Хөрөнгийн зах зээлийн шинжээч, “Novel Fund” компанийн захирал Д.Ангартай коронавирус дэлхийн болоод манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар болон төр засгаас авч хэрэгжүүлж байгаа ажлуудын үр дүнгийн талаар ярилцлаа.
-Дэлхий нийтээрээ цар тахал хэмээн хүлээн зөвшөөрсөн коронавирус дэлхийн болон манай улсын эдийн засагт ямар нөлөө үзүүлж байна вэ?
-Коронавирус эдийн засагт асар их хор хөнөөл учруулж байна. Дэлхий даяар тус вирус дэгдсэнээс хойш гурван сарын хугацаа өнгөрлөө. Гэтэл түүний дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа сөрөг нөлөө нь 1930 оны дараах хамгийн том хямрал гэж олон улсын эдийн засагчид үзсэн. Цаашид ямар хугацаанд үргэлжлээд юу болох талаар хэн ч тооцоолж чадахгүй байна. Магадгүй цаашид 1930 оны их хямралыг давсан хямрал ч болж болзошгүй.
Улс орнууд үүнд хариулт өгч чадахгүй байгаа учраас маш их сандралдаж, эдийн засаг руугаа чиглэсэн томоохон арга хэмжээг авч байна. Тэр дундаа энэ хугацаанд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдээ дампууруулаад хаалгыг нь бариулчихгүй, иргэдээ ажилгүй болгоод ядуурлын эгнээг тэлчихгүйн тулд ихээхэн хүчин чармайлт гаргах болсон. Гэвч коронавирусийн хямрал аж ахуйн нэгжүүдийг олон тоогоор дампууруулж, иргэдийг ажилгүй болгож байна. Их гүрэн АНУ хүртэл энэ хямралыг дийлэхээ больсон. Сүүлийн нэг сарын хугацаанд тус улсад ажилгүй болсон иргэдийн тоо хэдийнэ 20 сая давчихлаа. Хэн ч ийм зүйл болно гэж тооцоолоогүй учраас төсөөлөөгүй үр дүнгүүд гарч байна. Манай улсын хувьд маш эмзэг, хэврэг эдийн засагтай. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэл хөгжөөгүй, зээлийн хүү өндөр, дэлхийд гарсан бизнес байхгүй зэргээс харахад манай улсын эдийн засаг дэлхийн бусад улстай харьцуулахад дэндүү хэврэг. Тэгэхээр коронавирусийн нөлөө бусад улс орнуудаас илүү манай улсад сөрөг үр дагавар авчирна. Харамсалтай нь “Тэнэгийн дотор уужуу” гэдэг шиг манай улсын төр засгийн зүгээс улсынхаа эдийн засаг руу чиглэсэн дорвитой арга хэмжээ аваагүй л байна. Хэдийгээр би тэддүгээр сард тийм юм болно гэж зөнч шиг тааж чадахгүй ч ямар ч байсан удахгүй асар их хор хөнөөл учрах нь тодорхой боллоо. Үүнд манай улсын эдийн засаг нэрвэгдэх эрсдэл байсаар байтал өнөөгийн төр засаг ойшоохгүй, анхаарахгүй байна.
-Засгийн газраас коронавирусийн үед иргэд болон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг болгох үүднээс хэд хэдэн арга хэмжээ аваад эхэлсэн шүү дээ. Та Засгийн газрын шийдвэрүүдийг иргэн аж ахуйн нэгжүүдэд бодит дэмжлэг үзүүлсэн гэж бодохгүй байна уу?
