АН-ын СХД-ийн Үндэсний бодлогын хорооны гишүүн П.Цэцэгмаатай уулзаж ярилцлаа.
-Анх улс төрд яагаад орох болсон, яагаад АН-ыг сонгох болсон талаар яриагаа эхэлье?
-Би ардчилсан үзэл баримтлалтай Ардчилсан намын гишүүн. Миний хувьд анх 14 жилийн өмнө буюу 2006 онд намынхаа баярын өдрөөр намын гишүүн болж байлаа. Би хуульч эрхзүйч мэргэжилтэй. Хуульч, өмгөөлөгчөөр 10 гаруй жил ажиллах хугацаандаа эмэгтэйчүүд, гэр бүлийн чиглэлд түлхүү анхаарлаа хандуулж ирсэн. С.Одонтуяа даргатай олон жил хамт ажиллаж зан зангаа авсан хоёр л доо. Нэг өдөр С.Одонтуяа дарга уулзаад “Би улс төрийн сонгуульд өрсөлдөнө миний менежерээр ажиллаач” гэсэн санал хэлсэн. Ингээд хүлээж аваад улс төрийн арын фронтод ажиллаж эхэлсэн дээ.
Би олон жил хууль эрх зүйн салбарт ажиллахдаа энэ нийгмийн жинхэнэ асуудлуудтай нүүр тулж байсны хувьд энэ улс оронд хаана нь хүний эрх зөрчигдөж, хуулийн цоорхой хаанаа үүсч, иргэн хүний эрх яаж зөрчигдөж байгааг сайн мэддэг учраас энэ нь шударга ёс, ардчилсан үзэл баримтлал гэдэг зүйлийг надад суулгасан гэж ойлгодог. Хүний эрх эрх чөлөө, ардчилал бол зөв зам гэдгийг ажил амьдралынхаа туршид сонгосоор энэ зам маань намайг Ардчилсан нам руу хөтөлсөн. 2008 оны төрийн сонгуулиас хойш гурван удаагийн төрийн сонгуульд гар бие оролцсон байна. Голдуу менежерээр ажиллаж ялж, ялагдаж үзлээ. 2016 онд Баянгол дүүргийн төлөөлөгчөөр сонгогдон ажилласан. Анхан шатандаа гэвэл дүүргийн төлөөлөгч, засаг даргын орлогч, дэд даргаар ажилласан туршлагатай. Өнөөдөр харин Ардчилсан намаасаа эмэгтэйчүүдийн квотод горилоод явж байна. Хуулиараа аль ч улс төрийн намаас 16-аас доошгүй эмэгтэй заавал нэр дэвших ёстой байдаг.
-Таны хийхээр, өөрчлөхөөр, хүмүүст туслахаар зорьж, зүтгэж байгаа зүйлс тань юу юм бэ? Нэр дэвшсэний дараах мөрийн хөтөлбөр болдог тэдгээр сэдвийг тань сонирхож байна?
-Миний хувьд төдийгөөс өдий хүртлээ гурван гол зүйлд л хүнийхээ хувьд санаа зовж, чадлынхаа хэрээр, боломж бололцоогоороо өөрчилж хөгжүүлэхсэн гэж хичээж яваа хүн. Нэгдүгээрт, төрийн байгууллагад анхан шатнаасаа ажиллаж байсан хүний хувьд Сонгинохайрхан дүүрэгт шийдэх олон асуудал байгааг олж харж, анзаарч анхаарлаа тавьдаг. Түүнийгээ өөрийнхөө итгэл үнэмшил, бодлого төлөвлөгөө болгон явж байна.
2017 онд Сонгинохайрхан дүүргийн 32 хороогоор нэгбүрчлэн тойрч, дунд нь орж хутгалдаж үзлээ. Сонгинохайрхан, Баянгол хоёр Октябрийн район гээд нэг дүүрэг байсан. Гэтэл 15 жилийн дараах энэ хоёр дүүргийг харьцуулаад одоо хар. Адилхан л манай хотын, адилхан төсөвтэй, бүтэцтэй дүүргүүд. Харин ч СХД-ийн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгө хүн амын тооноосоо хамаараад Баянголоос илүү байдаг.
Улсаас адилхан төсөв авдаг дүүргүүд байж яагаад зарцуулалт, хуваарилалт, хөгжил нь газар тэнгэр шиг ялгаатай байна вэ. Хамгийн ойрхон хэрнээ хамгийн харамсалтай жишээ авъя.
