Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
К.Ержан: ноолуурыг 25-30 мянган төгрөгөөр авч байна

Б.НАРАН

 Манай улсад жилийн дөрвөн улиралд мал дагаж аж төрдөг 200 гаруй мянган иргэн бий. Тэдний амьжиргааны гол эх үүсвэрийн нэг бол яалт ч үгүй ноолуур. Хаврын хаварт малчид ноолуураа худалдаж, жил тойрсон малчины зээлээ дарж, ахуй амьдралаа бага ч гэсэн өөд нь татдаг. Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюулаас болж эдийн засаг уналтад орж, ноолуурын үнэ “навс” хямдраад байна. Үүнийг учир мэдэх малчид таамаглаж байсан нь лавтай. Гэтэл “хөдөөгийн” сайд Ч.Улаан “Нэг кг ноолуурыг 100 мянган төгрөгөөр худалдан авна” хэмээн мэдэгдэж, хувийн рейтингээ түрхэн хугацаанд тэнгэрт тулгаад авсан юм. Харамсалтай нь, дээрх мэдэгдэл хөрсөн дээрээ бууж чадсангүй. Үүнээс болоод өнөөдөр Хөдөө аж ахуйн бирж дээр тодорхойгүй нөхцөл үүсч, малчид, ченжүүд аль аль нь яахаа мэдэхгүй байдалд ороод байна. 

Ц.Сүрэнжав: ноолуураа биш хонио борлуулж мөнгөтэй залгаж байна

Энэ талаар Төв аймгйн Аргалант сумын малчин Ц.Сүрэнжав ярихдаа, “Эдийн засаг хүндэрснийг хаа хаанаа ойлгож, мэдэрч байна. Хот хөдөө гэж ялгах юм алга. Малчдын хувьд ноолуураа тушаая гэхэд авах газар алга. Засгийн газар 100 мянган төгрөгөөр авна гэсэн боловч бодит байдал дээр ноолуур авч байгаа газар алга. 30-40 мянган төгрөгөөр авч байгаа гэж сонссон. Миний хувьд “Эмээлт” зах ороход тэнд ноолуур авч байгаа хүн харагдахгүй байсан. Сүүлийн жилүүдэд сайн муу хэлэгддэг хятадууд орж ирээд ноолуурыг маань авдаг байлаа. Энэ жил хил хаасан болохоор үнэндээ ноолуур авах хүн алга. Засгийн газар ноолуурыг 100 мянгаар авах тухай шийдвэр гаргахад үнэхээр гайхсан. Манай улс хэчнээн ямаатай билээ. Тэр их ноолуурыг улс худалдаж аваад хаана, яаж борлуулах юм. Хар ухаанаар бодоод олохгүй л байна. Ноолууран бүтээгдэхүүн хийдэг “Говь” ХК гэхэд саяхан 1000 гаруй ажилтнаа халсан гэж дуулсан. Ноолуурын компаниуд ч худалдаж авахад хүндхэн байна шүү дээ. Одоо тэгээд өөрийн эрхгүй хонь руугаа орж байна. Хэдэн хонь борлуулж, таван цаас олох санаатай явна” хэмээн ярьсан юм.

