Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Л.Бадамцэцэг: Хохирогч болгонд хүрч ажиллах нь бидний үүрэг /цуврал №3/

“Ардчилал таймс” сонин энэ долоо хоногийн даваа гаргаас эхлэн “Гэр бүлийн хүчирхийлэл” гэсэн сэдвийг онцлон шөнийн сурвалжилга бэлтгэн, хамгаалах байрны өнөөгийн нөхцөл байдлыг танилцуулахын сацуу нийгмийн хамгийн эмзэг сэдвийн нэг болсон бэлгийн хүчирхийллийн асуудлыг хөндөж, анхаарлын төвд оруулахыг зорилоо. Энэ удаа Төрийн байгууллагын бодлого чиглэл байр суурь, төрийн бус байгууллагын оролцоог хамтатган хүргэж байна.
Хаалттай хаалганы цаана айл гэрийн дотоод асуудал мэт оршин тогтнож, далд хэлбэрт ужгирсаар гэмт хэрэг болж, хэн нэгний алтан амь, эрүүл мэндийг эрсдэлд оруулдаг ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛтэй тэмцэхэд иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг сануулъя. Хажуу айлд чинь хэн нэгэн бүсгүй мэгшин уйлж, хүүхдүүд орилж, айдсаасаа болж сурагч чинь дальдчин, эмнэлэгт үзүүлэхээр очсон өвчтөн гэмтсэн шалтгаанаа хэлэхгүй нууцалж байгаа бол та бүхэн заавал тогтож анхаараад цагдаа болон холбогдох байгууллагад дуудлага, мэдээлэл өгөөрэй. Гэр бүлийн хүчирхийллийн гомдлыг зөвхөн хохирогч гаргадаггүй юм шүү. Мэдсэн хүн болгон мэдээлж байж л төмөр хаалганы цаадах яргаллыг ил болгож, цэцэг шиг нялхас, гүнж шиг охидын бие болон сэтгэлийн шаналалд цэг тавих боломжтой.

ГБХЗХГ-ын Гэр бүлийн хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэгтэй ярилцлаа.