-Уучлаарай. Ямар ч дэмжлэг болохгүй. Арга хэмжээнүүд ч авч эхлээгүй байна. Долоон арга хэмжээ авсан гэж яриад байгаа. Эдгээр арга хэмжээнүүд аж ахуйн нэгж, иргэдийн амьдралд ямар ч дэмжлэг, тус дэм болохгүй. Өнөөдөр ч болохгүй, ирээдүйд ч болохгүй. Тухайлбал, тодорхой жишээн дээр ярья л даа. Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварыг тэглэлээ гэсэн. Үнэндээ коронавирусийн үед орлого олж, цэвэр ашигтай ажиллах аж ахуйн нэгж байхгүй. Юун цэвэр ашиг, яаж ажилчдынхаа цалинг тавих вэ, яаж гэрэл цахилгаан, дулааны мөнгөө төлөх вэ гэсэн сонголттой тулж байгаа аж ахуйн нэгжүүдийг та нарын цэвэр ашгийн орлогыг тэглэлээ гэдэг нь иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ өмнө тулгамдаад байгаа асуудлыг төр, засгийн удирдлагууд ойлгохгүй л байна гэсэн үг. Мөн нийгмийн даатгалын татварыг чөлөөлнө гэдэг нь аж ахуйн нэгжүүдэд мөн л бодит дэмжлэг болохгүй. Асуудлыг шилний цаанаас харах бус дотор нь орж мэдэрмээр байна л даа. Нийгмийн даатгалын шимтгэл бүү хэл цалингийнх нь 40-60 хувийг хэрхэн өгөх вэ гэсэн сонголттой тулж байхад үндсэн цалингаас төлөгддөг НДШ-ийг цуцлах нь бодит дэмжлэг болохгүй. Дараагийн ээлжинд малчдын ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэсэн. Энэ мөн л биелэх боломжгүй. Учир нь Засгийн газраас гаргаж байгаа хөнгөлттэй зээл нь Монгол Улсын хэмжээнд бэлтгэгдэж байгаа 10 мянган тонн ноолуурын үнийг 100 мянга байлгах боломжгүй. Магадгүй зүүн гурван аймгаас гарах ноолуурыг дээрх ханшаар авах боломжтой.Тэгэхээр нийт малчдад хүртээлгүй асуудал болох нь. Шуудхан хэлэхэд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа долоон арга хэмжээ аж ахуйн нэгж иргэддээ ямар ч тус болохгүй.Тиймээс манай улсын Засгийн газар коронавирусийн эсрэг авах арга хэмжээгээ дахин шинэчлэн боловсруулах ёстой.
-Таны хэлсэнчлэн албан тасалгааныхаа цонхоор ард иргэд, аж ахуйн нэгжүүдийнхээ асуудлыг харж байгаа Засгийн газрынхан коронавирусийн үед авч хэрэгжүүлэх бодлогоо шинэчиллээ гэхэд юуг анхаарах ёстой юм бэ?
-Ингэхдээ иргэн аж ахуйн нэгжүүдийг оролцуулж бодит байдал ямар байгааг асууж, юун дээр асуудал үүсээд буйг нарийн тодорхойлж байж бодлого нь зөв болно. Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан байна гэдэг дээ. Яг үүн шиг манай улсын эрх баригчид аж ахуйн нэгжүүдэд ямар асуудал тулгамдаад, иргэдийн амьдралд юу өрнөөд байгааг мэдэхгүй байна. Тийм учраас гарч байгаа бодлого шийдвэр нь бодит амьдралын хөрсөнд бууж аж ахуйн нэгж, иргэдэд хүрэхгүй байна. Үүний нэг нотолгоо нь “Бизнес эрхлэгчдийн холбоо” цахим ертөнцөд бий болж 5000 гаруй гишүүнчлэлтэй болсон. Тус нэгдэлд манай улсын 600 орчим компани нэгдсэн. Тэнд байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдээс Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа ажил бизнест нь, амьдралд нь бодит дэмжлэг болсон уу гэсэн асуумж авахад энэ Засгийн газраас авч байгаа арга хэмжээ ямар ч тус дэм болоо ч үгүй, болох ч үгүй юм байна. Амьдралд нийцэхгүй байна гээд өөрсдөө хэд хэдэн санаачилга дэвшүүлчихсэн байна лээ. Тиймээс Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийг шинэчлэх хэрэгтэй гэдгийг би дангаараа хэлээд байгаа ч юм биш. Маш олон жижиг дунд аж ахуйн нэгжүүд хэлж байна. МХАҮТ-аас явуулсан судалгаагаар өнөөдөр бизнес эрхлэгчдэд тулгамдаж байгаа хамгийн том асуудал юу байна вэ гэдгийг асуусан байгаа юм. Энэ асуултад судалгаанд оролцогчдын 70 хувь нь зээлийн хүү гэж хариулсан бол хоёрдугаарт, түрээсийн төлбөр гэж хариулсан байна. Гэтэл Засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлууд дотор зээлийн хүүг бууруулах, түрээсийн төлбөрийг багасгах талаар юу ч байхгүй. Хэрэглээний зээлийг 12 сараар хойшлуулах гэж юм яриад байгаа. Энэ аж ахуйн нэгжүүдэд ямар ч тус дэм болохгүй. Зээлийг хойшлуулна гэдэг нь эргээд авах ёстой мөнгөө авна л гэсэн үг. Энэ бол зовлонг нь нимгэлэх бус хуримтлуулаад нэг газар тавьчхаж байгаа хэрэг.