К.Ержан: Баян-Өлгий аймагт ноолуурыг 25-30 мянган төгрөгөөр авч байна

Дээрх нөхцөл байдлаас үүдээд Ч.Улаан сайд “Монгол Улсад нийт бэлтгэгддэг ноолуурын 30 хувийг л худалдан авах хэмжээний санхүүжилтийг л Засгийн газраас шийдвэрлэсэн” гэдэг тайлбар өгч эхэлсэн юм. Тэр ч байтугай Дорнод, Хэнтий, Сүхбаатар зүүн гурван аймагт ноолуурыг 105 мянган төгрөгөөр худалдан авна гэсэн нь малчдыг жинхэнээсээ бухимдахад хүргээд байна. Учир нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн тулгуур зарчим болох Монгол Улсын иргэн ялгаварлан гадуурхагдах ёсгүй гэх зарчмыг Засгийн газар нь зөрчиж байгаа юм уу гэх хэл амыг ч дагуулах шинжтэй. Дээрх шийдвэрийн талаар Баян-Өлгий аймгийн ноос ноолуурын ченж К.Ержан ярихдаа, “Миний хувьд ноос, ноолуур аваад 20 жил болж байна. Энэ жил улсаас ноолуурыг 100 мянган төгрөгөөр авна гэж зарласан. Гэвч өнөөдөр манай аймагт ноолуурыг 25-30 мянган төгрөгөөр авч байна. Улс хөдөө аж ахуйн биржээр ноолуур авна, ченжээс ноолуур авахгүй гэсэн болохоор бид малчдаас ноолуур авах боломж алга. Малчид ч ноолуураа дараад байж байна. Өнгөрсөн жил бид ноолуурыг хамгийн багадаа 70-80 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Ченжүүдийн амьдрал ч үүнийг дагаад хэцүүдэж байна шүү дээ” гэсэн юм.

Г.Хулан: Ноолуурын ханшийг хүчээр 100 мянгад хүргэвэл олон компани дампуурна

Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэгчээр Засгийн газар өнгөрөгч гуравдугаар сард хуралдаж, ноолуур бэлтгэхэд зориулж 300 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас гаргаж, ноолуурын үнийг нэг килограммыг нь 100 мянган төгрөгөөр тооцно гэж үзээд санхүүжилтыг баталсан билээ. Уг нь эдийн засаг хүндэрсэн энэ үед ноолуурын үнийн асуудлыг анхнаас нь зах зээлийнхээ зарчмаар зохицуулагддаг гээд орхисон бол өнөөдөр ингэж "хар толгойгоо цустахгүй" байсан гэлтэй. Гэвч яая гэх вэ, төр засаг юм бүхэн рүү оролцож, олон нийтээс өндөр үнэлгээ авах гэж элдвээр попрох болсныхоо горыг өнөөдөр ийн амсч сууна. Энэхүү шийдвэрийн талаар “Сийлэн кашмер” компанийн захирал Г.Хулан ярихдаа, “Малчдын хувьд мэдээж 100 мянган төгрөгөөр ноолуураа тушаах нь сайхан боломж. Ингэж чадвал хямралыг мэдрэхгүйгээр өнгөрнө. Харин бүх хямралыг үйлдвэрлэл эрхлэгч нар үүрээд гарна. Яах вэ, энэ жил 100 мянгад бариулмаар байвал бариул. Харин ноолуур худалдан авч чадахгүй, цалингаа тавьж хүрэхгүй байгаа олон үйлдвэр дампуурлаа зарлана. Ноолуурын үйлдвэрүүдийн тал нь тахлыг давж чадалгүй хаалгаа барихад хүссэн хүсээгүй ирэх жил, дараагийн 4-5 жилд ноолуур үнэд хүрч чадахгүй. Яагаад гэвэл Монгол, Хятадын компаниуд үнээр өрсөлдөж байж ноолуурыг үнэд хүргэдэг. Монгол талаас эрэлт хэрэгцээ байхгүй, эсвэл өмнө нь байснаас 50 хувиар ч юм уу буурвал хятадууд заавал үнэ хаялцах шаардлагагүй. Хүлээж байгаад ноолуурыг үнэ буулгаад л авна. Одоо арьс ширний үнэ 1.000-2.000 төгрөг байна. 2000 он шиг санаж байна. Тухайн үед арьс ширний үнийг хүчээр өсгөсөн. Ингэснээр маш олон арьс ширний үйлдвэр хаалгаа барьсан. Үр дүнд нь арьс ширэн дээр Монгол талаас эрэлт хэрэгцээ асар бага болсноор Хятадын зах зээлд ажилладаг тоглогч нар ирээд 1,000-2,000 төгрөгт худалдан авдаг болсон. Ийм нөхцөл байдал ноолуурын салбарт үүсэх эрсдэлтэй. 100 мянган төгрөгт ноолуурын ханшийг бариулна гэж байгаа нь сонгуулийн шоу. Малчдаас санал авахын тулд үнийг хүчээр нэмэгдүүлж байна. Гэхдээ маш олон компанийг дампууруулах эрсдэл үүсгэж байгааг ойлгохгүй байна. Ямар ч улс орны эдийн засаг үйлдвэрлэгчдийн нуруун дээр босдог. Тахал хэзээ нэгэн цагт намжина. Тэр үед үйлдвэрүүд нь байхгүй бол эдийн засаг өндийн босох чадамж буурна. Хэрэв үйлдвэрлэгч нараа хадгалаад аваад үлдэх юм бол бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд эдийн засгаа цааш нь аваад явах боломжтой.

