эрүүл мэндийн даатгалаараа үнэгүй үзүүлэх боломж байхгүйд учирын гол нь байгаа юм.
Эрүүлжүүлэх байранд эмийг нь сайн уулгаарай
Гэр бүлийн хүчирхийллийг ямар төмөр зүрхтэй хүмүүс үйлдэж, хайртай дотнын хүмүүсээ харгис хэрцгийгээр хохироодог талаар бодож байтал дараагийн дуудлага тус дүүргийн 15 дугаар хорооноос ирж цагдаагийн ахлах дэслэгч А.Сэр-Од, дэд ахлагч Э.Цэрэнбат гэсэн бүрэлдэхүүнтэй хөдөлсөн юм. Хэлсэн хаягийг шууд тэнд гээд нарийн мэдэхгүй ч ерөнхийд нь тэр хэсэгт гэдгийг хорооны цагдаа нар андахгүй аж. Уулын оройгоор харанхуй гудамжаар явж байхад машины гэрэлд яг л биднийг хүлээж зогсоо гурван хүүхдийн дүрс харагдсан нь дуудлага өгсөн айлын замчид байлаа. Юу болсон талаар асуухад, “Аав архи уучхаад агсам тавиад унтуулдаггүй ээ” хэмээн өсвөр насны хүү хариулав. Түүний хажууд ээж, эгч хоёр нь чимээгүй биднийг гэрийн зүг дагуулав. Гэрийн дотор хав харанхуй. Цагдаагийн ажилтныг орохоор зүглэтэл өнөөх хүү “болгоомжтой байгаарай. Гэнэт дайрах вий” хэмээн анхааруулав.
Гэрэл асаахад 50 орчим насны эрэгтэй гэрийн хоймор унтсан дүр эсгэн хэвтэнэ. Цагдаагийн ажилтан түүн дээр очиж “За ах юу болоод байна гэж асуухад түүний өөдөөс дайрах гэснээ орчин тойрноо эргүүлэн хараад олуулаа байсан болохоор зөөлөрсөн үү яав өнөөх ширүүн төрх нь арай аядуу болов. “Яах вэ энэ муу нэг нууц утастай байхгүй юу. Би түүнийг нь мэддэг байхгүй юу” хэмээн хэллээ. Энэ үгнээс харахад агсам тавих шалтгаан өнөөх гайтай хардалтаас үүдэлтэй нь тодорхой болов. Уйлуулж ирээд уйлуулж буцдаг хорвоод өдий нас насалчхаад аяга халуун цайгаа хувааж уугаад “Чи минь ядарсан уу” гээд халуун дулаан үгээр биенээ халамжилж суухын оронд өсвөр насны хүү, охиноо бүлтэлзүүлж, харанхуй хүйтэн шөнө хөөж гаргачхаад сууж байх. Гэрийн эзэгтэй, намайг харвал улам галзуурчихна. Та хоёр аавынхаа хүрмийг өмсүүлчих. Хармаанд нь зүрхний эмийг нь хийхээ мартав аа хэмээн ард хоцорсон юм. Энэ хооронд ”танай цагдаагийн нэг хурандаатай манай эхнэр уулздаг, учирдаг. Би очоод алалцаад л явчихна” гээд өнөөх эр цамнав. Миний гутал хаана байна гэхэд хүү нь дөхүүлж өгөхөд “ална аа та нарыг” хэмээн зангаж харагдана. Түүнийг хувцаслаж дуусахад охин нь “Малгайгаа авах юм уу” хэмээн асуухад “Зайл” хэмээн хашхираад охиноо хальт түлхээд авав.