-Дэлхийн бусад улс орны Засгийн газрууд ямар арга хэмжээ авч байна вэ. Ялангуяа манай улсад зээлийн хүү өндөр байдаг. Миний сонссоноор зарим улс орон бизнесийн зээлийн хүүг 50 хувиар бууруулж байгаа гэсэн?
-Үүн дээр ганц жишээ хэлэхэд БНСУ-ын жижиг дунд аж ахуйн нэгжүүд жилийн 3-4 хувийн хүүтэй зээл авч байна. Гэтэл тус улсын Засгийн газраас өнөөдөр манай жижиг дунд аж ахуйн нэгжүүд дөрвөн хувийн хүүг төлж дийлэхгүй гэж үзээд банкны системтэйгээ ярилцаад зээлийн хүүг нь жилийн 1.5 хувь болголоо. Харин манайд томоохон бизнес эрхлэгчид банкнаас зээл авахад жилийн хүү нь 20-30 хувьтай байна. Жижиг, дунд аж ахуйн нэгжүүд банкнаас зээл авч чаддаггүй. Учир нь зээлийн түүх, барьцаа хөрөнгө байхгүй, орлого нь нотлогдохгүй гээд. Тэгэхээр энэ хүмүүс хаанаас зээл авдаг вэ гэхээр Банк бус санхүүгийн байгууллагаас зээл авдаг. ББСБ-уудын зээлийн хүү сард хамгийн багадаа 3.5 хувь байна. Тэгэхээр жилийн 42 хувь, зарим ББСБ-ууд, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг газруудын сарын зээлийн хүү таван хувь, жилийнх нь 60 хувь байна. Тиймээс банк, банк бусын хүүг бууруулахын тулд манай улсын Засгийн газар өнөөдрийг хүртэл нэг ч алхам хийгээгүй. Бодлогын хүүг 11-9 болгосон дүр эсгэлээ. Энэ ямар ч бодит дэмжлэг үзүүлэхгүй. Хэвийн үед иргэд, бизнес эрхлэгчид жилийн 50-60 хувийн хүүгээ төлж байсан байж болно. Харин хямралын үед тэдний цэнэг дуусч яагаад ч тийм өндөр зээлийн хүүг төлж дийлэхгүй. Гэтэл төр 60 хувийн өндөр зээл авсан та нар өөрсдөө учраа ол гээд байж болохгүй. Коронавирусийн үеийн хямрал сүүлийн 100 жил тохиогоогүй их хямралыг бий болгож байхад манай Засгийн газар жил бүр тохиож байдаг зүйл мэтээр ойшоохгүй байна.
-Таны тооцооллоор зээлийн хүүг хэд болгон бууруулах боломжтой гэж үзэж байна вэ. Зээлийн хүүг тогтоохдоо дэлхийн улс орнууд юун дээр тулгуурлан тогтоодог юм бол?
