Хүн эрх чөлөөгүйгээр амьд байж чадна. Харин амьдарч чадахгүй. Энэ бол ардчилсан нийгмийн суурь хэрэгцээ. Хэрэгцээ учраас хүн хоол идэж, хувцас өмсдөгийн адилаар эрх чөлөөг өдөр бүр эдэлж хэрэглэдэг. Түүн дотроос үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө бол орчин цагийн дэлхий дахины идэж, өмсөхөөс ч өмнө бичигдэж байгаа маш үнэ цэнтэй хэрэгцээ болоод байна. Үүнийг жишээлэхэд амархан. Дэлхийн олон тэмцэгч, хүний эрхийг хамгаалагч, зохиолч, сэхээтнүүд шоронд байхдаа хоолыг нь хасахыг юман чинээ тоохгүй харин бичихийг нь хязгаарлахыг л тэвчиж чаддаггүй байсан. Өчүүхэн хугархай харандаа олдохгүй бол цусаараа хүртэл бичиж байсан олон түүх бий. Бичих эрх чөлөө ийм л цусны үнэтэй дүйцдэг эд.
Ямар ч улс орон хэвлэлийн тэр дундаа сэтгүүлчдийнхээ хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлаж, цагдаж, хянаж хориод ирэхээрээ дарангуйлагч дэглэм рүү орж байна гэж үздэг. Харин 30 жилийн өмнө эрх чөлөөт, ардчилсан нийгэмд шилжсэн хөх Монгол өнөөдөр хэдхэн сэтгүүлчийнхээ эрхэнд бүдүүлгээр халдсаар Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээс ухарсаар байна.
Сэтгүүлчийнхээ эрх чөлөөнөөс, нийгмийнхээ, дэглэмийнхээ байр байдлыг харчхаж болно. “Глоб Интернэшнл” байгууллагын 2018 оны судалгаагаар сэтгүүлчийг буюу хэвлэл мэдээллийг сүрдүүлж, дарамталж, заналхийлж, гэр бүлийн хүнийг нь дарамталсан 20, мэдээлэл өгөхөөс татгалзаж, мэдээлэл түгээхэд нь санаатайгаар саад учруулсан 26, ажлын багаж хэрэгсэлд нь халдсан 8, шүүх хүчний байгууллагаас дарамт үзүүлэх, шүүхэд нэхэмжлэгчээр дуудсан 108, эх сурвалжаа илчлэхийг албадсан 11 тохиолдол бүртгэгджээ.
Харин өдгөө сүүлийн гурван жилд хамгийн олон удаа сэтгүүлчийг шүүхэд дуудсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан, загнасан дарамталсан байна гэж мэргэжлийн хүмүүс хэллээ. Яг хаанахын, хэдэн сэтгүүлчийн эрхэнд халдсан тухай мэргэжлийн байгууллагууд одоохондоо гаргаагүй ч хэлэх хэлэхгүйгээрээ нэг хэлүүлж байсан ч, хэзээ ч сэтгүүлчийн эрх чөлөөнд халдаж байгаагүй гэдгээрээ алдартай Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “Сэтгүүлчдээ (зүйрлэлийг залруулав!) хамгаалж чадахгүй бол хэвлэлээ хамгаалж чадахгүй. Хэвлэлээ хамгаалж чадахгүй бол Эрх чөлөөгөө хамгаалж чадахгүй. Эрх чөлөөгөө хамгаалж чадахгүй бол Эх орноо хамгаалж чадахгүй. Төр бол иргэний үргэлжлэл. Иргэн байгаа учраас төр байгаа. Бүү март” хэмээн жиргэжээ. Тэр өөрөө сэтгүүлч гэдгээрээ бус ардчилсан оронд хэвлэлийн эрх чөлөө ямар үнэ цэнтэйг мэдэхийн дээдээр мэдэх хүн нь юм.