Нийслэлийн төр захиргааны байрыг Э.Бат-Үүл даргын үед СХД-т барихаар төлөвлөж бүх газар чөлөөлтийг шийдэн, төсвийг баталсан байсан. Гэтэл энэ том хөрөнгө оруулалттай, барилга ХУД-т байршил нь солигдон баригдаж байна. Энэ дүүрэгт зургаан их хурлын гишүүн, есөн НИТХ-ын төлөөлөгч, 39 дүүргийн төлөөлөгч байна. Яагаад тэр төсвийг алдчихав аа. Газрыг нь чөлөөлөөд 10 гаруй тэрбумыг нь батлаад өглөө, улсын төсвөөс бүх дэд бүтэц нь хийгдчихнэ. Энэ бүхэн хийгдсэн бол дагаад газар нь үнэтэй болно, орон сууцууд баригдана, хөгжил ирнэ. Гэтэл өнөөдөр хийгдэж байгаа, сайжирч байгаа юм алга. Мөн энд ард иргэдийн хяналт шахалт сул байна гэж би хардаг. Энэ хүмүүсийг шахаж шаардаж ташуурдаж ажлыг нь хийлгэх ёстой.
Сонгинохайрханыхантай уулзаж явахад “Өө манай дарга нар юу ч хийдэггүй юм аа” гээд сууж байх жишээтэй. Иргэд нь өөрсдөө бас ийм байж болохгүй ээ. Та татварын мөнгөө дүүрэгтээ ая тухтай амьдрахад зарцуулах ёстой. Магадгүй танай дарга нар биш та л дүүрэгтээ амьдарна гэдгээ бодох хэрэгтэй.
-Сонгинохайрханд хамгийн түрүүнд амархан шийдэж болох асуудлууд нь юу байна вэ?
-Дүүрэгтээ амьдарч байгаа иргэдэд ямар асуудал тулгарч, тулгамдаж байна түүнийг л юуны өмнө шийдэж өгөх ёстой. Сонгинохайрханыхан хамгийн түрүүнд гэрэлтүүлгийн асуудал ярьдаг. Хоёрдугаарт, камержуулалт, дараагийн дугаарт хорооллын дундах тохижилт тэгээд ногоон байгууламж гээд цааш хөвөрнө дөө.
-Дүүргийн Засаг даргын тамгын газар, иргэдийн хурлын төлөөлөгч нар нь санаачилгагүй ажиллаж байна гэж та хэлэх гээд байна уу?
-Тэгэлгүй яах вэ. Төсвийг дүүргийн удирдлагууд болон сонгогдсон төлөөлөгч нарын зүтгэлээр л олж ирдэг юм. Жишээ нь СХД 183 ширхэг есөн давхар байшинтай юм байна. Барилгын тухай хуулинд 15-аас дээш жил насжилттай байшинг нэг удаа улсын төсвийн хөрөнгөөр засч сайжруулах тухай байдаг.
Гэтэл судлаад үзэхээр дүүргийн одоогийн удирдлагууд дүүргийнхээ фасадыг нь засах ёстой нэг ч орон сууцууднаас нэгийг ч тэр төсөвт оруулаагүй байх жишээтэй.
Мөн жишээ нь тэр гэрэлтүүлэг, камерын ажил чинь бүр шийдэж болдоггүй ажил биш шүү дээ. Орон нутгийн хөгжлийн сангийн төсвөөр ерөөсөө хоёр жилд хийчих ажил. Гэтэл засаг барьж байгаа МАН-ынхан энэ дүүргийн ийм асуудлуудыг огт анхаарч хийдэггүй.
Тухайлбал гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хуулинд торгууль, шийтгэврийн орлогын 40 хувийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд зарцуулна гээд цагаан дээр хараар биччихсэн байгаа.