Х.Баатар: Ноолуурын гарцаас хамаарч худалдан авах доод үнийг

75-105 мянган төгрөг гэж зарласан

Бид мэдээллийн тэнцвэрт байдлыг хангах үүднээс Хөдөө аж ахуйн биржийн гүйцэтгэх захирал Х.Баатараас дээрх шийдвэрийн талаар тодруулсан юм. Тэрбээр, “Ноднин зүүн бүсийн аймгуудад нэг кг ноолуур 138-140 мянган төгрөг хүрч байсан. Гэтэл энэ жил огцом буурч, 50 мянган төгрөгөөр өгнө гэвэл арай дэндүү асуудал болно. Шинэ коронавирусийн хөл хориог далимдуулан ашиг олох сонирхолтой хүмүүс ч байна. Бид өнөөдөр ноолуурын үнийг байнга судалж байна. Урд хөршийн зах зээл дээр өнгөрсөн жилийнхээс тодорхой хувиар буурсан ч огцом буураагүй. Зарим хотуудад нь үйлдвэрлэл сэргэж байгаа. Мөн Итали, Англи улс шинэ коронавирусийн халдварын голомт болоод байгаа учраас захиалга одоохондоо ирэх боломжгүй байгаа. Ноолуурын гарцаас хамаарч худалдан авах доод үнийг 75-105 мянган төгрөг гээд зарлачихсан байгаа. Зарласан ханшаар ноолуур худалдан авах ажил энэ долоо хоногоос эхлэн зохион байгуулалтад ороод явна. Хөдөө аж ахуйн бирж тухайн аж ахуй нэгжтэй харилцаж, орон нутгийн хөдөө аж ахуйн газартай тохироод тухайн суман дээр зохион байгуулна. Аж ахуй нэгжийн төлөөлөгч, малчин, сумын хөдөө аж ахуйн мэргэжилтэн оролцоно. Малчид маань ч гэсэн их хүлээлттэй байна. Сүхбаатар, Хэнтий, Дорнод аймгийн ноолуурыг яагаад 105 мянгаар худалдан авна гэсэн бэ гэхээр зүүн аймгуудын малчид ноолуураа эрт самнадаг, 60 хувийн гарцтай. Харин баруун аймгуудын хувьд ноолуурын гарц буурдаг учраас 75-85 мянган төгрөг байх жишээтэй. Энэ бол ноолуурын гарцаас хамаарч буй үнэ болохоос малчдыг бүс нутгаар нь ялгаварлаж буй асуудал биш. Ингэснээр өнгөрсөн оныхоос зүүн аймгуудын ноолуурын ханш 30, баруун аймгууд 10 орчим хувиар л буурч байгаа” гэсэн юм.