-Хорио цээрийн дэглэмд шилжсэнтэй холбоотойгоор гэр бүлийн хүчирхийллийн дуудлага нэмэгдэж, хамгаалах байрны ачаалал ихэссэн тухай ярих боллоо. Нөхцөл байдал ямар байна вэ? 
-COVID19-ийн тархалттай холбоотойгоор бүх шатны сургууль цэцэрлэг каринтилж, хүүхдүүд гэртээ байгаа. Гэр бүл хамтдаа байгаа нь сайн ч төв суурин газрын завгүй амьдралын хэмнэл биднийг өөр дадалтай болгожээ. Хамтдаа хоолоо хийгээд аз жаргалтай байж болох ч нэгнийхээ үгийг сонсч, дааж өнгөрөөхөд суралцаагүйгээс сөрөг зүйлс гарч байна. ЦЕГ, 108 утсанд ирсэн дуудлагаас энэ бүхнийг харж болохоор байгаа. 
Өнгөрсөн жилийн мөн үетэй харицуулахад гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг 27 хувиар буурсан ч энэ төрлийн зөрчил 98.8 хувиар нэмэгдсэн. Энэ нь Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулийг анх удаа зөрчиж, хуулийн дагуу арга хэмжээ авахуулсан хүний тоо нэмэгдсэн гэсэн үг. Архидан согтуурах гэмт хэрэг 30-40 хувь нэмэгдсэн. Ажил, сургуулиасаа түр чөлөөлөгдсөн энэ хоромхон хугацаа бол амралт биш хөл хорио гэдгийг санах ёстой. Ахуйн хүрээний архидалтын тоо нэмэгдэж, тэр хэрээр өөрийгөө бүрэн хянах чадваргүй болсон хүмүүс агсам тавьж, гэр бүлээ хүчирхийлэх дуудлага нэмэгдсэн. 2020 оны гуравдугаар сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 10 хүртэлх хугацаанд манай Хүүхдийн тусламжийн 108 дугаарын утсанд холбогдож, гэр бүлийн зөрчил маргааны асуудлаар зөвлөгөө авсан хүний тоо 108.8 хувиар нэмэгдлээ. Тиймээс манай агентлагаас 21 аймаг, 9 дүүргийнхээ Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, хэлтэст гэр бүлийн болон хүүхдийн хүчирхийллийг илрүүлэх, орон нутгийн цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэр бүлийн хүчирхийллийн зөрчил, гэмт хэргийн дуудлага мэдээллийг харилцан солилцож, хамтарсан багийн тусламжтай хохирогч, түүний гэр бүлд зөвлөгөө өгөх, хохирогч хүлээн авах түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахиж, мэргэжлийн үйлчилгээг стандартын дагуу шуурхай үзүүлэх тухай чиглэл хүргүүлэн ажиллаж байна. Гэр бүлийн хүчирхийлэл далд үйлдэгддэг, хохирогч, хүчирхийлэл үйлдэгчийн эрхшээлд байдаг, шууд цагдаад дуудлага өгөх боломжгүй нөхцөл байдалд байдаг тул тэдний амьдарч байгаа хорооллын хэсгийн ахлагч, иргэн, хөршийн мэдээлэл чухал ач холбогдолтой. Ихэнх аймаг, дүүргийн газар хэлтсүүд гэр бүлд зөвлөгөө өгөх төвтэй болсон. Хорио цээрийн дэглэмд байгаа энэ үед эдгээр төвүүдэд сэтгэлзүйчид утсаар, цахимаар зөвлөгөө өгдөг болсон. Бид нэг ч хохирогчид зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхгүй орхиж болохгүй гэж үзэж, анхаарч ажиллаж байна. 
-Хохирогч нь уучилж, нэг удаа гэж шүд зуун өнгөрүүлсээр байгаад л гэр бүлийн хүчирхийлэл гэмт хэрэг болтлоо ужгирдаг байх. Энэ нь монголчуудын хэвшмэл ойлголтоос бас шалтгаалдаг уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл танихгүй хүмүүсийн дунд үйлдэгддэг танхайрах зэрэг гэмт хэрэгтэй үйлдэл нь адилхан боловч гэр бүлийн дотно харилцаатай, хамаарал бүхий хүмүүсийн дунд үйлдэгддэг гэдгээрээ өвөрмөц ялгаатай. Гудамжинд хүн зодож, доромжилбол шууд цагдаад мэдэгддэг бол гэр бүлийн хүчирхийлэл маш олон хамааралд байдаг. Хүчирхийлэгч нь нэгдүгээрт, гэр бүлээ тэжээн тэтгэдэг бол энэ хүнийг 30 хоног баривчлуулбал үлдсэн нь яаж амьдрах вэ, гарч ирээд хамт амьдарна, өс санавал яах вэ гэх зэргээр наад захын амьжиргаа, амьд явах эрхэд нөлөөлдөг. Хоёрдугаарт гэр бүлийн харилцаанд үүссэн зөрчилд хүүхдээ бодсон уучлал давамгайлдаг. Мөн ураг төрлийн маш өргөн хамааралд байдаг учраас манайх, танайх гэх тэмцэл, үүнээс шалтгаалсан дарамт хохирогчид нэмэгддэг. Нэг хүнээс хайр, зодуур хоёр хамт гарч байгаа болохоор хохирогчид эргэлзээ бий болдог. Надаас болоод ах дүү маань муудалцах вий, сайн ч муу ч миний хань гэж цайруулах нь бий. Гэхдээ ингэж хайрлаж, өрөвдөж цайруулснаар гэр бүлийн хүчирхийлэл зогсдоггүй. Нэгэнт л зөрчил маргааныг хүчирхийллийн аргаар шийдээд сурсан бол аргадаж, ятгасан ч нэмэргүй.
Хүчирхийлэл үйлдэгч буруу зүйл хийж байгаагаа ойлгож, үзэл бодлоо өөрчилж байж л хүчирхийлэл зогсдог. Эсвэл салснаар энэ асуудал дуусах магадлалтай. Гэхдээ хоёр хорооллын цаана амьдраад нэмэргүй болохоор хол газар очиж, нуугдаж амьдрах нь бий. Хамгийн хэцүү нь, гэр бүлийн хоёрын хэн нэг нь нас барж байж энэ бүхэн эцэслэгдэх нь ч бий. 
