Энэ удаагийн дугаарт Айл төслийн баг улс эх орондоо хийж бүтээсэн, хэлэх үгтэй ахмадуудынхаа асуудлыг хөндлөө. Ахмад настангуудын хувьд тэтгэвэр тэтгэмж нийгмийн хамгаалал, эрүүл мэндийн гээд хуульд заагдсаны дагуу үйлчилгээ авах эрхтэй байдаг. Гэхдээ өнөөдрийн бодит амьдралд тэд ганцаардах, сэтгэл зүйн томоохон асуудалтай нүүр тулан амьдарч байгаа тухай өмнөх дугаартаа хүргэж байсан. Энэ удаагийн дугаараар ахмадуудад тулгамдаж байгаа асуудлын нэг бол яах аргагүй хөдөлмөр эрхлэлтийн асуудал. Энэ талаар тусгай сурвалжилга төслийн багийн бүсгүйчүүд бэлдсэн юм. Сурвалжилгыг та бүхэндээ тоймлон манай сонин хүргэж байна.
Б.Пунсалмаа:
Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн, төслийн продюссер. Эх орноо гэсэн сэтгэл, өрх гэрээс эхэлдэг.
С.Одонтуяа:
Баянгол дүүргийн Засаг дарга, төслийн санаачлагч. Айл гэр амгалан, өрх гэр бүл эрүүл бол Улс орон хүчирхэг байна.
Ч.Батчимэг:
УИХ-ын гишүүн асан, төслийн санаачлагч. Айл гэрийн амьдрал ямар байхаас, Монгол гэдэг их айлын ирээдүй хамаарна.
З.Нарантуяа:
УИХ-ын гишүүн, төслийн санаачлагч. Манайх гэдэг өрх гэрийн хөгжлөөс, Монгол Улсын хөгжил шалтгаална.
“Айл” зорилтод төсөл Ахмад настнууд буюу тэтгэврийнхний эрх, түүнийг тойрсон асуудлууд
Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа ахмадуудын амьдрал ахуйтай танилцаж, тэдний санаа бодлыг сонсоход.
Баянгол дүүрэг орцны жижүүр Л.Амар
Манай орц 72 айлтай. Цалин 320 мянган төгрөг авдаг. Орцондоо амьдардаг. Энд 10 жил ажиллаж байна. Бидний насны хүмүүст байр, орон сууцны асуудал хүнд. Орон сууцанд хамрагдах ямар ч боломжгүй хэмээн өгүүлэв. Энэ үед гаднаас хажуу талын орцны жижүүрүүд хүрэлцэн ирж санал бодлоо Айл төслийн багтай хуваалцсан. Ахмадуудад өнөөдөр ажил олдохгүй. Олдож байгаа ажил нь орцны жижүүр. Бидэнд газар өмчлөлийн асуудал хүнд. Бидэнд газартай хүн нэг ч байхгүй. Би л гэхэд долоон хүүхэдтэй. Жижүүрийн мөнгөөрөө л хүүхдүүдээ тэжээдэг. Хүмүүс бидний энэ оромжийг гэр гэж үздэггүй. Энэ чинь бидний гэр шүү дээ. Орцондоо хорвоог өнгөрөөдөг хэмээн өгүүлээд авсан. Тэд өөрсдөдөө тулгамдаж байгаа асуудлаа харин нэг сайн яриад авна лээ. Энэ боломжийг алдахгүй шүү гэсэн шиг.
Эмээ өвөөгийн тэтгэврийн мөнгийг хэн авдаг вэ?
Эмээ өвөөгийн тэтгэврийн мөнгийг ямар зорилгоор хэн авдаг. юунд зарцуулдаг талаар судалгаа хийжээ. Зээлийн зориулалт нь ажил хийхгүй гэртээ сууж байгаа залуусын гарт очиж байна гэсэн судалгааны дүн гарч. Ахмадуудын дийлэнх нь тэтгэврээ сар бүр тогтмол авч үзээгүй. Тэтгэврийн зээлийнхээ 70-80 хувийг үр хүүхэд, хамаатан садангууддаа зарцуулдаг байна.
УИХ-ын гишүүн З. Нарантуяа Эмээ өвөөгийн нэн түрүүнд тулгамдаж байгаа асуудлаар гэр бүл судлаачтай ярилцлаа.