-Зээлийн хүүг гэж ярихаасаа өмнө зээл гэж юу вэ гэдгээ ярих нь зүйтэй болов уу. Зээл гэдэг бол тухайн зээлдэгч, бизнес эрхлэгч өөрийн бизнесээ өргөжүүлэхийн тулд авч ашиглаж байгаа санхүүгийн бүтээгдэхүүн. Тэгэхээр энэ бүтээгдэхүүний үнэ өртөг буюу зээлийн хүү нь тухайн зээлийг авч ашиглаж байгаа бизнес эрхлэгч зээлсэн мөнгөө эргэлдүүлээд буцааж төлж чадах хэмжээнд байх ёстой. Гэтэл өнөөгийн Монголын санхүүгийн зах зээл дээрх зээлийн хүү, зээлийн үндсэн шинж чанарыг агуулахаа больчихсон. Өөрөөр хэлбэл зээл авсан иргэн, аж ахуйн нэгжээ дэмждэг биш хүүлж дампууруулдаг болчихсон. Зээлийн хүүг Монголын төр сүүлийн 30 жил маш буруу томьёолж ирсэн. Энэ бол инфляц, хадгаламжийн хүүтэй холбоотой гээд зөвхөн мөнгө хүүлдэг хүмүүсийн талаас тооцож ирсэн. Өөрөөр хэлбэл мөнгө зээлдүүлж байгаа талдаа хэт ашигтай болгоод зээл авч байгаа иргэдээ тооцоололгүй асар их алдагдалтай болгосон. Ийм учраас бүхий л үйлдвэрлэл үйлчилгээ дампуураад алга болчихлоо.
-Тэгэхээр коронавирусийн энэ хямралын үе бидэнд банк санхүүгийн байгууллагадаа реформ хийх цаг болсныг сануулж байх шиг. Үүнийг боломжтой гэж үзэж байна уу, та ?
-Боломжтой биш ёстой гэж үзэж байна. Өнөөгийнх шиг бурангуй тогтолцоотой Монгол Улсын санхүүгийн систем нь удаан оршин тогтнож чадахгүй, аж ахуйн нэгжүүд нь ч удаан тэсч чадахгүй. Тиймээс энэ бол манай улсын Үндэсний аюулгүй байдлын асуудал. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчид байхгүй болчихвол хэдэн мөнгө хүүлэгчидтэй манай улс хаашаа явах юм. Банк, санхүүгийн байгууллагын реформын асуудал манай улс оршихуй, эс оршихуйн тухай зүйл болоод байна. Тиймээс реформ хийх цаг нь болчихсон. Коронавирус бидэнд үүссэн асуудлыг ил болгож өглөө. Хуучин асуудалтай хэрнээ түүнийгээ ойшоохгүй урд хормойгоороо хойд хормойгоо нөхөөд явж байсан. Харин коронавирус бидэнд та нар ийм суурь асуудал, гажуудалтай шүү гэдгийг ил болгоод өглөө. Тэгэхээр банкны салбарт шинэчлэл хийхээс өөр аргагүй. Банкны зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулахаас өөр аргагүй. Үйлдвэрлэлийн зээлийн жилийн хүү нь дэлхийн жишигт нэг оронтой тоонд л байдаг. Тэр дундаа 8-9 хувь бас ч гэж бага хүү биш. Ер нь урт хугацаатай хэрнээ жилийн хүү нь таван хувь дотор байж томоохон үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлдэг. Тухайлбал өнөөдөр БНХАУ-ын компани нөөцийн мах бэлдсэн талаарх мэдээлэл цахим ертөнцөд гарсан. Үүний шалтгаан нь зээлийн хүүгээс болоод Монгол Улсад Монгол компани оршин тогтнох боломжгүй болсноос үүдэлтэй. БНХАУ-ын компаниуд улсаасаа бага хүүтэй зээл аваад түүгэээрээ манай улсад үйлдвэрлэл эрхлээд, оршин тогтноод байна. Гэтэл жилийн гурван хувийн хүүтэй зээлтэй хятад компанитай 30 хувийн зээлийн хүүтэй Монгол компани өрсөлдөж байгаад асуудлын гол нь бий. Энэ зөвхөн мах бэлтгэл дээр ч биш бүхий л салбарт үүссэн нөхцөл байдал. Энэ мэт Монголын компаниуд дампуурахад оронд нь гадаадын компаниуд л орж ирнэ шүү дээ. Тэгэхээр зээлийн хүүг бууруулах асуудлыг хойшлуулшгүй асуудал. Манайд жижиг дунд үйлдвэрлэл хөгжихгүй байсаар байвал татвар төлөх иргэдгүй болно, ажлын байргүй болж, баялаг бүтээдэг хүнгүй болно. Эцэст нь муугаар бодоход бусад улсын эрхшээлд орно. Тиймээс Монгол Улсын Үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын гол баталгаа нь эдийн засаг юм. Эдийн засгийн цаад суурь нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хувиараа бизнес эрхлэгчид юм гэдгийг л монголын төр ойлгох цаг нь болсон.
