Монголчууд 1930-аад онд өмчөө хураалгаснаас болж төр засагтаа тэрсэлж байсан түүхтэй. Социалист түүхэнд хэдэн лам нар дээрх хэргийг өдөөгөөд нам даруулсан гэдэг. Үнэн хэрэгтээ тухайн үеийн сүм хийд, чинээлэг давхаргынхан ч өртсөн гэдэг нь өнөөдөр ил болж байна. Монгол өмчийг нийгэмчилсний дараа социалист өмч гэсэн ойлголт гарч, иргэдийг хувийн өмчтэй байхыг хуулиар хоригложээ. Социализм амины өмч гэсэн нэр томьёо гаргав. Энэ амин зуулгын хэмжээний өмч гэсэн үг. Монгол социализмын үед дээд тал нь 22 сая малтай болсон. Харин иргэд 75-аас дээш бог малтай байхыг зөвшөөрдөг байжээ. Гэхдээ ийм хэмжээний малтай иргэд тун ховор байсан гэдэг. Учир нь хэдэн харж, хянадаг Ардын хянан шалгах, Намын хянан шалгах гэх мэт хүчний байгууллагаас илүү эрхтэй байгууллагууд байсан. Хэн нэг нь нийтийн худалдаанд гараагүй зүйлийг хэрэглэвэл тэр дороо л Ардын хянан шалгахад дуудагдана. Байшин барих нөхөр худалдаанд гарсан хүнсний бүтээгдэхүүний хайрцаг ашиглахаас хэтэрч болохгүй.
Гэхдээ энэ бүхнийг илрүүлэх арга тун нарийн, хүнлэг бус тогтолцоотой. Намын гишүүн хүн дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч болохгүй. Ялангуяа хэн нэг нь социалист өмчөөс хумсалсан бол өршөөлгүйгээр намын хянан шалгах хороонд мэдэгдэх үүрэгтэй. Ийм замаар социализм иргэдийг өмчгүй болгосон. Иргэдийн мэдээллээр намын, ардын хянангууд өмч хураасаар 1990 онтой золгосон. Харин 1990 оноос иргэдийн өмчийг хязгаарлахаа больсон. Түүгээр ч зогсохгүй хувийн өмч бусад хэлбэрийн өмчүүдтэй хуулийн өмнө тэгш эрх эдэлнэ. Ингэснээс 1990 оноос ганзганд явсан цөөнгүй иргэд банктай, үйлдвэртэй болж чаджээ. Өнөөдөр Монголын эдийн засгийн 70 гаруй хувийг хувийн хэвшил авч явж байгаа. Энэ нь зах зээлийн эдийн засагт бараг шилжсэнийг батална.
Харамсалтай нь сүүлийн жилүүдэд хүний эрх чөлөөний баталгаа болсон хувийн өмч рүү дайрсан мэдээ гардаг боллоо. Хамгийн сүүлийн нэгэн жишээ бол Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 4500 шахам иргэдийн гарын үсэгтэй хүсэлт. Дээрх иргэд сумандаа байдаг Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийг төр засаг буцааж авахыг хүсч байгаа юм байна.
Тэдний үзэж буйгаар тус үйлдвэрийг 2015 онд Худалдаа хөгжлийн банкны харьяа Бейзмэнт ХХК хувьчилж авсан аж. Үйлдвэрийг хувьчилснаар ашиг ихээр буурч, цалин мөнгөө тавих нь хүндэрсэн бололтой юм. Үүнээс үүдэж Сайхан сумын иргэд төр засагтаа хандаж үйлдвэрийг нийгэмчлэх хүсэлт гаргасан гэнэ. Монголчууд 80-аад жилийн өмнө хувийн өмчтэй байхын төлөө тэмцэж байсан бол энэ удаа хувийн өмчийн эсрэг санал гаргасан бололтой. Өнөөдөр коронагаас болоод олон үйлдвэр, аж ахуйн газрын санхүү хүндэрч байна. Монголчуудад гадаадын хөрөнгө оруулалт татах шаардлага өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Энэ үед хувийн өмч рүү тэр тусмаа төр засагтаа захидал бичээд авчих санаархал дэлхийд муу дохио болж очно. Ийм жишиг тогтвол Эрдэнэтийнхэн, Өмнөговийнхон төр засагтаа захиа бичиж чадна. Харин хувьчлал хууль бусаар явагдсан иргэдийн захидлаар биш төр хуулиараа шийдэх ёстой. Ямар ч тохиолдолд иргэдийн захидлаар төр засаг хувийн өмчид халдаж болохгүй. Энэ үйлдэл Азийн цээжин дэх ардчилсан Монгол үгүй болсныг дэлхийд харуулна.
эх сурвалж: "Ардчилал таймс сонин"