Шинжлэх ухааны доктор, профессор гэр бүл судлаач Т.Намжил
Ээж аав, эмээ өвөөгийнхөө дотор нь орох ёстой. Тэд өнөөдөр сүүгээ зөөгөөд явж байгаа ч дотоод сэтгэлд нь ямар асуудал байгааг олж харах, ярилцах хэрэгтэй. Хүргэн, бэрүүд ээж аав болон хадмуудынхаа асуудалд сайн анхаарал тавих зайлшгүй шаардлага үүсээд байна хэмээн онцолж байсан. Хүүг нь охиныг нь ятгасаар, байр болон тэтгэврийн зээл авхуулж жижиг бизнес гэх мэт зүйлд оруулдаг. Бас хүүхдүүдээ харуулж, асруулж, хоол ундаа хийлгэж, тусдаа бие дааж гарахгүй өрх тусгаарлахгүй байгаа нь өөрөө том асуудал болоод байна. Үүнийг хэлэх, хүлээж авах газар ч байхгүй. Гэр бүлийн нэг ийм жижиг асуудал үүсдэг хэмээн ярьсан юм.
“Эхийн санаа үрд, үрийн санаа хаданд” гэдэг жишгээр ахмадууд өнөөдөр амьдарч байна.
Нийслэлийн Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны тэргүүн Б. Пунсалмаа ахмадуудын санаа бодлыг сонссон юм.
Ахмадуудын сэтгэгдлээс одоо та бүхэндээ тоймлон хүргэе.
Эмээ өвөө нар өнөөдөр ач, зээ хүүгийнхээ сургалтын төлбөр болон бусад олон асуудалд тэдний тэтгэвэр зарцуулагддаг. Зарим ахмадууд бухимдлаасаа болж архи хүртэл уух тохиолдол гардаг. Тэд хоорондоо ярилцахаар цаана нь нийгмийн маш эмзэг олон асуудал сэтгэлд нь байдаг хэмээн хэдэн буурай ам уралдан ярьсан юм. Ахмадуудыг төрөөс болон хорооноос харж хандах нь бага. Төрөөс нэг тэтгэврийн нэмэгдэл гэж 30 мянган төгрөг өгөх юм тэр бидэнд нэмэр болох нь бага л юм. Үүнийг нь дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн ч нэмэгддэг. Тэгэхээр дүндээ дүн л байна. Саяхан гэхэд Сонгино хайрхан дүүрэгт гэртээ ганцаараа байдаг хөгшин, өлсч, даарч хөлдөж өөд болсон сурагтай байна. Ер нь ганцаараа байдаг ахмадууд их шүү дээ. Энэ асуудал дээр хорооны удирдлагууд ядаж анхаарал тавьж баймаар байна. Эмээ нь хороогоор ойр зуурын асуудал гэж очих юм. Тэтгэврийн зээлээ цагаан сар бас бус асуудалд зарцуулаад дуусдаг. Хорооноос ажилтан явж, ахмадуудын биеийг асууж яваа хүн ч алга л байх юм. Үр хүүхэд минь эрүүл саруул сайн сайхан л амьдарч байвал боллоо доо. Би гэхэд жишээ нь төрөөс болон хорооноос ямар нэгэн хөнгөлөлт авч үзээгүй хэмээн Сонгино хайрхан дүүргийн ахмад настан Ж.Оюунбилэг ярилаа.
Айл төслийн баг доорх найман асуудлыг судлан гаргаж иржээ.
Ахмадуудад тулгамдсан асуудлууд
1. Сэтгэл зүй
2. Хөдөлмөр эрхлэлт
3. Ганцаардал
4. Хүчирхийлэлд өртөх
5. Эрх чөлөөгүй болох байдал
6. Санхүүгийн бэрхшээл
7. Гэр бүлийн дарамт
8. Өөрийн хүслээр явж чадахгүй байдал
Бид ахмадуудаа яах ёстой вэ?
Р.Нэмэхбаатар Ахмад настны хуулийг шинэчлэн батлах, ажлын хэсгийн гишүүн, гэр бүл судлаач
Ахмадууд урт наслах тусмаа хүүхэд нас руугаа эргээд очдог. Тийм учраас тэдэнд хандсан үйлчилгээ бол зайлшгүй чухал. Хөдөлмөрийн чадвартай олон ахмадууд байна. Ахмадуудын амьжиргааг нь дэмжиж тэдний мэдлэг чадварыг залуу хойч үедээ өвлүүлэх. Тэднийг багаар ажиллуулах, арга туршлагыг нь хуваалцах. Жишээ нь хэдэн багш эмээ өвөө нар багш нарын холбоо байгуулж тодорхой хэмжээний сургалт явуулахад нь туслах зорилгоор хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тусламж олгох хэрэгтэй гэх мэт гарц хайх хэрэгтэй. Хуулинд ахмадуудад хандсан нэлээд асуудлыг зааж өгсөн байдаг ч хуулийг сайн ойлгуулж, тайлбарлаж таниулах, зохион байгуулалтад оруулах зайлшгүй хэрэгтэй гэх мэт олон асуудал гарч байна.