-Одоо тэгээд энэ буруу тогтолцоог өөрчлөхийн тулд Монголын төр хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бол?
-Зээлийн хүү өндөр байгаагийн нэг шалтгаан нь өндөр зээлийн хүнээс санхүүждэг, ашиг олдог хүмүүс нь төрд шургалаад орчихсонтой холбоотой. Энэ хүмүүс дандаа өөрт ашигтай, ард түмэнд халтай бодлогыг хэрэгжүүлж ирсэн. Зээлийн хүүг бууруулах, бусад өрсөлдөөнүүдийг хааж боймлодог.Энэ байдлыг л засах ёстой. Тэгэхээр магадгүй хамгийн түрүүнд мөнгө хүүлэгчдийг төрд шургалдаг байдлыг таслан зогсоох ёстой. Тиймээс эхний ээлжинд иргэд, сонгогчид мөнгө хүүлэгчдийг төрд гарах боломжийг бүү олгооч ээ. Банканд хувь эзэмшдэг, ББСБ-тай, ломбард ажиллуулдаг хүмүүсийг төрд битгий сонгооч ээ гэж уриалмаар байгаа юм. Ингэж гэмээнэ төрөөс ангижирчихвал төрийн бодлого цэвэршиж, санхүүгийн зах зээл цэвэршиж, бодлого нь ил тод болоод хүүлэгчдэд ээлтэй биш иргэд аж ахуйн нэгжүүдэд ээлтэй болох болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол хүүлэгчид мөнгөтэй учраас төрд шургалачхаад байна. Зарим мэдээллийн хэрэгслүүдээр ч явж байсан Монголбанк, Төрийн банк, НИТХ, Засгийн газар, УИХ гэх мэт бүх түвшинд мөнгө хүүлэгчид шургалж орчхоод бүлэглэл үүсгээд зээлийн хүүг өндөр байлгах, хүүг буулгах бүх боломжийг хууль эрх зүйн орчноор нь боймлож байна. Тэд хууль эрх зүйн орчноор нь хаачихаар иргэд, аж ахуйн нэгжүүд амь тавин орилоод ч нэмэргүй байна. Иргэд энэ удаа нэр дэвшигчдээс ББСБ-тай эсэх, ломбард ажиллуулдаг эсэх, өндөр зээлийн хүүгээс санхүүждэг эсэхийг нь асууж байгаад саналаа өгөөрэй гэж хэлмээр байна. Одоо бол мөнгө хүүлэгчид Монголын төрийг аалзны тор шиг хэрчихсэн. Өнөөдрийн түвшинд зээлийн хүүг бууруулах ямар ч боломж байхгүй.
-Судалгаагаар манай улсын гурван иргэний нэг нь ядуу байгаа гэсэн дүн бий. Дээрээс нь коронавирусийн тархалттай холбоотой дэлхий даяар эдийн засаг хямарч байгаа энэ үед манай улсын иргэдийн 45 хувь нь ядууралд хүрнэ гэж байна. Ядууралд өртөхгүй байх боломж бидэнд байхгүй юу?