Б.Даваажаргал: Хөдөө аж ахуйн бирж аймаг сумдад нэг л өдөр ноолуурыг

тогтсон ханшаар авна гэвэл асуудал үүсч магадгүй

Тэгвэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын малчин Б.Даваажаргал ярихдаа “Манайх энэ жил ямаагаа гуравдугаар сарын сүүлчээр самнаад дуусгасан. Гэхдээ ноолуураа өгөөгүй байна. Засгийн газраас тогтоосон үнээр өгнө гээд хүлээж байгаа. Зүүн гурван аймагт ноолуурыг үнэтэй авч байгаа нь ноолуурын чанараас хамаарч байгаа гэж ойлгодог. Ялангуяа Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сум улаан ямаагаараа алдартай. Гэхдээ миний ойлгосноор Хөдөө аж ахуйн бирж аймаг сум бүр дээр тодорхой нэг өдрийг товлоод тэр өдөртөө 105 мянгаар ноолуур авах юм шиг байна. Хэрэв тэгэх юм бол ноолуураа өгөх гэж удаан хугацаанд хадгалж байсан малчдын дунд тэр өдөр нэлээн асуудал үүсч магадгүй байна. Биржийн зүгээс чанартай сайн ноолуур авах гээд голж шилэх, малчдын зүгээс тогтсон өндөр үнээр бүх ноолуураа өгөх гэсэн хоёр талын эрх ашиг зөрчигдөж магадгүй юм” гэлээ.

Экспортод гарч буй ноолуураас татвар авдаг болъё

Өдгөө Засгийн газар ноолуурын үнийг зохиомлоор өсгөж, компаниудад гурван хувийн хүүтэй зээл олгох шийдвэр гаргаад байна. Гэвч энэ нь компаниудыг хүчээр өрийн дарамтад оруулж байгаа явдал юм. Хоосон үнийн хөөрөгдлийг санхүүжүүлэх гэж зээл өгнө гэвэл үр ашиггүй шүү дээ. Үүний оронд үнийг зах зээлийнх нь жамаар нь байлгаж, компаниудын үйл ажиллагааг тогтвортой явуулах зорилгоор төрөөс дэмжиж зээл олговол жинхэнэ үр өгөөжтэй тус дэм болох байжээ. Ер нь Хятадын үйлдвэрлэгчид нар дэлхийн ноолуурын зах зээлийг хангаад явж байна. Тэд маш их хэмжээний бүтээгдэхүүнийг Америк, Европын холбоо зэрэгт хямд үнээр нийлүүлдэг. Хэрэв Хятадын зах зээлд хямдхан зармааргүй байна гэсэн тайлбартайгаар ноолуурын үнийг 100 мянгад бариулах гэж байгаа бол ийм арга байж болох юм. Манай монголоос дунджаар найман мянган тонн түүхий эд гардаг. Үүнээс долоон мянган тонн нь ямар ч татваргүйгээр экспортод гарч байгаа юм. Ченжүүд малчдын гар дээрээс худалдан аваад ямар ч татваргүйгээр шууд гаргаж байна. Монголд зүгээр угаагаад, хир бохирыг нь үлдээгээд ямар ч татвар төлөхгүй гаргаж байна. Хайран ноолуур. Яагаад гэхээр ямаа байгаль орчин их сүйдэлдэг. Цөлжилт үүсгэдэг. Бид байгаль орчноо хохироон байж ямаагаа өсгөөд түүхий эдийг нь ямар ч татвар авалгүй гадагш гаргаж байгаа нь харамсалтай. Тэгэхээр долоон мянган тонн түүхий ноолуур дээрээ ядаж 10 хувийн татвар авчхаач. Тэгэх юм бол манай улсад 47-74 тэрбум төгрөгийн орлого орж ирнэ. Энэ татварын орлогоор буцаагаад халамжийн сан үүсгээд малчдаа дэмжээч ээ. Тэгэх юм бол үйлдвэрлэгч нарт дарамт үүсэхгүй. Үнийн хувьд Хятадын үйлдвэрлэгчтэй өрсөлдөх боломж ч бүрдэх юм.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com