Уншиж байна...
 
СҮХБААТАР ДҮҮРГИЙН 2024 ОНЫ ШИЛДЭГ ХҮҮХДҮҮД ТОДОРЛООТӨРИЙН БАНК ТӨРИЙН ӨМЧИТ ТОП ААН-ИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА"ИМАРТ БИЗНЕС КЛУБ"-т тавтай морилДҮҮРГИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ШУУРХАЙ ХУРАЛ БОЛОВЭнэтхэг улс Хятадыг гүйцэж түрүүлэвСкай Хайпермаркет ХХК ISO 14001:2015, ISO 45001:2018 стандартыг нэвтрүүлэн баталгаажуулалтын гэрчилгээгээ гардан авлаа‘‘Маргаашийн ой’ төслийг эхлүүлжээБагануурын уурхайд бодлогын дэмжлэг зайлшгүй шаардлагатай байна2024 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 36 удаагийн биржийн арилжаагаар 12.2 сая тонн нүүрс борлуулжээИмарт Баянгол салбарт Гал унтраах тактикийн дадлага, сургууль амжилттай зохион байгуулагдлаа"Тэнгэрийн хүү" дахин тайзнаа...Ж.Хатанбаатарын байгуулсан "Монголын үндэсний допингийн эсрэг байгууллага"-ын бүртгэлийг хүчингүй болгосон улсын байцаагчийн актыг шүүхээс хүчингүй болгожээХууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл танааБ.Пүрэвдагва СДМЗХ-г удирдаж ажиллана"Панчан"гүй бүрэн хэмжээний энтертаймент шоу тоглолт буюу "Энэ мөч"
Г.Эрдэнэтунгалаг: Амьдралын сургуулиас их сайн дархлаатай болсон

 Дуучин Г.Эрдэнэтунгалаг дөрвөн жилийн өмнө УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн нь багагүй дуулиан тарьж байлаа. Гэхдээ тэр ялагдсан ч, тухайн тойргийнхоо 4000 гаруй иргэний саналыг авч, хүчтэй өрсөлдөгч гэдгээ харуулаад буусан. Урлагийн хүн болоод ч тэр үү нээлттэй, илэн далангүй, элдэв маягүй байж чаддаг.  Түүнтэй аль болох чөлөөтэй ярьж, сэтгэлийг нь уудлахыг зорилоо. Энэ удаа тэр сонгуульд нэр дэвшихгүй, гэхдээ улс төрөөс яваагүй. Одоо сонгогчдын боловсролд хувь нэмэр оруулахын төлөө ажиллана. Өмнөх сонгуулийнх шиг огцом лифтээр гэнэт цойлохгүй, шат шатаар ахиж, нийгэмд үүргээ гүйцэтгэнэ гэсэн. Нэмэлт хачиргүйгээр түүний яриаг хүргэе.

-“Би дэвшихгүй ээ, тийм юм бүү асуу” гээд ярихаас өмнө хэлчихлээ. Тэгэхээр та ямар төлөвлөгөөтэй байна даа?

-Төлөвлөөгүй зүйл бол зүгээр л мөрөөдөл. Цаашид хийх зүйлээ төлөвлөөд, ажил хэрэг болгох хүмүүстэйгээ дөнгөж сая ч бас уулзаж байлаа. Оюуны өмчийг дотооддоо төдийгүй олон улсад хамгаалах ажлыг хийхээр зорьж яваа.

Үүнийг хийх боломж уран бүтээлч бөгөөд хуульч мэргэжилтэй над шиг хүнд бий. Мэдээж би-гээр өвчилж, ганцаараа амбицлахгүй. Хамтарч, нэгдээд, бодлоготойгоор ажиллах ёстой.  Алгуурлаж суулгүй хийх хэрэгтэй болохоор шуурхайлна даа.

-Дуучин болохоосоо өмнө “Их засаг” сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн бил үү?

-Тийм ээ. Ер нь санамсаргүй зүйл ховор. Би зүгээр нэг мэргэжил эзэмшээд, дуучин болоод, зүгээр ч нэг нэр алдартай болоогүй байх.Юу бодно түүнийгээ авч, юу тарина түүнийгээ хураана гэдэг шиг хүний бодлын хүч хувь заяаг нь хөтөлдөг болов уу. Тэгэхээр надад заяаж, бүрэлдэж бий болсон эдгээр зүйлсийг бусдын төлөө зориулж, хэргийг нь гаргах ёстой. 