-Байхгүй байхгүй. Ийм өндөр зээлийн хүүтэй. Аж ахуйн нэгжүүдээ дэмжээд үйлдвэрлэлээ нэмж чадахгүй тохиолдолд горьдлого тээх хэрэггүй болов уу.Та бод л доо үйлчилгээний байгууллагууд буюу караоке, ресторанууд нэг л эдийн засгийн хямралаар хаалгаа барьж байна. Угтаа бол улс орон үргэлж үйлдвэрлэдэг байх ёстой. Ядаж хэрэглээний зүйлсийг. Бид бүх хэрэглээгээ гаднаас авдаг. Гаднаас авдаг бүтээгдэхүүнийг манай нүүрс санхүүжүүлж байсан. Гэтэл одоо нүүрсний зах зээл зогсонги байдалд орлоо.Тэгэхээр бид удахгүй маш том асуудалд орно. Ядаж л хүнсний бүтээгдэхүүн, өмсдөг хувцсаа үйлдвэрлэх хэрэгтэй байна. Тэгэхээр л нөгөө зээлийн хүүний асуудлыг ярих болчхоод байдаг.
-Иргэд коронавирусийн үед өрхийн санхүүд хэрхэн анхаарах вэ?
-Үнэндээ өрхийн санхүүгийн асуудалд асар хүнд болох нь тодорхой боллоо шүү дээ. Аж ахуйн нэгжүүд 3-4 сар ажил орлого багатай байлаа. Одоо утасны цэнэг дуусахдаа багассаар байгаад 0 заагаад нам унтардаг шиг л юм болно. Тэгэхээр иргэд, аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн цэнэг тав болон зургадугаар сард дуусна. Одоогоор цалингаа тодорхой хэмжээнд өгч байгаа тэгэхдээ удахгүй цалин өгөх ч боломжгүй болно. Өнөөдрийн байдлаар Засгийн газар хойрго хөшүүн санаачилгагүй байгаа энэ үед 5,6 дугаар сард ажилгүйдлийн түвшин хүнд шатандаа орно. Тэр үед өрхийн орлого ядуурал хурдацтай нэмэгдэнэ. Ядуурлын хэмжээ нэмэгдэх нь зөвхөн эдийн засгийн асуудал байдаггүй. Манай төр засгийн удирдлагууд энэ бол V хэлбэрийн эдийн засгийн уналт гэсэн. Өөрөөр хэлбэл хурдан хугацаанд унаад хоёр гурван сарын дараа буцаад өсчихнө. Та нар санаа зовоод хэрэггүй гэсэн буруу мэдээлэлтэйгээ өнөөдрийг хүртэл явлаа. Гэтэл дэлхийн эдийн засагчид V хэлбэрийн биш ээ. Унаад эргээд өсөх магадлал нь асар удаан байна гэдгийг тооцоолоод байна. Тиймээс иргэд удахгүй болох хүнд нөхцөл байдлыг тооцоолж, бэлтгэлээ базаах нь чухал
-Магадгүй эрх баригчид сонгууль ойртож байгаа учраас хүчээр ард түмэнд таалагдах гэж, ажил хийсэн болж харагдах гэсэн оролдлого байж болох уу. Улсын төсвийг тодотгохгүй гэсэн байр суурин дээрээ сангийн сайд бат зогсч байгаа шүү дээ?
-Магадгүй тийм байхыг үгүйсгэхгүй. Төсөв гэдэг эдийн засгийн том арга хэмжээ биш. Төсвөөс давсан асуудлыг ярьж байна. Энэ өөрөө маш жижиг асуудал. Төсөв 10 их наяд, эдийн засаг тооцоолсон нь 20 их наяд, далд эдийн засгаа тооцвол магадгүй 30 их наяд. Тэгэхээр төсвөөс гурав дахин том улсынхаа эдийн засгийн асуудлыг ярих ёстой. Хамгийн гол нь төр засаг коронавирусийн эдийн засагт үзүүлэх бодит хор хөнөөлийг ойлгочихвол төсвөө тодотгох гэх мэт ажлыг хүссэн, хүсээгүй хийнэ. Үнэндээ сонгууль болдгоороо болно. Харин аж ахуйн нэгжүүдэд бизнесийн орчныг нь бүрдүүлэх нь чухал юм.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"