Түүнийг цагдаагийн ажилтан машин руугаа авч явахад дэслэгч Ө.Батсайхан түүний гэр бүлийнхнээс мэдүүлэг авч “Удаа дараа агсам тавьдаг уу, таны биед бэртэл гэмтэл учруулсан уу, эд хогшлоо эвдэж гэмтээсэн үү, архи согтууруулах ундаа тогтмол хэрэглэдэг үү гэхэд гэрийн эзэгтэй “Үгүй. Үгүй. Анх удаагаа л цагдаагийн байгууллагад хандаж байна. Манай хүн зүрхний хагалгаанд орсноосоо хойш сүүлийн үед ингээд муухай ааш гаргаад байх болсон. Арга ядаад л цагдаа дуудлаа” гэв. Цагдаагийн ажилтан “Худлаа яриад байх юм. Өмнө нь та бас манай байгууллагад хандаж байсан шүү дээ. Тэгээд гомдолгүй гээд нөхрөө авч байсан. Би танайд өмнө нь ирж байсан шүү дээ. Яах гэж нөхрөө өмөөрөөд байдаг юм гэхэд хэсэг чимээгүй болсноо. Үгүй яах вэ дээ бие муутай хүнийг яах билээ гэв. Тус айл 17 настай хүү, 20 настай охинтой. Эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй. Хороонд нийтийн хэв журмыг хангах сайн дурын цагдаагаар ажилладаг гэнэ. Нөхөр нь барилгын гагнуурчин. Эхнэр нь хороонд ажилладаг болохоор олон хүнтэй харилцаж утсаар ярьдгаас нөхөр харддаг гэнэ. Мөн эхнэрийнх нь дүү нь бага насны охинтойгоо хамт амьдардаг аж. Зургаа юм уу долоон насны охин юу болоод байгааг үл ойлгон хэсэг чимээгүй сууж байснаа сая тайвшрав бололтой ширээн дороос жижиг ундааны савны ёроолд үлдсэн жаахан ундааг ууж орхиод аавынхаа хөлд шигдэн суув. Гэр дотор өрнөсөн маргаанаас үүдэн аав охин хоёр мөн л харанхуй шөнө гадаа байсан бололтой. Та бүхэн хамгаалах байранд очих шаардлагагүй юу гэхэд, юу гэж тийшээ явах вэ дээ. Эрүүл болохоороо уг нь гайгүй хэмээн гэрийн эзэгтэй хариулав. Ямартай ч маргааш хорооны цагдаа дуудсан цагт очиж мэдүүлэг өгөн нөхрөө гаргаж авахаар болов. “Яана аа одоо маргааш хорооныхон бүгд мэдчих байх даа” хэмээн эмэгтэй санаа зовсон аятай хэлэхэд “Юунд тэгэх вэ дээ, эгч. Алийн болгон нууж, хааж гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байх вэ дээ. Хүний амьдрал болсон хойно юунд нь санаа зовох вэ” хэмээн түүнийг тайвшруулаад ийм байдал удаа дараа гарвал гэр бүлийн хүчирхийллийн зөрчил үүсгэн нөхрийг нь шалгана гэдгийг ч хэлсэн. Биднийг машин хүртэл гаргаж өгөхдөө “За миний дүү эмчид сайн хэлээрэй. Эмийг нь уулгахгүй бол болохгүй шүү” хэмээн нөхөртөө санаа зовсоор үлдсэн юм. Ингэж хэлж байгаа хүн ямар сайндаа л цагдаагийн байгууллагад хандсан байх вэ дээ. Арга ядаад л тусламж дуудсан биз ээ. Гэсэн ч цагдаад өгөөд явуулж байгаадаа гэмшсэн аятай саяхан үгийн муухайгаар хэлж, үйлийн муухайгаар дуудаж байсан нөхрийнхөө араншинг мартаад өвдчих вий хэмээн санаа алдан үлдэх ханийн сэтгэлийг яалтай. Маргааш нар манддагаараа мандана. Амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Харин тэр өглөөг хаана, хэнтэй угтах нь ухамсарт хүмүүн танаас л шалтгаална.