Сэтгүүлчийг сүүлийн үед эдийн засаг санхүүгийн байдлаар дарамтлах нь ихэссэн тухай мэргэжлийн байгууллагын удирдлагууд мэдээлсэн байна. Энэ бол шүүхэд дуудаж олон зуун саяын нөхөн төлбөр нэхэх явдал юм. Түүнээс гадна сэтгүүлчийн ажил үүрэгтэй холбоотой хэргийг иргэний биш Эрүүгийн хуулиар зохицуулдаг болсноос хойш Монголын гэх хэвлэлийн эрх чөлөө үндсэндээ балран доройтож байгаатай утга ижил болов.
Энэ тухай сэтгүүлчид өчнөөн бичиж дуугарсан ч эрх баригчид тухайн үедээ хүйтэн төмөр нүүрээ харуулсаар дуугүй өнгөрсөн. Нийгмийн сайн сайхны төлөө зорьж, болж бүтэхгүй муу муухайг нь илчилдэг сэтгүүлчдээсээ төр засаг үнхэлцгээ хагартал айсны шинж гэхээс өөрөөр үүнийг юу гэж нэрлэлтэй.
Эрүүгийн хууль бол ихэвчлэн хүний бие, амь нас, эд хөрөнгөнд ноцтой хохирол учруулсан гэм хэргүүдийг л зүйлчилдэг хүнд хууль гэдгийг энгийн хүн ч мэднэ. Гэтэл нийгмийн бурууг илчилсэн шүүмжлэх дөрөв дэх засаглалын үүрэгтэй сэтгүүлчийг ажлаа хийснийх нь төлөө Эрүүгийн хуулиар зүйлчлэх нь эрх чөлөөт, ардчилсан ёс мөн үү.
Энэ тухай хуулийн хүрээнд голыг нь олоод хэлсэн хүн нь МУИС-ийн дэд профессор, доктор хуульч Ч.Өнөрбаяр гэдгийг ч энд хэлэхэд илүүдэхгүй. Учир нь сэтгүүлчид авлигад идэгдсэн төр, ЖДҮ-гээр дүүрсэн засгийн үнэн нүүр царайг илчлэхээ өөрийн ажил мэргэжлийн үүрэг гэж ухамсарладаг учраас тэр болгон шүүхэд дуудагдсанаа зарлаад байдаггүй. Загасчны морь усгүй гэдгээр энэ нь тэдний алдаа ч байж магадгүй. Сэтгүүлч хүнд шүүхийн үүд олон цагаар сахиж суух цаг даанч байдаггүй билээ.
Сэтгүүлчийг ялладаг, буруутгадаг, унагадаг гол заалт бол гүтгэх. Гэтэл энэ заалтыг Зөрчлийн хуулиас хасч, Эрүүгийн хууль руу буцааж оруулж байгаа нь сонгуулиас өмнө сэтгүүлчдийг дуугүй байлгах эрх баригчдын айлган сүрдүүлэлт юм.