-Хуульч мэргэжлээр яагаад сурсан юм бэ?

-Амихандаа, өмгөөлөгч болоод олон хүнд тусална гэж л бодсон хэрэг.  Кинонд гардаг шиг мэдлэгтэй, чөлөөтэй мэтгэлцээд үйлчлүүлэгчээ ялуулдаг, маш дэгжин донжтой хувцасласан америк өмгөөлөгчөөр эхний төсөөллөө авсан байх.  Тэгж яваад хуульч болоод, өгөгдсөн авьяасаараа дуучин мэргэжлээ бас эзэмшиж, уран бүтээлээ хийгээд, гэнэт үсэрч сонгуульд оролцоод л юм юм боллоо. (инээв)

-Одоо тэгвэл энэ хоёр мэргэжлээ уялдуулж, мэддэг салбарынхаа олон хүний өмнөөс мэргэжлийн үйл ажиллагаа явуулах нь, тийм ээ?

-Ер нь тэгэх нь байна. Сонгуульд нэр дэвшхээсээ өмнө Эрдэнэтунгалаг гэдэг хүн амьдрахын тулд уран бүтээл хийдэг байжээ. Гэтэл тэр сонголтынхоо ачаар би нийгэмд зөвөөр нөлөөлөх үүрэгтэй хүн юм байна гэдгээ ойлгосон. Уран бүтээлдээ ч гэсэн энэ нөлөөллийг шингээж бодлоготой хандах ёстой юм байна гэдгээ илүү ухаарлаа. Үр өгөөжтэй агуулгыг, зөв мессежтэйгээр хүргэх ёстой. Зүгээр л Эрдэнэтунгалаг амиа зогоох гэж дуулах бус нийгмээ түүчээлж, зөв зүйлд уриалах хэрэгтэй юм байна. Тэгж чадахгүй бол утгагүй амьдраад дуусах нь.

Сонгуульд өрсөлдсөн маань миний амьдралд асар том өөрчлөлт авчирсан. Эргэлтийн цэг ч гэж хэлж болох юм. Үнэндээ, УИХ-ын гишүүн болох шиг амархан зүйл алга. Попорч, нэг сэдэв барьж худлаа яриад, олон нийтийг хуурч гишүүн болох боломж бий. Мэдэхгүйгээ мэдэмхийрч тэгж гараад юу өөрчлөх вэ?

-Ямар ч төлөвлөгөө зорил­гогүй тэгж гараад яах вэ дээ.

-Гишүүн болохдоо биш юу хийх ёстойгоо олж мэдэх нь чухал. Цаашид хуулийн мэргэжлээрээ үргэлжлүүлж сураад зэргээ ахиулна, уран бүтээлчдийнхээ төлөө ажиллаж, нийгэмдээ нэмэр тус болмоор байна. Үхсэний дараа үр хүүхэддээ үлдэх үйлстэй байхсан.  Зорилготой явж, Эрдэнэтунгалаг гэдэг тамгыг дарчихаад буцъя л даа. Бүр томоор амбицлавал өөрийнхөө ИЗМ-ийг бий болгочихсон ч яах вэ дээ.  Хүн гэдэг ер нь төрөлхийн шуналтай. Улс төрд дуртай ч урлагаа орхиж чадахгүй. Бусдын гаргасан шийдвэрээр унтаж босож ирээд л улстөрийн сонгуульд өрсөлдчихсөн, энэ сонголтынхоо хариуцлагыг ч өөрөө үүрээд явж байгаа. Угтаа бол би дуулаад явахад хэний ч дор орохгүй, харин ч илүүрхэнэ. Гэхдээ миний юм гэж байдаггүй гэдэг юм билээ. Эцэг эх, өвөг дээдсээс өвлөгдсөн энэ авьяасаа ард түмнээрээ үнэлүүлээд хайрыг нь хүртээд яваагийн хувьд эргээд хариу барих ёстой. Тэр нь миний нийгэм, улс төрийн оролцоо, дуу хоолой юм байна.

-Танхимд сурсан сургуулиас илүү амьдралын сургууль танд өөрийгөө олоход нөлөөлсөн гэж дүгнэж болох нь ээ. Алдар нэр дундуур туучиж гараад зэмлэл магтаалын аль алийг нь хүртсэн болохоор амттай байдаг уу?