Шөнийн 02 цаг 45 минутын байдлаар тус цагдаагийн хэлтэст 17:00 цагаас хойш 63 дуудлага мэдээлэл иржээ. Эдгээр дуудлагын ихэнх нь ахуйн хүрээний архидалтаас үүдсэн дуудлага гэдгийг хэлж байна. Дэлхий даяар дэгдсэн цар тахал хэмээн хүлээн зөвшөөрсөн коронавирусийн үеийн хөл хориотойгоор ийнхүү иргэд гэр бүлийн хүрээнд архидан согтуурах явдал ихэссэнийг ч хэлж байна. Үнэндээ муугаар бодоход манайхан гал алдсан бол цөөхөн хэдэн монголчууд бид ширээний ард хундага сөгнөөд суух биш шилтэй жаазны цаана зураг болон үлдэх байсан ч юм бил үү хэн мэдлээ дээ. Хүн хүнээрээ дутдаг хорвоод хайраар биенээ дутаахгүй л амьдрахсан даа.
Эцэст нь Нийслэлийн цагдаагийн хурандаа Л.Амармөрөн “Он гарсаар буюу нэгдүгээр сарын 01-нээс дөрөвдүгээр сарын нэгэн хүртэл буюу эхний улирлын байдлаар 94775 дуудлага мэдээлэл ирсэн. Эдгээр дуудлага мэдээллийн 11055 нь гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл байна. Гэр бүлийн дуудлага мэдээллийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5744 дуудлагаар буюу 34.7 хувиар буурсан байна. Мөн дөрөвдүгээр сарын 01-нээс 17-ны өдөр хүртэл гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээлэл 1471 ирсэн нь өмнөх оны мөн үеэс мянган дуудлагаар буюу 40.1 хувиар буурсан байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 1876 хүнийг шүүхээр шийдвэрлэн баривчлуулсан. Энэ тоо нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад гурав дахин нэмэгдсэн буюу хүчирхийлэл үйлдсэн хүний тоо гурав дахин өссөн. Дуудлага мэдээллийн тоо нь буурсан хэрнээ хүчирхийлэл үйлдсэн иргэдийн тоо өссөн нь шүүхийн шийдвэртэй холбоотой. Учир нь өнгөрсөн онд 480 хүнийг шүүхээр шийтгэж байсан бол энэ онд 1876 болсон нь цагдаагийн байгууллагаас цаг алдалгүй хурдан шуурхай хуулийн хүрээнд шүүх, прокурорын байгууллагад саналаа хүргүүлэн шийдвэрлэсэн нь харагдаж байна. Шийдвэрлэлт нэмэгдсэнээр хүчирхийллийн дуудлага мэдээллийн тоо буурсан. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч этгээдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгээд явахаар өнөөх гэр бүлийн хүчирхийлэлд өртөгч айл гэр амар тайван амьдрах боломжтой болж байна. Хамгийн гол нь байнга архи уудаг, агсам согтуу тавьдаг гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг айлд хяналт тавьж ийм хүнийг олж хариуцлага тооцох нь чухал” гэлээ. Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэнийг анх удаагаа үйлдсэн гэх байдлаар хаацайлж, хамгаалан үлдэх боломж байхгүй гэсэн юм.
Гудамж талбайд үйлддэг дээрэм тонуул, танхайн хэргээсээ илүүтэй өнөөдөр гэр бүлийн хүрээн дэх хүчирхийлэл, танхайн гэмт хэрэг өсч нийгмийг түгшээж, хууль хяналтын байгууллагад хүндрэл учруулан, эхчүүд, хүүхдийн нулимс барж байгаа нь ганцхан шөнийн энэ сурвалжилгаас харагдлаа.
Өмнөх цуврал сурвалжлагуудаас уншихыг хүсвэл:
/цуврал №3/ http://atime.mn/view/article/?page=show&id=3961
/цуврал №3/ http://atime.mn/view/article/?page=show&id=3964
эх сурвалж:" Ардчилал таймс сонин"