Харин энэ тухай МУИС-ийн дэд профессор, доктор хуульч Ч.Өнөрбаяр ийн өгүүлснийг буулгая. “Гүтгэх үйлдлийн дийлэнх нь сэтгүүлчид рүү, эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог учраас үүнийг Эрүүгийн хуульд оруулж хэрхэвч болохгүй. Тэр бүү хэл Зөрчлийн хуулиар ч шийтгэж болохгүй гэдэг байр суурийг би анхнаасаа баримталж ирсэн. Иргэний журмаар шийдвэрлэгдэх маргаан. Эрх баригч нам Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр гүтгэх буюу худал мэдээлэл тараах үйлдлийг Эрүүгийн хуульд оруулж байгаагийн цаад зорилго нь сэтгүүлчдийн амыг барих, Эрүүгийн хэрэг үүсгээд сэтгүүлчдийг хуулийн байгууллагын үүдэнд өглөө, оройгүй уяатай байлгах гэсэн санаа. Тиймээс энэ заалтыг зарчмын хувьд дэмжих боломжгүй. Нэг талаасаа дэлхийн нийтлэг жишиг, нөгөө талаасаа хэвлэлийн эрх чөлөөг боомилох асуудал. Төрийг тунгалаг байлгах, нийгмийн болж, бүтэхгүй бүхнийг ил болгодог гол хүмүүс бол сэтгүүлчид. Хоёрдугаарт, Зөрчлийн хуулиар ч сэтгүүлчдийг шийтгэж болохгүй. Бусдын нэр хүндэд халдсан эсэхийг нь Иргэний хуулиар шийдэх боломж одоо ч бий. Өөрөөр хэлбэл, иргэний журмаар хоёр талаасаа нотлох баримтаа гаргаад нэр төрд нь халдсан эсэхийг тогтоох боломжтой асуудлыг Эрүүгийн хуулиар зохицуулах шаардлагагүй. Ингэснээр тухайн хүн буруу зүйл хийгээгүй гэдгээ нотлох бус эсрэгээрээ гэдийж суучхаад “Сэтгүүлч намайг гүтгэлээ” хэмээн хуульчлагдсан дарангуйлал бий болгох аюултай”.
Үүн шиг тов тодорхой ойлгомжтой хэрхэн тайлбарлах вэ. Мөн худал мэдээлэл тараасан нь батлагдвал Эрүүгийн ял оногдуулахгүй, мөнгөн торгууль, зорчих эрхийг хязгаарлах зохицуулалттай гэж хууль санаачлагчид баталсан. Худал, үнэн гэдэг өөрөө маш ярвигтай ойлголт. Адгийн зарга арав хонодог бол нэр төрийн зарга арван жил ч үргэлжлэх боломжтой. Сэтгүүл зүйд өөрөө худал, үнэн гэдэг ойлголт байдаггүй. Худал, үнэн бол философийн нэр томьёо. Сэтгүүл зүйд бодит мэдээлэл, бодит бус мэдээлэл л гэж бий. Сэтгүүлчийг үүргээ гүйцэтгэсний төлөө барьж хорьж, ажлаас нь халж байсан гашуун түүх бидэнд бий. Бас л өнөө цагийн коммунист ноёрхлын үед гээд хэлчихье. Түүнээс хойш хэвлэл мэдээлэл өөрийн гэсэн хууль дүрэмтэй, ардчилсан ерөнхийлөгчтэй болоод байдал намжсан нь хэн нэгнийг магтан дөвийлгөх гэсэндээ биш бодит үйл явда
Харин одоо....?
Сэтгүүлчид эрүүгийн хэрэг үүсгэх нь залхаан цээрлүүлэх гэсэн л арга. Өөрөөр хэлбэл шийтгэл нь торгууль маш өндөр. Процесс нь өөрөө ял. Айлган сүрдүүлэх арга хэлбэр. Өөр үүнийг юу гэж тайлбарлах вэ. Монголд өнөөдөр алдаа гаргалаа гэхэд зуун зуун саяар нь гаргаад торгууль төлөх сэтгүүлч үгүй. Байгууллагаараа нийлээд ч барахгүй. Нөгөө талдаа гүтгүүллээ гэж өөрийгөө хэлэгсэд гүтгүүлээд нэр төр нь ямар хэмжээгээр яаж унаснаа баталж чаддаггүй. Тухайлбал, зургадугаар сард болсон нэгэн дотоод сонгуулийн дараа МАН-ын нэгэн эрхэм миний ялагдсан нь нэг сэтгүүлчийн нийтлэлээс болж рейтинг унасантай холбоотой гэж шүүхдэж өндөр торгууль нэхэж байв. Судлаад үзтэл тухайн хүний буруутай үйл ажиллагааг шүүмжилсэн нийтлэлийг нэг удаа бичиж байж, түүний өмнөх дөрөвдүгээр сард нь. Шинжлээд үзэхээр нөгөө эрхмийн алдар нэр, албан тушаал нийтлэлд алга. Гэхдээ агуулгаараа бол оноод байна. Харин энэ маргаанд нэхэмжлэгч эрхэм сонгуулиас өмнө ямар рейтингтэй байсан ялагдахдаа ямар байснаа баталж чадаагүй. Мөн сэтгүүлчийн нийтлэл түүний нэр хүндийг унагахад яаж ямар байдлаар нөлөөлсөн бэ гэдгийг бас нотлох хэрэг гарав. Гэхдээ энэ тохиолдолд уг баталгаа нотолгоог шүүх шаардаагүй юм шүү. Хувь сэтгүүлч өөрөө шаардаад улстөрч уучлал гуйгаагүй өөрөө ичээд “үлгэр” төгссөн.