-Амьдралын сургуулиас их сайн дархлаатай болсон. Тэрийг хүн болгон давах чадваргүй. Сэтгэлийн тэнхээ хэрэгтэй. Миний амьдралын түүх олон хүнд буян болсон байх өө. Хоолоо олж идсэн шар сонины сэтгүүлч нар ч бий. Буянаараа болог. Энэ бүхнээс би өөртөө тэнхээ нэмж, баргийн зүйлд сөхрөхөө больж, хүн юу ч гэсэн тоохгүй зорьсныхоо төлөө явдаг болж байна. Миний юу зорьсныг хэн ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ зорилгоо би өөрөө аваад үхэхгүй. Олон хүнд хүргэнэ. Би энэ амьдралаас нэг их юм хүсэхгүй. Миний гэсэн юм л үлдэхийг хүснэ. Би алдар нэртэй, мөнгөтэй байж үзээгүй биш дээ, ямар. Найз нөхөд ямар үед ямар байдгийг мэдэхгүй биш. Сонгуульд ороод бүр ч их мэдэрсэн.

Эрдэнэтунгалаг их хэмжээний мөнгө аваад УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн, эсвэл хэн нэгэнтэй унтаж, хэвтсэн гэх нь ч байдаг гэсэн.  Надад тийм юм байхгүй шүү дээ.  Би аль 2000 онд Монголын социал демократ намын гишүүн болсон хүн. Тэр үзэл бодлоороо “Их Засаг” их сургуулийн гурав, СУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан байхдаа Говь-Алтай аймагт нэр дэвшсэн Л.Галбадрахын сонгуулийн ажилд явж байлаа. Бүр тэр үеэс л улстөржиж эхэлсэн байх нь. Ер нь оюутан байхдаа “Пример” клубийг байгуулж, тухайн үед “Их засаг” сургуулийн шилдэг оюутнуудыг нэгтгээд  сайд нарыг урьж лекц уншуулж, ярилцлага хийдэг байсан. Хуулийн сургууль төгсөөд  нийгмийн харилцаанд орох залуусаа тэгж нүүр хагарахад нь нөлөөлсөн байх. Тэдний дундаас улстөрчид ч төрөх магадлал их. Дээр нь том улстөрч ч гэсэн адилхан хүн шүү, та нараас хол ялгаатай биш шүү гэдгийг түүгээрээ мэдрүүлэхийг зорьж явлаа. Тухайн үед Ц.Нямдорж, Т.Ганди  нарын сайдыг урьж байсан. Мэтгэлцээнээр явдаг, өөрөө улстөрд дуртай, унаган авьяастай гээд энэ бүхэн салахгүй явсаар энэ байдалд хүрээд ирлээ л дээ.

-Тайзан  дээр гараагүй хэр удаж байна вэ?

-Гарсан л байх. Гэхдээ урлагийн хүний мэдрэмжээрээ гарч чадахгүй  нэг хэсэг шоконд байлаа. Цаашаа явах зорилгоо тодорхойлоогүй болохоор өөрийгөө ч өрөөлийг ч хуураад байгаа юм шиг санагдаад л байсан. Амьдрахын эрхэнд таван төгрөгний төлөө мэдээж дуулсан л даа. Уг нь би сонгуульд нэр дэвшихдээ эх орноо хөгжүүлэх хүсэлтэй, мэдлэг боловсролтой олон залуусыг хурцлахыг хүссэн. Тэд дандаа тойргийн гадна байгаа. Гэхдээ муухайгаар хэлэхэд Г.Эрдэнэтунгалагийг дуучнаар нь хараад “Энэ дэвшиж байхад бид яагаад чаддаггүй юм бэ” гэсэн зориг ороосой гэж дэвшсэн. Хоёрдугаарт шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх ёстой, үүнд уриалъя гэж хичээсэн.  Ингэж явахдаа анзаарсан хамгийн том асуудал бол өнөөгийн улс төрийн намууд сонгогчдын боловсролд огт анхаардаггүй явдал. Тэгэхээр хэнийг сонгож болох, болохгүйг ойлгуулж, хэн нь юу гэж худлаа амлаж байгааг ялгах сонгогчдыг бэлтгэх нь чухал гэж бодоод өнөөдрийн ажлаа төлөвлөсөн.