Ингээд Айл төслийн багийнхан өөр өөрсдийн томилогдсон сурвалжилгуудаа нэгтгэн дүгнэхээр эргэж уулзсан.
Б.Пунсалмаа:
Ахмадууд өнөөдөр тэтгэврийн зээл их авдаг юм байна. Мэдээж үүний цаана олон асуудал байдаг байх. Тэд гар дээрээ бэлэн мөнгө авч явах нь тун ховор. Учир нь ганц авдаг цалин болох тэтгэврийн мөнгөө зээл аваад хэрэглэсэн байдаг тул. Мөн өөрсдөдөө зарцуулах цаг бага. Ач зээ нараа сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд олон асуудал тэдний нуруун дээр ирдэг юм байна гэж би бодлоо хэмээн ярив.
С.Одонтуяа:
Олон ахмадуудтай уулзлаа. Саяын ярьсан асуудал бас нэлээд гарсан. Тухайлбал ахмадууд дийлэнх нь тэтгэврийн зээлтэй байна. Тэтгэврийн зээл хоёр шалтгаантай авдаг. Сар шинэд зориулж, нөгөөх нь хүүхдүүд нь авч хэрэглэдэг гэсэн шалтгаантай. Мөн намар оюутан цуглахад тэтгэврийн зээлээ авдаг. Ингээд өөрт нь оногддог нь их бага. Дээрээс нь ахмадуудын 80 хувь нь тэтгэврийн хэмжээ туйлын бага байна. Өрх тутмын нэг хүн нь тэтгэврийн орлогоор амьдардаг гэнэ. Ахмадууд нэмэлт орлого олох боломж байхгүй. Хадгаламжтай ахмадууд тун ховор. Бараг байхгүй гэхэд болно. Хувийн өмч байхгүй гэх мэт олон асуудал тэдэнд үүсч байна.
З.Нарантуяа:
Миний хувьд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг, ахмадуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг хүмүүстэй уулзахад нийтлэг нэг зүйл анзаарагдсан. Ахмадууд нийгмийн харилцаанд орох нь бага байгаа учир сэтгэл зүйн дарамтад ордог. Хуулинд заагдсан ахмадуудад үзүүлэх 11 зүйл заалт байдаг. Энэ нь зохион байгуулагдаж, хэлбэрийн хувьд хэлбэршээгүй байна. Бид цаашдаа халмжийн хуулиуд, нийгмийн даатгалын сангаас олгогдож байгаа тэтгэвэр тэтгэмжийн хууль, ахмад настанд үзүүлэх үйлчилгээнийхээ арга хэлбэрийг өөрчлөх хэрэгтэй болсон байна гэдэг анзаарагдлаа. Мөн ахмадуудаа сонсч, сэтгэл зүй рүү нь орж ойлгох, сонсох мэргэжлийн сэтгэл зүйч хэрэгтэй байгаа юм байна. Энэ мэргэжлээр төгсгөдөг 10 гаруй сургууль байдаг хэдий ч яг ахмадуудад болон нийгмийн бүлэг бүлэгт таарсан нарийн мэргэжлийн сэтгэл зүйчдийг хараахан бэлдэж чадаагүй бололтой юм хэмээн дүгнэлээ.
Айл гэр төслийн багийнхан ахмадуудад өнөөдөр яг тулгамдаж байгаа асуудал нь чухам юу вэ гэдэг талаар нэлээн дэлгэрэнгүй хөндсөн. Тэдэнд тулгамдаж байгаа олон асуудал байдаг. З.Нарантуа гэхэд эрх зүйн орчинг нь сайтар судалж ямар гарц байгааг эрэлхийлэх, С.Одонтуяа орон нутагт, дүүрэгт эдгээр асуудлуудыг хэрхэн шийдэх тал дээр, Б.Пунсалмаа нэвтрүүлгийг гол зангидаж байгаа хүний хувьд санал бодлуудыг цуглуулах, гарц хайх энэ асуудлыг орхилгүй анхаарах тал дээр ажиллахаар боллоо. Ингээд Айл төслийн багийнхан дэргэд байгаа буурлуудаа сайн ойлгож, тэдний санаа бодлыг үргэлж дэмжиж, тусалж байхыг уриалснаар энэ удаагийн тэдний нэг өдрийн ажил өндөрлөсөн юм.