Дээрх хууль тэгэхээр амьдралд хэрэгжих үү, үгүй юү гэдгийг л энд жишээллээ. Амьдралд хэрэгжиж боломжгүй юм бол айлган сүрдүүлэх арга хэлбэрээс цаашгүй. “…Нэг сараас гурван сар хүртэл зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэсэн заалт нь сэтгүүлчийг гэрийн хорионд байлгана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг хамгийн багадаа зургаан сар цагдаж, “уяатай нохой” шиг хуулийн байгууллагын үүд сахиулах болно. Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар яллах гэж байгаа нь угтаа эрх баригч намын сонирхол. Сонгууль дөхөж байгаа энэ үед сэтгүүлчид эрх баригчдын муу, муухай асуудлыг гаргаж ирэхээс нь урьтаж оруулсан хууль гэж харж байна гэж судлаач Ч.Өнөрбаяр үг нэмж. Үүнийг л бодит тайлбар гэнэ.
Үнэн хэрэгтээ хэл амны бай болсон хэдэн сэтгүүлч л өнөөдөр энэ УИХ, Засгийн газар, хуулийн байгууллагуудыг “хянаж” байгаа шүү дээ. Тийм учраас тэд сэтгүүлчдийг үзэн яддаг. Энэ хуулийг өргөн барьж, боловсруулж, батлах кноп дарсан хүмүүс нь одоо ч УИХ-д сууж байна. Зарчмаа үгүйсгэхээсээ илүүтэй тэд ийм хууль баталсныхаа төлөө хариуцлага хүлээх ёстой. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч уучлалт гуйх ёстой.
Харин энэ асуудлаар сөрөг хүчин АН байр сууриа илэрхийлсэнд сэтгүүлчид талархаж байна. Нэг талд нь орчихсон сэтгүүлчдийн байгууллагатай, хамгаалах хууль эрх зүйгүй сэтгүүлчид өнөөдөр гар нүцгэн, хувцас нимгэн шударга бус бүхэнтэй тулалдаж байгаа нь үнэн.
С.Зориг агсны төрсөн өдрөөр АН-ын удирдлага гишүүд дэмжигчид болон С.Зориг агсны гэр бүл, төрөл төрөгсөднь түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөх үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ талийгаачийн зүтгэж явсан хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахын төлөө Ардчилсан нам цаашдаа зүтгэнэ гэдгийг мэдэгдэв. С.Эрдэнэ “Тун удахгүй Хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохионо. Гэвч Монгол Улсад хэвлэлийн эрх чөлөө гэдэг зүйл алга болжээ. Эрх мэдэлтнүүд сэтгүүлчдийг дарамталдаг, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх эрхэнд нь халдаж, бүр биед нь хүртэл халдаж байна. Энэ жил гэхэд л хамгийн олон сэтгүүлч Зөрчлийн хуулиар дуудагдсан байна. Тиймээс энэ бүхний эсрэг Ардчилсан нам тэмцэнэ” хэмээн мэдэгдсэн нааштай үгээр энэхүү бичвэрээ төгсгөе.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"