-Ямар ажил вэ?

-Анх удаа сонгуульд саналаа өгөх гэж байгаа залууст мэдээлэл хүргэхийн тулд подкэст хийнэ. Энэ нэр дэвшигч яг хэн юм бэ, өмнө нь юу хийсэн бэ гэх мэтээр судалгаатай ярина. Миний охин 13 настай. Ээжийнхээ дэргэд байсаар бяцхан улстөрч болчихсон л доо. Тэгээд надаас “Ээж ээ, хэрэв би 18 настай болоод сонгуульд саналаа өгөх байсан бол энэ хүн ийм хүн шүү, ийм ажил хийсэн шүү, сонгож болно, болохгүй гэдгийг яагаад хэн ч хэлж тайлбарлахгүй байгаа юм бэ. Хэн энэ ажлыг хийх ёстой вэ” гэж асуухад би хэлэх үггүй болсон. Одоогийн хүүхдүүд биднийг давсан зүйл сэтгэж, боддог болсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Худал хуурмаг, булхай луйвраар сонгуульд ялдаг байсан бол удахгүй энэ бүхэн өөрчлөгдөнө. Тэр өөрчлөлтөд би ч хувь нэмрээ оруулж, залуустаа зөв мэдээлэл хүргэхийн төлөө хичээнэ. Урлаг соёлынхныгоо ч уриалж, энэ замд дуудна. 

-Сонгуульд нэр дэвшсэнээр найз нөхдийнхээ хэн нь хэн бэ гэдгийг мэддэг болсон гэж дээр хэлсэн. Замын дундаас орхиод явсан тэр найз нарыгаа зөвтгөх шалтгааныг олж хардаг уу?

-Сонин шүү. Замын дундаас орхисон найз надад байхгүй. Би найзуудтайгаа их зууралдамтгай. Салбар салбарын олон найзтай.  Бидний ааш зан, амьдралын хэв маяг ижилгүй ч хандлага, үзэл санаа, үнэт зүйлс дээр тулгуурласан ижил чанар байдаг. Мэдээж миний үзэл бодолд таарсан нь надтай хамт үлдэнэ шүү дээ. Тэднийгээ л найз гэнэ. Бусдыг нь найз гэж хэлэхэд хэцүү. Тэд бол үзэгдлүүд.

-Найз гэдэг үгэнд тэнцэхгүй гэж үү?

-Тэнцүүлэх гээд ч яах вэ. Манай аав “Чи жинхэнэ найзаа амьдралынхаа турш олж харахгүй. Чамд хэн үнэнч байсныг чиний оршуулга дээр хүүхэд чинь л харна” гэж хэлдэг юм.

-Таны нөлөөллөөр охин тань бяцхан “улстөрч” болжээ. Тэгвэл таны үзэл баримтлалын бат багана бий болоход хэн, юу нөлөөлсөн бэ?

-Амьдрал. Бид шилжилтийн нийгмийн өсвөр үеийн хүүхэд. 2016 онд бусдын гаргасан  шийдвэрээр сонгуульд нэр дэвшлээ. Хэр баргийн хүнд олдохгүй боломж учраас ашиглахаар шийдсэн. Бусдыгаа зоригжуулъя гэж алсыг харсан. Нэгэнт тулсан Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жил юу хийснийг ч би ярьж чадахгүй, мэдэхгүй. Би иргэний л төлөөлөл байсан. 17-хон хоногт маш шуурхай тэр намын ажилтай танилцсан. Би тэр үед сонгогчидтойгоо уулзаад туулсан амьдралаа л ярьж явсан. Би Зүүн хараагаас 21-р точка хүртэл таваарын вагоноос нүүрс шиддэг байсан, хотод нүүж ирснийхээ дараа сургуулиасаа хоёр улирлын чөлөө аваад “Дэнжийн 1000” дээр аавтайгаа гутал зарж явснаа, бууз, хуушуур, банш зардаг байснаа л ярьсан. Ерөөсөө амьдрал намайг ийм болгосон. Монголчуудын нийтлэг шинж чанар нь хүнээс гуйхгүй амьдрах сэтгэлгээ.  Магадгүй тэгж амьдардаг болохоороо бүгд улстөрд орохдоо хойрго. Тэрэнтэй тэрэнгүй амьдралаа аваад явчихдаг учраас тийш зүглэдэггүй. Гэтэл ардуур нь амиа зогоох гэсэн амьдрах чадваргүй, сул дорой луйварчид хожоод бохир улс төр хийгээд явдаг.