Ард иргэдийн үүнийг мэдэхгүйгээр нь далимдуулж удирдлагууд нь энэ дүүргийн хөгжлийн төлөө огт хичээл зүтгэл гаргадаггүй нь харагдаж байна. СХД гурван цагдаагийн хэлтэс, нэг замын цагдаагийн хэлтэстэй. Эдний чинь бүтэн жилийн торгууль, шийтгэврийн орлого нь хоёр тэрбум гаруй болдог. Түүний 40 хувь нь 800 гаруй сая төгрөг болно. Ингээд хуульчлаад өгчихсөн юмыг яагаад хийчхэж чаддаггүй юм гэдэг л асуудал. Энэ мөнгө чинь ИТХ-д хуваарилагдаад ирдэг гэдгийг иргэд өөрсдөө бас мэдэж байх ёстой. Мөн орон нутгийн хөгжлийн сангийн мөнгөөр иргэдтэй хамтраад олон ажлыг хийж болдог. Би үүнийг Баянгол дүүрэгт ажиллаж, хийж байсан хүний хувьд мэдэж байна.
-Та үнэхээр амьдрал мэддэг хүн юм аа. Дээрээс нь үнэхээр сайн менежер шиг санагдлаа. Та хийж хэрэгжүүлж байсан ажлуудаасаа дурдвал сайн жишээ болох болов уу?
-Би сүрхий дээ биш шүү дээ. Иргэдтэй хамтраад хийхэд бүтэхгүй ажил гэж байдаггүй. Ажил хийх сэтгэл байвал арга нь заавал олдоно гэдэг шүү дээ. Байшин хорооллын хувьд пасад, дээврийн болон лифтийн засвар хамгийн их тулгамдсан асуудал байдаг. Баянгол дүүрэгт ажил аваад анх ажиллахад эхний төлөвлөгөөгөөр бидэнд 3,6 тэрбумын засварын ажил хэрэгтэй байсан. Ийм мөнгө дүүрэгт байхгүй шүү дээ. Ингээд иргэдтэйгээ ярилцаад тооцоо судалгаа, төсвөө нарийн дүүргээс гаргаад түүнийгээ бариад UB палас дээр тайван жагсаал хийгээд нийслэлийн төлөөлөгч нараа, Их хурлынхаа гишүүдийг авчирч зогсоож байгаад л асуудлаа ярилцсан. Энэ төсвийг шат шатандаа суулгаж өгөхгүй бол та нарын дараагийн улс төрийн карьер байхгүй шүү гэдэг шахалтыг үзүүлсэн. Энэ бол өөрөө цэвэр, эрүүл улс төр шүү дээ. Иргэд ингэж төлөөлөгч нараа ажиллуулах ёстой. Бид ингэж “Дээврээ аваръя” гэдэг хөдөлгөөнийг амжилттай зохион байгуулж төсвөө батлуулж авч байлаа. Бусдаар иргэд гэр гэртээ суучхаад хэзээ, хэн гэдэг дарга нь ирж дээвэр янзалж, зам барьж өгөхийг хүлээнэ гэвэл бүтэхгүй. Та өөрийгөө төлөөлүүлж тэр дарга нарыг төрд сонгосноо санах хэрэгтэй.
-Сайхан санаа, авууштай арга байна. Дараагийн асуудал нь юу вэ?
-Би дөрвөн охиноо 3,3 жилийн зайтай гэртээ сууж өсгөсөн одонтой ээж. Ингэж байхдаа нялх хүүхэдтэй гэр бүлүүдэд нийгэм, эдийн засгийн ямар асуудал, бэрхшээл тулгардгийг яс махаараа ойлгосон гэхэд болно. Ингээд судлаад үзэхээр одонтой ээжийн асуудал бол зөвхөн миний, зөвхөн одонтой, одонгүй ээж нарын асуудал биш юм байна. Зөвхөн одонтой ээж нарыг аваад үзье. Монгол Улсын хүн амын 238 мянган нь “Алдарт эхийн одон”-той ээж нар. Эдгээр ээж нарыг нөхөртэй гээд тооцоод үзвэл 500 мянган хүний тухай ярих болно. Эдгээр гэр бүлийг дөрвөн хүүхэдтэй гээд бодоход л хоёр сая хүний асуудал энэ өнөр өтгөн гэр бүлээс үүдэлтэй нь харагдаж байна. Одоо харин гол асуудал нь юу вэ гэвэл ээж, аав хоёр нийлээд нэг сая төгрөгийн цалингаар нэг хүүхэд өсгөх, яг тийм цалингаар дөрвөөс дээш хүүхэд өсгөх аль нь асуудал вэ гэдгээ л харах хэрэгтэй.