-Түр хамгаалах байр хүрэлцээтэй юү?
-Улсын хэмжээнд 17 түр хамгаалах байр, 14 нэг цэгийн үйлчилгээний төв ажиллаж байна. 21 аймаг, Хан-Уул, Баянзүрх зэрэг дүүрэгт байгаа. Улаанбаатарт таван түр хамгаалах байр байгаа учраас хохирогч аюулгүй байдлын хамгаалалт хүсч ирэхэд хүлээж авах боломжтой. Гэр бүлийн хүчирхийллийн дуудлагаар цагдаа очоод аюулын зэргийн үнэлгээ хийж, амь нас, эрүүл мэндэд учруулах хүчирхийллийн аюулын зэрэг өндөр гэсэн дүгнэлт гарвал хүчирхийлэгчийг баривчилсан ч гэсэн хохирогчийг хамгаалах байранд хүргэх хуулийн заалттай. Хүчирхийлэл үйлдэгч баригдаад явсан ч ах дүү төрөл садны дарамт хохирогчид ирдэг. Дээр нь хохирогч тайвшрах, сэтгэл зүйн тэнцвэрт байдлаа олж авах, нөхцөл байдлыг ойлгож, амьдралынхаа төлөө шийдвэр гаргахад түр хамгаалах байранд үзүүлэх мэргэжлийн үйлчилгээ чухал нөлөөтэй. Нэн тэргүүнд тэр хүн тайвширч байж зөв шийдвэр гаргаж, үр хүүхдээ хамгаална. Тиймээс хүчирхийлэл үйлдэгчийг барьж хориод л сэтгэл амарч болохгүй. Хохирогч маш олон жил дарамтанд байчхаад анх удаа хүчирхийлэл үйлдэгчийг баривчлуулсны дараа гарч ирээд яах бол гэсэн асар их айдастай байгаа. Түүнээс болоод буруу шийдвэр гаргаж ч магадгүй. Цагдаа дуудлагаар гэр бүлд очиж, аюулын зэргийн үнэлгээ өндөр гэж үзвэл, хохирогчийг хамгаалах байранд хүргэх, бага дунд эрсдэлтэй бол баг, сум, хороо болгон дээрх нийгмийн ажилтанд заавал мэдэгдэх, мэдээлэл хүлээн авсан нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийж, хамтарсан баг хохирогч, түүний гэр бүлд сэтгэл зүйн болон эрх зүйн зөвлөгөө, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамжийн үйлчилгээ үзүүлэх, цаашилбал гэр бүлийн хэрэгцээнд суурилсан нийгмийн ажлн үйлчилгээнд холбон зуучлах үйлчилгээ үзүүлэх зэргээр хуулийн дагуу ажилладаг. Бид Цагдаагийн байгууллагатай нэг тэрэгний хоёр дугуй шиг л хамтран ажилладаг. Цагдаагийн байгууллага Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тасаг байгуулчихсан учраас бидний хамтн ажиллагаа улам сайжирч байна. 
-Төрийн бус байгууллагууд мөн оролцоотой байдаг байх аа?
-Байгаа. 1995 оноос хойш тогтмол үйл ажиллагаа явуулж байгаа Хүчирхийллийн эсрэг үндэсний төв нь Улаанбаатар, Баянхонгор, Дундговь аймагт түр хамгаалах байртай. Цагдаагийн байгууллагын дэргэд нэг цэгийн төвүүд бий. НҮБ-ын Хүн амын сангаас санхүүжүүлж 11 нэг цэгийн үйлчилгээний төвийг тохижуулсан. Манай агентлаг түр хамгаалах байрны практик аргазүйг гаргаж, мэргэжилтнүүдийг энэ чиглэлийн сургалт өгдөг. Түр хамгаалах байрны стандарт ч бий. 
-Төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог хуулиар хэрхэн зохицуулдаг вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нь салбар дундын асуудал юм. Маш тодорхой заасан байгаа. ХЗДХЯ, ЭМЯ, ХНХЯ, БСШУСЯ зэрэг төрийн захиргааны төв байгууллагын чиг үүргийг зааж өгснөөс гадна гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зохицуулах зөвлөл, орон нутгийн салбар зөвлөлийн үүргийг маш тодорхой заасан, Засгийн газрын агентлагууд болох ГБХЗХГ, Цагдаагийн байгууллага, бүх шатны Засаг дарга нар, нийгмийн ажилтан, ТББ-ын үүргийг маш тодорхой болгосон учраас зохицуулалт сайтай. Хаалганы цаана, тухайн гэр бүлийн амьдрал өрнөж байгаа боловч тэнд гэмт хэрэг үйлдэгдэж байгаа бол олон салбарын асуудал болж хувирдаг. Энэ бүхний цаана хүүхдийн эрх, хамгаалал хамгийн их зөрчигддөг. Мөн сэтгэцийн болоод биеийн эрүүл мэндийн асуудал, хүүхдийн аюулгүй орчинд төрж, өсөж, төлөвших, сурч боловсрох гээд олон асуудалд гэр бүлийн хүчирхийлэл сөрөг нөлөөтэй. Манай байгууллагын хувьд гэр бүлийн хүчирхийлэл, хүүхэд хамгааллын чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулж, магадлан итгэмжилж, хамтран ажиллаж байгаа.

Өмнөх цуврал сурвалжлагуудаас уншихыг хүсвэл:

   /цуврал №1/ http://atime.mn/view/article/?page=show&id=3951&fbclid=IwAR2fzdsjtSJkE2Vcm-2acEB5Ol5Y011tvomT9f5CBg_of_rjh5KQ6vayNrc

   /цуврал №2/ http://atime.mn/view/article/?page=show&id=3930&fbclid=IwAR2tNsH2Zy1t404CLSZzDuFyVTnwA7aamSYiYvuGcVs6elH8bppasCe6se8

   /цуврал №3/ http://atime.mn/view/article/?page=show&id=3961

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com