Энэ удаа сонгуулд саналаа өгөхдөө та бүхэн ганцхан зүйлийг л анзаарчих. Шударгаар ажил ярьж байна уу, эсвэл өрсөлдөгчөө харлуулах, муулахад ач холбогдол өгч байна уу. Тэгээд бусдыг харлуулж байгаа хүнд саналаа битгий өг. Хууль тогтоох дээд байгууллагынхаа гишүүдийн ядаж 40 хувийг хуульчид байгаасай гэж хүсдэг. Хуулийн нэг үг, цэг, таслал ч хүний амьдралд нөлөөлдөг шүү дээ. Би сонгосон бол түүнийхээ хариуцлагыг өөрөө л үүрэх ёстой гэсэн зарчимтай амьдардаг. Сонгуульд нэр дэвших сонголтыг хийснээрээ би хариуцлагаа өөрөө л хүлээсэн. Хоёр машин, граш, хоёр өрөө байраа зарлаа. Эрсдэлээ даалаа. Өмнө ч гэсэн охиныхоо аавыг би л сонгосон. Тэрнийхээ хариуцлагыг хүлээгээд өрх толгойлоод амьдарч байна. Хүүхдээ төрүүлчихээд аав, ээжтэйгээ амьдарч болох байсан ч өөрийнхөө ачааг өөрөө үүрнэ гэж зөрүүдлээд байр түрээслээд л гарсан. Өнөөг хүртэл би хариуцлагаа өөрөө хүлээж яваа. Одоо надад зовох юм алга. Цаашдаа мэдлэгээ зузаатгана. Эргээд олны танил болсон энэ давуу талаа бусдын төлөө ашиглана.  Хүнд худалдаж болдоггүй ганц л зүйл бий. Тэр нь үзэл бодол.

-Би өнөөдөр тантай ийм зүйл ярина гэж ерөөсөө бодоогүй ээ. Гоё сайхан, дэгжин хээнцэр ярилцлага хийнэ гэж бодож байлаа?

-Дөрвөн жилийн өмнө бол би тогос шиг гоёод, хөөрхөн харагдаад, тоглолт хийж мөнгө олохыг боддог байсан байх. Гэхдээ одоо бол юу өмсөх нь чухал биш санагдаж байна. Би хариуцлагатай дуугарч, зөв зүйлд зорьж, нийгмээ түүчээлэх ёстой. Мэдээж би урлагийн хүн болохоор тайзан дээрээ хамгийн сайхнаар байхыг л хүснэ. Харин нэгэнт нийгэм дэх иргэний оролцоо ийм чухал гэдгийг ойлгож ухаарчихаад дуугүй явж болохгүй шүү дээ. Энэ мэдрэмжээ аль болох олон хүнд хүргэнэ.

УИХ-д төлөөллөө болгож сонгож байгаа хүмүүсийг дарга гэж бүү хар. Тэд бол зарц. Бид эрх ашгаа хамгаалуулахын тулд тэдэнд цалин өгч зарж байгаа юм. Уучлаарай, бидэнд дарга байхгүй шүү. Өөрөө өөртөө л дарга шүү. Гэхдээ дээр нэг зүйл бий. Тэр нь хууль. Энэ ойлголтын зөрүүг арилгавал их зүйл өөрчлөгдөнө.

Магадгүй намайг ингээд ярихаар ойлгох нэг нь байгаа ч ойлгохгүй нь ч бий. Гэхдээ би анхнаасаа алдартай болъё гэж дуулаагүй. Сайн дуулъя л гэж хичээсэн. Түүнийхээ үр шимээр ч ард түмнийхээ хайр хүндлэлийг хүлээсэн. Тэгвэл хариуг нь барьж хүнд хэрэгтэй юм хийж, зорилготой л амьдаръя гэж яваа юм. Мэдээж яриад хүний санаанд буухгүй ээ, тэгэхээр хийж л харуулна даа.

эх сурвалж :"Ардчилал таймс сонин" 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://atime.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 0 сэтгэгдэл
Live
Шинэ мэдээ
Их уншсан
Atime.mn
© Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан.
Утас: 8015-4080
Имэйл: atime.mn@gmail.com