Тэр цалингаар нэг хүүхдээ хувийн цэцэрлэгт өгч чадна, хүүхдийн зусланд явуулж чадна. Гэтэл цалин чинь, цагийн хуваарь чинь энэ хэвээрээ байхад дөрөв ба түүнээс дээш хүүхдийг өсгөж хүмүүжүүлнэ гээд бод доо. Тиймээс л ижил орлогоор олон хүүхэд өсгөн хүмүүжүүлэхэд зайлшгүй төрийн дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Иргэнээ төр энэ тохиолдолд ижил тэгш боломжоор хангах ёстой шүү дээ. Айлын нэг хүүхэд болж төрсөн, олон хүүхдийн нэг болж төрснөөрөө хүүхэд ялгагдах ёсгүй. Одоохондоо бодлого байхгүй учраас бид өөрсдийнхөө төлөө өөрсдөө л ярихгүй бол асуудал бүр их болж, шийдлээ хүлээсээр байх болно. Манай улсад 2000 оноос хойш олон хүүхэдтэй гэр бүл нэмэгдэж хүн ам ихээр өсч байгаа. Гэтэл манай улсын хуулинд ээж нэг хүүхэдтэй, олон хүүхэдтэйгээсээ үл хамаараад ажлын нэг цаг л богиносгох заалт байдаг. Тиймээс олон хүүхэдтэй ээжүүдэд хөдөлмөрийн харилцааны эрх зүйн тусдаа зохицуулалт хэрэгтэй байна. Хүүхэд бүрт хөгжлийн тэгш боломжийг олгох нь ирээдүйдээ хийх хамгийн том хөрөнгө оруулалт гэдгийг л хэлье. Үүнд л бодлого хэрэгтэй. Хүүхдийн хөгжлийн бодлого бол улс орны ирээдүйн хөгжил. Жишээ нь манай намаас санаачилсан “Хүүхэд асрах үйлчилгээ”-г зогсоочихлоо. Энэ үйлчилгээ өчнөөн олон хүүхэд, айл гэрийн асуудлаас хөнгөлж байсан.
-Та бас Архины хяналтын тухай хуулиар хүчтэй дуу хоолой болж, байр сууриа илэрхийлж байсан санагдана...?
-Гурав дахь асуудал бол энэ. Энэ бас л манай намын санаачилгаар төрсөн хэчнээн ээлтэй хууль байв. Мөн Эрүүл мэндийн даатгалын хуулийг ч хэлмээр байна. Хэрвээ Эрүүл мэндийн даатгалын хуулийн журмыг баталсан бол та даатгалаараа хүчээр биш, хүссэн эмч дээрээ очих боломжтой болох байлаа. Тэр даатгалын мөнгө тэр эмчид очоод жинхэнэ цэвэр эрүүл өрсөлдөөн явагдаж энэ салбар хөгжих ёстой байсан.
Дараагийнх нь би найман эрэгтэй хүүхэдтэй айлын ганц охин. Өнөөдөр айлд болгонд нэг асуудал байдаг нь архидалт. Ялангуяа энэ эрчүүдийг хамарсан асуудал болоод байна. Архины хяналтын тухай хуулийг санаачилж барьж явахгүйгээр бид энэ асуудлаасаа салж чадахгүйнээ. Тиймээс манай нам тэр дундаа ардчиллын эмэгтэйчүүд энэ хуулийг шийдүүлэх ёстой гэж үзэж байна. Нийгэмд болж бүтэхгүй байгаа маш том асуудлууд, хүнд гэмт хэргийн 80 хувьтай архитай холбоотой байгаа шүү.
Гэтэл Монгол Улс үүнд ямар ч зохицуулалт байхгүй. Архийг хүнсний дэлгүүр бүрт талх, сүү шиг ирийтэл нь өрөөд зарж байна. Энэ нь архийг хорино гэсэн үг биш. Архины маркетинг борлуулалт гэдэг юмыг хууль нь өөрөө гүйцэхгүй байна шүү дээ. Архины найрлага хүртэл хүний амаар орохдоо алтан шумуул мэт харин гарахдаа арслан барс мэт болгодог болтлоо хөгжчихлөө. Хүн их хэмжээгээр, удаан ууж согтдог болсон гэдгийг өнөөдөр хэн мэдэж, хэн ярьж байгаа юм бэ. Ямар ч зохицуулалт алга л гэж хэлье. Энэ бүхний төлөө цаашид хэлж ярьж, хийх л болно.
эх сурвалж :"Ардчилал таймс сонин"